Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2016/0752/з |
Дугаар | 221/MA2017/0233 |
Огноо | 2017-03-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 221/MA2017/0233
2017 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 221/МА2017/0233 | Улаанбаатар хот |
Д.Мөнхбаярын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Мөнхбаярын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхбаярын гаргасан “нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж заасныг үндэслэн “Тухайлбал, Д.Мөнхбаяр нь 2005 оны 10 дугаар сарын 08-аас 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл удаа дараа буюу нийт 117 удаа Монгол Улсын хилээр байнга орж ирсэн болох нь Гадаадын иргэн, харьяатын газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 05/3377 дугаар албан бичгээр тогтоогдож байх ба ийнхүү түр эзгүй байсан нь түүнийг газар эзэмшигчийн эрх, үүргээс чөлөөлөх “хүндэтгэн үзэх шалтгаан” үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ” гэжээ.
Шүүхийн хууль хэрэглээний эх сурвалж болсон Улсын Дээд шүүхийн тайлбарт анхан шатны шүүхийн тодорхойлсон “түр эзгүй байх” шалтгаан бичигдээгүй байхад түр эзгүй шалтгаан гэдэгт Улсын Дээд шүүхийн тайлбарт заагаагүй өөр бусад шалтгаан хамаарна гэж ойлгогдож байна.
Хүндэтгэн үзэх шалтгааны талаар илүү өргөн хүрээнд тухайн нөхцөл байдал, үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийх шаардлагатай байжээ.
Түүнчлэн “нэхэмжлэгч нь 2007 оноос АНУ-д байнга оршин суух эрх авсан гэдэг нь “байнгын оршин суугчийн үнэмлэх”-ээр тогтоогдож байгаа” гэсэн атлаа дараагийн хэсэгт “Монгол Улсад түр эзгүй байсан” гэж дүгнэж байгаа нь хоорондоо зөрчилдөж байна.
Өөрөөр хэлбэл, АНУ-д байнга оршин сууж байгаа хүнийг Монгол Улсад түр эзгүй байсан гэж дүгнэжээ.
Амины орон сууцны зориулалтаар газар эзэмших гэдэг нь Монгол Улсад байнга оршин сууж байгаа тухайн хүн өөрөө тэндээ амьдарснаар хэрэгжих боломжтой бөгөөд нэхэмжлэгч гадаад оронд байнга оршин суусны улмаас энэ эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байхад Монгол Улсад богино хугацаагаар ирж байсан гэсэн шалтгаанаар хэрэгжүүлэх боломжтой эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж буй нь үндэслэлгүй байна.
Мөн “тухайн газартаа амины орон сууц бариагүй, эзэмшээгүй болох нь хэрэгт авагдсан маргаан бүхий газрын фото зургаар тогтоогдож байна” гэжээ.
Тухайн газарт амины орон сууц баригдаагүй үйл баримтын талаар маргаагүй, харин амины орон сууц барьж чадаагүй шалтгаан болох гадаад улсад байнга оршин сууж байсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна гэсэн маргааны үндэслэлийг анхан шатны шүүх бүрэн дүүрэн тодорхойлж шийдвэрлэсэнгүй.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу нийслэлийн Засаг дарга нь тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг тодруулсны үндсэн дээр захирамж гарган шийдвэрлэх ёстой байтал хэрэгт үүнийг тодруулсан, нотолсон баримт авагдаагүй, холбогдох хэлтэс, нэгжүүдээс санад аваагүй, нэхэмжлэгчид өөрт нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосноо мэдэгдээгүй байхад “хуулийн 40.1.6 дахь үндэслэл бүрдсэн гэж үзэж, өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэж дүгнэж байгаа нь нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэлгүй болжээ.
Маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн Газрын тухай хуулиар олгогдсон газар эзэмших эрхийг хүчингүй болж, эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болоод байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэсэн нь илт үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа нь нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж тодорхойлон шүүхэд гаргажээ.
Нийслэлийн Засаг даргын 1998 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/152 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Оргил хотхонд амины орон сууцны зориулалтаар 500 м.кв газар эзэмшүүлэх эрхийг Ч.Эрдэнэ-Очирт анх олгосон байна.
Харин Ч.Эрдэнэ-Очир нь дээрх газар эзэмших эрхээ Д.Мөнхбаярт шилжүүлэх тухай хүсэлтийг Нийслэлийн газрын албанд гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын “Газрын эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах” тухай 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Мөнхбаярт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 600 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлжээ.
Улмаар нэхэмжлэгч Д.Мөнхбаярт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах амины орон сууцны зориулалттай 600 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн газрын алба 2005 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр түүнтэй газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан байна.
Харин Д.Мөнхбаярын уг газар эзэмших эрхийг нь нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна.
Хэдийгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан боловч Д.Мөнхбаяр болон Нийслэлийн Газрын албаны хооронд байгуулсан 2005 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 5 дахь хэсгийн 5.5-д “Газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээг 1 жилийн хугацаанд хүчинтэй” гэж заасан байна.
Дээрх гэрээний хүчинтэй байх хугацаанд буюу 2005 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш буюу 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд түүнтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ дуусгавар болсон талаар, түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсон талаар Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас мэдэгдээгүй нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Мөн маргаан бүхий газрыг эзэмших хугацаандаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхбаяр нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж байсан болох нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарын “2005-2015 онд нийт 452.160 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй байна” гэх 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10/4717 тоот албан бичгээр нотлогдож байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Д.Мөнхбаяр нь маргаан бүхий газарт амины орон сууц барьж амьдраагүй гэх боловч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах;” гэж заасан газар эзэмших эрхээ эдэлж байсан болох нь “маргаан бүхий газрыг саарал хашаагаар хашаалсан. Мөн хашаан дотор ямар нэгэн барилга байхгүй боловч нүх ухсан, барилгын арматур, мод овоолсон /барилга барихад ашиглагдах/ байдалтай байсан” гэх анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогджээ.
Тиймээс дээрх дүгнэлтээр, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Мөнхбаярыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж шууд үзэх боломжгүй бөгөөд хариуцагч нь уг үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь буруу юм.
Иймд нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр захирамжаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр Д.Мөнхбаярын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь “иргэнд амины орон сууцны зориулалтаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй” болгосон талаар маргаж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ гаргасан байхад анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр захирамж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зөв юм.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/190 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР