Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/00475

 

 

 

 

 

 

 

 

 

2021 02 05

101/ШШ2021/00475

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18260663/ дүгээр тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17260112/ дугаар тогтоол, шинжээч томилох тухай 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8/ дүгээр тогтоол, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/ дүгээр тогтоол болон эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний хүү Т.Төгсбилгүүн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/25447 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн  дугаар шийтгэх тогтоолоор бусдад төлбөр төлөхөөр болж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 164 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулж байна. Манай гэр бүлийн 5 гишүүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21 дүгээр байр, тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг төлбөрт хураан авахаар шийдвэрлэж, орон сууцны үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагчаас авч үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн бөгөөд уг үнэлгээний талаарх мэдээлэл, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан. Төлбөрт хураахаар шийдвэрлэсэн орон сууц нь гэр бүлийн 5 гишүүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд төлбөр төлөгч Т.Төгсбилгүүний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт барьцаалагдаагүй үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрт заагдаагүй бол шийдвэр гүйцэтгэгч хураах, албадан дуудлага худалдаагаар худалдах зэрэг ажиллагааг хийх эрхгүй. Төлбөр төлөгч Т.Төгсбилгүүнээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн шүүх нь үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр заагаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт төлбөрийг төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна гэж заасан боловч албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар явагдана. Үүрэг гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгөө үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, барьцаалсан байх, үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах талаар шүүхийн шийдвэр гарсан байх илүү нарийвчилсан зохицуулалттай. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураан авах, дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөр төлүүлнэ гэж байгаа нь хууль бус ажиллагаа юм. Төлбөр төлөгч Т.Төгсбилгүүн нь одоогоор эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй байгаа бөгөөд төлбөрийг бололцоо гарсан тухай бүрд нь цувуулан төлж байгаа, цар тахал гарсантай холбогдуулан явуулж байгаа үйл ажиллагаа нь доголдож, төлбөрийн чадвар муутай болсон нөхцөлийг харгалзан үзэхгүй, хэт нэг талыг барьж, төлбөр авагч талд үйлчилж, үл хөдлөх эд хөрөнгийг нь төлбөрт хураан авах гэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд бусад өмчлөгчийн эрх ашгийг ноцтой хохироож байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өөрт оногдох хэсгийг захиран зарцуулах асуудлыг Иргэний хуульд ийнхүү өөрөөр зохицуулсан байхад төлбөр төлөгчийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бусад өмчлөгчийн эрх ашгийг хохироон, шүүхийн шийдвэр гараагүй байхад хураан авч, албадан дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоож, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21 байр, 196 тоот хаягт байршилтай орон сууцыг хураасан тогтоол, уг байрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Хариуцагч НШШГГ холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18260663/ дүгээр тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17260112/ дугаар тогтоол, шинжээч томилох тухай 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8/ дүгээр тогтоол, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн  дугаар захирамжаар Т.Т-с 25,525,000 төгрөгийг гаргуулан Г.Т-т, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн  дугаар шийтгэх тогтоолоор 38,200,000 төгрөгийг гаргуулан Л.Б-д тус тус олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгч Т.Т-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй, төлбөрийг хэсэгчлэн төлөх баталгаа гаргаж байсан боловч хугацаандаа төлөөгүй тул арилжааны 13 банкинд мөнгөн хөрөнгөөс суутгал хийх мэдэгдэл хүргүүлж, холбогдох бүртгэлийн байгууллагуудаас лавлагаа авахад тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр,  тоот 40 м.кв орон сууц хамтран өмчлөлд бүртгэлтэй хариу ирүүлсэн. Уг орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн /4 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17260112/ дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, төлбөр төлөгч, өмчлөгч нарт үнийн санал өгөхийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4-164/, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 4-164/ дугаар мэдэгдлийг тус тус гардуулахад төлбөр төлөгч Т.Төгсбилгүүн, өмчлөгч Ж.С нар орон сууцаа 80,000,000 төгрөгөөр үнэлж, бусад өмчлөгч С.Тэргүүн, Т.Энхбилгүүн, Т.Эрхбилгүүн нар үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Д.Оюунчимэг хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК-аар үнэлүүлэхэд орон сууцыг 110,400,000 төгрөгөөр үнэлсэн ба 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4-164 дугаар мэдэгдэл, тайлангийн хуулбарын хамт талуудад баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээний 70 хувиар тооцон 77,280,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр оруулахаар нийтэд зарласан. Шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2020/ дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн учир анхны албадан дуудлага худалдаанд оруулаагүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул өмчлөгч Ж.С-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21 байр, тоот хаягт байршилтай орон сууцтай холбоотой эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18260663/ дүгээр тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17260112/ дугаар тогтоол, шинжээч томилох тухай 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8/ дүгээр тогтоол, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/ дүгээр тогтоол болон эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

   

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Эрхийн улсын бүртгэлийн  дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21 байр,  тоот хаягт байршилтай орон сууц С.Тэргүүн, Ж.С, Т.Төгсбилгүүн, Т.Энхбилгүүн, Т.Эрхбилгүүн нарын 5 хүний өмчлөлд бүртгэлтэй байх ба нэхэмжлэгч Ж.С тус орон сууцны өмчлөгчийн хувиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг шүүхэд гаргажээ /хх1-78, 136-137, 196/.

   

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/ дугаар захирамжаар эвлэрэлд уригдсан тал Т.Төгсбилгүүн 25,525,000 төгрөгийг өргөдөл гаргагч Г.Тамирт төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Т.Төгсбилгүүнээс 38,200,000 төгрөг гаргуулан Л.Бат-Эрдэнэд олгож шийдвэрлэсэн байна /хх1-45, 219-223/.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ2016/ дүгээр захирамжаар дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ГХ2016/ дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ /хх1-46, 47-48, 49/.

 

Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн  дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ /хх1-46, 224, 226/. 

 

Дээрх 101/ГХ2016/ дугаар гүйцэтгэх хуудаст Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/ дугаар захирамжийн огноог 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэж, дугаарыг гэж тус тус зөрүүтэй тусгасан, тодруулбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байхад хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан мөн зүйлийн 20.3 дахь хэсгийг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч Ж.С-н гомдлыг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2019/ дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  дугаар магадлалд дээрх байдлаар хууль зөрчсөн болохыг дүгнэсэн байх боловч хариуцагч байгууллага уг зөрчлийг арилгуулах арга хэмжээг аваагүй байна /хх1-113-121, 126-128/.

 

Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахдаа төлбөр төлөгчийн банкин дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17260112/ дүгээр тогтоол, орон сууцны өмчлөгч нарт хүргүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4/ дүгээр мэдэгдэл, шүүхийн шийдвэр биелүүлэх 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 164/, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 164/ дугаар мэдэгдлүүд, үнийн санал ирүүлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4-164/, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 4-164/ дугаар мэдэгдлүүд, шинжээч томилох тухай 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8/ дүгээр тогтоол, үнэлгээ танилцуулах тухай 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4-164/ дугаар мэдэгдэл, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4-164/ дугаар мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/29 дүгээр тогтоол болон 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-164/32426 дугаар мэдэгдэл баримтуудад гүйцэтгэх баримт бичигт хамааралгүй 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн огноотой,  дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэжээ /хх1-141, 142, 144, 162, 166, 167, 169, 193, 195, 198, 199/.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэх үндэстэй.

 

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч Т.Төгсбилгүүн орон сууцыг барьцаалаагүй, иргэний болон эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрт Т.Төгсбилгүүнээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэхдээ 5 хүний өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг албадан худалдахаар заагаагүй, Т.Төгсбилгүүн бусад өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр орон сууцанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ямар ч ажиллагаа хийгдэх ёсгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бөгөөд хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд тогтоосон төлбөр төлөгч-иргэний мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа гэж мэтгэлцэн төлбөр төлөгч Т.Төгсбилгүүний хөрөнгийн талаарх арилжааны банкууд, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, дүүргүүдийн Газар, зохион байгуулалтын албадын лавлагааг тус тус шүүхэд гаргасан /хх1-134, 135, 138-140, 145-157/.

 

Төлбөр төлөгч нь иргэн байгаа нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд тогтоосон төлбөр төлөгч-иргэний мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах дарааллыг баримтлах талаар гаргаж буй хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэстэй.

 

Тодруулбал, эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгч-иргэний мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулах ба төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулж, хэрэв дурдсан бүх хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна.

 

Төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсэг гэдэгт Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21 байр, 196 тоот хаягт байршилтай орон сууцын хамтран өмчлөгч болох төлбөр төлөгч Т.Төгсбилгүүнд ногдох хэсэг хамаарна.

 

Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж заасан бөгөөд дээр дэлгэрэнгүй дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн зохицуулалт нь энэхүү хуульд заасан үндэслэл болно.

 

Төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө заавал барьцаалагдсан байх, эсхүл шүүхийн шийдвэрт тухайн хөрөнгөөс төлбөр гаргуулах буюу албадан худалдахаар заасан байх, түүнчлэн бусад хамтран өмчлөгчөөс зөвшөөрөл авсан байх шаардлага дээрх хуулиар тавигдаагүй тул энэ талаар гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэл хуульд нийцээгүй байна.

 

Иймээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо,  байр, тоот хаягт байршилтай орон сууцын хамтран өмчлөгч Т.Төгсбилгүүнд ногдох хэсэгт холбогдуулан хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах эрхтэй.

 

Гэвч дээр дурдсанчлан хариуцагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийг зөрчсөн байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18260663/ дүгээр эд хөрөнгө битүүмжлэх, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17260112/ дугаар эд хөрөнгө хураах, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8/ дүгээр шинжээч томилох, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/ дүгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолууд болон эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21 байр, тоот хаягт байршилтай орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.С-эс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.С-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА