Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 148/ШШ2018/00183

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Видү ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Эрдэнэжаргалд холбогдох Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, орон сууцаа буцаан авах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Видү ХХК-ний төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1961 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн механикч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Орхон 6 дугаар баг,7дугаар байр, 13 тоотод оршин суух, Видү ХХК-ийн захирал ажилтай,

******* овгийн Цэнд-Аюушийн *******

регистрийн дугаар МЮ- 61062870

 

Хариуцагч М.Эрдэнэжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотод 1986 онд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5Б байр 50 тоотод оршин суух, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг

******* овгийн *******ийн Бат-Эрдэнэ

регистрийн дугаар ЦВ- 86091115

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 1968 онд төрсөн, тусгай дунд боловсролтой, галт тэрэгний зохицуулагч мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 12-3 тоотод оршин суух, Таванхан-Уул ХХК-ийн захирал ажилтай

******* овгийн Цэнд-Аюушийн *******

регистрийн дугаар МЬ-68070516

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.*******

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Видү ХХК-ийн захирал Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Иргэн М.Эрдэнэжаргал нь манай Видү ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 14/12 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ хийж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам 7 дугаар багт байрлах Хөгжил хотхоны 6 дугаар байрны 10 тоот 49.35 м.кв, 2 өрөө орон сууцыг 75.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу манай компани М.Эрдэнэжаргалд тус орон сууцыг шилжүүлэн өгсөн болно. М.Эрдэнэжаргал нь орон сууцыг шилжүүлэн авч байрны гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргуулснаас хойш 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Голомт банкны Ипотекийн зээлээр 37.500.000 төгрөгийг манай компанид төлсөн. Гэтэл үүнээс хойш одоог хүртэл 2 жил гаруй хугацаанд үлдэгдэл мөнгө 37.500.000 төгрөгийг огт төлөхгүй манай компанид хохирол учруулж байна. М.Эрдэнэжаргалд төлбөрөө төлж, тооцоо хийх талаар мэдэгдэх гэж гар утас руу нь олон удаа залгасан боловч утсаа авахгүй байгаа болно. Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Б тал нь төлбөрөө хуваарийн дагуух хугацаанаас хойш 30 хоногийн дотор төлөх үүрэгтэй ба энэ хугацааны дотор алданги тооцно. Энэ хугацаанаас хоцроосон бол А тал нь гэрээг цуцлах эрхтэй гэж заасан байдаг. Иймд манай компани М.Эрдэнэжаргалтай байгуулсан тус гэрээг цуцалж, М.Эрдэнэжаргалаас орон сууцаа буцаан авах нэхэмжлэл гаргаж байна. Манай компани нь гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу М.Эрдэнэжаргалаас 2 жил гаруй хугацааны алдангийг нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлээгүй болно. Иймд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам 7 дугаар багт байрлах Хөгжил хотхоны 6 дугаар байрны 10 тоот 49.35 м.кв, 2 өрөө орон сууцыг М.Эрдэнэжаргалын өмчлөлөөс гаргуулж, манай компанийн өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү!...гэжээ.

 

Хариуцагч М.Эрдэнэжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд Видү ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Эрдэнэжаргалд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч М.Эрдэнэжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ миний бие 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч М.Эрдэнэжаргал нь Видү ХХК, түүнийг төлөөлж менежер н.Гэрэлтуяа, Ц.******* нартай 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 14/12 тоот Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байгуулсан. Тухайн үед М.Эрдэнэжаргал миний бие Таванхан Уул ХХК-д барилгын ерөнхий инженерээр ажиллаж байх хугацаандаа 2014 оны 06 дугаар сард Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж ажилладаг байсан бөгөөд хөдөлмөрийн хөлсөө Видү ХХК болон Таванхан Уул ХХК-иудаас авч байсан. Тус орон сууцны барилгыг Видү ХХК нь захиалан бариулж Таванхан Уул ХХК нь гүйцэтгэж барьж байсан. Ажил гүйцэтгэх гэрээнд талуудын тохиролцсон хугацаа болох 2015 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөх хугацаандаа орон сууцны барилгыг хүлээлгэж өгсөн тохиолдолд 25.000.000 төгрөгийн урамшууллыг хариуцагч М.Эрдэнэжаргал авах нөхцлийг тодорхой заасан байдаг. 2015 оны 1 дүгээр улиралд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам , 7 дугаар багт байрлах Хөгжил хотхон нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хугацаандаа ашиглалтанд орсон юм. Хөгжил хотхоноос 75.000.000 төгрөгийн үнэлгээтэй 2 өрөө байрыг Видү ХХК-иас худалдан авахаар тохиролцож улмаар талуудтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-нд заасан 25.000.000 төгрөгийн хөнгөлөлт, үйл ажиллагааны цалин хөлс 12.500.000 төгрөгийг орон сууцны төлбөрийн урьдчилгаа болон нийт төлбөрөөс хасуулж үлдэгдэл төлбөрийг Голомт банкнаас 37.500.000 төгрөгийн ипотекийн зээл авч төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Үүнийг нэхэмжлэгч Видү ХХК нь хүлээн зөвшөөрч төлбөртэй холбогдох тодорхойлолт, баримтуудыг тухайн үед Голомт банканд гаргаж өгсөн байдаг. Үүгээрээ нэхэмжлэгч нь орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн мөн Ажил гүйцэтгэх гэрээ-нд заасан 25.000.000 төгрөгийн хөнгөлөлтийг гэрээний дагуу хариуцагчид олгосон болохоор бүрэн нотолсон. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл 25.000.000 төгрөгийн урамшуулал, хөнгөлөлт эдлүүлэх үүргээ нэхэмжлэгч нь Иргэний хуульд заасны дагуу хүлээн зөвшөөрсөн. Харин өнөөдрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гэрээгээр хүлээсэн үүргээ талууд харилцан биелүүлсэн атлаа өөрийн гэрээний үүргээс дангаар татгалзаж байгаа нь нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжихөөр хууль бусаар санаархаж иргэн миний хууль ёсны өмчлөх эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж байна. Талууд гэрээний үүргээ нэгэнт биелүүлж гэрээ хуулийн дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь надтай байгуулсан гэрээгээ цуцлах боломжгүй юм. Хэрвээ нэхэмжлэгч нь хөнгөлөлт үзүүлсэн мөнгөө орон сууцны төлбөрөөс хасч тооцохгүй нөхцөлд хариуцагчийн зүгээс Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийг хангуулж, 25.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээр гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж эрхээ хамгаалах болно. Ийм учир миний бие 2 өрөө байрны үнийг бүрэн төлж барагдуулсан, бидний хооронд ямар нэг төлбөр тооцоо байхгүй, орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ дуусгавар болсон учир нэхэмжлэгч Видү ХХК, түүний захирлын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү!...гэжээ.

Нэхэмжлэгч Видү ХХК-ийн захирал Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу М.Эрдэнэжаргалд 49.35 метр квадрат байрыг ипотекийн зээлээр өгсөн. Бусад хүмүүстэй байгуулдаг гэрээний нөхцөлтэй ижил нөхцлөөр гэрээ байгуулсан. М.Эрдэнэжаргалд илүү, давуу эрх эдлүүлэх талаар тохирч хэлэлцэж, гэрээ хийсэн зүйл байхгүй. Ипотекийн зээлийн дагуу урьдчилгаа 30 хувийг төлдөг. М.Эрдэнэжаргалд уг мөнгийг төлөх боломж тухайн үед байгаагүй. Энэ талаараа бидэнд хэлж байсан. Ипотекийн зээлд хамрагдахын тулд холбогдох бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж өгсөн зүйл байдаг. Үүнийг нотлох баримтаар гаргаж өгч болно. Ордер гаргахын тулд орлогод авсан гэдэг баримт өгсөн нь М.Эрдэнэжаргалын хүсэлт, гуйлтаар хийсэн. М.Эрдэнэжаргалтай учир зүйгээ олъё гэж бодсон боловч өдийг хүрсэн. Иймд нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч Видү ХХК-ний захирал Ц.*******ын өмгөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

2014 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14712 тоот Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ-ний 2.1-т зааснаар орон сууцны нийт үнэ 75.000.000 төгрөг. Хүлээлгэн өгөх хугацаа нь 2015 оны 1 дүгээр улирал. Иймд М.Эрдэнэжаргал нь 2015 оны 01 дүгээр улиралд 75.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх ёстой. Уг гэрээний 11.2-т зааснаар ..Б тал төлбөрөө хувиарын дагуу хугацаанаас хойш.. гэхээр 1 дүгээр улиралд төлснөөс хойш, хүлээлгэж өгөхөд М.Эрдэнэжаргал нь 2015 оны 03 дугаар сард байрандаа орсон. 2015 оны 04 дүгээр сараас байрны мөнгийг төлж дууссан байх ёстой байсан. Гэтэл өдийг хүртэл байрны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Голомт банк ХХК-аас 37.000.000 төгрөг орж ирсэн баримт хэрэг авагдсан. Үлдэгдэл 37.500.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, 2 жил гаруй хугацаанд хохироож байна. Таванхан Уул ХХК нь М.Эрдэнэжаргалтай хамтарч ажиллая, тогтвор суурьшилтай ажиллана гэж бодож байрыг худалдсан. Гэтэл 2015 оны 08 дугаар сарын 20-ны үеэр байраа өөр хүнд түрээслээд, ажлаа хаяад алга болсон учир 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халах тушаал гаргасан. Монгол улсын Иргэний хуулийн 205, 225.1, 226.1.1 дэх заалтаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу худалдан авагч нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул өгсөн авсан зүйлээ буцааж өгөх хэрэгтэй. Хариуцагч талаас манайх мөнгөө төлсөн, үүнийг Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ээр нотолно гэж байгаа. Гэхдээ 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25.000.000 төгрөг тушаасан мэтээр гаргасан орлогын баримт, уг барилгын ажил гүйцэтгэх гэрээний хамт 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Голомт банк ХХК-аас зээл авахдаа эдгээр баримтыг Видү ХХК-аас гуйж хийлгэсэн. Ипотекийн зээлд хамруулахын тулд уг гэрээнд гарын үсэг зурсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-т зааснаар ...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримт гэж үзэж байна. Үүнийг 2014 оны 06 дугаар сарын 01-ний 34 тоот 8 хуудас Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ээр үгүйсгэнэ. Энэ гэрээ Барилгын ажил гүйцэтгэх гэрээтэй нэг өдөр хийгдсэн. Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 1.7-т зааснаар 2014 оны 06 дугаар сарын 07-оос барилгын ажил эхэлнэ. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болгож ашиглалтад өгнө гэсэн. Гэтэл М.Эрдэнэжаргалын Голомт банк ХХК-аас гаргаж өгсөн гэрээ нь 2014 оны 06 дугаар сараас 1 жилийн хугацаатай буюу 2015 оны 06 дугаар сарын 01 хүртэл гэж байгаа. Уг хоёр гэрээний хугацаа 6 сараар зөрж байна. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 15.3-т ..талууд эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажсанаар хүчин төгөлдөр болно. Голомт банк ХХК-аас гаргаж өгсөн гэрээнд Таванхан Уул ХХК-ийг төлөөлж М.Эрдэнэжаргал нь гарын үсэг зурсан. Энэ нь Иргэний хуулийн 62, 63, 64 дүгээр зүйлд зааснаар хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд мөн үү. Хэрвээ итгэмжлэл олгогдсон бол 64.2-т заасан шаардлагыг хангасан тохиолдолд хүчин төгөлдөр болно. Уг гэрээг Таванхан Уул ХХК-ийн захирал батлаагүй. Уг гэрээнд Таванхан Уул ХХК-ийн хаяг, тамга тэмдэг байхгүй. М.Эрдэнэжаргал нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 5-р хороо, Баянголын 37-12 тоотод оршин суугч гэсэн өөрийн гэрийн хаягийг бичсэн байдаг. Иймд энэ гэрээ хуульд заасан шаардлага хангаагүй, хуулиар төлөөлөх эрхгүй этгээд гэрээг хийсэн. Мөн энэ гэрээ нь Иргэний хуулийн 243-т заасан Худалдах худалдан авах гэрээ, 343-т заасан Ажил гүйцэтгэх гэрээ аль нь болох нь тодорхойгүй. Худалдах худалдан авах гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн нөхцлийг хольсон. Гэрээний нийтлэг заалт хэсэгт гүйцэтгэгч нь батлагдсан зураг төслийг Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 7-р багын нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний 10 давхар 54 айлын орон сууц барилгыг хугацаанд нь гүйцэтгэж захиалагчид шилжүүлнэ гэсэн нь Барилгын ажил гүйцэтгэх гэрээ мэт. Гэрээний 3.1-т ажлын хөлс ..худалдан авч байгаа 49.35 метр квадрат, 2 өрөөтэй, 75.000.000 төгрөгийн үнэтэй байр, уг төлбөрөөс 25.000.000 төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлхээр тохиролцов гэсэн нь Худалдах худалдан авах гэрээ мэт. Иймд уг гэрээ хуульд нийцээгүй, хууль зөрчсөн. Эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй хүчин төгөлдөр бус гэрээ юм. Улсын комисс хүлээж авсан 8 хуудас гэрээнээс өөр гэрээ. М.Эрдэнэжаргал нь компьютероос татаж, хэдэн үг үсэг нэмж боловсруулсан гэрээ. Ипотекийн зээлд хамрагдах гэж байгаа тул туслаач гэдэг хүсэлтийн дагуу Видү ХХК-ийн захирал 25.000.000 төгрөгийн баримт дээр гарын үсгээ зурсан. Видү ХХК-ийн санхүүгийн тайланд ..2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цалингаас нь суутгав гэж банкид хийж өгөв, М.Эрдэнэжаргалаас байрны урьдчилгаа төлбөрт 25.000.000 төгрөг тушаасан, зээл гаргахад урьдчилгаа байдлаар бичиж өглөө гэх баримт үлдсэн. Өөрөөр хэлбэл 25.000.000 төгрөг орлогод орсон мэтээр баримт үйлдсэн. Гэтэл хариуцагч талын хүсэлтээр Голомт банк ХХК-иас 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12.500.000 төгрөгийг тушаасан гэх баримт байгаа. Энэ хоёр баримт 1 өдөр мөн ипотекийн зээлд хамрагдахын тулд үйлдэгдсэн баримт юм. Видү ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын орлогын тайланд 01 дүгээр сарын 14-ний өдөр 12.500.000 төгрөгийн орлого орж ирээгүй. Иймд 12.500.000 төгрөгийн баримт хуурамч. Хариуцагч нь Видү ХХК-д ажиллаж байхдаа 2014 оны 06 дугаар сараас 12 сар хүртэл 6 сарын цалингаа урьдчилж аваад 12.500.000 төгрөг төлсөн гэдэг боловч Сэлэнгэ аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 553 тоот шийдвэрээр цалингаа урьдчилж авч, цалингаас суутгуулсан зүйл байхгүй гэдэг нь тогтоогдсон. 25.000.000 төгрөгийн хөнгөлөлт эдлээд дээр нь 25.000.000 төгрөг орлогод тушаагаад, 12.500.000 төгрөг, нийт 62.500.000 төгрөг тушаасан юм бол 75.000.000 төгрөг дээр 37.500.000 төгрөгийг нэмж тушаах шаардлага байхгүй. Би мөнгөө төлсөн, өр авлага байхгүй, хөрөнгө оруулалтын гэрээгээр тохирсон 75.000.000 төгрөгийг 70.000.000 болгоод төлсөн юм гэх тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ. Гэрээний чөлөөт байдлын зарчим болох Иргэний хуулийн 189-т зааснаар Худалдах худалдан авах гэрээ хийж 75.000.000 төгрөгөөр тохирсон. Хэрвээ М.Эрдэнэжаргалд хөнгөлөлт үзүүлэх бол 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах ёстой. Барилга барьж эхлээгүй байж 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байр өгч хөнгөлөлт үзүүлнэ гэх Голомт банк ХХК-аас татаж хэрэгт авагдсан гэрээнд тусгагдсан. 2014 оны 06 дугаар сарын 07-ноос барилгын ажил эхлээд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна гэсэн боловч 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс баригдаад 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэж өгсөн нь Улсын комиссийн актаар тогтоогдсон тул хугацаанд нь хүлээлгэж өгөх үүргээ ч биелүүлээгүй. 2014 оны 10 дугаар сард гэрээ хийсэн. Барилга барьж эхлээгүй байж 2014 оны 06 дугаар сарын 01-нд Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ гэх 2 гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү! гэжээ.

 

Хариуцагч М.Эрдэнэжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... М.Эрдэнэжаргал нь Видү ХХК-ийн захирал Ц.*******той 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г Сэлэнгэ аймаг, Сүхбаатар суманд байгуулсан. Тухайн үед Таванхан Уул ХХК-д ерөнхий инженерээр ажиллаж байх хугацаандаа 2014 оны 06 дугаар сард Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилладаг байсан бөгөөд хөдөлмөрийн хөлсөө Видү ХХК болон Таванхан Уул ХХК-аас авч байсан. Захиалагч Видү ХХК, гүйцэтгэгч Таванхан Уул ХХК-ийн баригдсан барилгаас 75.000.000 төгрөгийн үнэтэй 49.35 метр квадрат 2 өрөө байрыг Ажил гүйцэтгэх гэрээ-нд заасны дагуу 25.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй, үйл ажиллагааны хөлс 12.500.000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа болгон нийт төлбөрөөс хасуулж үлдэгдэл төлбөрийг Голомт банк ХХК-аас ипотекийн зээл авч төлбөрөө бүрэн барагдуулсан. Үүнийг Видү ХХК хүлээн зөвшөөрч төлбөртэй холбоотой тодорхойлолт, баримтыг тухайн үед Голомт банк ХХК-д гаргаж өгсөн нь орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн, Ажил гүйцэтгэх гэрээ-нд заасны дагуу 25.000.000 төгрөгийн хөнгөлөлтийг хариуцагчид олгосон болохыг нотолж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэний өмгөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч хуурамч нотлох баримт гаргаж өгөөд байсан юм гэж удаа дараа хэллээ. Үнэхээр 37.000.000 төгрөгийн хуурамч нотлох баримтыг Голомт банк ХХК-д гаргаж өгсөн бол Эрүүгийн хуулийн 17.3 эсвэл 23.2-т заасан нөхцөл байдал үүснэ. Өөрөөр хэлбэл Голомт банк ХХК-ийн эрх ашиг хөндөгдсөн, Голомт банк ХХК-ийг нийлж залилсан мэт зүйл яригдаж байна. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг хөндөгдөж байгаа учраас энэ харьяаллын хэрэг мөн үү, биш үү гэдгийг анхаарах хэрэгтэй. Эрүүгийн хуульд заасан хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн юм биш биз. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар үүнийг тодруулах хэрэгтэй. Нэхэмжлэгч талын тайлбартай холбогдуулан Сэлэнгэ аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 553 тоот шийдвэрээр цалингаа урьдчилж авч, цалингаас суутгуулсан зүйл байхгүй гэж ярьж байгаа ч энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт ..Хөдөлмөрийн хуулийн 129.1, 129.2-т заасан буюу шүүх хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргах хугацаанд өргөдлөө өгөөгүй учраас хэлэлцэхгүй гэсэн байдаг. Өөрөө хэлбэл хөдөлмөрийн харилцаатай холбогдуулан цалинг өгсөн байна, өгөөгүй байна, ажил олгогчийн зөв байна гэдгийг шийдвэрлээгүй. Өнөөдрийн маргаж байгаа асуудал нь Таванхан Уул ХХК, Видү ХХК-ийн хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээний улмаас М.Эрдэнэжаргал хохирсон талаарх асуудал юм. Уг ажил гүйцэтгэх гэрээгээр М.Эрдэнэжаргалын тусгай мэдлэгийг Хөдөлмөрийн хуульд заасан контрактын нөхцлөөр Таванхан Уул ХХК зохицож авсан. Энэ тал дээр хэн ч маргахгүй. Ямар ч компанид ерөнхий инженер 600.000 төгрөгөөр цалинжаад бүхэл бүтэн барилгыг хүлээлгэж өгнө гэж байх уу. Нийгмийн даатгалаас бултах зүйл аль ч компанид байдаг асуудал, энэ агуулгаар уг гэрээ хийгдсэн. Тухайн үед Таванхан Уул ХХК нь гүйцэтгэгчийн хувьд Видү ХХК-аас орж ирэх зардлаар ажилчдаа цалинжуулж байсан байх. Барилгын ерөнхий инженер, мэдлэгийг тань тодорхой хугацаагаар худалдаж авъя, харин танд 25.000.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэдэг ч юм уу. М.Эрдэнэжаргалд олгож байгаа эдгээр боломж нь Хөдөлмөрийн хуульд заасан контрактын нөхцлийг харуулж байна. Таванхан Уул ХХК нь цалин өгөөгүй, Видү ХХК нь манай компаниас цалин аваагүй ч гэж маргаагүй. Хэдий хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй боловч Видү ХХК-аас цалин авч байсан, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн. Харин ч Видү ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж хүний хөдөлмөрийг ашигласан. Таванхан Уул ХХК, Видү ХХК М.Эрдэнэжаргалын ур чадварыг ашиглаж 25.000.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх талаар хоорондоо ярьсан юм байна. Уг ажил гүйцэтгэх гэрээ захирлын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй гэж байгаа боловч талууд харилцан хүлээн зөвшөөрөөд Голомт банк ХХК-д бичиг гаргаж өгсөн. 2015 онд Таванхан Уул ХХК-ийн захирал ..уг гэрээнд би гарын үсгээ зураагүй, хүчин төгөлдөр бус.. гэж нэг ч удаа тайлбар гаргаагүй. Энэ талаар хэн ч маргаагүй. Иргэний хуульд зааснаар төлөөлөхийг өөрөө зөвшөөрсөн. М.Эрдэнэжаргалд хөнгөлөлт үзүүлэх, Голомт банк ХХК-аас зээл авах, байр худалдаж авах нөхцлийг нь бүрдүүлж өгсөн. 12.500.000 төгрөг цалин биш юм бол цалинг нь яаж өгсөн юм бэ. Суутгуулж буй 12.500.000 төгрөг нь талуудын хоорондын тохиролцоогоор М.Эрдэнэжаргалд олгоогүй, М.Эрдэнэжаргал ч биет байдлаар аваагүй. Гэхдээ хөдөлмөрийн харилцаа явагдаж байгаа учраас энэ мөнгийг авсан гэдгээр санхүүгийн баримтаар тооцуулаад, суутгах үйл явц болсон. 12.500.000 төгрөг, 25.000.000 төгрөгтэй холбогдож байгаа нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Гэрээний огноо зөрүүтэй, барилга барихаас өмнө 25.000.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх талаар гэрээ байгуулсан нь үндэслэлгүй байна гэж нэхэмжлэгч тал ярьсан. М.Эрдэнэжаргал зөвхөн орон сууц захиалж байгаа худалдан авагч биш. Видү ХХК-ийн захиалгаар Таванхан Уул ХХК-ийн гүйцэтгэж байгаа барилгын ерөнхий инженер буюу өөрийн тусгай мэдлэгээ худалдсан. Иймд цалин хөлс, урамшууллыг тухайлан урьдчилан тохирсон. 2015 оны 07 дугаар сараас 09 дүгээр сарыг хүртэл ажлаа хаяад явсан учир 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халах тушаал гарсан нь гэрээг цуцлах шалтгаан болсон. Гэрээний огноо зөрсөн, урьдчилж төлсөн 25.000.000 төгрөгийн талаар яриад байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжгүй болгож байна. Таванхан Уул ХХК, Видү ХХК-ийн хооронд байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа юм уу. Хэрвээ хүчин төгөлдөр бус гэж тооцохгүй бол 25.000.000 төгрөгийн асуудал эргэлзээтэй. Нэхэмжлэлийн шаардлага 37.000.000 төгрөгийг авна гэж байгаа бол хариуцагч тал, талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр байна гэж үзэж байна. Уг гэрээнд Таванхан Уул ХХК-ийг төлөөлж М.Эрдэнэжаргал гарын үсэг зурсан бол Видү ХХК-ийг төлөөлж менежер гарын үсэг зурсан байдаг. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанд хэн аль нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэж яриагүй учраас гэрээ хүчин төгөлдөр гэж ойлгоно. М.Эрдэнэжаргалыг барилгаа барихгүй явсан гэж ярьж буй боловч барилга барих үүргийг Таванхан Уул ХХК хүлээж байсан. Барилга дээр ажиллаж байсан хүмүүсийн хөдөлмөрийн харилцааг яаж зохицуулж байсан нь тогтоогдохгүй байна. Цалингийн баримт дээр цалинг хүлээж авсан гэж гарын үсэг зурах нь М.Эрдэнэжаргалын үүрэг. Гэхдээ цалинг биет байдлаар авсан уу, эсвэл өөрийн худалдан авч буй зүйлээ тооцуулаад цалин авсан гэж байгууллагын данс тооцооноос хасах үйл явц явагдсан уу. Биет байдлаар өгсөн нь байгууллагын санхүүгийн тайлангаас харагдана. 12.500.000 төгрөг орлого болж орж ирээгүй юм бол М.Эрдэнэжаргал уг мөнгийг данснаасаа гаргаж өгсөн, үүнийг татварт тооцуулсан, хасагдсан, нийгмийн даатгал төлсөн гэх баримтуудаар давхар нотлогдох ёстой. Гэтэл тийм баримт алга. Таванхан Уул ХХК, Видү ХХК-ийн хооронд байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр учраас гэрээнд тусгагдсан 25.000.000 төгрөгийн хөнгөлөлт хүчин төгөлдөр. Нэхэмжлэгч талаас 25.000.000 төгрөг өгсөн гэх баримтыг ч гаргаж өгсөн. Энэ баримтыг нь үндэслээд Голомт банк ХХК зээл олгосон. Тухайн үед Монгол улсын Засгийн газрын орон сууцны 8%-ийн ипотекийн зээлийн нөхцөлийн дагуу урьдчилгаа төлбөрийг худалдан авагч талын данс юм уу, тэр мөнгийг хүлээж авсан гэдэг мэдээллийг үндэслэж дараагийн шатны зээлийг олгодог. Энэ зөвхөн банкны харилцаа биш. Засгийн газар, Монгол банк, Голомт банк гэсэн гурвалсан харилцаа, тусгай зохицуулалттай харилцаа байсан. 12.500.000, 25.000.000 төгрөгийн баримт дахь тамга тэмдэг хуурамч биш. Иргэний эрх зүйн харилцаанд эрх эдэлж, үүрэг хүлээх чадвартай этгээд өөрийн үйлдлийн үр дагаварыг өөрөө хариуцах үүрэгтэй. 4 жилийн өмнө хуурамч баримт үйлдсэн юм бол анх яагаад Голомт банк ХХК-д мэдэгдээгүй, нуун дарагдуулсан юм бэ. М.Эрдэнэжаргал нь хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэж өгсөн юм бэ, тухайн барилга дээр ажиллаж байсан хүмүүс хэдэн төгрөгийн цалин авч байсан юм бэ, хичнээн төгрөгийн нийгмийн даатгал төлж байсан юм бэ. Цалингийн тодорхойлолтод 2.500.000 төгрөгийн цалин авч байсан гэж бичигдсэн. Тэгвэл яагаад 1.900.000 төгрөгөөс бултаад байгаа юм бэ. 1.900.000 төгрөгийн цалингийн нийгмийн даатгал төлөөгүй байгаа нь М.Эрдэнэжаргалын эрх зүйн байдлыг дордуулж байна. Иргэний хуулийн 40.1-т ..хэлцлийн хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. 2015 онд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, хэн ч татгалзаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ, хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр. Иргэний хуулийн 41.1-т хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээнд Таванхан Уул ХХК барилга барина, Видү ХХК захиална, М.Эрдэнэжаргал ерөнхий инженерээр ажиллана, 2015 оны 02 дугаар улиралд хугацаандаа ажлаа хүлээлгэж өгөх юм бол 25.000.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэдэг. Энэ үүргээ 2 компани биелүүлсэн. Харин одоо биелүүлсэн үүргээсээ татгалзаж байна гэж ойлгогдохоор байна. Тэгэхээр энэ хүсэл зоригийн илэрхийлэл юу нь өөр байсан юм бэ. Иргэний хуулийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Талууд гарын үсгээ зурсан учир мөнгө төлөгдсөн. Тэр мөнгийг биет хэлбэрээр авсан эсэх нь дараагийн асуудал. Видү ХХК-ийн тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй 12.500.000 төгрөгийг цалингаас нь суутгав гэх баримт нь Иргэний хуульд 42.2-т зааснаар хүчин төгөлдөр. Мөнгө төлөгдсөн гэх үндэстэй. Мөн Иргэний хуулийн 42.7-т Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ. Уг баримт дээр хэн ч хүчин төгөлдөр бус гэж маргаагүй учир 37.500.000 төгрөг төлөгдсөн гэж үзнэ. Хэрвээ 12.500.000 төгрөг цалин биш юм бол, төлөгдөөгүй юм бол шинээр илэрсэн нөхцөл байдал үүснэ. Иргэний хуулийн 196.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно. 4 жилийн өмнө тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр М.Эрдэнэжаргал нь 2015 оны 02 дугаар улиралд барилгын ажлыг хүлээлгэж өгөх үүргийг хүлээсэн. Улсын комиссийн актаар 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээж авсан. Иргэний хуульд заасан хугацаа тоолох зарчмаар улирлыг сараар тоолно. 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр 2 дугаар улирал дуусна. Иймд хугацаанаас өмнө хүлээлгэж өгсөн, үүнийг нь баталгаажуулаад Видү ХХК хөнгөлөлт болох 25.000.000 төгрөгийг банкинд баримт болгож өгсөн. Иргэний хуулийн 208.1-т зааснаар үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн. Барилгыг барьж дуусах ерөнхий хугацааг гүйцэтгэгч, захиалагчтай хоорондоо тохирсон байж болно. Үүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг М.Эрдэнэжаргал хүлээхгүй. Барилгын ажил, гэрээ байгуулсан өдөр эсвэл дараа нь эхэлсэн талаар тодорхой зүйл байхгүй учир хоёр хуулийн этгээдийн хооронд үүссэн харилцаатай холбогдуулан М.Эрдэнэжаргалыг үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх нь буруу. Хэрвээ гаргаж өгсөн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн нь үнэн гэдгээ нотлох юм бол Голомт банк ХХК-ийн эрх ашиг хөндөгдөнө. Хуурамч баримт гэдгийг нотлохоор, цагдаагийн байгууллагаар шалгуулахад манай тал татгалзах зүйлгүй. 25.000.000, 12.500.000 төгрөг орлогоор орж ирээгүй гэж байгаа боловч ажил үүргийн хувьд төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Таван хан ХХК-ний захирал Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... 25.000.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэх гэрээнд манай тамга тэмдэг байхгүй. 2 компанийн хооронд бартерийн гэрээ байгаа. Төлбөрийн тал дээр дутуу зүйл байвал энэ гэрээний дагуу бартерлаж болно. М.Эрдэнэжаргал тухайн үедээ гарын үсэг зураад 600.000 төгрөгийн цалингаа авдаг байсан. Видү ХХК-аас авч байсан 1.900.000 төгрөг бол урамшуулал гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

... Хариуцагч талаас Таванхан Уул ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан. Ямар үндэслэлээр гаргаж буй нь тодорхойгүй байсан боловч шүүх хүсэлтийг нь хангасан. Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр тайлбар гаргаж байна. Барилгын ажил гүйцэтгэх гэрээ хавтаст хэргийн 34 дүгээр хуудаст байгаа. Харин хариуцагч тал тайлбартаа Ажил гүйцэтгэх гэрээ гэж дурдсан. Гэтэл энэ хавтаст хэрэгт Ажил гүйцэтгэх гэрээ байхгүй. Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр нэг талаас захиалагч Видү ХХК, нөгөө талаас гүйцэтгэгч Таванхан Уул ХХК. Захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдсан гэрээ. Гүйцэтгэгч талыг төлөөлж М.Эрдэнэжаргал гарын үсэг зурсан. Таванхан Уул ХХК-аас Голомт банк ХХК-д М.Эрдэнэжаргал нь 12.500.000 төгрөг цалингаас суутгуулсан болохыг тодорхойлов гэсэн бичиг хавтаст хэрэгт байна. Үүнийг хариуцагч талаас эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг байж болзошгүй гэж байгаа боловч энэ нь нийгэмд аюултай үйлдэл биш. Энэ нь М.Эрдэнэжаргалд ашигтай бичиг. Байртай болохын тулд урьдчилгаа өгсөн гэдэг баримтыг, тухайн хүний гуйлтын дагуу ямар ч гэмт санаа зорилгогүйгээр дараа нь төлөгдөнө гэж бичиж өгсөн баримт. Нөгөө талаас Голомт банк ХХК хохироогүй. Зээл өгсөн, зээл нь төлөгдөөд явж байгаа. Тиймээс хуурамч бичиг баримт гаргаж өгсөн гэдэг нь үндэслэлгүй. Таванхан Уул ХХК энэ баримтыг гаргаж өгөөгүй, хариуцагч өөрөө шүүхэд Голомт банк ХХК-аас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасны дагуу цуглуулсан баримт. Шүүхэд өгсөн баримт хуурамч биш, тухайн үедээ талууд харилцан тохиролцож хийгдсэн баримт. 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Дээд шүүхийн зөвлөмжөөр нотлох баримтыг үнэлэхдээ тэр баримтууд нь бие биенээ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхийг тус тус шалгаж, бодитойгоор харьцуулах үндэслэл болно. 12.500.000 төгрөгийн баримт нь цалингаа бүгдийг нь авсан гэдгээр үгүйсгэгдэж байна. Энэ хэрэгт хуурамч баримт бүрдүүлсэн, нийгэмд аюултай үйлдэл хийсэн зүйл байхгүй. Сайн санааны үүднээс, нэг нэгэндээ тус дэм болох зорилгоор хийсэн үйлдэл бий. Иймд Таванхан Уул ХХК-аас 12.500.000 төгрөгийг хариуцагчийн хүсэлт, түүний эрх ашгийг бодож цалингаас тооцсон гэдэг баримт гаргаж өгсөн. Мөн 25.000.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх тухайд тус гэрээнд компанийн тамга, тэмдэг дарагдаагүй байдаг. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т худалдан авч буй 49.35 метр квадрат хэмжээтэй, 75.000.000 төгрөгийн үнэтэй, 2 өрөө байрны өртгөөс 25.000.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлхээр тохиролцов. Энэ тохиролцож байгаа нь яг хөнгөлөлт үзүүлнэ гэсэн ойлголт биш.. гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Видү ХХК-наас хариуцагч М.Эрдэнэжаргалд холбогдуулан Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, орон сууцаа буцаан авах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.Эрдэнэжаргал нь ...Барилгын ажил гүйцэтгэх гэрээнд талуудын тохиролцсон хугацаа болох 2015 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгөх хугацаандаа орон сууцны барилгыг хүлээлгэж өгсөн тохиолдолд 25.000.000 төгрөгийн урамшууллыг хариуцагч М.Эрдэнэжаргал авах нөхцлийг тодорхой заасан байдаг. 2015 оны 1 дүгээр улиралд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам , 7 дугаар багт байрлах Хөгжил хотхон нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хугацаандаа ашиглалтанд орсон юм. Хөгжил хотхоноос 75.000.000 төгрөгийн үнэлгээтэй 2 өрөө байрыг Видү ХХК-иас худалдан авахаар тохиролцож улмаар талуудтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-нд заасан 25.000.000 төгрөгийн хөнгөлөлт, үйл ажиллагааны цалин хөлс 12.500.000 төгрөгийг орон сууцны төлбөрийн урьдчилгаа болон нийт төлбөрөөс хасуулж үлдэгдэл төлбөрийг Голомт банкнаас 37.500.000 төгрөгийн ипотекийн зээл авч төлбөрөө бүрэн төлж барагдуулсан... гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Видү ХХК, М.Эрдэнэжаргал нар нь 2014 оны 10-р сарын 26-ны өдөр 14/12 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багт байрлах 3хөгжил хотхоны 2 өрөө орон сууцыг 75.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үнийн дүнгийн 50 хувь буюу 37.500.000 төгрөгийг худалдан авагч М.Эрдэнэжаргал төлснөөр үлдэх 37.5000 төгрөгийг төлөх талаар маргаан үүссэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Виду ХХК-нийг төлөөлж менежер Г.Тунгалаг, М.Эрдэнэжаргал нь нар нь харилцан тохиролцож 2014 оны 10-р сарын 26-ны өдөр 14/12 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж /хэргийн 4-р хуудас/ уг гэрээний Орон сууцны үндсэн нөхцөл гэх хэсэгт 49.35 мкв, нийт үнэ 75.000.000, 2015 оны 1-р улиралд хүлээлгэн өгөх гэх нөхцөл заасан байх ба уг гэрээг менежер Гэрэлтуяа, захиалагч Эрдэнэжаргал нар байгуулсан, мөн дээрхи гэрээтэй адил гэрээ нь хэргийн 68 дугаар хуудсанд авагдсан байх бөгөөд уг гэрээнд А талыг төлөөлж Г.Тунгалаг гэж нэмж гарын үсэг зурсан, дээрхи гэрээнүүдийн толгой хэсэгт Батлав Захирал Ц.******* гэж тамга дарж гарын үсэг зурсан гэрээнүүдийг үндэслэл болгон, хариуцагчаас орон сууцны үлдсэн төлбөр болох 37.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Харин хариуцагч М.Эрдэнэжаргал нь өөрийн татгалзалын үндэслэл болсон 2014 оны 6-р сарын 1-ний өдрийн Барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэх гэрээнд ...гэрээний хугацаа 1 жил, барилгын ажлын нийт хөлс: Худалдан авч байгаа 49.35 м2 талбайтай, 2 өрөөтэй, 75.000.000 төгрөгний байрнаас 25.000.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр тохиролцов гэх ВИДҮ ХХК-ний тамга дарж гарын үсэг зурсан гэрээ, мөн 2015 оны 01-р сарын 04-нд М.Эрдэнэжаргалаас байрны урьчилгаа гэж 12.500.000 төгрөгийг ВИДҮ ХХК-нд орлогод авсан компаний санхүүгийн тамга дарсан баримт, мөн 2015 оны 01-р сарын 07-нд Таван хан ХХК-нь Эрдэнэжаргал нь 2014 оны цалингаас байрны урьдчилгаанд 12.500.000 төгрөг суутгуулсан... гэсэн тодорхойлолт зэргийг үндэслэн үлдэгдэл төлбөрийг төлөх үнэдэслэлгүй гэжээ. .

Нэхэмжлэгч талаас Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, М.Эрдэнэжаргалаас байрны урьчилгаа гэж 12.500.000 төгрөгийг ВИДҮ ХХК-нд орлогод авсан баримт, Таван хан ХХК-наас Эрдэнэжаргал нь 2014 оны цалингаас байрны урьдчилгаанд 12.500.000 төгрөг суутгуулсан... гэсэн тодорхойлолт зэрэг нь зөвхөн зээл авахад хэрэглэх гэж хуурамчаар үйлдсэн, анхнаасаа л хүчин төгөлдөр бус байх хэлцэл, энэ гэрээ хуульд заасан шаардлага хангаагүй, хуулиар төлөөлөх эрхгүй этгээд гэрээг хийсэн... уг гэрээг хуурамчаар үйлдсэн, зөвхөн банкны 0.8 хувийн ипотекын зээлд хамрагдахын тулд хийсэн, мөн 2015 оны 01-р сарын 04-нд М.Эрдэнэжаргалаас байрны урьчилгаа гэж 12.500.000 төгрөгийг ВИДҮ ХХК-нд орлогод авсан баримт үйлдэж, компаний санхүүгийн тамга дарсан, мөн 2015 оны 01-р сарын 07-нд Таван хан ХХК-нь Эрдэнэжаргал нь 2014 оны цалингаас байрны урьдчилгаанд 12.500.000 төгрөг суутгуулсан... гэсэн тодорхойлолт зэргийг тухайн үедээ хуурамчаар гаргасан нотлох баримт гэх боловч уг баримтууд болон Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтуудаас үзэхэд М.Эрдэнэжаргалд Видү ХХКний зүгээс орон сууц худалдан авахад 25.000.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн, мөн цалингаас 12.500.000 төгрөгийн суутгал хийгдэж байрны үлдэгдэл төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Видү ХХК-ний М.Эрдэнэжаргалд холбогдуулан гаргасан Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, орон сууцаа буцаан авах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Видү ХХК-ний нэхэмжлэлтэй, М.Эрдэнэжаргалд холбогдох Орон сууц захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг цуцалж, орон сууцаа буцаан авах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоног дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