Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01650

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01650

 

О.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/02837 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: О.Б

Хариуцагч: Бт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны Засаг даргын Б/01 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,890,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. О.Б нь Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 3 дугаар хэсгийн ахлагчаар 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-нйи өдрийг хүртэл хөлсөөр ажиллах гэрээг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргатай байгуулан ажилласан. Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Б нь удаа дараа ажлын байрны дарамт үзүүлж байсан талаар Засаг даргын Тамгын газарт гомдол гаргаж байсан.

1.2. О.Быг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл өвчтэй байхад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хорооны зохион байгуулагч н.Отгонсүрэн гэрт авчирч өгсөн.

1.3. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т ажилтан ажлаа хангалттай гүйцэтгэж үнэлүүлээгүй бол ажлаас чөлөөлөх саналыг Хорооны Засаг дарга нь Тамгын газарт хүргүүлэх болохоос гэрээний хугацаа дуусаагүй байхад чөлөөлөх эрхгүй. Мөн гэрээний 7.2, 7.3-т хугацаа дуусгавар болохоос ажлын 15 хоногийн өмнө Засаг даргын Тамгын газраас хэсгийн ахлагчид энэ талаар мэдэгдэх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй байтал Хорооны засаг дарга 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр захирамж гаргаж гэрээг дуусгавар болгосон нь хууль бус. Хэсгийн ахлагч сар бүр 630,000 төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд хууль бус захирамжаас болоод 2022 оны 01-03 дугаар сарын цалинд 1,890,000 төгрөг нэхэмжилсэн.

1.4. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ажлаас чөлөөлөх Б/01 дугаартай Баянзүрх дүүргийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч н.Бийн захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 1,890,000 төгрөгийг түүнээс гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 дугаар хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Тэрээр ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн. Өөрт нь энэ талаар байнга сануулж байсан. Мөн гэрээний хугацааг сунгахгүй талаар хэлж байсан.

2.2. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 дугаар тогтоолоор Хэсгийн ахлагчийн ажиллах журам-г баталсан. Уг журмын 1.2-т зааснаар дэмжлэг шаардлагатай үед ажиллах үүргийг тодорхойлж өгсөн. Өөрөөр хэлбэл, ажлын тогтмол өдөр ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүрэг биш ба хэсгийн ахлагч нар нь дэмжлэг шаардлагатай үед тодорхой аль нэг өдөр ирж ажилладаг.

2.3. Хэсгийн ахлагч нарт тогтоосон горим, хөдөлмөрийн багаж хэрэгсэл байхгүй бөгөөд баталсан норм, сүлжээгээр цалин хөлс авч ажилладаггүй. Журмын 2.1-т заасан дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороонд 200-250, орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд 1 хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно гэсэн нь ажлын байранд тогтоосон горим, удирдлагаас баталсан хийж гүйцэтгэвэл зохих норм үнэлгээ биш. Тухайн хэсгийн ахлагч хүрч ажиллах тоон хязгаар юм. Хэсгийн ахлагч О.Б нь хөлсөөр ажиллах гэрээний 2.2.5, 2.2.6, 2.2.10 дахь үүргээ биелүүлээгүй.

2.4. Журмын 1.4, 2.3, 1.4-д заасны дагуу О.Быг томилсон бөгөөд чөлөөлсөн шийдвэр нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэхэд чиглэсэн захиргааны шийдвэр болж иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болсон. Мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2, 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасны дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаар тушаалаар Хэсгийн ахлагч сонгон шалгаруулах журам Хөлсөөр ажиллах гэрээ-ний загваруудыг шинэчлэн баталсан байх ба хэсгийн ахлагчаар ажиллаж байсан О.Бтай байгуулсан хөлсөөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон байна.

2.5. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд харьяалах хэсгийн ахлагч нарыг томилж үйл ажиллагааг нь удирдах талаар заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хороон Засаг дарга хэсгийн ахлагчтай гэрээ хийж ажилд томилох болсон. О.Бын гэрээний талаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дүүргийн Засаг даргын Тамгын газарт албан бичиг явуулсан, тамгын газраас 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуульд заасны дагуу Хорооны засаг дарга хэсгийн ахлагчийг томилно гэдгийг аман байдлаар мэдэгдсэн. Гэтэл энэ тушаал нь Нийслэлээс баталгаажиж ирэхгүй байсаар 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр албажиж ирсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны Засаг даргад холбогдох, нэхэмжлэгч О.Бын нэхэмжлэлийн шаардлагаас, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай Очирдоржийн Быг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин 1,890,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч О.Быг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч нь хөлсөөр ажиллах гэрээний 7.2, 7.3-т заасныг зөрчиж гэрээг үргэлжлүүлэх санал хүргүүлэх, хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх байсан байхад гэрээг дуусгавар болгосон гэсэн захирамж гарган хохироосон. Мөн ажлын дарамт үзүүлж байсан талаар сануулах арга хэмжээ авагдсан баримт байгаа. Хэрэв гэрээ сунгагдаад ажлаа хийгээд цалин хөлсөө авч байх байсан тул буруутай этгээд болох хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Б хариуцах ёстой. Иймд шүүхийн шийдвэрээр цалин хөлс олгох үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, 1,890,000 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан хариу тайлбарын агуулга:

5.1. О.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажилласан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хэсгийн ахлагчийн хөлсөөр ажиллах тухай журмаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хорооны Засаг даргад харьяалах хэсгийн ахлагчийг томилж, чөлөөлөх эрх нь ирсэн. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон.

Үүнд Засаг дарга миний бие 14 хоногийн өмнө хамт олны хуралд О.Бд хөлсөөр ажиллах гэрээг сунгаагүй гэж удаа дараа хэлсэн. Уг үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гэрээний хугацаа дууссан учир дахин ажиллуулахгүй гэж гэрээний хугацааг сунгаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Бт холбогдуулан Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны Засаг даргын Б/01 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,890,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны Засаг дарга нь мөн дүүргийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн нэхэмжлэгч О.Бтай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хөлсөөр ажиллах гэрээ-г 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулжээ. /хх.27-30/

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

5. Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар О.Бын хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон үндэслэлээр түүнийг хэсгийн ахлагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх.8/

5.1 Гэрээний 7.2-т хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссаныг гэрээ дуусгавар болох өдрөөс ажлын 15 хоногийн өмнө Дүүргийн засаг даргын Тамгын газраас хэсгийн ахлагч нарт мэдэгдэнэ гэж заасан дагуу хариуцагч нь ажлаас чөлөөлсөн мэдэгдлээ уг гэрээнд заасны дагуу мэдэгдээгүй, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн албан тоот, Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл зэрэг баримтаар тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгчийн захирамж гарган ажлаас чөлөөлөөгүй байсан бол цалин хөлсөө авч байх байсан тул буруутай этгээд болох хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Б хариуцах ёстой гэх 1,890,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл болон давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Учир нь, хэсгийн ахлагч нарт олгох урамшууллыг Хорооны Засаг даргын ирүүлсэн ажил дүгнэсэн үнэлгээг харгалзан тооцож олгохоор гэрээний 6.1-д заасан бөгөөд хэрэгт ажил дүгнэсэн үнэлгээ авагдаагүй. Мөн нэхэмжлэгч 2022 оны 1, 2, 3 дугаар сард ажил үүрэг гүйцэтгээгүй, мөн уг хугацаанд гэрээний хугацаа дуусгавар болсон, сунгагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас урамшуулал 1,890,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх хэсгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2022/02837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2022/17563 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН