Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00792

 

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/00792

 

 

Ж.С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/00475 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.С-ийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18260663/4 дүгээр тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17260112/03 дугаар тогтоол, шинжээч томилох тухай 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8/484 дүгээр тогтоол, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/29 дүгээр тогтоол болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Т.Т Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/25447 дугаар захирамж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор бусдад төлбөр төлөхөөр болж, манай гэр бүлийн 5 гишүүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21 дүгээр байр, 196 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг төлбөрт хураан авахаар шийдвэрлэж, орон сууцны үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагчаас авч үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн бөгөөд уг үнэлгээний талаарх мэдээлэл, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт барьцаалагдаагүй үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрт заагдаагүй бол шийдвэр гүйцэтгэгч хураах, албадан дуудлага худалдаагаар худалдах зэрэг ажиллагааг хийх эрхгүй. Төлбөр төлөгч Т.Т-ээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн шүүх нь үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр заагаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт төлбөрийг төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна гэж заасан боловч албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар явагдах нарийвчилсан зохицуулалттай. Иймд хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураан авах, дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөр төлүүлнэ гэж байгаа нь хууль бус ажиллагаа юм. Төлбөр төлөгч Т.Т нь одоогоор эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй байгаа бөгөөд төлбөрийг бололцоо гарсан тухай бүрд нь цувуулан төлж байгаа, цар тахал гарсантай холбогдуулан явуулж байгаа үйл ажиллагаа нь доголдож, төлбөрийн чадвар муутай болсон нөхцөлийг харгалзан үзэхгүй, хэт нэг талыг барьж, төлбөр авагч талд үйлчилж, үл хөдлөх эд хөрөнгийг нь төлбөрт хураан авах гэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд бусад өмчлөгчийн эрх ашгийг ноцтой хохироож байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өөрт оногдох хэсгийг захиран зарцуулах асуудлыг Иргэний хуульд ийнхүү өөрөөр зохицуулсан байхад төлбөр төлөгчийн нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бусад өмчлөгчийн эрх ашгийг хохироон, шүүхийн шийдвэр гараагүй байхад хураан авч, албадан дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоож, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21 байр, 196 тоот хаягт байршилтай орон сууцыг хураасан тогтоол, уг байрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Хариуцагч байгууллагын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18260663/4 дүгээр тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17260112/03 дугаар тогтоол, шинжээч томилох тухай 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 8/484 дүгээр тогтоол, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/29 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 20455 дугаар захирамжаар Т.Т-ээс 25 525 000 төгрөгийг гаргуулан Г.Тамирт, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор 38 200 000 төгрөгийг гаргуулан Л.Бат-Эрдэнэд тус тус олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгч Т.Т-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй, төлбөрийг хэсэгчлэн төлөх баталгаа гаргаж байсан боловч хугацаандаа төлөөгүй тул арилжааны 13 банкинд мөнгөн хөрөнгөөс суутгал хийх мэдэгдэл хүргүүлж, холбогдох бүртгэлийн байгууллагуудаас лавлагаа авахад тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, улсын бүртгэлийн Ү-2204001070 дугаартай Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байр, 196 тоот 40 м.кв орон сууц хамтран өмчлөлд бүртгэлтэй хариу ирүүлсэн. Уг орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18260663/4 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 17260112/03 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж, төлбөр төлөгч, өмчлөгч нарт үнийн санал өгөхийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 4-164/32170, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4-164/33012 дугаар мэдэгдлийг тус тус гардуулахад төлбөр төлөгч Т.Т-, өмчлөгч Ж.С- нар орон сууцаа 80 000 000 төгрөгөөр үнэлж, бусад өмчлөгч С.Тэргүүн, Т.Энхбилгүүн, Т.Эрхбилгүүн нар үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Д.Оюунчимэг хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК-аар үнэлүүлэхэд орон сууцыг 110 400 000 төгрөгөөр үнэлсэн ба 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4-164/35975 дугаар мэдэгдэл, тайлангийн хуулбарын хамт талуудад баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээний 70 хувиар тооцон 77 280 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр оруулахаар нийтэд зарласан. Шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2020/20104 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн учир анхны албадан дуудлага худалдаанд оруулаагүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул өмчлөгч Ж.С-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18260663/4 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх, 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 17260112/03 дугаар эд хөрөнгө хураах, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 8/484 дүгээр шинжээч томилох, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/29 дүгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолууд болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2204001070 дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21 байр, 196 тоот хаягт байршилтай орон сууцыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.С-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.С-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэрүүдэд орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан төлбөр төлүүлэхээр заагдаагүй байхад орон сууцыг шийдвэр гүйцэтгэгч битүүмжилж, төлбөрт хураан авч, орон сууцны үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагчаас аваад үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн, албадан худалдахаар шийдвэрлэсэн нь хууль бус гэж үндэслэсэн. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрт заагдаагүй бол шийдвэр гүйцэтгэгч хураах, албадан дуудлага худалдаагаар худалдах зэрэг ажиллагааг хийх эрхгүй байхад өмчлөлд нь байгаа хөрөнгө нэрээр үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, үнэлгээ хийлгэн дуудлага худалдаагаар худалдана гэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Улсын Дээд шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн " Үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааг зохицуулсан Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай" зөвлөмж гарсан бөгөөд шүүхийн шийдвэр гарахаас өмнөх шатанд хийгдэх ба үл хөдлөх эд хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, барьцааны гэрээг байгуулсан байх, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч шүүхэд хүсэлт гаргах, энэ хүсэлтийг үндэслэн шүүх Иргэний хуулийн
175.1 дэх хэсэгт зааснаар ипотекийн зүйлийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэртээ
заах ёстой байна. Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж шүүхийн. шийдвэр гүйцэтгэхээр заагаагүй байхад шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнгөнцэцэг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн заалтыг анхаарахгүй өөрийн дураар хууль зөрчсөн шийдвэр гаргаж төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч дуудлага худалдаагаар худалдана гэж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасныг үндэслэн орон сууцыг хураан авч, дуудлага худалдаагаар худалдан борлуулж төлбөр төлүүлнэ гэж байгаа нь хууль бус ажиллагаа болсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад үндэслэж, шүүхийн шийдвэрт албадан дуудлага худалдаагаар худалдахаар заагаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хураасан, битүүмжилсэн, албадан дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа хууль бус учраас явуулсан үйл ажиллагааг нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлийг ойлгоогүйгээс илүү нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглэлгүй шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйлдлийг зөвтгөж, төлбөр төлөгчийн бусадтай дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө заавал барьцаалагдсан байх, шүүхийн шийдвэрт тухайн үл хөдлөх эд хөрөнгөнөөс төлбөр гаргуулах буюу албадан худалдахаар заасан байх шаардлага хуулиар тавигдаагүй гэж дүгнэж, зөвхөн дугаар нь алдаатай шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Миний бие 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, сүүлд 2021 оны 1 дүгээр сард нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 70 200 төгрөг төлсөн байхад шүүх зөвхөн 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан надад олгохоор шийдвэрлэж, нэмж төлсөн 70 200 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй үлдсэн байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт "төлбөр төлөгчид оногдох үл хөдлөх эд хөрөнгийг хураах, битүүмжлэх, албадан дуудлага худалдаагаар худалдах эрхгүй, улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах" гэсэн агуулга бүхий өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ж.С-э нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21 дүгээр байр, 196 тоот хаягт байршилтай орон сууцтай холбоотой эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18260663/4 дүгээр тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 17260112/03 дугаар тогтоол, шинжээч томилох тухай 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 8/484 дүгээр тогтоол, үнэлгээ, албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/29 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/25447 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулж Т.Т-ээс 25 525 000 төгрөг гаргуулан Г.Тамирт олгохоор /хх-ийн 45/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор Т.Т-ээс 38 200 000 төгрөг гаргуулан Л.Бат-Эрдэнэд олгохоор /хх-ийн 219-223/ тус тус шийдвэрлэсэн байна.

