Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 536

 

 

 

 

 

   2019 оны 03 сарын 22 өдөр

      Дугаар 182/ШШ2019/00536

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж:

 

Нэхэмжлэгч: Н.Т

 

Хариуцагч: “ТБ” ХХК

 

ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсанаа, Н.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Т нь ТБны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 сарын 05-ны өдрийн Б/1189 тоот тушаалаар “СД салбар”-ын захирлаар томилогдон ажилласан. ТБны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 сарын 17-ны өдрийн Б/1922 дугаартай тушаалаар сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Гүйцэтгэх захирал Б/1922 дугаар тушаал гаргахдаа “СД салбар”-ын харьяа “Тээврийн товчоо” тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Аийг 44 харилцагчийн нэр дээр нийт 2.010.603.951 төгрөгийн зээл авч, банкинд их хэмжээний хохирол учруулсан мөн 70 зээлдэгчийн нэр дээрх 2.769.277.379 төгрөгийн үлдэгдэлтэй зээл эрсдэх нөхцөлийг бүрдүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан байхад шууд удирдлагын зүгээс хяналт тавьж ажиллаагүй, сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн. 2018 оны 10 сарын 18-ны өдөр тус тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Ж.Отгонбат “Тээврийн товчоо” тооцооны төвийн хадгаламж барьцаалсан зээлийн тулган шалгалтын ажлыг хийх явцад сэжигтэй гүйлгээ илрүүлж нэгжийн захирал, вип теллерээс тодруулахад “харилцагчтай тохиролцон авсан” гэдэг тайлбар өгсөн тул ТБны дотоод хяналт шалгалтын газар руу ажлын хэсэг томилон шалгуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт хүргүүлсэн.

 

Гэтэл дотоод хяналт шалгалтын газар нь “Тээврийн товчоо” тооцооны төв дээрх мэдээллээр хийсэн шалгалтын үр дүнг 2018 оны 11 сарын 13-ны өдөр танилцуулахдаа “иргэний гомдлоор шалгасан шалгалтын дүн” хэмээн мэдээлж, ашиглангийн үйлдлийг илрүүлж мэдээллийг цаг алдалгүй өгч, шуурхай арга хэмжээ авхуулсан дүүрэг салбарын захирал миний биеийг ажлаас халах, ерөнхий нягтлан бодогчийн цалинг 20 хувиар 3 сар хасах сахилгын шийтгэлтийг оногдуулах саналыг Хүний нөөцийн хорооны хуралд оруулахаар танилцуулсны дагуу дээрх тушаалыг гаргасан. 2014 оны 10 сараас эхэлсэн гэх дээрх ашиглангийн үйлдлийг дотоод хяналт шалгалтын газраас 2018 оны 05 сард тухайн нэгж газар дээрх иж бүрэн шалгалт хийхдээ “Тээврийн товчоо” тооцооны төвийн захирал Ч.Аийн үйлдлийг огт илрүүлж байгаагүй нь анхаарал татах асуудал байхад, шалгалт хийсэн атлаа тухайн зөрчлийг яагаад илрүүлээгүй болохыг нарийн нягт шалгаж учир шалтгааныг нь тогтоохын оронд ажлаа зохих ёсоор хийж, мэргэжлийн байгууллагын илрүүлээгүй зөрчил дутагдлыг илрүүлсэн албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэж байгаа нь шударга бус үйлдэл.

