Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00427

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00427

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/03161 дугаар шийдвэртэй

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч З.Б, Б.Ч нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 469 760 070 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...................., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн төлөлөгч ............. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ................ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн З.Б, Б.Ч, Б ХХК нартай Х ХХК-тай дараах зээлийн гэрээнүүдийг байгуулсан. Үүнд: №1880017085, №1880017025, №1880017511 дугаартай 3 гэрээг нэгтгэж 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зээлдэгч З.Б, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Ч, Б ХХК нартай байгуулж, 374 552 317 төгрөг, 365 хоногт 19,2 хувийн хүүтэй, 49 сарын хугацаатай зээлсэн. Үүнд:

a) 2019.04.26-ны өдөр №1880017085 дугаар зээлийн гэрээг зээлдэгч З.Бтай байгуулж, гэрээгээр 140 000 000 төгрөгийг, 365 хоногт 18,60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай,

b) 2019.04.09-ний өдөр №1880017025 дугаар зээлийн гэрээг зээлдэгч З.Бтай байгуулж, 176 000 000 төгрөгийг, 365 хоногт 17,40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай,

c) 2019.11.01-ний өдөр №1880017511 дугаар зээлийн гэрээг зээлдэгч З.Б, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Ч, Б ХХК нартай байгуулж, 100 000 000 төгрөгийг, 365 хоногт 22,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай тус тус байгуулсан юм.

Мөн кредит карт эзэмшигч З.Бтай 2019.03.05-ны өдөр №1880016935 дугаар зээлийн гэрээг зээлдэгч З.Бтай байгуулж, гэрээгээр 30 000 000 төгрөгийг, 365 хоногт 16,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2019.01.02-ны өдөр 5002682942 дугаартай Кредит карт эзэмших гэрээгээр 30 000 000 төгрөгийг, 365 хоногт 16,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2017.09.20-ны өдөр 5002186611 дугаартай Кредит карт эзэмших гэрээг зээлдэгч З.Бтай байгуулж, зээлийн эрхийн хэмжээ 7 000 000 төгрөг, бэлэн мөнгөний гүйлгээний жилийн хүү 24 хувь, худалдан авалтын гүйлгээний хүү жилийн 20 хувь байхаар тус тус гэрээ байгуулсан.

- Нэгтгэсэн 3 зээлийн гэрээнүүдийн холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж 1880018167 дугаартай зээлийн үндсэн зээлийн төлбөр 374 552 317 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хүү 44 108 628 төгрөг,

-1880016935 дугаартай зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хүү 311 240 төгрөг,

- 5002682942 дугаартай кредит картын үндсэн төлбөр 30 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хүү 3 070 008 төгрөг,

- 5002186611 дугаартай кредит картын үндсэн төлбөр 7 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хүү 717 877 төгрөг,

Зээлийн гэрээнүүдийн нийт үүрэг 469 760 070 төгрөг бөгөөд 418 660 945 төгрөгийг хариуцагч З.Б, Б.Ч нараас, үлдэх үүрэг 51 099 125 төгрөгийг хариуцагч Ч.Бгаас тус тус гаргуулах, мөн бөрьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Б. Б.Ч нар нь Х ХХК-иас 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдер Кредит картын гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Кредит картын гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр №18800016935 тоот Зээлийн гэрээ-гээр 30 000 000 төгрег, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр №18800017025 тоот Зээлийн гэрээ-гээр 176 000 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр №1880017085 тоот Зээлийн гэрээ- гээр 140 000 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №1880017511 тоот Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ-гээр 100 000 000 төгрөг тус тус зээлж авсан. Гэвч манай "ВС Неак ХХК-ийн үйл ажиллагаа, бизнесийн ашиг орлого 2019 оны 10 сараас хойш дэлхий даяар тархаад буй совид-19 халдварт өвчин, цар тахлын улмаас багассаж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Бизнесийн ашиг орлого биднээс хамаарахгүй шалтгаан нөхцөлийн улмаас багассан тул нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний хүү нэхэмжилсэн 48 207 753 төгрөгийн зохих хувийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 4 дүгээр сарын 26 өдрийн 1880017085 дугаартай гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн гэрээн дээр хариуцагч Б.Ч гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээний зүйлийг аваагүй тул зээлийн үүргийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний зүйлийг шилжүүлсэн өгснөөр гэрээ хүчин төгөлдөр болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүүд нэхэмжилсэн 48 207 753 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Тэгэхээр хариуцагч Б.Чойжинжүрмэд энэ гэрээнд ямар нэгэн байдлаар оролцоогүй тул төлөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 4 дүгээр сарын 09-ний гэрээ өөрөө 2020 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар үлдэгдэл 133 773 330 төгрөг байсан боловч үлдэгдэл нь 159 501 766 төгрөг гэж гаргаж байна. 2019.04.26 өдрийн гэрээ 2020.03.18 өдөр 120 350 000 төгрөгийн үлдэгдэлтэй 2019.11.01 гэрээ 2020.03.25 өдөр 92 857 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 3 гэрээний үлдэгдлийг нийт 357 энэ өдөр дээр байгаа гэрээний хүүг нэгтгээд 374 000 000 төгрөгийг жилийн хүү 19,2 хувь, сарын хүү 1,6 хувийн хүүтэй. 2019.03.05 өдрийн гэрээ жилийн 16,2 хүүтэй 2020707 байдлаар 10 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй. 2020.09.14 өдөр хүртлэх 301 500 төгрөг, 120 420 000 төгрөгийг 2020.10.26 өдөр нэхэмжлэгч татаад авсан. 199.34 төгрөгөөс хүүд тооцсон. 2018.12.31 өдөр байгуулсан гэрээ 18 хувийн хүүтэй 5 526,13 төгрөг 465 101 төгөрг 2020.09.02-2020.09.14 тооцвол үндсэн зээлээс төлөөгүй, 2020.09.02 дөр 30 700 075 төгрөг үлдсэн хүү нь 3 070,8 төгрөг 2020.09.14 хүртэл 184 200 төгрөг болсон энэ 12 сарын хугацаанд 30 000 000 төгрөг байж болохгүй гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З.Б, Б.Ч нараас зээлийн гэрээний үүрэгт 418 660 945 төгрөг, хариуцагч З.Бгаас 51 099 125 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Phenix liberty маркийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч З.Бгийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сумын 1-р баг, 00000 168 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101022723 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж 000000000000, 64.27 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 2 576 951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Б, Б.Ч нараас 2 251 255 төгрөг, хариуцагч З.Бгаас 413,446 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,, давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:... Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгсөн байх тул шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр №1880017085 дугаар зээлийн гэрээг зээлдэгч З.Бтай байгуулж, гэрээгээр 140 000 000 төгрөгийг, 365 хоногт 18,60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай,

