| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 164/2017/0005/Э |
| Дугаар | 411 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Насанбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 411
Э.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар магадлалтай, Э.М-д холбогдох 1829000230019 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангийн бичсэн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 6/09 дугаартай эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын засварчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Э-ын М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх Э.М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангийн бичсэн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 6/09 дугаартай эсэргүүцэлд: “Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах тухай хуулийн зорилтыг хангаагүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан бүхий л баримтуудыг тал бүрээс нь, бүрэн бодитой шинжлэн судалсны үндсэн дээр хэргийн зүйлчлэл тохирсон талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх нь хуульд заасан журмаар бэхжүүлсэн яллах талын нотлох баримтуудыг ямар баримтаар үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлоогүй, харин хэргийн үйл баримтын талаар дүгнэхдээ шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандсан хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг нотолсон нотлох баримтуудыг өөрчлөн найруулсан байна. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлагыг хангаж гараагүй гэх үндэслэл болж байна. Тухайлбал, хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудсанд авагдсан “...Ороод хутгыг нь аваадах гэж хэлсэн. Тэгээд би гэр дээр гараад тооноор орох гэж байсан чинь Мөнхнаран гэрийнхээ үүд рүү гүйж очоод хаалгаа түжигнээд гарсан....” гэх шүүгдэгчийн гэр дотор байхдаа хутга барьсан талаарх мэдүүлгийг ямар баримтаар үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхойлохгүйгээр, “...Э.Н гэрт үлдсэнээр тэрээр аюултай байдалд орсон зэрэг Э.М-гийн гэрт орох зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн талаар гэрчүүд мэдүүлээгүй байна. Э.М-гийн гэрийн хошлонг тайлах үйлдэл хийгдсэн үеэс хохирогч Ц.С, Д.М нарыг иргэн Э.М-гийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан гэж үзнэ....” гэх үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийж, гэм буруутай этгээдэд шударгаар ял оногдуулаагүй байна. Харин давж заалдах шатны шүүхээс хийсэн дээрх дүгнэлтүүд нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл болсон нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу гэмт хэргийн улмаас учрах хор уршгийг хүсч, түүнд зориудаар хүргэснийг нотолж байгаа болно.
Хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон давж заалдах шатны шүүх нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох хэргийн нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн. Гэрч Д.М, Б.Д, Э.Н, Д.М, гэрч Д.Б нарын мэдүүлгүүд болон бусад баримтуудаар шүүгдэгч Э.М нь хохирогчийг хэрэг болсон гэх гэрийн гадаа хутгаар санаатай хатгаж, түүний эрүүл мэндэд “учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хэвлийн зүүн дээд хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл” учруулсан болох нь хангалттай нотлогддог бөгөөд эдгээр мэдүүлгүүд нь мөрдөн байцаалт, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны явцад шүүгдэгч Э.М-гийн үйлдсэн хэргээ хүлээж өгсөн удаа дараагийн мэдүүлгийн үнэн зөвийг нотолдог. Гэтэл шүүх нь хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан нотлох баримтууд, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох хэргийн нөхцөл байдлыг тус тус анхаарч үзэлгүй орхигдуулснаар давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэгт хяналт тавьж, шүүх хуралдаанд оролцсон прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ яллах нотлох баримтуудыг дэлгэрэнгүй дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаас гадна шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо дүгнэлтийг дээр дурдсан бүхий л яллах нотлох баримтуудад тулгуурлан ялласан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа дүгнэлт хэлэхдээ “гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийн талаар, “Э.М-д холбогдох хэрэг нь гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар” тус тус ялгамжтай хэлсэн байхад давж заалдах шатны шүүх нь магадлалдаа дүгнэлтүүдийг нэгтгэн, бодит байдлыг гуйвуулж, мансуурсан гэх үгийг нэмэн, “шүүгдэгч гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн нь түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох боломжгүй, хэргийн байдал, нотлох баримтад тулгуурлаж яллаагүй гэж үзнэ...” гэж бичсэн. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор нь шүүгдэгч Э.М-гийн хохирол, хор уршигт хандах гэм буруугийн хэлбэрийн талаар тайлбарлаж, дүгнэлт гаргаагүй...” гэж тус тус дурдсан нь шүүх хуралдаануудын тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээр үгүйсгэгдэнэ. Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, агуулга муутай, хэргийн нотлогдсон үйл баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлд согтуурсан, мансуурсныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэсэн ухагдахууныг буруу ойлгож тайлбарласан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалангийн бичсэн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 6/09 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Э.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Э.М- нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймгийн Манлай сумын Далай багийн нутаг дэвсгэр буюу Жаргалант хорооллын 5-3 тоотод иргэн Ц.С-г хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.М-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэдэг билээ.
Гэтэл шүүгдэгч Э.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүх дээрх ял хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглэснээс гадна уг зохицуулалтыг хэрэглэх болсон үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүйг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамласныг хүчингүй болгож, шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр 5 жил хорих ял оногдуулж, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Харин давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлд заасан согтуурсан, мансуурсан хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын тухай буруу тайлбарлаж зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилж шийдвэрлэсэн нь үйл баримтын болон хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэхээр байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолд:
“Шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчлөлт оруулж тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН