Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2020/03161

 


2020 12 14 183/ШШ2020/03161

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Ай Си Си тауэр 0 давхарт байрлах, Х Банк ХХК ХХК /РД:00000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Наадамчдын гудамж, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, З.Б /РД:00000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Наадамчдын гудамж, 0 байр, 0 тоот хаягт оршин суух, Б.Ч /РД:0000000000/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 469,760,070 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, Т.О Б.М, хариуцагч нарын төлөөлөгч Л.Г нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х Банк ХХК ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэн З.Б, Б.Б, Б ХХК нартай Х Банк ХХК ХХК-тай дараах зээлийн гэрээнүүдийг байгуулсан. Үүнд:

1. Доор олгосон №00000, №00000, №0000000 дугаартай 3 гэрээг нэгтгэж 2020.03.23-ны өдөр зээлдэгч З.Б, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Б, Б ХХК нартай байгуулж, 374,552,317 төгрөг, 365 хоногт 19,2 хувийн хүүтэй, 49 сарын хугацаатай,

a)    2019.04.26-ны өдөр №00000 дугаар зээлийн гэрээг зээлдэгч З.Бтай байгуулж, гэрээгээр 140,000,000 төгрөгийг, 365 хоногт 18,60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай,

b)    2019.04.09-ний өдөр №00000 дугаар зээлийн гэрээг зээлдэгч З.Бтай байгуулж, 176,000,000 төгрөгийг, 365 хоногт 17,40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай,

c)    2019.11.01-ний өдөр №0000000 дугаар зээлийн гэрээг зээлдэгч З.Б, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Б, Б ХХК нартай байгуулж, 100,000,000 төгрөгийг, 365 хоногт 22,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай,

 

2. 2019.03.05-ны өдөр №000000000 дугаар зээлийн гэрээг зээлдэгч З.Бтай байгуулж, гэрээгээр 30,000,000 төгрөгийг, 365 хоногт 16,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,

3. 2019.01.02-ны өдөр 0000000 дугаартай Кредит карт эзэмших гэрээг зээлдэгч З.Бтай байгуулж, гэрээгээр 30,000,000 төгрөгийг, 365 хоногт 16,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,

4. 2017.09.20-ны өдөр 0000000дугаартай Кредит карт эзэмших гэрээг зээлдэгч З.Бтай байгуулж, зээлийн эрхийн хэмжээ 7,000,000 төгрөг, бэлэн мөнгөний гүйлгээний жилийн хүү 24 хувь, худалдан авалтын гүйлгээний хүү жилийн 20 хувь байхаар тус тус гэрээ байгуулсан.

 

-       Нэгтгэсэн 3 зээлийн гэрээнүүдийн холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж 000000 дугаартай зээлийн үндсэн зээлийн төлбөр 374,552.317 төгрөг, 2020 оны 9 сарын 14-ний өдөр хүртэлх хүү 44,108,628 төгрөг,

-       000000000 дугаартай зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10,000,000 төгрөг, 2020 оны 9-р сарын 14-ний өдөр хүртэлх хүү 311,240 төгрөг,

-       0000000 дугаартай кредит картын үндсэн төлбөр 30,000,000 төгрөг, 2020 оны 9-р сарын 14-ний өдөр хүртэлх хүү 3,070,008 төгрөг,

-       0000000дугаартай кредит картын үндсэн төлбөр 7,000.000 төгрөг, 2020 оны 9-р сарын 14-ний өдөр хүртэл хүү 717,877 төгрөг,