 

Дотоод хяналт шалгалтын газраас 2018 оны 05 сарын 08-ны өдрөөс 2018 оны 05 сарын 29-ний хооронд “Тээврийн товчоо” тооцооны төвд газар дээрх иж бүрэн шалгалт хийсэн боловч Ч.А нарын ашиглангийн үйлдлийг илрүүлээгүй. Мөн иргэн Бгийн гомдлоор 2018 оны 10 сарын 11-ний өдөр хийсэн шалгалтаар илрүүлээгүй. Зөвхөн Бгийн хадгаламж барьцаалсан зээл хууль зөрчиж олгосон үндэслэл гаргаж ирээд 2018 оны 10 сарын 15-ны өдрийн Хүний нөөцийн хороогоор оруулан Ч.Ад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Дотоод хяналт шалгалтын газрын 2 удаагийн шалгалтаараа илрүүлж чадаагүй зөрчлийг илрүүлэн, сэжиг бүхий гүйлгээ байгаа талаар мэдээлэл хүргүүлж, 2014 оноос эхэлсэн гэх энэхүү ашиглангийн үйлдлийг цаг алдалгүй зогсоож чадсан надад ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэж байгаад гомдолтой байна.

 

Миний хувьд хөдөлмөрийн гэрээгээр байгууллагын өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэн ажиллаж ирсэн. Намайг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-т “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан ба гэрээ, журамд заасан чухам ямар зөрчлийг намайг гаргасан гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна.

 

“Тээврийн товчоо” тооцооны төвийн захирал Ч.Аийн гаргасан гэх зөрчил нь ТБны зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар нэгжийн удирдлага болох түүнд энэ журмаар олгосон бүрэн эрхийн хүрээнд хамаарах буюу тухайн нэгж дотроо зээл төлөгчийн хүсэлтийг хүлээн авах, холбогдох судалгааг хийх, түүнд зээл олгох эсэх асуудлыг тухайн тооцооны төвийн захирал Ч.А, харилцааны менежер, ахлах теллерийн бүрэлдэхүүн бүхий хороогоор шийдвэрлэх, зээлийн гэрээ байгуулах, олгосон зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих зэрэг үйл ажиллагаатай шууд холбоотой байхад энэ үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй гэж намайг буруутгасан нь огт үндэслэлгүй юм.

 

Ер нь салбар, тооцооны төв, касс нь адилхан л нэгж юм. Тооцооны төвийн захирал, салбарын захирлын үүрэг бол ижил. Манай салбар 3401 гэсэн нэгжийн ажлаа хариуцна. Салбарын захирлын хувьд салбарт харъяалагдаж буй нэгжүүдийн бизнес төлөвлөгөөний биелэлтийг хариуцдаг, харилцагчийн гомдол ирвэл шуурхай хяналт тавьж явдаг. Харин өөрийнхөөс бусад нэгжийн зээлийн үйл ажиллагааны талаар эрх үүрэг байхгүй. Нэгжийн зээлийн дэд хороо, дээд шатных нь зээлийн хороодууд, нэгжийн захирал, харилцааны ахлах менежр, ахлах теллерүүд байна. Миний хувьд өөрийнхөөс бусад нэгжийн хадгаламж эзэмшигч нарын хадгаламжийн асуудлыг шалгах эрх байхгүй. Харин ТБны хяналт шалгалтын газар эрхтэй юм. А нарын хувьд харилцагч нартайгаа хүү тохирч авсан байдаг. Энэ нь ихэвчлэн харилцагчийн гомдлоор л илэрдэг. Тийм учир илрэхгүй яваад байсан байгаа юм. Хяналт шалгалтын газраас тооцооны төвийн 2016-2018 оны ажилд шалгалт хийгдсэн, эндээс дүүрэг салбарт үүрэг өгөөгүй. Намайг салбарын захирлын ажилд орсноос хойш манай 14 нэгжид хяналт шалгалтын газраас шалгалт хийгдээгүй байсан ба хийлгэе гэж хүсэлт тавьж байсан. 2018 оны 5 дугаар сард тооцооны төвийг иж бүрэн шалгасныг дээр дурьдсан.

 

2018 оны 10 дугаар сарын 11-нд ирсэн Бгийн гомдлоор шалгахдаа нэг үүрэг өгсөн. 10 дугаар сарын 17-нд Батмөнхөд сэжигтэй зүйл байгаа юм бишүү гэхэд тулган баталгаажуулалт хий гээд, манай Отгонбат 18-ны өдөр тулган баталгаажуулалт хийж, энэ явцад 19-ний өдөр өрөөндөө яаралтай уулзалт хийж, Аийн ажлыг хаах хэрэгтэй байна гээд, үдээс хойш нь түүнийг хүргэж өгсөн.  

 

Тиймээс би хөдөлмөрийн дотоод журмын заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний заалтын тухайд зөрчилд тооцогдохоор заасан ямар ч үйлдлийг би гаргаагүй болно. Иймд намайг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй тул ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ТБны Сүхбаатар дүүргийн салбарын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх цаг хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Т нь “СД” салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа давтан зөрчил гаргасан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд ажиллаагүй нь Дотоод хяналт, шалгалтын газрын шалгалтын явцад тогтоогдсон.

 

ТБны харилцагчийн төвд 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр харилцагч Л.Бгийн гомдол бүртгэгдсэн бөгөөд ТБны Дотоод хяналт, шалгалтын газраас холбогдох шалгалтыг “СД” салбарын харьяа “Тээврийн товчоо” тооцооны төвд хийсэн. Тооцооны төвийн захирал Ч.А, ахлах теллер С.Алтанчимэг нар нь хадгаламж барьцаалсан зээл 2018 оны 09-р сарын 20-ны өдөр харилцагчийн нэр дээр 41.000.000 төгрөгийн зээл зөвшөөрөлгүй гаргасан бөгөөд захирал Ч.А тус үйлдлээ хүлээн зөвшөөрсөн.

 

Шалгалтын явцад тооцооны төвийн хадгаламж баръцаалсан зээлийг баталгаажуулахыг “СД” салбарын “Тээврийн товчоо” тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Ж.Отгонбат, захирал Н.Т нарт үүрэг болгосон ба нэхэмжлэгчийн тайлбарласан шиг тулган шалгалтын ажлыг хийх явцад сэжигтэй гүйлгээг илрүүлээгүй, хянан шалгагч үүрэг болгосны дагуу шалгах явцад тус зөрчлийг илрүүлсэн болно.

 

Мөн Дотоод хяналт, шалгалтын газраас “Тээврийн товчоо” тооцооны төвд 2018 оны 05-р сарын 08-ны өдрөөс 2018 оны 05-р сарын 29-ний өдрийн хооронд 2016 оны 07-р сарын 21-ний өдрөөс 2018 оны 05-р сарын 06-ны өдрийн хооронд ээлжит, иж бүрэн шалгалтыг хийсэн. Уг шалгалтаар ашиглангийн үйлдэл илрээгүй. Учир нь ашиглангийн үйлдэл нь 2018 оны 05-р сарын 15-ны өдрөөс эхлэн сэжигтэй үйлдэл хийгдсэн байдаг. Дээрх 10 сард хийгдсэн шалгалтын явцад “Тээврийн товчоо” тооцооны төвийн захирал Ч.Аийг 44 харилцагчийн нэр дээр нийт 2.010.603.951 төгрөгийн зээл авч, банкинд их хэмжээний бодит хохирол учруулж, мөн 70 зээлдэгчийн нэр дээрх 2.769.277.379 төгрөгийн үлдэгдэлтэй зээл эрсдэх нөхцөл бүрдүүлсэн нь шууд удирдлага болох салбарын захирал Н.Тын зүгээс “Хөдөлмөрийн гэрээ” болон “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан үүргээ биелүүлж ажиллаагүйтэй холбож байгаа юм. ТБны Гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 20-ны Б/1322 тоот дугаартай тушаалаар “СД” салбарын захирал Н.Тд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд сахилгын шийтгэлтэйд тооцогдох хугацаанд үүргээ хангалттай гүйцэтгээгүйн улмаас давтан сахилгын зөрчлийг гаргасан.

 

Салбар харъяанд байгаа нэгжийн зээлийн үйл ажиллагаанд хяналт тавина, тэнд олгогдсон зээл дүрэмд нийцэж байна уу гэдгийг хянана. Салбарт тооцооны төв хариуцсан менежр байгаа.

 

Тэрээр нэхэмжлэгч чиг үүргийн хүрээнд гүйцэтгэх ажлаа хангалтгүй биелүүлсэн нь хяналт, шалгалтын явцад тогтоогдсон тул 2018 оны 11-р сарын 17-ны өдрийн Б/1922 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.3.“Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 1 жилд хоёр ба түүнээс дээш удаа гаргасан” гэж заасныг тус тус үндэслэн Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, ТБ ХХК-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/1189 дугаар тушаал, Н.Ттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/1922 дугаар тушаалын хуулбар, “ТБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, “ТБ” ХХК-ийн захирлын Н.Тд сахилгын шийтгэл ногдуулах тухай 2018 оны 08 сарын 20-ны өдрийн Б/1322 дугаар тушаал, салбарын захирлын ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Н.Тын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, “ТБ” ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн хорооны ажиллах журам, “Тээврийн товчоо” тооцооны төвд хийсэн ээлжит иж бүрэн шалгалтын тайлан, ТБны теллерийн системийн багц журам, Дотоод хяналт, шалгалтын газрын үйл ажиллагааны журам, Дотоод хяналт шалгалтын газрын 14/082 дугаартай илтгэх хуудас, шүүхээс и-мэйл хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ТБны захирлын “СД” салбарын тооцооны төвийн ажилтан Ч.А, Б.Мөнхсүрэн, С.Алтанчимэг нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал, хүний нөөцийн хорооны хурлын шийдвэр, ажлын байрны тодорхойлолт, Ч.А эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоол, ТБийг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол болон бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч Н.Т хариуцагч “ТБ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Н.Т нь “ТБ” ХХК-д 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс “СД” салбарын захирлаар ажиллаж байгаад ТБны гүйцэтгэх захирлын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/1922 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр, тухайлбал, “СД” салбарын захирлаар ажиллах хугацаандаа “СД” салбарын харьяа “Тээврийн товчоо” тооцооны төвийн захирал Ч.Аийг 44 харилцагчийн нэр дээр нийт 2.010.603.951 төгрөгийн зээл авч, банкинд их хэмжээний бодит хохирол учруулж, мөн 70 зээлдэгчийн нэр дээрх 2.769.277.379 төгрөгийн үлдэгдэлтэй зээл эрсдэх нөхцөл бүрдүүлсэн нь шууд удирдлага болох салбарын захирлын зүгээс “Хөдөлмөрийн гэрээ” болон “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан үүргээ биелүүлж ажиллаагүй нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон ба үүний урьд сахилгын шийтгэл хүлээсэн байсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

            Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил, чиг үүргийг зөрчсөн зөрчил гаргаагүй, харин холбогдох газраар шалгалт хийлгүүлж, бусдын хэрэг зөрчлийг илрүүлсэн гэж, хариуцагч нэхэмжлэгчийг харъяалагдах тооцооны төвийн ажилд хяналт тавиагүйгээс тооцооны төвийн захирал, ажилтнууд хэрэг, зөрчилд холбогдож, банкинд их хэмжээний хохирол учирсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон гэж тус тус маргаж мэтгэлцэж байна.

 

            “СД” салбарын захирлаар ажиллаж байсан Н.Тын ажлын байрны тодорхойлолт олдоогүй ба “Чингэлтэй дүүрэг” салбарын захирлын ажлын байрны тодорхойлолт ижил гэж хариуцагч шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгч үүнийг зөвшөөрч шүүх түүнийг үнэлсэн болно.

 

            Нэхэмжлэгч Н.Т ТБ-ны захирлын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Б/1322 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан байх ба харин түүний давтан гаргасан гэх зөрчил тодорхойгүй байна.

