Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0161

 

221/МА2023/0161

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Е-ийн гомдолтой

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Гомдол гаргагч Т.Е

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 110/2022/0068/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч Т.Е нь Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид холбогдуулан “... Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0091977 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

 

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 2, 6.14 дүгээр зүйлийн 6-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Т.Е-ийн шүүхэд гаргасан “... Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0091977 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Гомдол гаргагч Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн Т.Е нь бага хольцтой цөөхөн тооны нитригийн давсыг /хориотой бараа бүтээгдэхүүн эсэхийг шинжилгээнд хамруулан тогтоогоогүй/ дайвар ачаа болгон өөрийнхөө хувийн машинаар Казакстан улсаас Монгол улсад ирэхдээ тээшиндээ ирж байгаад хил дээр хураалгажээ. Гаалийн байцаагч Д.Б нь Т.Е-ийн гадаад паспорт болон бичиг баримтыг нь хурааж аваад хоёр өдрийн дараа Өлгийд очихдоо өгнө гэжээ. Тэгээд амралтын өдөр буюу бүтэн сайн өдөр Гаалийн газрын урьд дуудаж уулзсан. Туханй үед Б.А би Т.Е-тэй хамт очсон ба Т.Е 1 дэх өдөр буцаад хилээс гарах болсон учраас гадаад паспортоо яаралтай авах шаардлага гарч байсан. Байцаагчаас удаа дараа гуйж бичиг баримтаа авъя хэмээсэн. Гадаадын иргэн бичиг баримтыг хураан авсан үедээ ямар нэгэн бичиг үйлдээхгүйгээр дур мэдэн авсан. Гаалийн байцаагч түүний энэ байдлыг далимдуулан миний хэлсний хийвэл хэргийг хялбаршуулсан журмаар шийднэ бичиг баримтаа өгнө хэмээн Т.Е-т нэг бичиг өгөөд, чи үүнийг хуулж бич гээд бичүүлсэн. Т.Е-т гадаадын иргэн учраас монгол хэл мэдэхгүй, ойлгохгүй байсан. Түүний эрх үүргийг танилцуулаагүй. Гадаад иргэнд монгол хэл дээр байгаа байцаагчийн өөрийнх нь бичвэрийг хуулуулж бичүүлэн шийтгэл ногдуулсанд гомдолтой байна.

3.2. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлд зааснаар хориглосон барааг Монгол улсад оруулсан тохиолдолд хураан авч торгохоор заасан. Гэтэл Т.Е нь уг бодисыг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулаагүй хяналт шалгалтын байцаагчид мэдүүлж, Монгол улсад хориглосон барааг хууль бусаар оруулсан нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэхээр заасан. Т.Е нь оруулахаар завдсан гэвэл завдсан үйлдэлд уг зүйл заалт үйлчлэхгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн.

3.3. Иймд шүүхийн шийдвэр болон нэг сая төгрөгөөр торгосон шийтгэлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон холбогдох хуулийг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэж, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.

 

3. Гомдол гаргагчийн давж заалдах гомдолд дурдсан “... гаалийн улсын байцаагч миний энэ байдлыг далимдуулан миний хэлснийг хийвэл хэргийг хялбаршуулсан журмаар шийднэ, бичиг баримтыг нь өгнө, ... Т.Е-т нэг бичиг өгөөд, чи үүнийг хуулж бич гээд бичүүлсэн, ... Т.Е гадаадын иргэн учраас монгол хэл мэдэхгүй, ойлгохгүй байсан, ... түүнд эрх үүрэг танилцуулаагүй, ... бичвэр хуулж бичээд шийтгэл ногдуулсанд гомдолтой, ... хориглосон барааг хилээр нэвтрүүлээгүй” гэх гомдлыг хүлээн авч, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үйл баримт тогтоогдсонгүй.

 

4. Зөрчлийн материалд 0001357 дугаартай Бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудас бүхий баримтад натрийн давс 14 кг, фосфат 1 кг тус тус хураасан гэж тэмдэглэгдэж, уг барааг гомдол гаргагчаас хилээр нэвтрүүлэхээр болсон нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно” гэж заасныг зөрчсөн байх тул хариуцагч улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.

 

5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна”, 2-т “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэйн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч  хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана” гэж зааснаар гаалийн улсын байцаагчаас холбогдох ажиллагааг явуулж, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд гаалийн улсын байцаагч нь монгол хэл мэдэх эсэхийг асуухад нэхэмжлэгч мэднэ, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

6. Нэгэнт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Е нь эрх бүхий албан тушаалтанд монгол хэл мэднэ гэж мэдэгдэж, монгол хэл дээр мэдүүлэг өгч, гарын үсэг зурсан байхад түүнийг монгол хэл мэдэхгүй гэх үндэслэлээр тухайн гаргасан зөрчлийг зөвтгөж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй юм.

 

7. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх тул гомдол гаргагчийн “... зөрчил гарсан талаар өөрөө тодорхойлсон баримт үйлдэж, холбогдогчоор хуулж бичүүлсэн” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Тодруулбал, хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тайлбарыг үгүйсгэж, гомдол гаргагчтай холбоотойгоор “... Т.Е нь Монгол Улсад байнга зорчдог, урд нь мөн зөрчлийн улмаас удаа дараа торгох шийтгэл хүлээж байсан, тэр үед монгол хэл мэднэ гэж мэдүүлж, монгол хэл дээр тайлбар мэдүүлэг өгч байсан” гэж холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгснөөр үгүйсгэгдэж байна.

 

8. Иймд зөрчил шалгах ажиллагааны явцад гомдол гаргагч нь Хүнсний тухай хуулийг зөрчиж, хүнсний бүтээгдэхүүн импортолсон зөрчил гаргасан нь нотлох баримтаар тогтоогдож байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН