Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 119/ШШ2023/0001

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Ууганцэцэг даргалж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ОНӨХК /Гүйцэтгэх захирал Д.Б/

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Б, Д.С, Л.Б, Д.М, О.Э

Хариуцагч: Д.Б, М.Ц, Х.Б, Т.Н,

Хариуцагч Т.Н-ийн төлөөлөгч: Х.Э, С.С

Хариуцагч Х.Б, М.Ц нарын төлөөлөгч: Ц.Х нарын хоорондын

Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актаас 199,887,707.28 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2021/0017/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Б, Д.С, Л.Б, Д.М, О.Э, хариуцагч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, С.С, Ц.Х, иргэдийн төлөөлөгч Х.Э, гэрч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ОНӨХК нь Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Ц, Х.Б, Д.Б, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н нарт холбогдуулан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актаас 199,887,707.28 төгрөг төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Ц, Х.Б, Д.Б, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н нар нь “Э” ОНӨХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актаар 199,887,707.28 төгрөгийн төлбөр /нөхөн татвар, торгууль, алданги/ ногдуулсан байна. Дээрх маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдэж, хүргүүлсэн.  

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасныг тус зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүнийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн. Шүүх нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, уг хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 119/ШШ2021/0026 дугаартай шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтыг буруу үнэлсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй үндэслэлээр хүчингүй болж хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан.

4. Нэхэмжлэгч “Э” ОНӨХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

-“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйл /Ус, рашааны нөөц ашигласны төлбөр ногдох зүйл/-ийн 6.1.1 /Хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус/-д заасанчлан ашигласан борлуулсан усанд татвар ногдуулах атал “Э” ТӨҮГ-тай хийх усны тооцоотой холбоотой үүсэж буй ашиглаж борлуулаагүй орлого болоогүй ус /усны алдагдал/-нд ус ашигласны төлбөр төлөхөөр татвар ногдуулсан нь үндэслэлгүй байна.

-“Э” ТӨҮГ-аас худалдан авч хүн амын ундны хэрэгцээнд ашиглагдсан ус нь “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйл /Усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх/, 20.1.1 /Хүн амын унд, ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал амьтан, өрхийн хүнсний ногооны талбайг услах/-д заасны дагуу татвараас чөлөөлөгддөг.

-“Э” ТӨҮГ нь 1994 оноос эхлэн тоолуураар усны үнийг нэхэмжилж эхэлснээр орлого болоогүй ус /усны алдагдал/-ны төлбөр тооцооны зөрүү үүсэж, 1999 оны 04 сард Орхон аймгийн “Ус сувгийн ашиглалтын газар” татан буугдаж, “Э” ОНӨХК-д нэгдсэнээр орлого болоогүй усны төлбөр тооцоог манай байгууллагаас нэхэмжлэх болсон. Энэ асуудлаар 2009 онд Аймгийн Засаг даргын Тамгын газар, “Э” ХХК-ийн төлөөлөгчид хуралдаж усны объёмын алдагдлыг тухайн компани балансдаа тусгаж байхаар шийдвэрлэсэн.Төлбөр тооцооны зөрүүний асуудал Аймгийн хэмжээнд хэлэлцэгдэж 1994-2021 оны 03 сарын 31-ны байдлаар орлого болоогүй ус /усны алдагдал/-ны үнийн тооцоо нийт 43,824,533,396.0 төгрөг байна” гэжээ.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтад хамааруулахаар хуваарьт оруулсан боловч 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-иар эрсдэлтэйд тооцохгүй болсон татвар төлөгчийг хяналт шалгалтад хамааруулахгүй” гэж заасан. Татварын албаны улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актын үндэслэл хэсэгт /татвар төлөгчийн хүсэлтээр/, /хувь хүн хуулийн этгээдээс амаар болон бичгээр ирүүлсэн мэдээлэл, хүсэлт өргөдөл гомдлоор иж бүрэн/ шалгалтыг хийсэн тухайгаа дурдсан байсан тул би шүүх хуралдаан дээр эдгээр баримтыг хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргасан боловч ерөнхий удирдамж, томилолтын баримтыг шүүхэд өгсөн ба ямар татвар төлөгчийн хүсэлтээр, ямар этгээдийн өргөдөл гомдлоор иж бүрэн шалгалт хийж байгаагаа нотолсон баримтыг гаргаж өгөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана. 41.2.Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ. 41.4. Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Тус зүйлийн 41.11 дэх хэсгийн 41.11.1-т “энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийх"-ийг татварын алба, татварын улсын байцаагч нарт хориглосон. Тэгэхээр “Э” ОНӨХК нь эрсдэлтэйд тооцогдсон татвар төлөгч биш, мөн татвар төлөгчийн хүсэлт байхгүй байгаа нь татварын байцаагч нарын хийсэн хяналт шалгалт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

2. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.36-д “төлбөр” гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-д “усны нөөц ашигласны төлбөр”, 9 дүгээр зүйлийн 9.1-т “Татвар ногдох зүйлд орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаарын, хөрсний, усны бохирдол зэрэг зүйл хамаарна” гэжээ. Алдагдал буюу орлого ороогүй усыг “Э” ОНӨХК нь ашиглаагүй, бохирдуулаагүй тул төлбөр төлөх үндэслэл байхгүй.

3. Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.3-т “эрсдэлийг үнэлэх шинжлэх” талаар тусгасан ба тус зүйлийн 35.10-т “Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно” гэж заасан. Тэгэхээр “Э” ОНӨХК нь эрсдэлтэй гэдэг нь тогтоогдоогүй, ийм нөхцөл байдал үүсээгүй байхад хяналт шалгалт хийж нөхөн ногдуулалтын актаар торгууль, нөхөн татвар, алданги тооцсон нь үндэслэлгүй болжээ.

4. Татварын байцаагч нарын нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг тусгай зарчмууд, мөн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” зэрэг журмыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Нөхөн ногдуулалтын актын тайлбар хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.2, 11.19.4 дэх заалтаар торгуулийн арга хэмжээ авсан гэж бичжээ. Зөрчлийн тухай хуулинд 11.19.1.2, 11.19.1.1 гэсэн зүйл байхгүй бөгөөд “Э” ОНӨХК нь Зөрчлийн тухай хуулийн ямар зүйлийн хэд дэх хэсэгт заасан ямар зөрчил үйлдсэн, тэр зөрчилд нь хэдэн төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдаж байгаа нь тодорхойгүй байна. Хэрэв тус хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зөрчлийг үйлдсэн гэж үзэж байгаа бол “Э” ОНӨХК нь татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн гэх зөрчлийг гаргаагүй ба энэ зөрчлийг гаргасан болохыг татварын байцаагч нар нотлоогүй. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх заалт нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй эсхүл ногдуулсан албан татварыг төлөөгүй бол гэсэн зөрчил байх ба алдагдал ус буюу орлого ороогүй усанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах боломжгүй юм. “Э” ОНӨХК-д ногдуулаад байгаа торгууль нь Татварын ерөнхий хууль болон Зөрчлийн тухай хуулийн аль хэсгээр ямар зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа эсэх, бодит төлөгдөөгүй татвар нь хэд болох, жил тус бүр дээр тооцож торгуулийг тогтоох зэрэг бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан байна.

5. Мөн актын тогтоох хэсэгт “Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг үндэслээд” гэжээ. 2015 оны Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т татварын улсын байцаагчид хүлээлгэх хариуцлагын талаар хуульчилсан ба энэ нь маргаж буй эрхийн акттай холбогдолгүй болох нь тодорхой юм. Харин одоо хэрэгжиж буй Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлд “алданги” тооцох талаар хуульчилсан байгаа ба уг хуулийн 74 дүгээр зүйлд “Монголын татварын алба”-ны талаарх зохицуулалт байгаа, тэгэхээр шинэ хуучин 2 хуулийг хольж хутгаж 2 өөр цаг үед хэрэглэж байсан 2 хуулийг нэг дор хэрэглэсэн нь Захиргааны ерөнхий хууль, Татварын ерөнхий хуулийн зарчмуудыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Нэгэнт 2015 оны Татварын ерөнхий хуулийг буцаан хэрэглэж байгаа бол тэр хуульд заасан татвар, торгууль, алдангийг хэрхэн хуульчилсан байна тэр хуулиа дагаж мөрдөх ёстой. Актын тайлбар хэсэгт “2015 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан “хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэсэн заалтуудыг буцаан хэрэглэв” гэжээ. Гэтэл тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж заасан ба торгууль оногдуулах талаарх зохицуулалт болохоос биш алданги тооцох зохицуулалт биш юм. Түүнчлэн 74.1 дэх хэсэг нь 10 дэд хэсэгтэй ба эдгээр зөрчлийн алийг нь сонгож тус компанийг торгож байгаа нь тодорхойгүй байна.