 

            Хариуцагч нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтын “Гүйцэтгэх үндсэн үүрэг”-ийн “Удирдлага зохион байгуулалт” гэсний 3 дахь хэсэг буюу “Салбар, харъяа нэгжүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу нэгдсэн удирдлагаар хангах, зайны болон биечилсэн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах”, Эрсдэлийн удирдлага гэсний 1 дэх хэсэг буюу “нэгжийн активыг оновчтой удирдаж зээлийн багцын чанарыг 2 хувиас хэтрүүлэхгүй ажиллаж, хүү олдоггүй активыг хэрэгцээнээс илүү нэмэгдүүлэхгүй, найдваргүй авлага үүсгэхгүй байх” заалтуудыг зөрчсөн гэж үзжээ.

 

            Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод зааснаар өөрийн ажил үүргийг тодорхойлохдоо нэгжүүдийг нэгдсэн удирдлагаар хангана, ингэхдээ бизнес төлөвлөгөөний биелэлтийг хангуулна, мэдээг нэгтгэнэ, зайны болон биечилсэн хяналт хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулна, хяналтыг дотоод хяналт шалгалтын газар хийдэг, зайны хяналт нь компьютерийн программ дээр гарч буй алдааг хянах, түүнийг имэйлээр холбогдох газарт явуулах байдлаар хийгддэг, биечилсэн хяналт гэхээр бидний хувьд зохион байгуулалт талын, тухайлбал, ажлын байрны гадна дотно байдал, АТМ, харилцагчийн үйлчилгээ, ажилтны хувцаслалт гэх мэтийн зүйлүүдийг хамаарна, Эрсдэлийн удирдлагын холбоотой заалтын хувьд нэгжүүдээс нэгэнт олгогдсон зээлийн багцын чанар дээр анхаарч ажиллана гэсэн үг, зээлийн хувьд нэгж өөрөө бие даан шийдвэрлэдэг, зээл нь бие даасан дүрэм, журмаар, тухайлбал, зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн хорооны ажиллах журам, теллерийн системийн багц журам зэргээр зохицуулагддаг, салбарын захирал өөрийн 3401 дугаар нэгжээс бусад харъяа нэгжүүдийн зээлийн асуудалд оролцдоггүй, хянах эрхгүй гэж тайлбарлаж байна.

 

Салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтоос харахад хариуцсан салбар, тооцооны төвийн үйлчилгээний чанар, үйл ажиллагааны тогтвортой байдлыг ханган нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх, салбар нэгжийн бизнес төлөвлөгөөг гаргаж, бүтэц зохион байгуулалтыг оновчтойгоор тогтоон, өндөр үр ашигтай ажиллуулахад чиглэсэн идэвхжүүлэлт, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд оршино гэжээ.  

            Хариуцагч нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтын хоёр заалтаар буруутгаж байгаа ба эрсдэлийн удирдлагын заалтын талаарх зөрчил байхгүй байна. Зайны болон биечилсэн хяналтыг тавиагүй гэдэг дээр тухайн тохиолдолд нэхэмжлэгч ямар байдлаар хэрэгжүүлэх хяналтыг хэрэгжүүлээгүй нь тодорхойгүй байна. Түүнчлэн “СД” салбарын харъяа “Тээврийн товчоо” тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Аийн банкинд хохирол учруулсан үйлдэл нь далд нууц аргаар үйлдэгдсэн, түүний үйлдэлд одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь тогтоогдож байна.

 

            Хариуцагч нэхэмжлэгчийг давтан зөрчил гаргаснаар ажлаас чөлөөлөхдөө дотоод хяналт шалгалтын газрын шалгалтын дүнг үндэслэсэн байдаг боловч тэдгээрт нэхэмжлэгчийн буруутайг тодорхойлсон баримт байдаггүй.