-        

Зээлийн гэрээнүүдийн нийт үүрэг 469,760,070 төгрөг бөгөөд 418,660,945 төгрөгийг хариуцагч З.Б, Б.Б нараас, үлдэх үүрэг 51,099,125 төгрөгийг хариуцагч Ч.Болормаагаас тус тус гаргуулах, мөн бөрьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү ... гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...З.Б. Б.Б нар нь Х Банк ХХКХХК-иас 2017.08.31-ний өдер Кредит картын гэрээ, 2018.12.31-ний өдөр Кредит картын гэрээ, 2019.03.05-ны өдөр №18800016935 тоот Зээлийн гэрээ-гээр 30,000,000 төгрег, 2019.04.09-ний өдөр №18800017025 тоот Зээлийн гэрээ-гээр 176,000,000 төгрөг, 2019.04.26-ны өдөр №00000 тоот Зээлийн гэрээ- гээр 140,000,000 төгрөг, 2019.11.01-ний өдөр №0000000 тоот Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ-гээр 100,000,000 төгрөг тус тус зээлж авсан. Гэвч манай "ВС Неак ХХК-ийн үйл ажиллагаа, бизнесийн ашиг орлого 2019 оны 10 сараас хойш дэлхий даяар тархаад буй совид-19 халдварт өвчин, цар тахлын улмаас багассаж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. З.Б, Б.Б нар нь 2020 оны 03 дугаар сард бизнесийн ашиг орлого муу, зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа барагдуулах боломжгүй болсон талаараа Х Банк ХХК ХХК- д албан бичгээр мэдэгдэж байсан. Бизнесийн ашиг орлого биднээс хамаарахгүй шалтгаан нөхцөлийн улмаас багассан тул нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний хүү нэхэмжилсэн 48,207,753 төгрөгийн зохих хувийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 04 дүгээр сарын 26 өдрийн 00000 дугаартай гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн гэрээн дээр хариуцагч Б.Б гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээний зүйлийг аваагүй тул зээлийн үүргийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний зүйлийг шилжүүлсэн өгснөөр гэрээ хүчин төгөлдөр болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүүд нэхэмжилсэн 48,207,753 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2019 оны 04 дүгээр сарын 26 өдрийн 00000 дугаартай гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн гэрээн дээр хариуцагч Б.Б анхнаасаа оролцоогүй, гарын үсэг байхгүй, зээлийн гэрээг аваагүй. Зээлийн гэрээний зүйлийг шилжүүлсэн өгснөөр гэрээ хүчин төгөлдөр болно. Тэгэхээр хариуцагч Б.Чойжинжүрмэд энэ гэрээнд ямар нэгэн байдлаар оролцоогүй тул төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 04 дүгээр сарын 09-ны гэрээ өөрөө 2020 оны 03 дугаар сарын 10-ны байдлаар үлдэгдэл 133,773,330 төгрөг байсан боловч үлдэгдэл нь 159,501,766 төгрөг гэж гаргаж байна. 20190426 өдрийн гэрээ 20203018 өдөр 120,350,000 төгөргийн үлдэгдэлтэй 20191101 гэрээ 2020325 өдөр 92,857,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 3 гэрээний үлдэгдлийг нийт 357 энэ өдөр дээр байгаа гэрээний хүүг нэгтгээд 374,000,000 төгрөгийг жилийн хүү 19,2 хувь, сарын хүү 1,6 хувийн хүүтэй. 20190305 өдрийн гэрээ жилийн 16,2 хүүтэй 2020707 байдлаар 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй. 2020914 өдөр хүртлэх 301,500 төгрөг, 120,420,000 төгрөгийг 20201026 өдөр нэхэмжлэгч татаад авсан. 199,34 төгрөгөөс хүүд тооцсон. 20181231 өдөр байгуулсан гэрээ 18 хувийн хүүтэй 5,526,13 төгрөг 465,101 төгөрг 20200902-20200914 тооцвол үндсэн зээлээс төлөөгүй, 20200902 дөр 30,700,075 төгрөг үлдсэн хүү нь 3,070,8 төгрөг 20200914 хүртэл 184200 төгөрг болсон энэ 12 сарын хугацаанд 30,000,000 төгөрг байж болохгүй... гэв.

 

 

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х Банк ХХК ХХК-иас хариуцагч З.Б, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 418,660,945 төгрөг гаргуулах, хариуцагч З.Бгаас кредит картны зээлийн гэрээний үүрэгт 51,099,125 төгрөг гаргуулах, гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус банкнаас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Х Банк ХХК ХХК нь

 

- хариуцагч З.Бтай 2019.04.26-ны өдөр №00000 дугаар зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр 140,000,000 төгрөгийг, 365 хоногт 18,60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 2019.04.09-ний өдөр №00000 дугаар зээлийн гэрээг байгуулж, 176,000,000 төгрөгийг, 365 хоногт 17,40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хариуцагч З.Б, Б.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч, Б ХХК нартай 2019.11.01-ний өдөр №0000000 дугаар зээлийн гэрээг байгуулж, 100,000,000 төгрөгийг, 365 хоногт 22,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, энэхүү №00000, №00000, №0000000 дугаартай 3 зээлийн гэрээг нэгтгэн хариуцагч З.Б, Б.Б нартай 2020.03.23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 374,552,317 төгрөг, 365 хоногт 19,2 хувийн хүүтэй, 49 сарын хугацаатай,

