Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01441

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/02710 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХХК-д холбогдох 1,865,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Талууд харилцан тохиролцон 2013, 2016 онуудад 10,550,100 төгрөгийн сэлбэг худалдан авах гэрээ хийж төлбөрийг бүрэн шилжүүлсэн боловч хариуцагч Э ХХК 8,684,150 төгрөгийн сэлбэг хүлээлгэн өгч, 1,865,950 төгрөгийн бараа материал дутуу нийлүүлж авлага үүсгээд байна. Үүнээс 2014 онд хариуцагч компанийн захирал М.Үнэнбат 319,100 төгрөгийг буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй. Түүнтэй энэ асуудлаар удаа дараа холбогдож шаардсан боловч тодорхой арга хэмжээ авахгүй, илүү төлөлтийг буцааж шилжүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Э ХХК-аас 1,865,950 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Маргааны зүйл болох худалдах, худалдан авах гэрээ нь 2016 оны 09 сарын 16-ны өдөр байгуулагдсан. Тус гэрээний 2.1-т заасны дагуу худалдан авагч болох Б ХК-д тухайн үед барааг хүлээлгэн өгч төлбөр тооцоогоо хийсэн болно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан. Иймд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Э ХХК-аас 1,865,950 төгрөг гаргуулах тухай Б ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,805 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Б ХК нь гэрээний дагуу сэлбэгийн төлбөр болох үнийг төлөхдөө 2013 оны 06 сарын 30-ны өдөр 3,510,000 төгрөгийг Э ХХК-ийн 0000000000 тоот дансанд тушааж 319,000 төгрөгийг илүү шилжүүлсэн. Үүний дараа 2016 оны 09 сарын 16-ны өдөр 16/7-522 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу 5,493,150 төгрөгийн сэлбэгийн үнийг төлөх байтал 2016 оны 07 сарын 27-ны өдөр Э ХХК-ийн дээрх дансанд 7,040,000 төгрөгийг тушааж, гэрээний дагуу төлөх байсан төлбөр болох 5,493,150 төгрөгөөс 1,546,850 төгрөгийг илүү төлж, нийт 1,865,950 төгрөгийг илүү төлсөн.

4.б. Илүү төлсөн мөнгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар тус компанид удаа дараа хандсан боловч үр дүнд хүрээгүй. Хариуцагчийн хариу тайлбартай танилцахад хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тайлбарыг хийсэн бөгөөд шүүх бас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн. Гэтэл энэ хэргийн тухайд гэрээтэй холбоотой асуудлыг огт хөндөөгүй, гэрээний харилцаа дуусгавар болсон. Э ХХК нь эрхийн болоод биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагч Б ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь гэрээний үнийг тохирсон хугацаанд худалдагчид бүрэн төлсөн тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнд тооцно гэж заасны дагуу Б ХК болон Э ХХК-иуд гэрээний үүргээ хэн аль нь биелүүлж, тус гэрээ дуусгавар болсон бөгөөд талууд энэ талаар огт маргаагүй. Харин Б ХК нь гэрээний дагуу хариуцагчаас нийт 8,684,150 төгрөгийн эд зүйл хүлээн авсан бөгөөд 2013 оны 06 сарын 20-ны өдөр 3,510,000 төгрөг, 2016 оны 07 сарын 27-ны өдөр 7,040,000 төгрөг, нийт 10,550,100 төгрөгийг төлж гэрээний төлбөрөөс нийт 1,865,950 төгрөгийг илүү төлсөн үйлдэл нь гэрээ эсвэл хуульд заасан үндэслэлээр Б ХК-ийн төлбөл зохих үүрэг биш гэж үзэж байгаа тул хариуцагчаас гэрээ хэлэлцээрийн үүргийг шаардаагүй зөвхөн Э ХХК-аас Б ХК-ийн илүү төлсөн мөнгө болох 1,865,950 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу илүү төлсөн 1,865,950 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Б ХК нь хариуцагч Э ХХК-аас гэрээ хэлэлцээрийн үүргийг шаардаагүй учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан тусгай хугацаа үйлчлэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б ХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан илүү шилжүүлсэн 1,865,950 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...тухайн үед барааг хүлээлгэн өгч төлбөр тооцоог дуусгасан, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хэргийн 8-9-р талд авагдсан 2016 оны 09 сарын 16-ны өдрийн 16/07-522 тоот Худалдах, худалдан авах гэрээ, зохигчдын тайлбар зэргээр талууд 2013, 2016 онд тус тус худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Э ХХК нь сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, Б ХК нь үнийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ. Дээрх хоёр гэрээ бие даасан харилцаа тул тус тусдаа дүгнэгдэх учиртай.

 

4. 2013 оны худалдах, худалдан авах гэрээний дагуу илүү төлсөн гэж шаардсан 319,100 төгрөгийн тухайд.

Хэргийн 10-р талд авагдсан 575 тоот Төлбөрийн даалгавар-аар Б ХК-аас Э ХХК руу 2013 оны 06 сарын 20-ны өдөр 3,510,000 төгрөгийг сэлбэг гэх утгатайгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд хэлбэрийн хувьд худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж болох тул 2013 онд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч талаас нийлүүлсэн, нэхэмжлэгч талын хүлээн авсан сэлбэгийн тоо ширхэг, үнийн дүнг эргэлзээгүйгээр тогтоох боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч талаас гаргасан өгсөн, нэг талын үйлдсэн Өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан гэх баримтаар /хх 11/ Б ХК-ийг сэлбэг хэрэгслийн үнэд 319,100 төгрөгийг илүү шилжүүлсэн гэж үзэхгүй, улмаар холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5. 2016 оны худалдах, худалдан авах гэрээний дагуу илүү төлсөн гэж шаардсан 1,546,850 төгрөгийн тухайд.

Талууд 2016 оны 09 сарын 16-ны өдөр 16/07-522 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХК нь гэрээний хавсралтад дурдсан 39 нэр төрлийн сэлбэгийг 30 хоногийн дотор нийлүүлэх, Б ХК нь гэрээний үнэ 5,493,150 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.

Б ХК нийт 7,040,000 төгрөгийг 2016 оны 07 сарын 27-ны өдөр Э ХХК-д ҮАМашины сэлбэгийн үнэ утгатайгаар шилжүүлсэн, Э ХХК нийт 5,493,150 төгрөгийн үнэ бүхий 39 ширхэг сэлбэгийг нийлүүлж, хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан 858 тоот Төлбөрийн даалгавар /хх 3/, Зарлагын баримт-ууд /хх 5, 6/, Орлогын падаан /хх 7/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, Б ХК нийт 7,040,000 төгрөгийг шилжүүлж, 5,493,150 төгрөгийн сэлбэг хүлээн авсан байх тул ...1,546,850 төгрөгийг илүү шилжүүлсэн... гэх нэхэмжлэгч талын тайлбарыг үнэн зөв гэж үзэхээр байна.

 

6. Иймд хариуцагч Э ХХК-ийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул нэхэмжлэгч Б ХК нь илүү шилжүүлсэн 1,546,850 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй. Хариуцагч Э ХХК нь Б ХК-д нийлүүлж, хүлээлгэн өгсөн сэлбэг хэрэгслийн үнээс илүү авсан мөнгөн хөрөнгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэг шаардах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг бус харин мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан ерөнхий хугацаа /арван жил/ үйлчлэх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч Э ХХК-аас 1,546,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХК-д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/02710 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Э ХХК-аас 1,546,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХК-д олгож, үлдэх 319,100 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...57 дугаар зүйлийн 57.1, ... гэснийг ...56 дугаар зүйлийн 56.2, ... гэж, ...хэвээр үлдээсүгэй. гэснийг ...хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 39,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХК-д буцаан олгосугай. гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 44,805 төгрөгийг шүүгчийн захирамжаар Б ХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

Д.НЯМБАЗАР