Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 110/ШШ2023/0005

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Т.Е,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч,

Гомдлын шаардлага: ”Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0091977 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай  шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,  хариуцагч Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч Т.Е нь “Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0091977 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргасан.

2. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаас гаалийн хяналт шалгалтын явцад Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн Т.Е нь Хүнсний тухай хуулийг зөрчиж улсын хилээр натрийн давс, хүнсний фосфат   оруулсан нь нотлох баримтаар тогтоогдсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар нийт 15 кг жинтэй  зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг хурааж, нэг мянган нэгжтэй тэнцэх төгрөг буюу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Хариуцагч гаалийн улсын байцаагч нь уг зөрчлийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр илрүүлж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 0091977 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч эс зөвшөөрч, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд хандсан байна.

4. Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзсэн үндэслэлээ дараахь байдлаар тайлбарлан маргажээ. Үүнд:

4.1. Өлгий сумын иргэн Б.А захисан барааг Монгол Улсад хүргүүлэхээр тохирсон. Хувийн хэрэгцээнд бага хэмжээгээр захисан болохоор оруулахыг хязгаарласан бараа болохыг мэдээгүй. Би уг барааг улсын хилээр нууж оруулсан зүйл байхгүй.

4.2. Монгол хэл мэдэхгүй тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч оролцуулаагүй.

4.3. Гаалийн байцаагч өөрийн гараар тодорхойлолт бичиж, уг тодорхойлолтыг  надаар хуулуулан бичүүлж, гарын үсэг зуруулж, миний эрхийг ноцтой зөрчсөн гэжээ.

5. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дараахь тайлбарыг гаргажээ.Үүнд:

5.1. Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Т.Е нитритийн давсыг тусгай зөвшөөрлөөр хилээр гаргадаг гэдгийг мэдэлгүй авч ирж байгаад хил дээр  баригдсан. Бүгд Найрамдах Казахстан Улсад ил зарагддаг болохоор нь нуулгүйгээр авч ирж байгаад хураалгасан байна.

5.2. Гаалийн байцаагч нь Т.Е гадаад паспорт болон бичиг баримтыг нь  хурааж аваад  “..хоёр өдрийн дараа Өлгийд очихдоо өгнө.” гэсэн байна. Тэгээд амралтын өдөр буюу бүтэн сайн өдөр Гаалийн газрын урд дуудсан. Тухайн үед би Т.Е хамт ирсэн. Т.Е 1 дэх өдөр буцаад хилээс гарах болсон учраас гадаад паспортаа авах шаардлагатай байсан. Гаалийн байцаагч “хэргийг хялбаршуулсан журмаар шийднэ” гэж хэлээд Т.Е нэг бичиг өгөөд, чи үүнийг хуулж бич гээд бичүүлсэн. Т.Е гадаадын иргэн учраас гадаадын иргэнийг торгоход заавал орчуулагч эсвэл өмгөөлөгч оролцуулах шаардлагатай юм байна.

Т.Е өөрөө хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ гэж бичээгүй. Гаалийн байцаагчийн бичиж өгснийг хуулж бичээд гарын үсэг зураад гадаад паспортаа авсан.

5.3. Т.Е авчирсан нитритийн давс гэдгийг шинжилгээнд өгөх ёстой байсан. Т.Е авчирсан зүйлийн гадна нитритийн давс гэсэн хаягтай байсан ч шинжилгээнд өгөөд шинжлүүлэх ёстой.  Нитритийн давс гэсэн хаяг, шошготой ч дотор нь өөр юм байж  болно шүү дээ гэв.

6. Хариуцагчаас дараахь тайлбарыг гаргажээ. Үүнд:

6.1. Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн Т.Е нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17:40 цагт гаалийн хилээр орох чиглэлд 620АСN01 дугаартай тээврийн хэрэгслээр Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно.” гэж заасныг зөрчиж, үйлдвэрлэлийн зориулалттай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болох натрийн давс 14 кг, фосфат 1 кг тус тус улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн. Хүнсийг хуулийн этгээд экспортлож, импортлох үүрэгтэй. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасан зөрчилд хамаарах тул торгох шийтгэл оногдуулж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

6.2. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 1.1-д “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх, зорчигчоос гаалийн болон бусад татваргүй нэвтрүүлэх хувийн хэрэглээний эд зүйл, тоо хэмжээ, үнийн дүнг тогтооход энэ журмын зорилго оршино”, 1.2-т “Зорчигчийн аяллын зорилго, хугацаа, жилд хэдэн удаа улсын хил нэвтэрсэн зэргээс шалтгаалан хувийн хэрэглээний эд зүйл, үнийн дүн, тоо хэмжээг тогтооно”, 2.1-д “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аяллын үеэр зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнс болон тухайн зорчигчийн аяллын зорилго, хугацааг харгалзан дараах барааг хамааруулна.” гэж заасанд Т.Е оруулж ирсэн хүнсний давс хамаарахгүй.

6.3. Т.Е тухайн үед монгол хэл мэдэх эсэхийг асуухад “мэднэ” гэж хариулж, гаргасан зөрчлөө тодорхой тайлбарлаж өгсөн. “Орчуулагч оролцуулж өгөөч, би таны ярьсныг ойлгохгүй байна” гэж огт хэлээгүй. Т.Е нь Монгол Улсад байнга зорчдог хүн, 2022 оны 08 дугаар сарын 18-ний өдөр мөн хориглосон барааг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үндэслэлээр 0091950 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл хүлээж байсан. Энэ үед мөн “монгол хэл” мэднэ гэж мэдэгдэж, монгол хэл дээр мэдүүлэг өгч байсан байна.

6.4. Зөрчлийн талаар тодорхойлолт би бичээгүй. Нэхэмжлэлд хавсаргасан тодорхойлолтыг бичсэн бичиг минийх биш. Энэ талаарх гомдол гаргагчийн маргаан нь огт үндэслэлгүй.

6.5.Тухайн  бараа, бүтээгдэхүүн өөрөө хаяг шошготой байсан тул шинжилгээнд явуулах шаардлагагүй гэж үзсэн. Бид барааг тодорхойлох боломжгүй үед шинжилгээнд явуулдаг. Мөн аж ахуйн нэгж импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг шинжилгээнд явуулах ёстой. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Гомдол гаргагчийн гомдлын шаардлага үндэслэлгүй байна.

2. Хэрэгт авагдсан “Хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн материал”-аас үзэхэд Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн Т.Е нь  2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр натрийн давс, хүнсний фосфат бүхий бараа, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх зөрчлийг гаалийн хяналт шалгалтын явцад гаалийн улсын байцаагчаас илрүүлж, хүнс импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж, хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон зөрчил гаргасан гэж үзээд зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг хурааж, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0091977 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д зааснаар  1 000 000 төгрөгөөр  торгох шийтгэл оногдуулжээ.

3. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэж, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

4. Зөрчлийн хэргийн материалаас үзэхэд гаалийн улсын байцаагч нь гомдол гаргагчийн Бүгд Найрамдах Казакстан Улсаас авч ирсэн гэх зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг фото зургаар баримтжуулсан байх ба  0001357 дугаартай “Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас” бүхий баримтад натрийн давс 14 кг, фосфат 1 кг тус тус хурааснаар тэмдэглэгдсэн, зөрчилд холбогдогч Т.Е нь зөрчилтэй бараа, бүтээгдэхүүний талаар “...танил маань өгч явуулсан учраас аваад ирсэн.  Зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Арилжааны зорилгоор авч ирээгүй” гэж мэдүүлжээ.

5. Гомдол гаргагчийн улсын хилээр нэвтрүүлэхээр авч ирсэн гэх зөрчилтэй  бараа, бүтээгдэхүүн нь  натрийн нитрит, хүнсний фосфат гэсэн хаягтай байх ба Хүнсний технологи, хүнсний натрийн нитрит техникийн шаардлага MNS 4944:2000 Монгол Улсын  стандартаас үзэхэд хүнсний натрийн нитрит нь махны улаан өнгийг хадгалах зориулалтаар хиам, утлагат махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэгдэх бүтээгдэхүүн, харин фосфат нь Хүнсний нэмэлт MNS CAC 192:2015 Монгол Улсын стандартад зааснаар хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд хамаардаг байна.

 6. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д зааснаар "хүнс" гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг, 3.1.9-д зааснаар "хүнсний нэмэлт" гэж дангаараа бүтээгдэхүүн, эсхүл хүнсний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж чаддаггүй, тэжээллэг чанаргүй, амт, үнэр, өнгө оруулах,  биежүүлэх, сийрэгжүүлэх, хадгалах хугацааг уртасгах болон технологи ажиллагааг хурдасгах зорилгоор хүнсний үйлдвэрлэлийн явцад зориудаар нэмдэг бодис, хольцыг, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д зааснаар "хүнсний бүтээгдэхүүн" гэж Хүнсний тухай хуулийн 3.1.1-д зааснаас гадна савласан ус, бүх төрлийн ундаа, бохь, хүнсний нэмэлтийг ойлгохоор байна.

7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн нь хүнсний бүтээгдэхүүнд хамаардаг байх ба гомдол гаргагч Т.Е нь дээрх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхээр болсон нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Энэ тохиолдол нь Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасан хүнс импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарах тул эрх бүхий албан тушаалтнаас гомдол гаргагчийг мөн зүйлд заасан зөрчил гаргасан гэж үзэж, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүнийг хурааж, 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцжээ.

8. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлээ “...монгол хэл сайн мэдэхгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч оролцуулаагүй.” гэж маргасан бол энэ талаар хариуцагчаас “...холбогдогчоос мэдүүлэг авах үед монгол хэл мэдэх эсэхийг тодруулахад “мэднэ” гэж хариулж, монгол хэл дээр гаргасан зөрчлөө тодорхой тайлбарласан. Т.Е нь Монгол Улсад байнга зорчдог, урд нь  мөн зөрчлийн улмаас  удаа дараа торгох шийтгэл хүлээж байсан ба энэ үед мөн “монгол хэл” мэднэ гэж мэдүүлж, монгол хэл дээр тайлбар мэдүүлэг өгч байсан.” гэж тайлбарлаж, энэ талаарх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна.”, 2-т “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч  хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана.” гэж заасан.

10. “Хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн материал”-д авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай “Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл”-ээс үзэхэд гаалийн улсын байцаагч нь  монгол хэл мэдэх эсэхийг асуухад нэхэмжлэгч “мэднэ” гэж, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч мэдүүлжээ.

11. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад “Миний ахуйн хэрэглээний зориулалтаар хүнд захисан натрийн нитрит болон хүнсний фосфатыг нэхэмжлэгч Т.Е өгч явуулсан, тухайн үед гаалийн улсын байцаагчийн асуултад нэхэмжлэгч “монгол хэл мэднэ” гэж хариулсан нь үнэн, энгийн үг хэллэг мэддэг, монгол хэлийг бүрэн мэдэхгүй гэж тайлбарласан.

12. Дээрх байдлаар хувь хүний хувиар  хүнсний нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирсэн зөрчлийн талаар гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаагүй ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Е нь эрх бүхий албан тушаалтанд “монгол хэл мэднэ” гэж мэдэгдэж, монгол хэл дээр мэдүүлэг өгч, гарын үсэг зурсан, уг мэдүүлэг нь хүнээс өгсөн  дайвар ачаа гэх дээрх төрлийн хүнсний  бүтээгдэхүүнийг оруулж ирсэн агуулгатай байна.

13. Нэгэнт гомдол гаргагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад монгол хэл мэднэ гэж мэдэгдэж, монгол хэл дээр мэдүүлэг өгсөн тохиолдолд орчуулагч зайлшгүй оролцуулах шаардлагагүй тул хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч орчуулагч авах эрхээр хангагдах журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул энэ талаарх  маргааныг үндэслэлгүй байна гэж үзлээ.

14. Шүүхэд гаргасан гомдолд “Миний бие Т.Е Казакстан Улсаас Монгол Улс руу “Lada-м” 620АСН” хувийн машинаар ирэх замд дайвар ачаа давс гэж өгсөн боловч улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл гэдгийг мэдэхгүй болно.

Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Тодорхойлолт бичсэн Т.Е” гэсэн агуулгатай, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн огноотой, “Тодорхойлолт” нэртэй баримтыг хавсаргаж, /хэргийн 5 дугаар хуудас/ уг баримтыг гаалийн улсын байцаагч өөрийн гараар тодорхойлолт бичиж, надаар хуулуулан бичүүлж, миний эрхийг ноцтой зөрчсөн гэж маргажээ.

15. “Хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн зөрчлийн материал”-д дээрх баримттай ижил агуулга бүхий Т.Е бичсэн гэх “Тодорхойлолт” авагдсан байх ба хариуцагчаас гомдол гаргагчийн энэхүү маргааныг огт үндэслэлгүй, гомдолд хавсаргасан тодорхойлолтыг бичсэн бичиг нь миний бичиг биш, Т.Е өөрийн гараар бичсэн тодорхойлолтыг /хэргийн 27 дугаар хуудас/ зөрчлийн материалд хавсаргасан гэж тайлбарласан.

16. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх тул гомдол гаргагчийн маргасанчлан хариуцагч зөрчил гарсан талаар өөрөө тодорхойлсон баримт үйлдэж,  холбогдогчоор хуулж бичүүлэх замаар зөрчлийн нотлох баримт бүрдүүлсэн бол энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тохиолдол мөн боловч гаалийн улсын байцаагч нь ийнхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг гомдол гаргагч талаас өөр бусад байдлаар нотлоогүй. 

17. Шүүхийн зүгээс гомдолд хавсаргасан уг тодорхойлолт бүхий баримтыг хариуцагч бичсэн эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоох шаардлагагүй, энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзлээ. Учир нь Бүгд Найрамдах Казакстан Улсаас натрийн нитрит болон хүнсний фосфат бүхий бараа, бүтээгдэхүүнийг захисан гэх иргэн Б.А нь захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргагчийг төлөөлж оролцсон ба Т.Е шүүхэд гаргасан гомдлын агуулга, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулгаар иргэн Б.Азаматын захисан дээрх төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг Т.Е улсын хилээр нэвтрүүлэхээр оруулж ирсэн үйл баримт тогтоогдсон. Гаалийн улсын байцаагчийн хуулуулан бичүүлсэн гэх тодорхойлолт нь гомдол гаргагчийн гаргасан зөрчилтэй ижил агуулгатай, уг баримтад өөр төрлийн  зөрчил тусгагдаагүй байх тул зөрчлийн талаар хариуцагч тодорхойлолт үйлдэж, холбогдогч Т.Е уг тодорхойлолтыг хуулуулан бичүүлсэн гэх маргаан нь  зөрчлийг үгүйсгэх, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

18. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн нь натрийн нитрит, хүнсний фосфат бүхий бүтээгдэхүүн мөн эсэхийг гаалийн улсын байцаагч шинжилгээнд хамруулах замаар тухайн үед тогтоогоогүй гэж маргасан.

19. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-т Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ.”,  2.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”,1.6-д “шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийх;” гэж тус тус заасан.

20. Уг маргааны хувьд гаалийн хяналтын явцад зөрчилд холбогдогчийн хувийн тээврийн хэрэгслээс натрийн нитрит, хүнсний фосфат гэсэн хаягтай бараа, бүтээгдэхүүн илэрсэн, дээрх төрлийн бүтээгдэхүүн оруулж ирснийг тухайн үед гомдол гаргагч хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, гаалийн улсын байцаагчаас мөн зөрчилтэй барааг натрийн нитрит, хүнсний фосфат гэж үзсэн, хэргийн оролцогч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн өөр төрлийн бараа бүтээгдэхүүн байсан гэж маргаагүй.

21. Зөрчил шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан нь зөрчилтэй бараа бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилгээ хийлгэх үүргийг хэрэгжүүлээгүй ч зөрчилтэй бараа, бүтээгдэхүүний хаяг, шошго дэх барааны нэр төрөл, гомдол гаргагчийн мэдүүлснээр уг барааг натрийн нитрит, хүнсний фосфат гэж үзэж, энэ үндэслэлээр  оногдуулсан шийтгэл нь гомдол гаргагчийн эрхийг зөрчөөгүй гэж үзлээ.

22. Зөрчил шалгах ажиллагааны явцад гомдол гаргагч Т.Е нь Хүнсний тухай хуулийг зөрчиж, хүнсний бүтээгдэхүүн импортолсон зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон байх ба түүнд Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь  мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна.”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасантай нийцсэн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргагчийн шүүхэд гаргасан ”Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0091977 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 2,  6.14 дүгээр зүйлийн 6-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Т.Е шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0091977 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  М.РИЗА