- хариуцагч З.Бтай 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр №000000000 дугаар зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр 30,000,000 төгрөгийг, 365 хоногт 16,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,

- хариуцагч З.Бтай 2019.01.02-ны өдөр 0000000 дугаартай Кредит карт эзэмших гэрээг байгуулж, гэрээгээр 30,000,000 төгрөгийг, 365 хоногт 16,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай,

- хариуцагч З.Бтай 2017.09.20-ны өдөр 0000000дугаартай Кредит карт эзэмших гэрээг байгуулж, зээлийн эрхийн хэмжээ 7,000,000 төгрөг, бэлэн мөнгөний гүйлгээний жилийн хүү 24 хувь, худалдан авалтын гүйлгээний хүү жилийн 20 хувийн хүүтэй тус тус зээлэхээр харилцан тохиролцсон байна. /х.х 22-42 хуудас /

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч болон зээлдэгч нар гэрээний зүйлийг зээлдэгчийн өмчлөлд тус тус шилжүүлсэн байх тул тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээ байгуулагдаж, зээлийн харилцаа үүсэж, гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар хариуцагч З.Бгийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сумын 1-р баг, Заст 1а хороолол 15 байр зүүн жигүүрт байрлах 168 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101022723 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж 109 байр, 24 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206061467 дугаартай, 64.27 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууц, Phenix liberty маркийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг тус тус барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан байна /х.х-ийн 42-48, 53-62, 68-72, 78-87 хуудас/

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ гэж, мөн 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, түүнчлэн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх................. гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын хооронд 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

 

Зээлдүүлэгч Х Банк ХХК ХХК-иас зээлдэгч З.Б, Б.Б нараас хууль болон гэрээнд заасан үндэслэлээр

 

- 2019.04.26-ны өдөр №00000 дугаар зээлийн гэрээгээр 140,000,000 төгрөгийг, 365 хоногт 18,60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгосноос үндсэн зээлд 15,047,683 төгрөг, хүүд 19,712,752 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 21,247 төгрөг тус тус хариуцагч төлсөн ба үндсэн үүргийн үлдэгдэл 124,952,317.96 төгрөг, хүү 6,785,717.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,722.38 төгрөг,

- 2019.04.09-ний өдөр №00000 дугаар зээлийн гэрээгээр 176,000,000 төгрөгийг, 365 хоногт 17,40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, олгосноос үндсэн зээлд 26,400,000 төгрөг, хүүд 21,086,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,430 төгрөг тус тус хариуцагч төлсөн ба үндсэн үүргийн үлдэгдэл 149,600,000 төгрөг, хүү 9,835,484 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66,282 төгрөг,

- 2019.11.01-ний өдөр №0000000 дугаар зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг, 365 хоногт 22,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, олгосноос үндсэн зээлийн төлбөрөөс төлөөгүй, хүүд 5,369,114 төгрөгийг хариуцагч төлсөн ба үндсэн үүргийн үлдэгдэл 100,000,000 төгрөг, хүү 7,281,844.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,544.4 төгрөг,

 

1.      Дээрх №00000, №00000, №0000000 дугаартай 3 зээлийн гэрээг нэгтгэн 2020.03.23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 374,552,317 төгрөг (124,952,317.96 + 149,600,000 + 100,000,000)-ийн 365 хоногт 19,2 хувийн хүүтэй, 49 сарын хугацаатайгаар тохиролцсон бөгөөд уг гэрээний үүрэгт үндсэн зээлд 374,552,317 төгрөг, хүү 44,108, 628 төгрөг /2020.04.23-аас 2020.09.14 хүртэлх/,

2.      хариуцагч З.Бтай 2019.03.05-ны өдөр №000000000 дугаар зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр 30,000,000 төгрөгийг, 365 хоногт 16,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон ба хариуцагч үндсэн зээлд 20,000,000 төгрөг, хүү 4,567,400 төгрөг , нэмэгдүүлсэн хүү 12,827 төгрөг тус тус төлсөн, үндсэн үүрэгт 10,000,000 төгрөг, хүүд 311,240 төгрөг, нийт 10,311,240 төгрөг,

3.      хариуцагч З.Бтай 2019.01.02-ны өдөр 0000000 дугаартай Кредит карт эзэмших гэрээг байгуулж, гэрээгээр 30,000,000 төгрөгийг, 365 хоногт 16,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон ба хариуцагч үндсэн зээлд 30,000,000 төгрөг, хүү 3,070,008 төгрөг, нийт 33,070,008 төгрөг,

4.      хариуцагч З.Бтай 2017.09.20-ны өдөр 0000000дугаартай Кредит карт эзэмших гэрээг байгуулж, зээлийн эрхийн хэмжээ 7,000,000 төгрөг, бэлэн мөнгөний гүйлгээний жилийн хүү 24 хувь, худалдан авалтын гүйлгээний хүү жилийн 20 хувийн хүүтэй тус тус зээлэхээр тохиролцсон ба хариуцагч үндсэн зээлд 7,000,000 төгрөг, хүү 717,877 төгрөг нийт 7,717,877 төгрөг тус тус нэхэмжилж байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрт маргаан байхгүй харин дээр дурдагдсан гурван зээлийн гэрээг нэгтгэхдээ үндсэн зээл, хүүг хамтад нь нэгтгэж зээлийн гэрээний зүйлийн үнийн дүн болох нийт 374,552,317 төгрөгөөр гэрээний зүйлийг харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул уг гэрээний үндсэн үүргээр тооцож хүү төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч хариуцагчийн тайлбар, зээлийн гэрээний тооцооллоор няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч №00000, №00000, №0000000 дугаартай 3 зээлийн гэрээг нэгтгэхдээ үндсэн үүргийг хооронд нь нэмж 2020.03.23-ны өдөр зээлийн гэрээний зүйлийг 374,552,317 төгрөг (124,952,317.96 + 149,600,000 + 100,000,000)-өөр тохиролцож байгуулсан, нэгтгэсэн гэрээний зүйлд хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үүрэг ороогүй байх тул хариуцагчийн няцаалт тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.

 

Гэрээний талууд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 болон 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан байх бөгөөд зохигчид энэхүү үйл баримтын талаар маргаагүй, зээлдэгчид тус гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг төлөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, зээлийн гэрээний үүрэг шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

 

Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан тул зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 242.2-д Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, 2020.03.23-ны өдрийн 3 зээлийн гэрээг нэгтгэсэн зээлийн гэрээний зээлдэгч З.Б, Б.Б нар энэхүү зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Х Банк ХХК ХХК-ийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэгч болсон ба нэхэмжлэгч тал зээлийг хариуцагч нараас бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч З.Б, Б.Б нараас үндсэн зээл 374,552,317 төгрөг, зээлийн хүү 44,108,628 төгрөг, нийт 418,660,945 төгрөг, хариуцагч З.Бгаас нийт 51,099,125 төгрөг /10,311,240+7,717,877+33,070,008/-ийг гаргуулж, нэхэмжлэгч Х Банк ХХК ХХК-нд тус тус олгож шийдвэрлэв.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдаж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад түүнээс гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хангасан тохиолдолд барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана гэж зохицуулсан бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Үүрэг гүйцэтгэгчид буюу хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээлийг хүүг төлөөгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй болно.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин барьцааны гэрээнд тухайн хөдлөх хөрөнгийн паспорт, дагалдах баримт бичиг авагдаагүй учраас шүүх хөдлөх хөрөнгөөс барьцаагаар хангуулах шаардлагыг хангах боломжгүй байх тул уг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З.Б, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 418,660,945 төгрөг, хариуцагч З.Бгаас 51,099,125 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х Банк ХХК ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Phenix liberty маркийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч З.Бгийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сумын 1-р баг, Заст 1а хороолол 15 байр зүүн жигүүрт байрлах 168 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101022723 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж 109 байр, 24 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206061467 дугаартай, 64.27 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 2,576,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б, Б.Б нараас 2,251,255 төгрөг, хариуцагч З.Бгаас 413,446 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х Банк ХХК ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.О