Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/02837

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        06          17                                     101/ШШ2022/02837         

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух, О.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 хаягт байрлах, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Б-д холбогдох,

 

Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын Б/01 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,890,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

  

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э,

Хариуцагч Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

О.Б Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хэсгийн ахлагчаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-нйи өдрийг хүртэл хөлсөөр ажиллах гэрээг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулан ажилласан.

Ажиллах хугацаандаа ямар нэгэн ажлын дутагдал зөрчил гаргаж байгаагүй, ямар нэгэн арга хэмжээ аавагдаж байгаагүй. 2021 оны шилдэг хэсгийн ахлагчийн өргөмжлөлийг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга н.Б-аас авч байсан.

Энэ хугацаанд Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Б нь удаа дараа ажлын байрны дарамт үзүүлж байсан талаар Засаг даргын Тамгын газарт гомдол гаргаж байсан. Тэрээр хорооны хурал дээр ховын шинжтэй хүний гэр бүлийн асуудлыг олон нийтэд дэлгэн ярих, мөн хүний өмсөж зүүснээр ялгаварлан гадуурхах, гүтгэлгийн шинжтэй гутаан доромжлох, хувийн данс санхүүгээ үзүүлэх, өөрийгөө хувийн бизнестэй гэх зэргээр намайг дорд үзэж ажлын байрны дарамт байнга үзүүлдэг. Ийм байж болохгүй гэдгийг өөрт нь хэлэхээр ажлаа хийж чадахгүй бол зайлаарай гэж төрийн үйлчилгээний удирдах ёс зүйн хэм хэмжээг зөрчдөг байсан.

О.Б нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл өвчтэй байхад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хорооны зохион байгуулагч н.О манай гэрт авчирч өгсөн.

Хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Б “чамтай хамтарч ажиллахгүй, дуртай бол цалингүй ажил хий” гэхээр нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт удаа дараа ажлаас халсан тушаалаа авъя гэхэд Тамгын газрын дарга н.Б “ажлаас чинь халаагүй очоод ажлаа хийж бай, энэ талаар н.Б-ээс асуу” гэж байсан.

Гэтэл Хорооны засаг дарга захирамжаа 2022.01.03-ны өдөр гаргасан, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын албан бичиг 2022.01.27-ны өдрийнх байна. Тэгэхээр энэ бичиг ирэхээс өмнө Хорооны засаг дарга захирамж гаргасан нь хууль бус байна. Дүүргийн засаг даргын тамгын газраас цалин олгодог тул хариуцагч өөрт хамааралгүй гэх боловч түүний хууль бус захирамжаас үүссэн хохирол учраас шаардах эрхтэй гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т ажилтан ажлаа хангалттай гүйцэтгэж үнэлүүлээгүй бол ажлаас чөлөөлөх саналыг Хорооны Засаг дарга нь Тамгын газарт хүргүүлэх болохоос гэрээний хугацаа дуусаагүй байхад чөлөөлөх эрхгүй.

Мөн гэрээний 7.2, 7.3-т хугацаа дуусгавар болохоос ажлын 15 хоногийн өмнө Засаг даргын Тамгын газраас хэсгийн ахлагчид энэ талаар мэдэгдэх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй байтал Хорооны засаг дарга 2022.01.03-ны өдөр захирамж гаргаж гэрээг дуусгавар болгосон нь хууль бус юм.

Хэсгийн ахлагч сар бүр 630,000 төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд хууль бус захирамжаас болоод 2022.01, 2,3 сарын цалинд 1,890,000 төгрөг нэхэмжилсэн.

Иймд О.Б-ыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хөлсөөр ажиллах гэрээг байгуулсан байхад Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Б ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан, мөн өвчтэй байхад ажлаас чөлөөлсөн зэргийг зөвшөөрөхгүй байх тул 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ажлаас чөлөөлөх Б/01 дугаартай Баянзүрх дүүргийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч н.Б-ийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Ажилгүй байсан хугацааны цалин 1,890,000 төгрөгийг түүнээс гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа төрийн ажлыг нэг цаг хором цалгардуулалгүйгээр чин сэтгэлээсээ ажилласаар ирлээ.