           

ТБны Дотоод хяналт шалгалтын газраас “Тээврийн товчоо” тооцооны төвд 2018 оны 05 сарын 08-ны өдрөөс 2018 оны 05 сарын 29-ний өдрийн хооронд 2016 оны 07 сарын 21-ний өдрөөс 2018 оны 05 сарын 06-ны өдөр хүртэл хугацааны ажлыг хамарсан газар дээрх иж бүрэн шалгалтыг, иргэн Л.Бгийн гомдлоор 2018 оны 10 сарын 15-ны өдрийн шалгалтыг, 2018 оны 10 сарын 18-ны өдрөөс 2018 оны 11 сарын 10-ны хооронд 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс мөн оны 10 сарын 18-ны өдөр хүртэл хугацааны ажлыг хамарсан шалгалтыг тус тус хийжээ.

 

Эхний шалгалтын мөрөөр салбарын захиралд өгөгдсөн үүрэг даалгавар байхгүй байна. Иргэн Л.Бгийн гомдлоор шалгасан шалгалтаар тооцооны төвийн захирал Ч.Аийг харилцагчийн данснаас зөвшөөрөлгүй хадгаламж барьцаалсан зээл авч өөрийн данс руу шилжүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэж, түүний үйлдэлд хамтран оролцсон 2 ажилтныг тус тус ажлаас чөлөөлөх шийтгэл оногдуулсан байх бөгөөд шалгалтын илтгэх хуудсаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Тээврийн товчоо тооцооны төвийн хадгаламж барьцаалсан зээлүүдэд үлдэгдлийг баталгаажуулахыг СД салбарын ТТХМ Ж.Отгонбат, салбарын захирал Н.Т нарт, мөн Ч.Атэй холбоотой илэрсэн ашиглангийн үйлдлийг Хуулийн хэлтэстэй хамтран холбогдох арга хэмжээг авч ажиллахыг салбарын захирал Н.Тд тус тус үүрэг болгожээ.

 

СД салбарын ТТХМ Ж.Отгонбат хадгаламж барьцаалсан зээлүүдийн үлдэгдлийг баталгаажуулах явцад нэгжийн захирал харилцагчтай тохиролцсон байдал илэрсэн гэж ажлын хэсэг томилохыг хүссэн имэйлийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр банкны Дотоод хяналт шалгалтын газар руу илгээсэн байх ба үүний дагуу 3 дахь шалгалт хийгдсэн байна. Энэ шалгалтаар “СД” салбарын харьяа “Тээврийн товчоо” тооцооны төвийн захирал Ч.Аийг 44 харилцагчийн нэр дээр нийт 2.010.603.951 төгрөгийн зээл авч, банкинд их хэмжээний бодит хохирол учруулж, мөн 70 зээлдэгчийн нэр дээрх 2.769.277.379 төгрөгийн үлдэгдэлтэй зээл эрсдэх нөхцөл бүрдүүлсэн гэж үзсэн бөгөөд үүнд хяналт тавиагүй гэж СД салбарын захирал Н.Тыг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

ТБны Зээлийн үйл ажиллагааны журам, Зээлийн хорооны ажиллах журам, Теллерийн системийн багц журам зэргийг авч үзэхэд харъяа нэгжүүдийн зээлийн үйл ажиллагаатай холбоотой “салбарын захирал”-ын үүрэг харагдахгүй байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс банкны Дотоод хяналт шалгалтын газар руу дүүргийн 14 нэгжийн дийлэнх нь 1 жилээс дээш хугацаагаар шалгалтанд ороогүйг дурьдаж, 2018 онд төлөвлөгөөнд оруулахаар нэгжүүдийн мэдээллийг имэйлээр явуулж байжээ.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 90 өдрийн цалинтай тэнцэх олговор 12.272.727 төгрөг болж байна.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ НЬ:

 

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Н.Тыг “ТБ” ХХК-д “СД” салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “ТБ” ХХК-аас 12.272.727 (арван хоёр сая хоёр зуун далан хоёр мянга долоон зуун хорин долоо)  төгрөгийг гаргуулж Н.Тд олгон, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-ыг баримтлан Н.Тын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

  1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 211.314 төгрөг гаргуулж улсад олгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                         

                               ДАРГАЛАГЧ                                           С.БУД