| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 133/2022/00358/И |
| Дугаар | 133/ШШ2021/00438 |
| Огноо | 2022-09-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 133/ШШ2021/00438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч: МСҮТ холбогдох ”Ээлжийн болон ажлаас буруу халсан үеийн олговор гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Ээлжийн амралтын олговор 600,000 төгрөг гаргуулах,
2.2. Ажилгүй байсан хугацаа/2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл/-ны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 30,485,000 төгрөг гаргуулах
2. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Миний бие Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Гэтэл надад 2016 оны 8-12 сард ажилласан хугацаанд ногдох амралтын мөнгийг нөхөн тооцоогүй ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.
Ээлжийн амралт олгохгүйгээр ээлжийн амралтын тооцоо хийхгүйгээр ажлаас чөлөөлсөн талаар шүүх Хөдөлмөрийн яам, Сангийн яам, Авилгатай тэмцэх газар, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар, Төрийн аудит зэрэг газраар хуулийн дагуу шударгаар эрхээ хамгаалуулахаар олон жил явсан.
Санхүүгийн хяналт аудитын албаны дарга хяналт шалгалт хийгээд Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нь Б.Б намайг ажлаас чөлөөлөхдөө ээлжийн амралтын эцсийн тооцоог бүрэн гүйцэд хийгээгүй боловсролын салбарт 36 жил тасралтгүй ажилласан хөдөлмөрийг үгүйсгэж, эцэст нь хэл аманд хатаж, хохирч үлдсэндээ ялтан болсон байгаа.
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын ээлжийн амралт олгох заавар журмыг зөрчсөн байна гэж үзэж байгаа тул ээлжийн амралтын тооцооны үлдэгдэл 600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2.2. Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв” нь Б.Б намайг өндөр насны тэтгэвэрт гаргахдаа “Ээлжийн амралт олгох журам”-ыг зөрчиж, ажлаас буруу халсан.
Иймд 2017 оны 02 сараас эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс 30,485,000 төгрөгийг Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-өөс гаргуулж өгнө үү.
3. Хариуцагчийн татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах
4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн номын санчаар ажиллаж байсан Б.Б нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” Б/14 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын дагуу Б.Б нь 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 08 дугаар сарын 24-ны өдрийг хүртэлх ажлын 29 өдрөөр тооцож, ээлжийн амралтаа биеэр эдэлсэн байна.
Энэ хугацааны ээлжийн амралтын олговорт 79,1671 төгрөг бодогдож, нийгмийн даатгалын шимтгэл 79,167.1 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 64,250.39 төгрөг суутгаж, 648,253.51 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б.Б-ийн Хаан банк дахь 5315025819 тоот дансанд нь шилжүүлсэн байна. /Жич: 2016 онд ногдох амралтын олговроо бүрэн авч, өөрийн биеэр эдэлсэн/.
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын дагуу Б.Б-ийн 2017 оны ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын эцсийн тооцоо хийхэд 97,050 төгрөг бодогдож, нийгмийн даатгалын шимтгэл 9,705 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 1,735 төгрөг суутгаж, 85,611 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Б.Б-гийн Хаан банк дахь 5315025819 тоот дансанд шилжүүлсэн.
Б.Б нь 2017 оноос хойш тэтгэмж болон амралтын мөнгөний тооцооны асуудлаар Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүх, Авилгатай тэмцэх газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хяналт шалгалтын ажлын хэсэгт гэх мэт маш олон хууль хяналтын байгууллагаар шалгуулан зохих хариу, тайлбарыг тухай бүр авч байсан.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 205/МА2021/00002 дугаар магадлалаар Б.Б-ийн тэтгэмж, ээлжийн амралтын 600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Мөн Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/00283 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.
Нэхэмжлэлд дурдагдсан Санхүүгийн хяналт аудитын алба болон Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газарт тухайн үед Б.Б хувийн өргөдөл өгч шалгуулж байсан.
Холбогдох хяналт шалгалтын байгууллагад Б.Буянхишигийн амралтын мөнгөний олговортой холбоотой санхүүгийн баримт материалыг тухай бүрд нь гарган өгч байсан.
Уг шалгалт хийсэн байгууллагаас тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Б.Б-ийн амралтын олговрыг буруу зөрүү, дутуу олгосон байна гэж акт, албан шаардлага ирүүлээгүй.
Б.Б нь хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул тухайн үеийн хэрэгжиж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөх тушаал гарч, холбогдох тооцоог хийж дуусгасан учир тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон Б.Б нарын хоорондох хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон.
Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон учраас нэмэгдүүлсэн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин 30,485,000 төгрөгийг тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гаргах үндэслэлгүй гэж үзэж байна.
5. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5/865 дугаар албан бичиг
- Сангийн яамны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12-1/7775 дугаар албан бичиг
- Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 254 дүгээр албан бичиг
- Хаан банкны 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга
- Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр хяналт, шалгалтын танилцуулга
- Сангийн яамны улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 21-01/03/11 дүгээр албан шаардлага
6. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаар “Б.Буянхишигийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал
- Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/14 дүгээр “Ээлжийн амралт олгох тухай” тушаал
- Төлбөрийн хүсэлт, Б.Б-ийн ээлжийн амралтын эцсийн тооцоо
- Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б162 дугаар “Албан шаардлагын хариу хүргүүлэх тухай” албан бичиг
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 151 дүгээр шийдвэр
- Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар магадлал
- Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 133/ШШ2020/00651 дүгээр шийдвэр
- Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 205/МА2011/00002 дугаар магадлал
- Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2022/00283 дугаар тогтоол
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-д холбогдуулан “Ээлжийн амралтын тооцоо хийлгүйгээр ажлаас чөлөөлсөн” гэх үндэслэлээр ээлжийн амралтын олговор 600,000 төгрөг гаргуулах, “Ээлжийн амралт олгох журмыг зөрчиж, ажлаас буруу халсан” гэх үндэслэлээр “2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 30,485,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв” нь “Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б-ийн ээлжийн амралтын олговор 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон учир ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох үүрэггүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.
Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заажээ.
"Энэхүү үндэслэл нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тусгажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс “Ээлжийн амралтын олговор 600,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй байна.
Учир нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 133/ШШ2020/00651 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-өөс “Ээлжийн амралтын олговор гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 205/МА2011/00002 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 133/ШШ2020/00651 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ээлжийн амралтын олговор 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч Б.Б-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2022/00283 дугаар тогтоолоор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 205/МА2011/00002 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б-ийн хяналтын гомдлыг хангахгүй орхижээ.
Дээрх шийдвэр, магадлал, тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3 дахь хэсэгт “давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад тогтоол гаргасан” үндэслэлээр хүчин төгөлдөр болжээ.
Үүнээс үзэхэд хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс “Ээлжийн амралтын олговор 600,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар талаарх дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол тус тус хуулийн хүчин төгөлдөр байна.
“Зохигч ба хэргийн бусад оролцогч ... нь шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заажээ.
Гурав. Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна”,
9.1.4 дэх хэсэгт “яам, агентлагийн харьяа буюу дэргэд ажилладаг, улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах ба гүйцэтгэх албан тушаал” гэжээ.
Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төрийн үйлчилгээний албан хаагч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн ажилладаг бөгөөд түүний хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулагддаг.
Нэхэмжлэгч Б.Б нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хариуцагч Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-д номын санчаар ажиллаж байсан талаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргасан бөгөөд зохигчийн уг тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу нотолгооны хэрэгсэл болно.
Үүнээс үзэхэд зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогч нар харилцан маргасангүй.
Дөрөв. Нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-өөс ажлаас буруу халсан үеийн олговор гаргуулах тухай гомдол нь Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байна.
Ажлаас буруу халсан үеийн олговор нь ажлаас үндэслэлгүй халагдсны улмаас өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр ажил олгогчоос гаргуулан олгогдох мөнгөн хөрөнгө юм.
Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн” үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б-ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, номын санчийн ажлаас чөлөөлжээ.
Гэтэл нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-д холбогдох ажлаас буруу халсан үеийн олговор гаргуулах тухай гомдол/нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага хэлбэрээр/-оо 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд гаргасан нь хуулийн дээрх заалтад дурдсан гурван сарын хугацааг хэтрүүлжээ.
Тав. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэжээ.
Ажлаас буруу халсан тухай гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар зохигч маргаж буй энэ тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг юм. Учир нь ажлаас буруу халсан тухай гомдол гаргах нь ажил олгогчоос үл хамаарах ажилтны эрх юм.
Энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч Б.Б нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар гомдол гаргах хугацаа сэргээлгэхээр шүүхэд хүсэлт/санаачилга/ гаргаагүйн дээр хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хугацаа сэргээн тогтоох үндэслэл болсон “хүндэтгэн үзэх шалтгаан” хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Зургаа. Шүүх нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн учир ажлаас буруу халсан буруу халсан үеийн олговор гаргуулах эрх зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж, уг хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-өөс “2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 30,485,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Шүүхээс хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлээгүй учраас хэргийн оролцогчоос цуглуулж, иргэний хэрэгт гарган өгсөн маргааны үйл баримт, зохигчийн гэм бурууд холбогдох зарим бичмэл нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Долоо. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 сарын 02 өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн.
Уг хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн хооронд хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан үүсчээ.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэжээ. Хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн харилцаанд өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ.
Иймд зохигч хоорондох хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг тухайн үед хүчин хүчин төгөлдөр мөрдөж байсан 1999 оны 5 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан хянан шийдвэрлэсэн болно.
Найм. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-д холбогдуулан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 117, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б-ийн нэхэмжлэлтэй Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-д холбогдох “Ээлжийн амралтын олговор 600,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн хариуцагч Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-өөс “2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 30,485,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Говь-Алтай аймаг дахь “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-д холбогдуулан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