2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр №1880017025 дугаар зээлийн гэрээг зээлдэгч З.Бтай байгуулж, 176 000 000 төгрөгийг, 365 хоногт 17,40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай,

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №1880017511 дугаар зээлийн гэрээг зээлдэгч З.Б, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Ч, Б ХХК нартай байгуулж, 100 000 000 төгрөгийг, 365 хоногт 22,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай тус тус зээлж авсан.

Нэхэмжлэгчийн санаачилгаар 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр №1880017085, №1880017025, №1880017511 дугаар 3 зээлийн гэрээг нэмж нэгтгэн, 374 552 317 төгрөг, 365 хоногт 19,2 хувийн хүүтэй 49 сарын хугацаатай гэрээ байгуулсан юм. Ийнхүү №1880017085, №1880017025, №1880017511 дугаар 3 зээлийн гэрээ нэмж нэгтгэхдээ зээлийн хүүг бууруулаагүй, дунджаар нь хүү тооцсон нь үндэслэлгүй байна. Анх №1880017085 зээлийн гэрээгээр 140 000 000 төгрөгийг 18.60 хувийн хүүтэй, №1880017025 зээлийн гэрээгээр 176 000 000 төгрөгийг 17.40 хувийн хүүтэй зээл олгосон байсныг нэмж нэгтгэхдээ 19.2 хувиар тооцохоор хүүг өсгөн нэмэгдүүлж байна. Иймээс нэмж нэгтгэсэн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон бол хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Шүүх №1880017085, №1880017025, №1880017511 дугаар 3 зээлийн гэрээг нэмж нэгтгэхдээ ...гэрээний зүйлд хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үүрэг ороогүй байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй үндсэн үүргээс гадна хүүгийн хэмжээг анхаарч үзээгүй, нэмж нэгтгэхдээ хүүгийн хэмжээг хэрхэн тооцох, тооцсон нь хуульд нийцсэн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Иймээс нэмж нэгтгэсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус тул 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны хүүнд 44 108 628 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн З.Б, Б.Ч нараас зээлийн гэрээний үүрэгт 418 660 945 төгрөг гаргуулах хэсгээс 44 108 628 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч З.Б, Б.Ч нарт холбогдуулан хариуцагч З.Б, Б.Ч нараас зээлийн гэрээний үүрэгт 418 660 945 төгрөгийг, мөн хариуцагч З.Бгаас кредит картын зээлийн гэрээний үүрэгт 51 099 125 төгрөгийг тус тус гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч З.Бтай 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр №1880017085 тоот зээлийн гэрээгээр 140 000 000 төгрөгийг, 365 хоногийн 18,60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр №1880017025 тоот зээлийн гэрээгээр 176 000 000 төгрөгийг, 365 хоногийн 17,40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай,

мөн нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч З.Б, Б.Ч Б ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №1880017511 тоот зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг, 365 хоногийн 22,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай байхаар тус тус тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчид дээрх 3 гэрээг нэгтгэн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр 374 552 317 төгрөгийг 365 хоногт 19,2 хувийн хүүтэй 49 сарын хугацаатай байхаар тохиролцож, уг зээлийн гэрээний үүрэгт 418 660 945 төгрөгийг хариуцагч З.Б, Б.Ч нараас шаарджээ.

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцжээ. Дээрх гэрээнүүдийн дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан асуудлаар зохигчид маргаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллага хариуцагчид үүрэг гүйцэтгэх боломжит хугацааг олгосон боловч ямар нэгэн үр дүн гараагүй тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөр зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

Х ХХК, З.Б нарын хооронд байгуулагдсан 1880017085, 1880071025 тоот зээлийн гэрээнүүдийг нэхэмжлэгч Х ХХК, З.Б, Б.Ч, Б ХХК-тай байгуулсан гэрээтэй нэгтгэж зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай байна.

Учир нь, хариуцагч Б.Ч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1880017511 тоот зээлийн гэрээнээс бусад гэрээг байгуулаагүй түүнийг зээлийн гэрээний нэг тал гэж үзэхгүй тул өмнөх зээлийн 3 гэрээг нийлжүүлж нэгтгэсэн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээний үүргүүдийг нэгтгэж, зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд дээрх зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас 418 660 945 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.

Талуудын хооронд хуульд заасан журмын дагуу байгуулагдсан гэрээний үүргийг нэг бүрчлэн дүгнэвэл, хариуцагч З.Бгаас 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр №1880017085 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 124 952 317 төгрөг, хүү 6 785 717 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34 722 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хүү 8 909 100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 781 820 төгрөг нийт 142 463 676 төгрөг,

2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр №1880017025 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 149 600 000 төгрөг, хүү 9 835 484 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66 282 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хүү 9 978 320 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 195 661 төгрөг нийт 170 675 747 төгрөг байна.

Эдгээр гэрээнүүдийн дагуу З.Бгийн хүлээх үүрэг нь нийт 313 139 423 төгрөг болж байна.

Мөн хариуцагч З.Бтай кредит карт эзэмших №1880016935 тоот зээлийн гэрээгээр 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 30 000 000 төгрөгийг, 365 хоногийн 16,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 5002682942 тоот Кредит карт эзэмших гэрээ-гээр 30 000 000 төгрөгийг, 365 хоногийн 16,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 5002186611 тоот Кредит карт эзэмших гэрээ-гээр зээлийн эрхийн хэмжээ 7 000 000 төгрөг, бэлэн мөнгөний гүйлгээний жилийн хүү 24 хувь, худалдан авалтын гүйлгээний хүү жилийн 20 хувь байхаар тус тус гэрээ байгуулжээ. /хх.28-32/

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг зөрчиж, өмнө олгогдсон зээлийг нэгтгэн хийсэн уг гэрээгээр үүрэг үүсэхгүй.

Хариуцагч З.Б нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан дээрх Кредит карт эзэмших гэрээ-нүүдийн үүрэгт нийт 51 099 125 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс З.Бгаас Кредит картын зээлд 51 099 125 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр №1880017085 тоот, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр №1880017025 тоот зээлийн гэрээний үүрэгт 313 139 423 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна гэж үзнэ.

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №1880017511 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100 000 000 төгрөг, хүү 5 369 114 төгрөг нэмэгдүүлсэн хүү 5 438 978 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82 544 төгрөг нийт 105 521 522 төгрөгийг хариуцагч З.Б, Б.Ч нараас гаргуулж Х ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Х ХХК хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 469 760 070 төгрөгөөр тодорхойлсон байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын зээлийн гэрээгээр хариуцагч З.Б Б.Ч нарын хамтран хүлээх үүрэг 105 521 522 төгрөгийг, хариуцагч З.Б дангаар хүлээх үүрэг 364 238 548 төгрөгийг тус тус гаргуулж Х ХХК-д олгох нь зүйтэй.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ ...Зээлийн гэрээнүүдийг нэмж нэгтгэхдээ хүүг 19.2 хувиар тооцож, өсгөн нэмэгдүүлсэн, зээлийн 1880017085, 1880017025 тоот гэрээнүүдэд хариуцагч Б.Ч гарын үсэг зураагүй, гэрээний зүйлийг аваагүй тул зээлийн үүргийг хариуцагч Б.Ч хүлээн зөвшөөрөхгүй гэж заажээ.

Талуудын хооронд үйлдсэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээний үүргүүдийг нэгтгэж, зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тул энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч З.Б, Б.Ч нараас зээлийн гэрээний үүрэгт 105 521 522 төгрөг, хариуцагч З.Бгаас 364 238 548 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/03161 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...418 660 945 төгрөг гэснийг ...105 521 522 төгрөг гэж, ...51 099 125 төгрөг гэснийг ...364 238 548 төгрөг гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...2 251 255 төгрөг гэснийг ...685 557 төгрөг гэж, ...413 446 төгрөг гэснийг ...1 979 142 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 378 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Ц.ИЧИНХОРЛОО