Нэхэмжлэгч О.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 дугаар хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Тэрээр ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн. Өөрт нь энэ талаар байнга сануулж хэлж анхааруулсаар ирсэн. Өөрөө ч ажлаас гарах хүсэлтээ амаар илэрхийлж байсан.

Ингээд тэр цагаас хойш ажилдаа хайнга хандаж миний бие хариуцлага тооцохоор хамт олны хурлаар хэлэлцэхэд хамт олны зүгээс сануулга өгөөд түр авч үлдсэн. Мөн гэрээний хугацааг сунгахгүй талаар хурал дээр хэлж байсан болно.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 дугаар тогтоолоор “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-г баталсан бөгөөд уг журмын 1.2-т “Хэсгийн ахлагч нь Монгол Улсын хууль тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр батлан гаргасан шийдвэрийг хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуйн нэгж.байгууллагад хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэл сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан нь шууд утгаараа тухайн дэмжлэг шаардлагатай үед ажиллах үүргийг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл ажлын тогтмол өдөр ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүрэг биш ба хэсгийн ахлагч нар нь дэмжлэг шаардлагатай үед тодорхой аль нэг өдөр ирж ажилладаг юм.

Хэсгийн ахлагч нарт тогтоосон горим, хөдөлмөрийн багаж хэрэгсэл байхгүй байхгүй бөгөөд баталсан норм, сүлжээгээр цалин хөлс авч ажилладаггүй болно. Дээрхи журмын 2.1-т заасан “Дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороонд 200-250, орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд 1 хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно” гэсэн нь ажлын байранд тогтоосон горим, удирдлагаас баталсан хийж гүйцэтгэвэл зохих норм үнэлгээ биш бөгөөд тухайн хэсгийн ахлагч хүрч ажиллах тоон хязгаар юм. Хэсгийн ахлагч О.Б нь хөлсөөр ажиллах гэрээний 2.2.5, 2.2.6, 2.2.10 дахь үүргээ биелүүлээгүй.

Мөн журмын 1.4 дэх хэсэгт “Хэсгийн ахлагч нь журамд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хорооны Засаг даргатай гурвалсан “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулан ажиллана гэж 2.3-т “Энэ журмын 2.5-д заасан шаардлагыг хангаж сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар журмын 1.4-д заасан гэрээг нэг жилийн хугацаатай байгуулна” гэж тус тус заасан байна.

О.Б-ыг томилсон бөгөөд чөлөөлсөн шийдвэр нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар “иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд чиглэсэн захиргааны шийдвэр” болж иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болсон.

Мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх.ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 359.2 дахь хэсэгт “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно”. 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж заажээ. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар тушаалаар “Хэсгийн ахлагч сонгон шалгаруулах журам” “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний загваруудыг шинэчлэн баталсан байх ба хэсгийн ахлагчаар ажиллаж байсан О.Б-тай байгуулсан хөлсөөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 61.1.20-д харьяалах хэсгийн ахлагч нарыг томилж үйл ажиллагааг нь удирдах гэж заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хороон Засаг дарга хэсгийн ахлагчтай гэрээ хийж ажилд томилох болсон.

О.Б-ын гэрээний талаар 2022.01.24-ний өдөр Дүүргийн Засаг даргын Тамгын газарт албан бичиг явуулсан, тамгын газраас 2022.01.01-ний өдрөөс эхлэн хуульд заасны дагуу Хорооны засаг дарга хэсгийн ахлагчийг томилно гэдгийг аман байдлаар мэдэгдсэн. Гэтэл энэ тушаал нь Нийслэлээс баталгаажиж ирэхгүй байсаар 2022.01.27-ны өдөр албажиж ирсэн.

Хэсгийн ахлагчийн урамшууллыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас тооцон олгодог учир түүний нэхэмжилж байгаа 3 сарын хугацаанд ажилгүй байсан хохирол 1,890,000 /нэг сая найман зуун ерөн мянган төгрөг/-г миний бие төлөх боломжгүй гэдгийг мэдэгдье.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хийсэн гэрээг цаашид сунгах шаардлагагүй гэж үзэн хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны Б/01 тоот тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: О.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2022.02.10-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнгийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, гэрлэлт цуцалсны гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын 2022.01.03-ны өдрийн Б/01 дугаартай захирамж, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, эмнэлгийн магадлагаа, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Д.Б, М.Э болон 3 дугаар хэсгийн иргэдийн гаргасан тодорхойлолт, фото зураг, өргөмжлөл, Баянзүрх дүүргийн Хонхор тосгоны эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, О.Б-аас Ч.Э-д олгосон итгэмжлэл, бүртгэл хяналтын карт /хх-ийн 1-12, 39, 52-62, 73, 110, 117-119/ зэрэг баримтыг,

Хариуцагчаас: Хариу тайлбар, хурлын тэмдэглэлүүд, хөлсөөр ажиллуулах гэрээ, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021.02.04-ний өдрийн Б/28 дугаартай захирамж болон хавсралт, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргаас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн албан бичиг, фото зураг, хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022.01.27-ны өдрийн албан бичиг, хариу тайлбар /хх-ийн 22-34, 78-79, 82, 120-121/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс:Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022.01.27-ны өдрийн албан бичиг, нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Б, Д.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан /хх-ийн 84-86, 93-97,108/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Б-т холбогдуулан

Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын Б/01 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,890,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч  бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот “Журам батлах тухай” тогтоолоор “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ыг баталж, уг журмыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөх, хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох, энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2011 оны 0 дүгээр сарын 09-ний өдрийн 7/63 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна. 

 

Дээрх тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс О.Б-ыг Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллуулахаар тохирч, түүнтэй “Хөлсөөр ажиллуулах гэрээ” байгуулжээ. /хх-ийн 27-30/

 

Энэхүү “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ээр хорооны Засаг дарга болон хэсгийн ахлагчийн эрх, үүрэг, хэсгийн ахлагчийн хэрэгжүүлэх үүрэг, түүний ажил дүгнэх журам, түүнд олгох урамшуулал, маргаан шийдвэрлэх журам зэргийг тодорхойлсон байх ба хэсгийн ахлагч нь дүүрэг, хорооноос өгсөн тодорхой ажлуудыг гүйцэтгэх, захирагчийн ажлын алба урамшуулал олгохоор харилцан тохиролцсон байна.

 

Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Б-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай О.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 0 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1.20, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1, 364.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 30/24 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн:

“...О.Б-ын хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгаа тул хэсгийн ахлагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн” байна./хх-ийн 8/

 

О.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргатай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай, 0 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар ажиллах  хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан, Засаг даргын Тамгын газар нь гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түүнд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхээр тохиролцож, үүний үндсэн дээр сарын 630,000 төгрөгийн урамшуулал олгож, түүнээс зохих шимтгэлийг төлсөн болох нь талуудын хооронд байгуулсан гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн  тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 27-30, 62/

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь 2021.12.24-ний өдрөөс 2022.01.10-ны өдөр хүртэлх хугацаанд эмнэлгийн магадлагаатай байтал гэрээний 7.2, 7.3-т заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болохоос ажлын 15 хоногийн өмнө Засаг даргын Тамгын газраас мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байтал Хорооны засаг дарга 2022.01.03-ны өдөр захирамж гарган, гэрээг дуусгавар болгосон, Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2022.01.27-ны өдөр хуульд нийцүүлэн ажиллах албан бичгийг ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч нь Засаг даргын тамгын газарт нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн, 2022.01.01-ний өдрөөс харьяалах хэсгийн ахлагч нарыг томилж, үйл ажиллагааг  удирдахыг хорооны Засаг даргын бүрэн эрхэд хамааруулсан тул түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэж маргасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.2-т: “Хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссаныг гэрээ дуусгавар болох өдрөөс ажлын 15 хоногийн өмнө Дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэсгийн ахлагч нарт мэдэгдэнэ”, 7.3-т: “Гэрээ дуусгавар болохыг мэдэгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор хэсгийн ахлагч нь гэрээг үргэлжлүүлэхийг хүссэн саналыг Дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх ба тогтоосон хугацаанд ирүүлээгүй санал хүчингүйд тооцогдоно” гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд гэрээний хугацаа дууссаныг уг хугацаа дуусгавар болохоос  ажлын 15 хоногийн өмнө Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэсгийн ахлагч нарт мэдэгдэх үүрэг хүлээсэн гэж үзэх ба энэ хугацаа нь гэрээгээр тохиролцсоны дагуу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байхаар байна.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээ 2021.12.31-ний өдөр дуусгавар болох тул түүнтэй байгуулсан гэрээг цаашид сунгахгүй гэх хүсэлтийг 2021.12.24-ний өдрийн 102 дугаартай албан бичгээр Дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн гэж тайлбарласан./хх-ийн 33/

 

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02/970 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтаар 0 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 102 дугаартай албан бичгийг мөн өдөр хүлээн авсан, түүнчлэн О.Б-тай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г цуцлах, гэрээнд өөрчлөлт оруулах талаар мэдэгдэл хүргүүлээгүй, түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэн мөрдөгдөх болсонтой холбоотой 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 02/92 дугаартай хуулийн хэрэгжилтийг хангах тухай албан бичгийг хороодын Засаг нарт хүргүүлсэн талаар дурджээ. /хх-ийн 107-109/

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө ажлын 15 хоногийн өмнө Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэсгийн ахлагчид мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээр хэсгийн ахлагч ажлын 7 хоногийн дотор цаашид гэрээг үргэлжлүүлэх саналаа хүргүүлэх, ингэснээр гэрээний хугацаа сунгах эсэхийг шийдвэрлэх байжээ. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2022.01.01-ний өдрөөс мөрдөгдсөн/ 61 дүгээр зүйлийн 61.1-т хорооны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 61.1.20-т харьяалах хэсгийн ахлагч нарыг томилж, үйл ажиллагааг нь удирдах гэж заасан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацааг дуусгавар болгох эсэхийг гэрээгээр тохиролцсоны дагуу Дүүргийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлээгүй байхад Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг дарга захирамж гарган нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг дуусгавар болгосон нь тогтоогдож байх ба хариуцагч нь ийнхүү гэрээг дуусгавар болгохтой холбоотойгоор нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломж олгосонтой холбоотой сонсох ажиллагаа явуулсан гэх байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Ийнхүү хариуцагч нь дээрх байдлыг баримтаар нотлоогүй нь түүнийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Энэхүү байдал нь хариуцагч Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай “О.Б-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгох үндэслэлийг бий болгож байна.

 

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-т гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заасан байх ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4-т Засаг даргын Тамгын газрын эрх, үүрэг тусгасан, 4.1-т хэсгийн ахлагчид ...журамд заасны дагуу урамшуулал олгоно, 6.1-т  Дүүргийн Засаг даргын Тамгын газар хороодын Засаг даргаас ирүүлсэн хэсгийн ахлагчийн ажлыг дүгнэсэн үнэлгээг хянан үзэж, зохих урамшууллыг тооцоно олгоно гэж тохиролцжээ.  

 

Хэсгийн ахлагч нарт олгох урамшуулалыг Хороодын Засаг даргаас ирүүлсэн ажил дүгнэсэн үнэлгээг нь хянан үзсэний үндсэн дээр Дүүргийн Засаг даргын Тамгын газраас тооцон олгодог байхаас гадна нэхэмжлэгч нь 2022 оны 1,2,3 сард ажил үүрэг гүйцэтгээгүй байх тул энэ хугацааны урамшуулал болох 1,890,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргад холбогдох, нэхэмжлэгч О.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг буюу Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай “О.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, үлдэх хэсэг буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,890,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргад холбогдох, нэхэмжлэгч О.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг буюу Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай “О.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож,

үлдэх хэсэг буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,890,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч О.Б-ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