Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00667

 

“Б.. ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00589 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 923 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Б.. ББСБ” ХХК

          Хариуцагч: Б.Б-

          Хариуцагч: Д.Н-

          Зээлийн гэрээний үүрэгт 205,246,666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын төлөөлөгч Ц.Эрдэнэбатын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б-, Д.Н- нар 2014-12-19-ний өдөр Б.. ББСБ ХХК-тай ЗГ-018-2014 тоот зээлийн гэрээ, ҮЗГ-018-2014 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой барьцааны гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод байршилтай, 327 м.кв амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 100 сая төгрөгийг, 6 сарын хугацаатай зээлж авсан. Б.Б-, Д.Н- нар 2015-05-18-ны өдрөөс хойш зээл, хүүгийн төлбөрөөс төлөлт хийгээгүй. 2016-09-30-ны өдрийн байдлаар Б.Б-, Д.Н- нарын зээлийн өрийн үлдэгдэл 100 сая төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 70,386,666 төгрөг, нийт 170,386,666 төгрөг болсон байна. Б.Б- зээлийн төлбөрт тооцуулан Төв аймагт байрлах 5 газрыг шилжүүлэхээр ярилцсан боловч шилжүүлээгүй учир зээлийн төлбөрөөс хасах боломжгүй. Иймд 2017-06-06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 100сая төгрөг, үндсэн хүүнд 30,346,666 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 62,416,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,483,333 төгрөг, нийт 205,246,666 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч талаас тайлбартаа: 100 сая төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай авсан нь үнэн. Уг зээлийн төлбөрт тооцуулан Төв аймагт байрлах 5 га газрыг шилүүлэн өгч газрыг гэрчилгээг нэхэмжлэгч байгууллагын захирал Баттогтох, эдийн засагч Чойжилсүрэн нарт хүлээлгэн өгөөд зээлийн төлбөрийг хаачихлаа гэж амаар тохиролцсон гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 183/ШШ2019/00589 дүгээ р шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б-, Д.Н- нараас 172.942.666 төгрөг гаргуулж, “Б.. ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32.340.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “Б.. ББСБ” ХХК-ийн 1.184.183 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Б-, Д.Н- нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.022.472 төгрөг гаргуулж “Б.. ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 923 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/00589 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “172 942 666 /нэг зуун далан хоёр сая есөн зуун дөчин хоёр мянга зургаан зуун жаран зургаа/” гэснийг “...171 190 000...” гэж, “...32.340.000...” гэснийг “...34 236 666...” гэж, 2 дах заалтад “...1 022 472...” гэснийг “...1 013 900...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас гомдол гаргахдаа төлсөн 470,083 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

  Хариуцагч нарын төлөөлөгч Ц.Эрдэнэбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.Н- нь Б.. ББСБ-д 10 сая төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн бөгөөд энэ мөнгийг хасч тооцоогүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь 10 сая төгрөгийг хүлээж аваагүй гэдгээ баримтаар нотлож чадаагүй байхад хариуцагч нарыг буруутгаж хэргийг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгч байгууллагатай олон жилийн харилцаатай байсан бөгөөд тухайн үед бэлнээр 10 сая төгрөгийг итгэлцлийн журмаар баримт бичүүлэхгүйгээр аваачиж өгсөн гэж хэлдэг. Нэхэмжлэгч байгууллагын ажилчид солигдсоны улмаас хариуцагч нар нь бэлнээр өгсөн 10 сая төгрөгөөр хохирох ёсгүй билээ. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хариуцагч нарын зээлд бэлнээр төлсөн 10 сая төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        “Б.. ББСБ” ХХК 2017-02-09-ний өдөр Б.Б-, Д.Н-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийт 205,246,666 төгрөг гаргуулахыг шаардахдаа “... 2014-12-19-ний өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул... 2017-06-06-ны өдрийн байдлаар үндсэн зээл 100сая төгрөг, үндсэн хүүнд 30,346,666 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 62,416,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,483,333 төгрөг..” гаргуулна гэжээ. \хх1,35\

        Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “..зээлийн төлбөрт газар шилжүүлэн өгөхөөр тохирсон..” гэжээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 172,942,666 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх  32,340,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.  

        Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас  171,190,000 гаргуулж, 34,236,666 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэмэгдүүлсэн  хүүгийн талаарх тохиролцоо хууль зөрчсөн байх тул хасаж тооцно...” гэсэн бөгөөд үүнд нэхэмжлэгч гомдоогүй байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Зохигч нар 2014-12-19-ний өдөр гэрээ байгуулж, Б.Б-, Д.Н- нар 100 сая төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авах, үүргийн гүйцэтгэлд Нийслэлийн Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, .. тоотын 327 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь тогтоогдож байна.

        Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцжээ.

        Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх үүрэг хүлээнэ.

        Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн байна. Иймд зээлдүүлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

        Зээлдэгч Б.Б-, Д.Н- нар нь зээлийн үүргийн гүйцэтгэлд 12,236,667 төгрөгөөс өөр төлбөр төлөөгүй, зээлийн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй гэж шүүх үзсэн нь баримттай байна. 

        Д.Н- 12,236,667 төгрөгөөс гадна 2015 онд 10,000,000 төгрөг төлсөн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй, шүүх зээлдэгч нарыг гэрээний үүрэг нийт  12,236,667 төгрөг төлсөн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд нийцжээ.   

        Б.Б-, Д.Н- нар гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул үндсэн зээл, хүү төлөх үүрэгтэй бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.  

        Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 923 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгч Ц.Эрдэнэбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч нарын төлөөлөгч Ц.Эрдэнэбатаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