Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 00924

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00536 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т Б” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т Б-ны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Б/1189 дугаар тушаалаар Сүхбаатар дүүрэг салбарын захирлаар томилогдон ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/1922 дугаар тушаалаар сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалд Сүхбаатар дүүрэг салбарын харьяа “Тээврийн товчоо” тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Ч.А-ийг 44 харилцагчийн нэр дээр нийт 2 010 603 951 төгрөгийн зээл авч, банкинд их хэмжээний хохирол учруулсан мөн 70 зээлдэгчийн нэр дээрх 2 769 277 379 төгрөгийн үлдэгдэлтэй зээл эрсдэх нөхцлийг бүрдүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан байхад шууд удирдлагын зүгээс хяналт тавьж ажиллаагүй, сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэл заасан байна. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Ж.О “Тээврийн товчоо” тооцооны төвийн хадгаламж барьцаалсан зээлийн тулган шалгалтын ажлыг хийх явцад сэжигтэй гүйлгээ илрүүлж нэгжийн захирал, вип теллерээс тодруулахад харилцагчтай тохиролцон авсан гэх тайлбар өгсөн тул Т Б-ны дотоод хяналт шалгалтын газар руу ажлын хэсэг томилон шалгуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт хүргүүлсэн. Гэтэл дотоод хяналт шалгалтын газар “Тээврийн товчоо” тооцооны төв дээрх мэдээллээр хийсэн шалгалтын үр дүнг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр танилцуулахдаа иргэний гомдлоор шалгасан шалгалтын дүн хэмээн мэдээлж, ашиглангийн үйлдлийг илрүүлж мэдээллийг цаг алдалгүй өгч, шуурхай арга хэмжээ авахуулсан дүүрэг салбарын захирал миний биеийг ажлаас халах, ерөнхий нягтлан бодогчийн цалинг 20 хувиар 3 сар хасах сахилгын шийтгэлийг оногдуулсан. 2014 оны 10 дугаар сараас эхэлсэн гэх дээрх ашиглангийн үйлдлийг дотоод хяналт шалгалтын газраас 2018 оны 5 дугаар сард тухайн нэгж газар дээрх иж бүрэн шалгалт хийхдээ “Тээврийн товчоо” тооцооны төвийн захирал Ч.А-ийн үйлдлийг огт илрүүлж байгаагүй нь анхаарал татах асуудал байхад, шалгалт хийсэн атлаа тухайн зөрчлийг яагаад илрүүлээгүй болохыг нарийн нягт шалгаж учир шалтгааныг нь тогтоохын оронд мэргэжлийн байгууллагын илрүүлээгүй зөрчил дутагдлыг илрүүлсэн албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь шударга бус үйлдэл.

Дотоод хяналт шалгалтын газраас 2018 оны 5 дугаар сарын 8-29-ний хооронд “Тээврийн товчоо” тооцооны төвд газар дээрх иж бүрэн шалгалт хийсэн боловч Ч.Ариунгэрэл нарын ашиглангийн үйлдлийг илрүүлээгүй. Мөн н.Бэлэгмаагийн гомдлоор 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хийсэн шалгалтаар илрүүлээгүй. Зөвхөн н.Бэлэгмаагийн хадгаламж барьцаалсан зээл хууль зөрчиж олгосон үндэслэл гаргаж ирээд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хүний нөөцийн хороогоор оруулан Ч.Ариунгэрэлд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Дотоод хяналт шалгалтын газрын 2 удаагийн шалгалтаар илрүүлээгүй зөрчлийг илрүүлэн, сэжиг бүхий гүйлгээ байгаа талаар мэдээлэл хүргүүлж, 2014 оноос эхэлсэн гэх энэхүү ашиглангийн үйлдлийг цаг алдалгүй зогсоож чадсан надад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.

Миний хувьд хөдөлмөрийн гэрээгээр байгууллагын өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэн ажиллаж ирсэн. Намайг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар гэрээ, журамд заасан чухам ямар зөрчлийг намайг гаргасан гэж үзэж байгаа нь тодорхойгүй. “Тээврийн товчоо” тооцооны төвийн захирал Ч.Ариунгэрэлийн гаргасан гэх зөрчил нь Т Б-ны зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар нэгжийн удирдлага болох түүнд энэ журмаар олгосон бүрэн эрхийн хүрээнд хамаарах буюу тухайн нэгж дотроо зээл төлөгчийн хүсэлтийг хүлээн авах, холбогдох судалгааг хийх, түүнд зээл олгох эсэх асуудлыг тухайн тооцооны төвийн захирал Ч.Ариунгэрэл, харилцааны менежер, ахлах теллерийн бүрэлдэхүүн бүхий хороогоор шийдвэрлэх, зээлийн гэрээ байгуулах, олгосон зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих зэрэг үйл ажиллагаатай шууд холбоотой байхад энэ үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй гэж намайг буруутгасан нь огт үндэслэлгүй юм.

Тооцооны төвийн захирал, салбарын захирлын үүрэг ижил. Манай салбар 3401 гэсэн нэгжийн ажлаа хариуцна. Салбарын захирлын хувьд салбарт харьяалагдаж буй нэгжүүдийн бизнес төлөвлөгөөний биелэлтийг хариуцдаг, харилцагчийн гомдол ирвэл шуурхай хяналт тавьдаг. Миний хувьд бусад нэгжийн хадгаламж эзэмшигч нарын хадгаламжийн асуудлыг шалгах эрхгүй, харин банкны хяналт шалгалтын газар эрхтэй. Ч.Ариунгэрэл нарын хувьд харилцагч нартай хүү тохирч авсан байдаг. Энэ нь ихэвчлэн харилцагчийн гомдлоор илэрдэг. Хяналт шалгалтын газраас тооцооны төвийн 2016-2018 онд шалгалт хийсэн, эндээс дүүрэг салбарт үүрэг өгөөгүй. Намайг захирлын ажилд орсноос хойш манай 14 нэгжид хяналт шалгалтын газраас шалгалт хийгдээгүй ба хийлгэе гэж хүсэлт тавьж байсан.

2018 оны 10 дугаар сарын 11-нд ирсэн н.Бэлэгмаагийн гомдлоор шалгахдаа нэг үүрэг өгсөн. 10 дугаар сарын 17-нд н.Батмөнхөд сэжигтэй зүйл байгаа юм бишүү гэхэд Ж.Отгонбат 18-ны өдөр тулган баталгаажуулалт хийж, энэ явцад 19-ний өдөр өрөөндөө яаралтай уулзалт хийж, Ч.Ариунгэрэлийн ажлыг хаах хэрэгтэй байна гээд, үдээс хойш нь түүнийг хүргэж өгсөн. Тиймээс би хөдөлмөрийн дотоод журмын заалтыг зөрчөөгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ямар ч үйлдэл гаргаагүй болно. Иймд намайг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй тул ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Т Б-ны Сүхбаатар дүүргийн салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Т нь Сүхбаатар дүүрэг салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа давтан зөрчил гаргасан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд ажиллаагүй нь Дотоод хяналт, шалгалтын газрын шалгалтын явцад тогтоогдсон. Т Бны харилцагчийн төвд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр харилцагч Л.Бэлэгмаагийн гомдол бүртгэгдсэн бөгөөд Т Б-ны Дотоод хяналт, шалгалтын газраас холбогдох шалгалтыг Сүхбаатар дүүрэг салбарын харьяа “Тээврийн товчоо” тооцооны төвд хийсэн. Тооцооны төвийн захирал Ч.Ариунгэрэл, ахлах теллер С.Алтанчимэг нар хадгаламж барьцаалсан зээл 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр харилцагчийн нэр дээр 41 000 000 төгрөгийн зээл зөвшөөрөлгүй гаргасан бөгөөд захирал Ч.Ариунгэрэл тус үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Шалгалтын явцад тооцооны төвийн хадгаламж барьцаалсан зээлийг баталгаажуулахыг Сүхбаатар дүүрэг салбарын “Тээврийн товчоо” тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Ж.Отгонбат, захирал Н.Т нарт үүрэг болгосон ба нэхэмжлэгчийн тайлбарласан шиг тулган шалгалтын ажлыг хийх явцад сэжигтэй гүйлгээг илрүүлээгүй, хянан шалгагч үүрэг болгосны дагуу шалгах явцад тус зөрчлийг илрүүлсэн. Мөн Дотоод хяналт, шалгалтын газраас “Тээврийн товчоо” тооцооны төвд 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хооронд ээлжит, иж бүрэн хийсэн шалгалтаар ашиглангийн үйлдэл илрээгүй. Учир нь ашиглангийн үйлдэл 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сэжигтэй үйлдэл хийгдсэн байдаг. Дээрх 10 дугаар сард хийсэн шалгалтын явцад ”Тээврийн товчоо” тооцооны төвийн захирал Ч.Ариунгэрэлийг 44 харилцагчийн нэр дээр нийт 2 010 603 951 төгрөгийн зээл авч, банкинд их хэмжээний бодит хохирол учруулж, мөн 70 зээлдэгчийн нэр дээрх 2 769 277 379 төгрөгийн үлдэгдэлтэй зээл эрсдэх нөхцөл бүрдүүлсэн нь шууд удирдлага болох салбарын захирал Н.Т-аас хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлж ажиллаагүйтэй холбож байна. Т Бны гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 20-ны Б/1322 дугаар тушаалаар Сүхбаатар дүүрэг салбарын захирал Н.Т-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд сахилгын шийтгэлтэйд тооцогдох хугацаанд давтан сахилгын зөрчлийг гаргасан. Салбар харьяанд байгаа нэгжийн зээлийн үйл ажиллагаанд хяналт тавина, тэнд олгогдсон зээл дүрэмд нийцэж байгааг хянана.

