Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/02801

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        06          16                                     101/ШШ2022/02801         

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоот хаягт байрлах, “БГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Д.Д-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 21,200,551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Н, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “БГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

Зээлдэгч Д.Д нь тус компанитай 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр №2102130010000078 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан машин худалдаж авах буюу лизингийн нөхцөлөөр 14,312,000 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийг манай компанийн зүгээс зээлдэгчийн гарын үсгээ зурж баталгаажуулан, хүлээн зөвшөөрсөн автомашиныг худалдсан “ЭЦ” ХХК-ийн 0 тоот дансанд нэг хувийн шимтгэл аван, бүрэн гүйцэд “ЭЦ” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн байдаг. Уг зээлийн барьцаанд тухайн худалдан авч буй автомашин болох 00-00 УАА улсын дугаартай сувдан цагаан өнгийн 0 арлын дугаартай, Toyota Prius-30 маркийн автомашиныг барьцаалан унаж явах нөхцөлтэй дээрх зээлийг авсан. /зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр/

Тэрээр 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн cap болгоны 13-ны өдөр үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөхөөр зээлийн хуваарь гаргуулсан боловч дээрх хуваарийн дагуу зээлээ төлөөгүй эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн.

Тэрээр зээл авснаасаа хойш 2019.10.24-нд 800,000 төгрөг, 2019.11.19-нд 100,000 төгрөг, 2019.12.09-нд 480,000 төгрөг, 2019.12.25-нд 623,000 төгрөг, 2020.01.22-нд 667,000 төгрөг, 2020.03.05-нд 678,000 төгрөг, 2020.05.30-нд 650,000 төгрөг, 2020.06.10-нд 640,000 төгрөг, 2020.06.18-нд 200,000 төгрөг, 2021.08.19-нд 1,443,000 төгрөг, 2020.10.13-нд 1,44500,000 төгрөг, нийт 7,726,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш өөр төлөлт огт хийлгүй, гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлөлт хийх хугацааг хэтрүүлсэн.

Гэрээний 5.1-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг 2021.10.19-ний өдрөөр тооцож нэхэмжлэл гаргасан, тэрээр зээлийн гэрээгээр тохирсон эргэн төлөх үүргээ биелүүлээгүй 332 хоног болсон.

Зээлдэгч Д.Д-ийн зээл авах үед бүртгүүлсэн утасны дугаараар холбоо барьж удаа дараалан зээлээ төлөхийг шаардсан ч зээлийн үлдэгдэл өр төлбөрийг төлөөгүй, гэрийн хаягаар очиж зээлээ төлөхийг шаардсан боловч зээл төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Түүнээс гадна энэ зээлийг тэгж байгаад боломжтой үедээ төлнө гэх ойлгомжгүй, гэрээнд байхгүй тайлбарыг өгдөг. Түүнд зээлийн гэрээнд заасны дагуу зээлээ төлөхийг шаардан мэдэгдэх хуудас өгч, утсаар ярьж, ирж уулзахыг удаа дараа шаардсан боловч төлөх ямар нэг үйлдэл хийгээгүйгээс гадна №2102130010000078 тоот барьцаат зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан дээрх барьцааны хөрөнгө автомашиныг бусдад дамжуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болгосон.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг шаардсан болохоос барьцааны үүрэг шаардаагүй бөгөөд уг тээврийн хэрэгслийг алдсан гэх өргөдлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б цагдаад гаргасан нь энэ хэрэгт хамааралгүй. Түүний өргөдөлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн, талуудаас гэрчийн тайлбар авсан, манайхыг хохирогчоор тогтоогоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй, барьцааны зүйл автомашиныг өөрийн ажилтан болох н.А-д шилжүүлэн өгсөн, одоо хаана байгаа болох нь мэдэгдэхгүй, зээлдэгч барьцааны зүйлийг бодитойгоор гаргуулан аваагүй болно. Автомашин алдагдсан талаар “БГ” ХХК-иас өргөдөл гаргаж шалгуулаагүй гэдгийг цагдаа тодорхойлсон байдаг.

Гэтэл манайхыг барьцааны зүйлийг авчихсан гэсэн хардлага хариуцагчид байдаг, гэтэл Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтаар өмчлөл нь манай нэр дээр бүртгэлтэй хэвээр байгаа нь тогтоогддог.

Зээлийн гэрээнд заасан дансанд мөнгийг шилжүүлэх хүсэлтийг Д.Д гаргасан бөгөөд түүний хүсэлтийн дагуу мөнгийг шилжүүлсэн. Гэрээний талаар талууд маргаагүй мөртлөө мөнгийг хүлээж аваагүй гэдгийг зөвшөөрөхгүй.

Барьцааны гэрээний 1.9-д зээл төлөх мэдэгдлийг авснаас хойш зээл төлөөгүй бол мэдэгдэх хуудас хүргүүлснээс хойш 15 хоногийн дараа барьцаалагч барьцаа хөрөнгийг бусдад худалдан борлуулах замаар хохирлыг барагдуулахаар  заасан.

Зээлдэгчийн зүгээс Ковидтой холбоотой үйл ажиллагаа доголдсон, үүнтэй холбоотойгоор зээлийн хүү хойшлуулах хүсэлтийг ирүүлж байгаагүй.

Үндсэн зээлийн үлдэгдэл болох 11,713,875 төгрөгийг, гэрээнд заасан * 2,8 хувь=327,988,5 төгрөг, 30 хоногт хуваахаар 10,932.95 төгрөг, 332 хоногоор үржүүлэхээр 3,629,739 төгрөг,

Үндсэн зээлийн болон хүүний өр болох 11,713,875 төгрөгийг *0,5 хувь/алданги/=58,569 төгрөг /өдрийн алданги/ хугацаа хэтэрсэн хүүний хоног болох 332 хоног 19,444,908 төгрөг болно./Үндсэн зээлийн тавин хувиас хэтрэхгүй тул үндсэн зээл 11,713,875 төгрөгийн*50%=5,856,937 төгрөг болно.

Иймд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 11,713,875 төгрөг, үндсэн хүү 3,629,739 төгрөг, алданги 5,856,937 төгрөг, нийт 21,200,551 төгрөгийг зээлдэгч Д.Д-ээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Э.Н-ын хамт шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:  

Д.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “БГ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 14,168,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй зээлсэн. Мөн “БГ” ХХК-тай 2019 оны 09 сарын 13-ны өдөр өмчлөл шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ байгуулж зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Тоёота приус 30 маркын 0000УАА улсын дугаартай авто машинаар хангуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Дэлхий нийтийг хамарсан цар тахалт өвчин Ковид 19 гарснаас хойш улс даяар хөл хорио тогтоосон боловч Д.Д нь өөрийн боломжоор ХААН банкны 0 тоот данснаас 2019 оны 10 сарын 24-ний өдрөөс 2020 оны 06 cap хүртэл төлберөө төлж явсан, харин 2021 онд огт төлөлт хийгээгүй.

“БГ” ХХК нь улс даяар хөл хорио тогтоосныг үл тоон 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тоёота приус 30 маркын 0000УАА улсын дугаартай авто машиныг биет байдлаар ажилтан Э.М нь хурааж авсан мөртлөө бусдад алдсан болох нь Цагдаагийн байгууллагад өгсөн түүний мэдүүлэг, мөн гэрч н.Ч-ын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэгт “БГ” ХХК-ийг хохирогчоор тогтоосон гэж мөрдөгч нь хэлсэн, ийнхүү тогтоосон талаарх баримт байхгүй.   

Уг автомашины зах зээлийн ханш 20,000,000 төгрөг, хэрэв “БГ” ХХК нь тус машиныг бусдад худалдан борлуулсан бол илүү гарсан зөрүүг Д.Д-т буцаан олгох ёстой.  

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь барьцааны зүйлийг өөрийнхөө эзэмшилд авснаар үүргийн гүйцэтгэлийг бодитоор хангуулсан, түүнчлэн уг тээврийн хэрэгсэл алдагдсан асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэлтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл бий болсон гэж үзэж байна. Хэрэв цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслийг олж тогтоовол түүнийг өмчлөгч болох нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх болчихоод байна. 

ХААН банкны Ц.Д-ийн данснаас Д.Д-т 14,168,800 төгрөг шилжүүлсэн, ЭЦ ХХК нь зээлийн тооцоолол хийснээс үзэхэд дахин зээлийн гэрээний үүрэг шаардах нөхцөл болох ба тэрээр тус ББСБ-ын ажилтан гэдэгтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн зээлдэгчийн илүү төлөлтөөс хоногийн 0,5 хувийн алданги тооцсоныг зөвшөөрөхгүй.

Иймд “БГ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэл, “БГ” ХХК-иас Ж.Г, Х.Л нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “ХААН банк” ХХК дахь 0 тоот дансны 2019.10.02-ны өдрийн хуулга, эргэн төлөлтийн хуваарь, 2019.09.13-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Авто тээврийн үндэсний төвд хүргүүлсэн албан бичиг, мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэл, 2021.11.29-ний өдрийн 01/003552 дугаартай албан бичиг, салбарын гэрчилгээ, мэдэгдэх хуудас хүлээн авсан тухай тэмдэглэл, нэхэмжлэл, нэхэмжлэлийн дүнгийн дэлгэрэнгүй тооцоолол, 2022.06.16-ны өдрийн 02/424 дугаартай албан бичиг /1хх-ийн 3-14, 31-36, 2хх-ийн 5/ зэрэг баримтыг,

Хариуцагчаас: Д.Д-ээс Д.Б-д олгосон итгэмжлэл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, машины зураг, Ц.А-ны мэдээлэл, 0220601086 дугаартай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 22, 25, 27, 29-30, 153, 193/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс: Хариуцагчийн хүсэлтээр “ХААН банк” ХХК-иас Ц.Д-ийн 0, 0 тоот данснуудын 2019.09.13-ны өдрөөс 2011.11.29-ний өдрийг хүртэлх хуулга, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс 2021.12.15-ны өдрийн 26ж3-3/5441 тоот албан бичиг, С.О-ийн гэрчийн мэдүүлэг, Д.Ч-ын гэрчийн мэдүүлэг, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022.01.14-ний өдрийн 26иа2/462 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс хэрэг бүртгэлтийн 0220601086 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан Д.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн гэрчүүдийн бүхий л мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвөөс 0000 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 53-125, 127, 140-144, 164, 205-217, 242-250, 2хх-ийн 1-4 / зэрэг баримтуудыг тус тус бүрдүүлсэн байна.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч “БГ” ХХК нь хариуцагч Д.Д-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11,713,875 төгрөг, хүү 3,629,739 төгрөг, алданги 5,856,937 төгрөг, нийт 21,200,551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “БГ” ХХК болон хариуцагч Д.Д нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2102130010000078 тоот зээлийн гэрээ /ХХК-ны унах/ байгуулагдсан байх ба зээлдүүлэгч нь 14,312,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зориулалттай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл болон хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу эргүүлэн төлөх, хуваарьт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээл, хүүгийн өрийн дүнгээс 0,5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчид төлөх, гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийг зээлдүүлэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /1 хх-ийн 9-10/

 

Талууд мөн өдөр 2010 онд үйлдвэрлэсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн, 0000 УАА улсын дугаартай, Тоёота Приус маркийн, автомашиныг барьцаалж,  Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан, уг гэрээний дагуу “БГ” ХХК нь гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. /1хх-ийн 11-12/

 

Зээлдүүлэгч нь гэрээний үүрэг 14,312,000 төгрөгийг гэрээнд зээлдэгчийн  хүлээж авахаар тусгасан “ЭЦ” ХХК-ийн ХААН банк ХХК дах 0 тоот дансанд шилжүүлсэн, Ц.Д нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд ажилладаг болох нь тогтоогдож байна. /1 хх-ийн 7-8, 2хх-ийн 5/ 

 

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, зээлдүүлэгч нь гэрээнд заасан дансанд гэрээний зүйлийг шилжүүлэн өгсөн, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар тус тус тохиролцсон нь тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээл эргэн төлөх хуваарийг зээлдэгч зөрчсөн, тэрээр 2021.08.19-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг 332 хоногоор хэтрүүлсэн, үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч биелүүлээгүй тул гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу 2021.10.19-ний өдрөөр тооцон гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргасан тул үндсэн зээлийн үлдэгдэл 11,713,875 төгрөг, үндсэн хүү 3,629,739 төгрөг, алданги 5,856,937 төгрөг, нийт 21,200,551 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч нь барьцааны зүйл тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч нь өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар гэрээний үүрэг дуусгавар болсон, түүнчлэн барьцааны зүйлийн талаар эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь  зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 36 сар, тодруулбал 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаатай, зээл, түүний хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл болно. 

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т: “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан.

 

Зээлдэгч нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-т зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг тохиролцсон, 5.2.3-т: “Зээлдэгч нь зээлийн хүү болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг 7 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн” гэж заажээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2019.10.24-ний өдрөөс 2021.08.19-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 2,598,125.07 төгрөг, хүүд 4,926,248.29 төгрөг, нийт 7,726,000 төгрөг төлсөн, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, мөн өдрөөс хойш эргэн төлөлт хийгдээгүй болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргасангүй. /1 хх-ийн 36/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.6-т заасан зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зөрчсөн, зээл төлөхийг 2021.03.03, 2021.09.02, 2020.08.20-ны өдөр тус тус зээлдэгчид мэдэгдсэн, ийнхүү мэдэгдэл хүргүүлснээс хойш төлөлт хийгдээгүй зэргээс үзэхэд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгчийн зүгээс түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзнэ. /1хх-ийн 4, 31,34/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар зээлдүүлэгч нь гэрээ цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, түүнчлэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан зэргээс үзэхэд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна. 

 

Зээлдэгч нь гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн,  2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч “БГ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус хуулийн этгээдийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл хэсэгт “барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ” гэсэн байна. /1хх-ийн 6/

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй”,

286.2-т: “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно гэж заасан.

 

Дээрхээс үзэхэд барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцаа нь зээлдэгчээс хөдлөх хөрөнгийг барьцаалах, зээлдэгч зээл, хүүгээ хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар  гэрээний үүргийг хангуулах шинжтэй. 

 

0000 УАА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “ЭЦ” ХХК, мөн өдөр  Д.Д, талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ /фидуци/-ний дагуу “БГ” ХХК тус тус бүртгэгдсэн болох нь Авто тээврийн Үндэсний төвийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №142 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн бармтаар тогтоогдсон. /1ххийн 242-250, 2 хх-ийн 1-4/

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т “Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй” гэж зааснаас үзэхэд барьцаалан зээлдэх газар нь барьцааны зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй байх бөгөөд нэхэмжлэгч барьцааны зүйл болох авто машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь 0000 УАА тээврийн хэрэгсэл алдагдсан гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан, уг гомдолд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх ба уг ажиллагааны явцад өргөдөл гаргагч Д.Б, “БГ” ХХК-ийн ажилтан Э.М нараас гэрчийн мэдүүлэг авчээ. /1хх-ийн 205-217/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т: “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-т: “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” бол гэж заасан.

 

Дээр дурдсан хэрэг бүртгэх ажиллагааны явцад зохигч талуудыг хохирогчоор оролцуулаагүй байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь барьцааны зүйлийг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсан, ийнхүү авснаар бусдад алдсантай холбоотой эрүүгийн журмаар шалгаж байгаа болох нь тогтоогдсон гэж үзэхээргүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьд зээл олгохдоо хөдлөх эд хөрөнгө барьцаалах ёстой байтал фидуцийн буюу өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Гэвч уг гэрээний талаар хариуцагч шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2019.09.13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг 2021.10.19-ний өдрөөр тооцон цуцалж байх тул энэ өдөр хүртэлх хугацааны гэрээний үр дагаварыг шийдэх учиртай.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Д.Д нь 2019.10.13-ны өдрөөс 2021.10.13-ны өдөр хүртэлх 25 сарын хугацаанд  үндсэн зээл 14,200,000 төгрөг, хүү 9,940,000 төгрөг, нийт 24,140,000 төгрөг төлөхөөс түүний төлсөн 7,726,000 төгрөгийг хасч тооцоход 16,414,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

/14,200,000төгрөгх2,8%=397,600төгрөгх25сар=9,940,000төгрөг/

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасан.

 

Барьцаалан зээлдүүлэх газрын алданги шаардах эрх дээрх хугацаагаар тооцогдох тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалсан 2021.10.13-ны өдрийн гэрээний үүрэг 16,414,000 төгрөгөөс алдангийг тооцож, 820,700 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

/16,414,000төгрөгх0,5%=82,070төгрөгх10хоног=820,700 төгрөг/

 

Иймд хариуцагч Д.Д-ээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүүд 16,414,000 төгрөг, алданги 820,700 төгрөг, нийт 17,234,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БГ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,965,851 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.3, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус зааснаар хариуцагч Д.Д-ээс зээлийн гэрээний үүрэгт 17,234,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БГ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,965,851 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжид 244,124 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БГ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШЗ2021/20962 дугаар захирамжийн 2 дах заалтаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