Хариуцагч байгууллага нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШЗ/2016/33249 дугаартай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж /хх-ийн 47-48/, мөн өдрийн 101/ГХ2016/03648 дугаартай гүйцэтгэх хуудас /хх-ийн 46/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 223 дугаартай гүйцэтгэх хуудсыг /хх-ийн 224/ тус тус үндэслэн төлбөр төлбөгч Т.Т-, хамтран өмчлөгч С.Тэргүүн, Ж.С-э, Т.Энхбилгүүн, Т.Эрхбилгүүн нарын 5 хүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21 дүгээр байр, 196 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18260663/4 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 18260663/5 дугаартай тогтоолоор хураан авчээ. /хх-ийн 64, 68/

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 101/ГХ2016/03648 дугаар гүйцэтгэх хуудаст шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2016/25447 дугаар захирамжийн огноог 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэж, дугаарыг 20455 гэж тус тус зөрүүтэй тусгасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.3 дахь хэсгийг зөрчсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч байгууллага 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Файн эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж /хх-ийн 169/, шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 110 400 000 төгрөгөөр /хх-ийн 172-192/ тогтоож, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/29 дугаартай тогтоолоор шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 77 280 000 төгрөгөөр анхны албадан дуудлага явуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 198/

Хариуцагч байгууллага Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 21 байр, 196 тоот хаягт байршилтай орон сууцын хамтран өмчлөгч болох төлбөр төлөгч Т.Т-д ногдох хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орон сууцыг битүүмжлэхээс өмнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан дарааллыг баримтлан ажиллагаа явуулаагүй гэж шүүх зөв дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Түүнчлэн, мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.7, 86.8 дах хэсэгт тус тус зааснаар төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор, төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээ бусад өмчлөгчид зах зээлийн үнээр худалдан борлуулах, бусад дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгч худалдан авахаас татгалзсан тохиолдолд албадан худалдан борлуулах, олсон орлогыг төлбөрт суутгуулан авах шаардлага гаргах эрхтэй байхад бусад өмчлөгчдөөс энэ талаар тодруулалгүйгээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай адил албадан худалдах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч үл хөдлөх эд хөрөнгийн бусад хамтран өмчлөгчийн эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, Т.Т-ий ногдох хэсэг дээр ажиллагаа явагдах учиртай атал бусад 4 хүний хамтран өмчлөх дундын хөрөнгөд бүхэлд нь албадан дуудлага худалдаа явуулах боломжгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй болно.

Иргэний хуулийн 490 дүгээр зүйлийн 490.2 дах хэсэгт дундын өмчлөлийн зүйлийг зайлшгүй худалдах шаардлагатай тохиолдолд баримтлах журмыг тогтоосон.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн асуудлаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан асуудлаар давж заалдах шатны шүүхээс дүгнэх боломжгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж улсын тэмдэгтийн хураамжид нэмж төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулаагүй нь орхигдуулсан, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргасан тул шүүхийн шийдвэрийн 2 дах заалтад өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй байна

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хийсэн зарим дүгнэлтийг дээрх байдлаар залруулан дүгнэж, улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсныг өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/00475 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын 70 200 гэснийг 140 400 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