Салбарт тооцооны төв хариуцсан менежер байгаа. Нэхэмжлэгч чиг үүргийн хүрээнд гүйцэтгэх ажлаа хангалтгүй биелүүлсэн нь хяналт, шалгалтын явцад тогтоогдсон тул 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/1922 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3-т тус тус заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Н.Т-ыг “Т Б” ХХК-д Сүхбаатар дүүрэг салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан Т Б ХХК-аас 12 272 727 /арван хоёр сая хоёр зуун далан хоёр мянга долоон зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж Н.Т-д олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-ыг баримтлан Н.Т-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж,  

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 211 314 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах гомдолдоо: Т Б нэхэмжлэгч Н.Т-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, “Сүхбаатар дүүрэг” салбарын захирлын албан тушаалд томилсон. Н.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ажлын байрны тодорхойлолтод “Салбар, харьяа нэгжүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу нэгдсэн удирдлагаар хангах, зайны болон биечилсэн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах” үүрэг тусгагдсан бөгөөд тэрээр ажил, үүргээ хангалттай гүйцэтгээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч Н.Т- хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогчийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэн ажилласан гэж маргадаг боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тэрээр зайны болон биечилсэн хяналтыг хэрхэн удирдан зохион байгуулж, хэзээ, хаана, ямар аргаар хэрэгжүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн ажлын байрны тодорхойлолтоор ажиллах чиг үүргийг тодорхойлсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч ямар байдлаар хэрэгжүүлэх хяналтыг хэрэгжүүлээгүй нь тодорхойгүй байна гэж үзсэн нь нотлох баримтыг үнэн зөв үнэлж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хийсэн “Сүхбаатар дүүрэг салбарын харьяа “Тээврийн товчоо” тооцооны төвд илэрсэн ноцтой зөрчлийг шалгасан тайлангийн 14 дүгээр хуудсанд салбарын захиралтай холбоотой зөрчлийн талаар тайланд “тээврийн товчооны төвийн захирал Ч.Ариунгэрэлийг 44 харилцагчийн нэр дээр 2 010 603 951 төгрөгийг авч ашигласан, энэ хэмжээгээр банкинд бодит хохирол учирах нөхцөл үүсгэсэн, мөн 70 зээлдэгчийн нэр дээрх 2 769 277 379 төгрөгийн үлдэгдэлтэй зээл цаашид эрсдэх нөхцөл бүрдсэн, зайны болон биечилсэн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй түвшинд хийгдсэн, нэгжийн чанаргүй зээлийн багц болон найдваргүй авлага их хэмжээгээр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн байна” гэж тусгагдсан бөгөөд зайны болон биечилсэн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүргээ биелүүлээгүйн улмаас найдваргүй авлага үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн буруутайг нотолсон тайланг хариуцагчаас гаргаж өгсөн. Салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан дараах үүргийг нэхэмжлэгч Н.Т хяналт тавьж ажиллаагүй. Үүнд: Салбар, харьяа нэгжүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу нэгдсэн удирдлагаар хангах, зайны болон биечилсэн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, нэгжийн активыг оновчтой удирдаж зээлийн багцын чанарыг 2 хувиас хэтрүүлэхгүй ажиллаж, хүү олдоггүй активыг хэрэгцээнээс шүү нэмэгдүүлэхгүй, найдваргүй авлага үүсгэхгүй ажиллах зэрэг ажлын байрны тодорхойлолтоор хүлээн зөвшөөрсөн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй нь холбогдох тайлан, Т Б-ийг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол, банкинд 44 харилцагчийн нэр дээр нийт 2 010 603 951 төгрөгийн зээл авч ашигласан, 70 зээлдэгчийн нэр дээр нийт 2 769 277 379 төгрөгийн үлдэгдэлтэй зээл эрсдэх нөхцөл байдал тогтоогдсон зэргээр нотлогдож байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн буруутайг тодорхойлсон баримт байхгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Т Б-ны теллерийн системийн багц журмын 3 дугаар зүйлийн 3.2.4-т “Өдөр тутмын болон cap, улирал, жилийн санхүүгийн үзүүлэлт, тайлан, мэдээг гарын үсэг, тэмдгээр баталгаажуулах, тэдгээрийн үнэн зөв, бодит байдлыг хариуцах, харьяа нэгж, банкны төвд тогтоосон хугацаанд хүргүүлэх” гэх үүргийг салбарын захирал хүлээдэг. Салбарын захирлаар ажиллаж байсан Н.Т өөрийн харьяа нэгжүүдийн холбогдох тайлан, үзүүлэлт, мэдээний бодит байдлыг хариуцахаар журмаар зохицуулагдсан. Тэрээр чиг үүргийнхээ хүрээнд зайны болон биечилсэн хяналтыг удирдан зохион байгуулах бөгөөд хяналтаар илэрсэн зээлийн үйл ажиллагаа, зээлийн хувийн хэргийн бүрдүүлэлт зэрэг холбогдох зөрчлүүдийг тайлан мэдээнд дурдан, тухайн зөрчлийг давтан гаргуулахгүй байх үүднээс өөрийн харьяа нэгжүүдэд хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг эрх бүхий албан тушаалтан болно. Гэтэл анхан шатны шүүх теллерийн системийн багц журамд салбарын захирлын үүрэг харагдахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хариуцагч талаас өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн талаар нотлоогүй байхад нэг талын эрх, ашгийг хангасан шийдвэр гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.Т хариуцагч “Т Б” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

“Т Б” ХХК-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/1922 дугаар тушаалаар Сүхбаатар дүүрэг салбарын захирал Н.Т-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.3,  хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3, хүний нөөцийн хорооны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 56 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн ажлаас халсан үйл баримт тогтоогдсон байна. /х.х-ийн 7 дугаар тал/

Хариуцагч нь “тус салбарын харьяа “Тээврийн товчоо” тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Ариунгэрэл нь 44 харилцагчийн нэр дээр нийт 2 010 603 951 төгрөгийн зээл авч, банкинд их хэмжээний бодит хохирол учруулж, мөн 70 зээлдэгчийн нэр дээрх 2 769 277 379 төгрөгийн үлдэгдэлтэй зээл эрсдэх нөхцөл бүрдүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан байхад шууд удирдлагын зүгээс хяналт тавьж ажиллаагүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж нэхэмжлэгчийг буруутгажээ. 

