Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01655

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/02801 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Д т холбогдох, 21,200,551 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Иргэн Д.Д нь тус компанитай 2019 оны 09 сарын 13-ны өдөр №0000000000000000 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан машин худалдан авах буюу лизингийн нөхцөлөөр 14,312,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийг манай компанийн зүгээс зээлдэгчийн гарын үсгээ зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн автомашиныг худалдсан Э ХХК-ийн 0000000000 тоот дансанд нэг хувийн шимтгэл аван бүрэн гүйцэд шилжүүлсэн. Уг зээлийн барьцаанд тухайн худалдан авч буй автомашин болох 00-00 ААА улсын дугаартай сувдан цагаан өнгийн ААА000000000 арлын дугаартай Toyota Prius-30 маркийн автомашиныг барьцаалан унаж явах нөхцөлтэй дээрх зээлийг авсан. Тэрээр зээл авснаас хойш нийт 7,726,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийлгүйгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн. Гэрээний 5.1-д зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг 2021 оны 10 сарын 19-ний өдрөөр тооцож нэхэмжлэл гаргасан, тэрээр зээлийн гэрээгээр тохирсон эргэн төлөх үүргээ биелүүлээгүй 332 хоног болсон. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг шаардсан болохоос барьцааны үүрэг шаардаагүй бөгөөд уг тээврийн хэрэгслийг алдсан гэх өргөдлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б цагдаагийн газарт гаргасан нь энэ хэрэгт хамааралгүй. Зээлийн гэрээнд заасан дансанд мөнгийг шилжүүлэх хүсэлтийг Д.Д гаргасан бөгөөд түүний хүсэлтийн дагуу мөнгийг шилжүүлсэн. Гэрээний талаар талууд маргаагүй атлаа мөнгийг хүлээж аваагүй гэдгийг зөвшөөрөхгүй. Барьцааны гэрээний 1.9-д зээл төлөх мэдэгдлийг авснаас хойш зээл төлөөгүй бол мэдэгдэх хуудас хүргүүлснээс хойш 15 хоногийн дараа барьцаалагч барьцаа хөрөнгийг бусдад худалдан борлуулах замаар хохирлыг барагдуулахаар заасан. Зээлдэгчийн зүгээс Ковидтой холбоотой үйл ажиллагаа доголдсон, үүнтэй холбоотойгоор зээлийн хүү хойшлуулах хүсэлтийг ирүүлж байгаагүй. Иймд 2021 оны 10 сарын 11-ний өдрийн байдлаар тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 11,713,875 төгрөг, үндсэн хүү 3,629,739 төгрөг, алданги 5,856,937 төгрөг, нийт 21,200,551 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Д.Д 2019 оны 09 сарын 13-ны өдөр Б ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 14,168,000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2.8 хувийн хүүтэй зээлж авсан. Мөн Б ХХК-тай 2019 оны 09 сарын 13-ны өдөр өмчлөл шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ байгуулж зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох Тоёота приус-30 маркийн 00-00 ААА улсын дугаартай автомашинаар хангуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарснаас хойш улс даяар хөл хорио тогтоосон боловч Д.Д нь Хаан банкны 0000000000 тоот данснаас 2019 оны 10 сарын 24-ний өдрөөс 2020 оны 06 cap хүртэл төлбөрөө төлж явсан, харин 2021 онд огт төлөлт хийгээгүй. 2021 оны 05 сарын 26-ны өдөр Тоёота приус-30 маркийн 00-00 ААА улсын дугаартай автомашиныг биет байдлаар ажилтан Э.М хурааж авсан атлаа бусдад алдсан болох нь Цагдаагийн байгууллагад өгсөн түүний мэдүүлэг, мөн гэрч н.Ч ын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэгт Б ХХК-ийг хохирогчоор тогтоосон гэж мөрдөгч хэлсэн, ийнхүү тогтоосон талаарх баримт байхгүй. Уг автомашины зах зээлийн ханш 20,000,000 төгрөг. Хэрэв Б ХХК тус автомашиныг бусдад худалдан борлуулсан бол илүү гарсан зөрүүг Д.Д т буцаан олгох ёстой. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд авснаар үүргийн гүйцэтгэлийг бодитоор хангуулсан, түүнчлэн уг тээврийн хэрэгсэл алдагдсан асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл тогтоодсон байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл бий болсон гэж үзэж байна. Хэрэв Цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслийг олж тогтоовол түүнийг өмчлөгч болох нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх болчихоод байна. Хаан банкны Ц.Д ийн данснаас Д.Д т 14,168,800 төгрөгийг шилжүүлсэн, Э ХХК-ийн зээлийн тооцоолол хийснээс үзэхэд дахин зээлийн гэрээний үүрэг шаардах нөхцөл байдал бий болох ба тэрээр тус ББСБ-ын ажилтан гэдэгтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн зээлдэгчийн илүү төлөлтөөс хоногийн 0.5 хувийн алданги тооцсоныг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Д ээс зээлийн гэрээний үүрэгт 17,234,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,965,851 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Д ээс улсын тэмдэгтийн хураамжид 244,124 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт тус тус заасан шаардлагыг хангаагүй.

4.а. Д.Д нь Б ХХК-тай 2019 оны 09 сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 14,168,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлэн авч мөн өдрөө фидуцийн гэрээ буюу өмчлөл шилжүүлэх гэрээ байгуулж Тоёота приус маркийн 00-00 ААА улсын дугаартай автомашинаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш 7,726,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан. Улмаар Б ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн гэж Д.Д т мэдэгдэж 2019 оны 09 сарын 13-ны өдрийн фидуцийн гэрээний дагуу Тоёота приус маркийн 00-00 ААА улсын дугаартай автомашиныг 2021 оны 05 сарын 26-ны өдөр хурааж авсан нь баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч Б ХХК-нь өмчлөлдөө шилжүүлж авсан эд хөрөнгө болох Тоёота приус маркийн 00-00 ААА улсын дугаартай автомашиныг бодитойгоор гаргуулан авсан байхад Д.Д т хохиролтой шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.б. Мөн тус автомашин хэзээ алдагдсан талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байгаа бөгөөд үүнтэй холбоотой баримтууд иргэний хэрэгт авагдсан байгаа. Мөн дээрх эрүүгийн хэрэгт авагдсан мэдүүлгээр Б ХХК-ийн ажилтан Э.М өмчлөл шилжүүлэх гэрээний дагуу Тоёота приус маркийн 00-00 ААА улсын дугаартай автомашиныг хүлээн авснаа мэдүүлсэн болно. Гэтэл анхан шатны шүүх ...нэхэмжлэгч нь зөвхөн гэрээний үүрэг шаардсан хариу тайлбар болон нотлох баримтууд хэрэгт ач холбогдолгүй... гэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж, хэрэгсэхгүй болгох, эсхүл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг буцааж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний нөхцөлөө хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо талууд бүрэн харилцан илэрхийлж байгуулсан. Зээлдүүлэгч нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчийн зааж өгсөн гэрээн дээрх данс руу шилжүүлсэн, зээлийн хэмжээ, хүү, хугацаа хэтрүүлвэл алданги тооцох болон барьцаа хөрөнгийг зээлдэгчийн эзэмшилд үлдээх, бүрэн бүтэн байдлыг хариуцах талаар тусгаж харилцан тохиролцож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн харилцаа, эрх, үүрэг үүссэн. Зээлдэгч зээлийг төлөх үүргийг хүлээсэн, зээлийн гэрээ, зээлийг хүлээн авсан, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр зэрэгт талууд огт маргаагүй. Зээлдэгч нь зээлийн болон барьцааны гэрээний үүргээ зөрчиж зээлээ төлөхөө больсон, мөн барьцааны зүйлийг барьцаалуулагчид мэдэгдэлгүйгээр бусдад шилжүүлэн өгч унуулж, ашиглуулж байгаад тухайн хүнээсээ олж авч чадаагүй алга болгосон. Гэрээнд зээлийн эргэн төлөлтийг 7 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн бол зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар заасан. Учир нь зээлдэгч барьцаа болох автомашиныг зээлдүүлэгчид авчирч өгөөгүй, хүлээн өгсөн тухай акт тэмдэглэл байхгүй, машиныг хүлээн авч худалдан борлуулах ажиллагаа хийгдээгүй, тухайн автомашин хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Зээлдэгч зээлээ ч төлөөгүй, барьцаа хөрөнгөө ч авчирч өгөөгүй. Барьцаа хөрөнгийг зөвхөн зээлдэгч Д өөрийн эзэмшил, ашиглалтдаа унаж ашиглаж байхаар заасан. Д.Д ийн нөхөр буюу хамтран зээлдэгч н.Б нь цагдаагийн байгууллагад автомашинаа алдсан, олж өгөх талаар өргөдөл гаргаснаас харахад зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч нар өөрсдийн буруутайгаас болж автомашинаа алдчихаад зээлдүүлэгчид байгаа мэтээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр шаардсан тухай нэхэмжлэлтэй хэргийг зөв шийдвэрлэсэн. Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэрэг нь иргэний хэрэгт хамааралгүй, тусдаа хуулийн зохицуулалт, тусдаа хариуцлага хүлээх этгээдүүдтэй байна. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ...автомашин танайд байгаа, тэрийг зарж зээлийн үүргийг хангачихсан шүү дээ... гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Зээлдүүлэгч байгууллагын тээврийн хэрэгсэл хадгалах газрын сахиулаас авсан гэрчийн мэдүүлэг, Б ХХК-аас автомашин алдсан талаар дуудлага бүртгэгдээгүй тухай албан бичиг, байгууллагын ажилтны мэдүүлэг зэргээс харахад автомашин зээлдүүлэгчид байхгүй, эзэмшилдээ огт аваагүй, одоо хүртэл бусдад зараагүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаа автомашиныг хүлээн авч, бодитоор худалдан борлуулаагүй нь хангалттай нотлогдсоор байхад ...автомашиныг аваачаад өгчих гээд унаж байсан хүнээрээ явуулсан, танай ажилтан машин дотор орж сууж байсан учраас автомашинаар зээлийн үүргийг хангуулсан гэж үзнэ, тиймээс барьцаа автомашиныг өгөхгүй, зээлийн өр төлбөрийг төлөхгүй... гэж үндэслэлгүйгээр маргаж, энэ агуулгаар давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Д.Д т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 11,713,875 төгрөг, хүү 3,639,739 төгрөг, алданги 5,856,937 төгрөг, нийт 21,200,551 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч ...зээлийн гэрээний үүргийг автомашиныг бодитойгоор гаргуулан авч хангуулсан атлаа зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй... гэж бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Талууд 2019 оны 09 сарын 13-ны өдөр 0000000000000000 тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Б ХХК нь зээлдэгч Д.Д т 14,312,000 төгрөгийг нэг сарын 2.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар, автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч Д.Д нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг буцаан төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /1хх 9-10/

Талууд мөн өдөр 0000000000000000 тоот Барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 00-00 ААА улсын дугаартай Тоёота Приус /Toyota Prius/ маркийн автомашиныг барьцаалахаар харилцан тохиролцсон байна. /1хх 11-13/

 

4.   Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үндсэн үйл ажиллагааг Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэж дурдсанаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ нь мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний нэг төрөл тус шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ уг зүйлийг баримтлах учиртай. Энэ агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Хэрэгт авагдсан Тээврийн хэрэгслийн лавлагаа-наас үзвэл 2019 оны 09 сарын 13-ны өдөр 0000000000000000 тоот Барьцааны гэрээ-ний зүйл болох 00-00 ААА улсын дугаартай Тоёота Приус /Toyota Prius/ маркийн автомашиныг зээлдүүлэгч Б ХХК өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна. /1хх 243/

Иймд Б ХХК-ийг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт Барьцаалан зээлдэх газар нь ... гэрээний хугацаанд барьцааны ... зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй гэснийг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдүүлэх газар нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулах эрхгүй юм.

Нэхэмжлэгч Б ХХК нь 2019 оны 09 сарын 13-ны өдөр 0000000000000000 тоот Барьцааны гэрээ-тэй холбоотой шаардлага гаргаагүй тул дээрх нөхцөл байдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

5.   Талуудын байгуулсан 2019 оны 09 сарын 13-ны өдөр 0000000000000000 тоот Зээлийн гэрээ-ний 1.3-т Зээлдэгчийн мөнгө хүлээн авах дансны дугаар: Хаан 0000000000 , Данс эзэмшигчийн нэр: Э гэж тусгажээ. /1хх 9-10/

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан тул Ц.Д гэх этгээдээс 2019 оны 10 сарын 02-ны өдөр 0000000000 тоот дансанд АА00000000 Д ААА000000000 гэх утгатайгаар 14,168,880 төгрөгийг шилжүүлснийг зээлдүүлэгч Б ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнд тооцно.

Иймд нэхэмжлэгч Б ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дахь хэсэгт зааснаар зээл, хүүг хариуцагч Д.Д ээс шаардах эрхтэй.

6.   1-р хавтаст хэргийн 36 дугаар талд хариуцагч Д.Д ээс нэхэмжилж буй үнийн дүнгийн дэлгэрэнгүй тооцоолол авагдсан, уг тооцоололтой хариуцагч тал маргаагүй.

Дээрх тооцооллоос үзвэл, хариуцагч Д.Д нь 2019 оны 10 сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 7,726,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн, уг хугацаанаас хойш төлбөр төлөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2021 оны 10 сарын 08-ны өдрийн байдлаар зээл 11,713,875 төгрөг, хүү 3,629,739 төгрөг, нийт 15,343,614 төгрөгийн үүргийг хүлээхээр байна.

Иймд нэхэмжлэгч Б ХХК нь Д.Д тэй байгуулсан Зээлийн гэрээ-г Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар цуцалж, цуцлах хүртэлх үүргийг шаардах эрхтэй гэж үзэх тул хариуцагч Д.Д ээс 15,343,614 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгох нь зүйтэй.

 

7. Харин алдангийн талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Тодруулбал, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэж заасан байтал нэхэмжлэгч Б ХХК алдангийн хэмжээг 0.5 хувиар тооцон шаардсан байх тул алдангийг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Б ХХК алданги шаардсан байхад анхан шатны шүүх Иргэний хуульд заасан алдангийн талаарх зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

8. ...Зээлийн гэрээний үүргийг автомашиныг бодитойгоор гаргуулан авч хангуулсан атлаа зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй... гэх агуулгаар гаргасан хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь, хэргийн баримтаар 00-00 ААА улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг нэхэмжлэгч бодитойгоор гаргуулан авсан үйл баримт тогтоогдохгүй байхаас гадна өмнө дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 0000000000000000 тоот Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй тул Б ХХК нь уг гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй юм.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/02801 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.3, 232 дугаар зүйлийн 232.4-т... гэснийг ...281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт... гэж, ...17,234,700 төгрөг... гэснийг ...15,343,614 төгрөг... гэж, ...3,965,851 төгрөгт... гэснийг ...5,856,937 төгрөгт... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...244,124 төгрөг... гэснийг ...234,668 төгрөг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 244,123 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Д.НЯМБАЗАР