Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2022/02710

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        06          10                                     101/ШШ2022/02710         

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дугаар хороо, өөрийн байр хаягт байрлах, “Б” ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоот хаягт байрлах, “ЭГ” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,865,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

Хариуцагч “ЭГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ү шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

Манай компани нь тус компанитай харилцан тохиролцон 2013, 2016 онуудад 10,550,100 /арван сая таван зуун тавин таван мянга нэг зуу/ төгрөгийн сэлбэг материал худалдан авахаар хэлцэл хийж төлбөрийг манай компани бүрэн шилжүүлсэн боловч хариуцагч “ЭГ” ХХК нь 8,684,150 төгрөгийн сэлбэг хүлээлгэн өгч 1,865,950 төгрөгийн бараа материал дутуу нийлүүлж авлага үүсгээд байна.

2013 оны гэрээний үүрэгт манайх 3,510,100 төгрөг шилжүүлсэн, хариуцагчаас 3,191,000 төгрөгийн сэлбэг нийлүүлж, 319,100 төгрөгийн, 2016 онд 7,040,000 төгрөгийг шилжүүлсэн, 5,546,850 төгрөгийн сэлбэг нийлүүлж, 1,546,850 төгрөгийн, нийт 1,865,950 төгрөгийн авлага үүсгэсэн. 

Үүнээс 2014 онд хариуцагч компанийн захирал М.Ү 319,100 төгрөгийг буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй. Түүнтэй энэ асуудлаар удаа дараа холбогдож шаардаж байсан боловч тодорхой арга хэмжээ авахгүй, илүү төлөлтийг буцааж шилжүүлэхгүй өнөөдрийг хүрсэн.

Тус компанид холбогдуулан 2021 онд шүүхэд хандсан боловч оршин суух хаяг тодорхойгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг буцааж аваагүй болохыг тус дүүргийн Татварын хэлтэс тодорхойлж өгсөн баримтыг нэхэмжлэлд хавсарган өгсөн.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүссэн үүргийг хариуцагчаас шаардаж байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэсний дагуу шаардах эрхийн хугацаа тоологдоно.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж “ЭГ” ХХК-иас 1,865,950 /нэг сая зуун жаран таван мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “ЭГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч “Б” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Н-тай холбоотой “Худалдах худалдан авах” гэрээний үүргийн биелэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Маргааны зүйл болох “Худалдах, худалдан авах гэрээ” нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т “Нийлүүлэгч нь гэрээ хийгдсэнээс хойш ажлын 30 хоногийн дотор гэрээнд заасны дагуу ширхэгээр хугацаанд нь нийлүүлж худалдан авагчид хүлээлгэн өгч бараатай холбоотой зохих мэдээллийг өгнө” гэж заасны дагуу худалдан авагч болох “Б” ХК-д тухайн үед нь барааг хүлээлгэн өгч төлбөр тооцоогоо хийсэн болно.

Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2013,2016 онуудад 10,550,000 /арван сая таван зуун тавин таван мянга нэг зуу/ төгрөгийн сэлбэг материал худалдан авахаар хэлцэл хийсэн. Гэтэл хариуцагч “ЭГ” ХХК нь 8,684,150 /найман сая зургаан зуун наян дөрвөн мянга нэг зуун тавин/ төгрөгийн сэлбэг хүлээлгэн өгч 1,865,959 /нэг сая найман зуун жаран таван мянга есөн зуун тавин ес/ төгрөгийн барааг дутуу нийлүүлсэн гэж гэрээний үүргийг шаардсан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1. “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн гэрээний үүргийг шаардаад байгаа тухайн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 28/

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Б” ХК-ийн 2016.07.27-ны өдрийн №858 дугаартай төлбөрийн даалгавар, “ЭГ” ХХК-ийн 2016.07.06-ны өдрийн 6,400,000 төгрөгийн нэхэмжлэх, “Б” ХК-ийн  2015.01.01-ний өдрөөс 2017.12.31-ний хугацааны тайлант үеийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, “ЭГ” ХХК-ийн 2016.07.05-ны өдрийн 2,166,200  төгрөгийн, мөн өдрийн 2,999,900 төгрөгийн, 2016.08.15-ны өдрийн 327,050 төгрөгийн зарлагын баримтууд, “Б” ХК-ийн 2016.09.20-ны өдрийн орлогын падаан 02313 хуулбар хувь, 2016.08.16-ны өдрийн №16/07-522 дугаартай “Б” ХК болон “ЭГ” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, “Б” ХК-ийн 2013.06.20-ны өдрийн №575 дугаартай төлбөрийн даалгавар, “Б” ХК-ийн  2013.01.01-ний өдрөөс 2013.12.31-ний хугацааны тайлант үеийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, “Б” ХК-ийн  улсын бүртгэлийн гэрчилгээ, “Б” ХК-иас И.Эт олгосон итгэмжлэл /хх-ийн 2-12, 29/ зэрэг баримтыг,

Хариуцагчаас: “ЭГ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, хариу тайлбар /хх-ийн 21-23, 28/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Б” ХК нь хариуцагч “ЭГ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1, 865,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013 оны худалдах, худалдан авах гэрээний дагуу 3,510,100 төгрөгийг сэлбэгийн үнэнд хариуцагчид шилжүүлсэн боловч 3,191,000 төгрөгийн сэлбэг нийлүүлж, 319,100 төгрөгийн, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээний дагуу 7,040,000 төгрөгийг шилжүүлсэн боловч 5,546,850 төгрөгийн сэлбэг нийлүүлж, 1,546,850 төгрөгийн, нийт 1,865,950 төгрөгийн сэлбэг нийлүүлэлгүй авлага үүсгэсэн, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авснаас үүссэн үүргийг шаардсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь талуудын хооронд 2013, 2016 онуудад байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигч талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр №16/07-522 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байх ба гэрээгээр худалдагч “ЭГ” ХХК нь стандарт, чанарын шаардлага хангасан, аливаа эрхийн доголдолгүй хавсралт №01-т дурдсан сэлбэгийг, гэрээ хийгдсэнээс хойш ажлын 30 хоногийн дотор нийлүүлэх, худалдан авагч “Б” ХК нь барааг хүлээн авч, барааны үнэ 5,493,150 төгрөгийг ХААН банкны 0 тоот дансанд шилжүүлэх, эсхүл бэлнээр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 8-10/ 

 

Дээрх гэрээний талаар зохигч маргаагүй бөгөөд тэдний хооронд байгуулагдсан гэрээний агуулга, хүлээсэн үүргийн шинж байдлаас үзэхэд нэг тал стандарт, чанарын шаардлага хангасан, аливаа эрхийн доголдолгүй сэлбэг нийлүүлэх, нөгөө тал төлбөрийг төлөх үүрэг хүлээжээ.

 

Энэ нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т: “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцааны агуулгад нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Б” ХК нь 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №575 дугаартай төлбөрийн даалгавраар 3,510,100 төгрөгийг, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №858 дугаартай төлбөрийн даалгавраар 7,040,000 төгрөгийг тус тус хариуцагч “ЭГ” ХХК-ийн “ХААН банк” ХХК-ийн 0 дугаарын данс руу шилжүүлсэн,

Хариуцагч “ЭГ” ХХК нь 2016.07.05-ны өдөр 2,166,200 төгрөгийн, мөн өдөр 2,999, 900 төгрөгийн, 2016.07.06-ны өдөр 7.040.000 төгрөгийн, 2016.08.15-ны өдөр 327,050 төгрөгийн зарлагын баримтыг тус тус нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 3-4, 5-6, 10/

 

Нэхэмжлэгч “Б” ХК нь өөрийн өглөг, авлагын 2013.01.01-ний өдрөөс 2013.12.31-ний хугацааны дэлгэрэнгүй тайланд “ЭГ” ХХК-иас 319,100 төгрөгийн авлагыг, 2015.01.01-ний өдрөөс 2017.12.31-ний хугацааны дэлгэрэнгүй тайланд авлагын эхний үлдэгдэл 2016.07.27-ны өдөр 319,100 төгрөг, 2016.09.30-ны өдөр 1,865,950 төгрөг, нийт 1,865,950 төгрөг гэж тусгажээ. /хх-ийн 4,11/

 

Дээрх баримтаар хариуцагч нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан, хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарласан боловч үүнтэй холбоотой болон энэхүү хугацаанаас өмнө гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан, түүнчлэн 2013 оны худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т: “Нийлүүлэгч нь гэрээ хийгдсэнээс хойш ажлын 30 хоногийн дотор гэрээнд заасны дагуу тоо ширхэгээр хугацаанд нь нийлүүлж худалдан авагчид хүлээлгэн өгч бараатай холбоотой зохих мэдээлэлийг өгнө”, 2.3-т: “Худалдан авагч тал барааны төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа биет байдлаар болох өмчлөх эрхийг шилжүүлэн авна” гэж тус тус заасан.

 

Энэхүү гэрээний 2.1-т зааснаар талуудын хооронд 2016.09.16-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу талуудын хооронд хүлээсэн үүрэг болох гэрээний хавсралт №01-т заасан барааг нийлүүлж, үнийг төлснөөр 2016.10.16-ны өдөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2013 онд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг шүүхэд ирүүлээгүй нь уг гэрээний хугацааг тодорхойлох боломжгүй байхаас гадна тэрээр өөрт нь хөтлөгддөг авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлангаар талууд 2013 оны болон 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээг дүгнэсэн, ийнхүү гэрээг дүгнэсний эцэст өглөг, авлагыг тусгасан тооцоо нийлсэн баримт үйлдсэн, үүнээс гарсан үр дүнг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт  гэж үзэхээргүй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаас үзэхэд талуудын хооронд 2013 онд болон 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан гэрээний хугацаа дуусгавар болсон, ийнхүү дуусгавар болсон өдрөөс нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт шаардлага гаргасантай холбоотой баримтыг ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “ЭГ” ХХК-иас 1,865,950 төгрөг гаргуулах тухай “Б” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч “ЭГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ү нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж, түүний шүүхэд урьд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “ЭГ” ХХК-иас 1,865,950 төгрөг гаргуулах тухай “Б” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,805.20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