Т Б-ны дотоод хяналт шалгалтын газраас “Тээврийн товчоо” тооцооны төвд 2018 оны 5 дугаар сараас 3 удаагийн шалгалт хийсэн бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 8-наас мөн оны 5 дугаар сарын 29-ний хооронд хийсэн иж бүрэн шалгалтын дүнгээс үзэхэд Сүхбаатар дүүрэг салбарын захирал Н.Т- зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байна. /1 х.х-ийн 87-100 дугаар тал/

Харин 2018 оны 10 дугаар сарын 15-нд хийсэн шалгалтаар /1 х.х-ийн 114-115 тал/   Сүхбаатар дүүрэг салбарын “Тээврийн товчоо” тооцооны төвийн захирал Ч.Ариунгэрэлийг иргэн Л.Бэлэгмаагийн нэр дээр 41 000 000 төгрөгийн зээл гаргасан үйлдлийг илрүүлэн, “Тээврийн товчоо” тооцооны төвийн хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдлийг баталгаажуулах болон хуулийн хэлтэстэй хамтран холбогдох арга хэмжээ авч ажиллахыг салбарын захирал Н.Т-д үүрэг болгосон.

Үүний дараа банкны дотоод хяналт шалгалтын газраас 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин хийсэн шалгалтаар / 1х.х 174-182 дугаар тал/  Сүхбаатар дүүрэг салбарын “Тээврийн товчоо” тооцооны төвийн захирал Ч.Ариунгэрэлийг ноцтой зөрчил гаргасан болохыг илрүүлэн, хохирлыг барагдуулах, зээл төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг нэхэмжлэгчид үүрэг болгосон атлаа 2018 оны 11 дүгээр сарын 17-нд түүнийг ажлаас чөлөөлжээ.

Хэрэгт авагдсан банкны 3 удаагийн дотоод хяналт шалгалт болон талуудын тайлбар,  хөдөлмөрийн гэрээ, Т Б-ны зээлийн үйл ажиллагааны журам, Зээлийн хорооны ажиллах журам, Теллерийн системийн багц журам зэрэг баримтын заалтуудаас үзэхэд харьяа нэгжүүдийн зээлийн үйл ажиллагаанд салбарын захирал шууд хяналт тавих үүрэгтэй эсэх, сахилгын зөрчил гаргасан гэх байдал тогтоогдохгүй байна.

Тухайлбал: Теллерийн системийн багц журмын 3 дугаар зүйлийн 3.2.4-т заасан  үүргийг салбар, тооцооны төвийн захирал нарт тус тус хүлээлгэсэн байтал гомдолд  зөвхөн салбарын захирал уг үүргийг хүлээж, харьяа нэгжүүдийн тайлан, мэдээг хариуцахаар дурдсан нь уг журмын заалтад нийцээгүй. Мөн ажлын байрны тодорхойлолтод салбарын захирал нь харьяа салбар тооцооны төвийн үйл ажиллагаанд нэгдсэн удирдлага, зохион байгууллалтын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготойг заасан байтал салбарын захирлыг хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж шууд буруутгах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Харин нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцон үзэж, ажилгүй байсан 89 хоногийн цалинтай тэнцэх олговорт нийт 10 301 972 төгрөг /дундаж цалин 2 488 679 төгрөг, 1 өдрийн цалин 115 752 төгрөг/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчихгүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт тооцооллын өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/00536 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “12 272 727 /арван хоёр сая хоёр зуун далан хоёр мянга долоон зуун хорин долоо/” гэснийг “...10 301 972...” гэж, 3 дах заалтад “...211 314...” гэснийг “...179 782...” гэж, “... улсад олгосугай.” гэснийг “...улсын төсвийн орлого болгосугай.” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211 314 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

                                                        ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

                                                                                                                Д.БАЙГАЛМАА