6. Мөн Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу зөрчил илэрсэн гэж үзсэн бол уг хуулийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж зөрчлийн хэрэг нээн прокуророос хэргийн дугаар аван, хяналтад оруулж шийдвэрлэх ёстой байсан боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргээ биелүүлээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “зөрчил шалган шийдвэрлэх гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг” хэлнэ гэжээ. Тэгэхээр татварын улсын байцаагч нар зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг нээн, прокуророос хэргийн дугаар авч, түүний хяналтын дор зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулж, зөрчил гэж тогтоогдсон тохиолдолд торгууль, алданги, нөхөн татвар зэргээ “тодорхойлох байсныг зөрчсөн байна. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.19...заасан зөрчил”-ийг шалгахаар харьяалал тогтоосон байхад энэ үүргээ биелүүлэхгүй зөрчил шалгахгүйгээр шууд нөхөн ногдуулалтын актыг бичсэн нь үндэслэлгүй болжээ. Хэрэв татварын улсын байцаагч нар энэ хуулийг баримтлан прокурорын хяналтан дор шалгасан бол өнөөдөр орлого болоогүй алдагдал усанд татвар, торгууль оногдуулж манай компаний эрх ашигт сөргөөр халдах үндэслэл гарахгүй байх байсан юм.

7. Актын тогтоох хэсэгт “...... барагдуулахыг -д даалгасугай” гэсэн нь хэнд энэ үүргийг даалгаад байгаа нь тодорхойгүй ойлгомжгүй байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “захиргааны актын агуулга ойлгомжтой, “тодорхой байна” гэснийг зөрчсөн байна. Мөн Татварын ерөнхий хуулийн 28, 29 дүгээр зүйл болон татварын хууль, тогтоомжийн холбогдох /тэмдэглэх хэсэгт бичигдсэн/ заалтыг тус тус зөрчиж гэж үндэслэлээ гаргаж ирсэн бөгөөд тус хуулийн 28 дугаар зүйл нь дотроо 10 дэд хэсэгтэй, 29 дүгээр зүйл нь 8 дэд хэсэгтэй байхад энэ зүйлийн яг хэд дэх хэсгийг татвар төлөгч зөрчөөд байгааг тухайлан тусгаагүй байгаа нь Захиргааны актын агуулга ойлгомжтой тодорхой байх зарчмыг зөрчсөн байна.

8. Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 5-д Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т “хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан ус”-нд төлбөр ногдуулахаар заасан ба энэ нь үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар буюу тухайлбал халуун усны газар, машин угаалга, зочид буудал, цайны газар зэрэг аж ахуйн нэгжүүдэд хамааралтай заалтыг хангагч байгууллагад хамааруулан төлбөр ногдуулахаар шийдвэрлэсэн нь бодит нөхцөлд тохироогүй, шийдвэр нь үндэслэлгүй болохыг харуулж байна.

9. Мөн усны алдагдал, орлого ороогүй ус буюу “Э” ОНӨХК “Э” ТӨҮГ хоёрын хооронд үүссэн тоолуурын зөрүүг зохицуулахаар аймгийн Засаг дарга, түүний ажлын албанаас газрын төлбөрийн гэрээний дагуу жил бүр суутган тооцоо хийж өрийг дарж байсан талаарх баримт хэрэгт авагдсан байна. Тэгэхээр газрын төлбөрт суутгагдсан буюу төлөгдсөн өр төлбөр дээр Татварын албанаас дахин татварын төлбөр тавьж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Учир нь Татварын албанаас орлого ороогүй усыг “Э” ОНӨХК хэрэглэсэн, ашиг олсон эсвэл татвараас нуун дарагдуулсан гэдгийг шалгаж тогтоогоогүй мөртлөө энэ усанд татвар ногдуулах нь зүйтэй гэж үзсэн нь өөрөөр хэлбэл ашиг олоогүй үйлдэлд хий хоосон байдлаар татвар ногдуулж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 “зайлшгүй байх” 5.1.2-т “тодорхой байх” 5.1.3-т “шударга байх” зэрэг татварын зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.5-д “албан татвар гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг” хэлнэ гэж зааснаас үзэхэд орлого ороогүй усанд татвар ногдуулах эрх зүйн үндэслэл байхгүй. Орлого ороогүй усыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан талаарх баримт байхгүй байгааг улсын байцаагч нар харгалзан үзээгүй.

10. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.1-т “хүн амын унд, ахуйн хэрэгцээнд болон бэлчээрийн мал амьтан, өрхийн хүнсний ногооны талбайгаа услах” зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө гэж заасан. Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01 тоот тогтоолд тус хуралд оролцсон татварын байцаагч Т.Н нь хариу тайлбартаа дээрх хуулийн заалтаар усны төлбөрөөс чөлөөлөгдсөн талаар мэдэгдсэн байдаг. Тэгэхээр хуулийн хүрээнд чөлөөлөгддөг төлбөрт татвар ногдуулж улмаар алданги торгууль оногдуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

11. Ер нь бол усны алдагдал гэж Монгол улс даяар, тэр бүү хэл дэлхий даяар байдаг асуудал. Энэ нь ус дамжуулах шугамын цоорол, нэвчилт, тоолуурын зөрүү, хүчин чадал, барилгын подвал, орц, босоо шугамын эвдрэл гэмтэл, ус алдах, усан сангийн алдагдал, Онцгой байдлын албаны усны хэрэглээ гэх мэт маш олон хүчин зүйлээс үүдэн бий болдог. Иймээс аймгийн удирдлагаас энэхүү байдлыг харгалзан үзэж “Э” ТӨҮГ-тай газрын төлбөрийн гэрээг байгуулахдаа алдагдал усны зөрүүг газрын үнэд тооцон суутгаж, аймгийн нийт хүн ам, байгууллага, аж ахуйн нэгжийн ундны болон бусад хэрэглээний усаар тасралтгүй хангахын тулд боломжит арга хэмжээг авч ирсэн. Энэ талаарх баримтыг захиргааны хэрэгт хангалттай өгсөн ба нэгэнт төлсөн усны үнэ дээр дахин татвар оногдуулж байгаа нь хий хоосон зүйлийг байгаа мэтээр ургуулан төсөөлөн бодож татвар ногдуулж байгаатай ижилхэн утга санаатай юм.

12. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан. Захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахдаа бүхий л түвшний эрх зүйн хэм хэмжээний актыг, өөрөөр хэлбэл Үндсэн хууль, УИХ-аас баталсан бусад хууль, захиргааны хэм хэмжээний актыг мөрдөх үүрэгтэй байдаг тул тэдгээрт харшилсан захиргааны акт гаргавал хууль зөрчсөн захиргааны акт гэж үзнэ.

13. Дээрх тайлбаруудаас харахад татварын улсын байцаагч нарын гаргасан нөхөн ногдуулалтын акт нь хууль, тогтоомжийг илтэд зөрчиж гарсан, эрх зүйн зөрчилтэй акт байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар захиргааны актыг хэсэгчлэн хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн үндэслэлд нэмэлт тодруулга гаргаж байна. Иймд Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актын 5 дахь хэсэгт заасан торгууль, алданги, нөхөн төлбөр зэрэг нийт 199 887 707 төгрөгийг “Э” ОНӨХК-аар төлүүлэхээр даалгасан хэсгийг хэсэгчлэн хүчингүй болгож өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын хэлтсээс Татварын ерөнхий хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг баримтлан торгууль ногдуулаад явж байгаа. Энэ хууль чинь “Э”ОНӨХК-д хамаараад байна. Шүүхийн шийдвэр гаргаад төлөхөөр болбол Монгол орны хэмжээнд манайхтай адилхан байгууллагууд байгаа тэдгээр газруудаар яагаад төлүүлэхгүй байгаа юм бэ. Зарчмыг гаргаж ирсэн бол зарчимдаа яагаад байхгүй байгаа юм” гэв.

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017, 2018, 2019 онуудын ус ашигласан тооцоог ярихдаа нийт борлуулсан усны тооцоог ярьсан. Манай дээр шалгалт ирэхэд цар тахлын үе таарсан. Манай хурлын зааланд татварын байцаагч хоёр хүн ирээд 2 өдөр суусан. Бид хэдээс ямар нэгэн тайлбар аваагүй. 2017 оных гэхэд нийт 934.664.22 метр куб ус аж ахуй нэгжид борлуулсан байгаа үүнээс усны нөөц ажигласны төлбөр, өөрөө төлдөг аж ахуй нэгж буюу “Э” ТӨҮГ, “Э”, “Э” зэрэг байгууллагуудыг хасаагүй оруулсан. Манайх тайлангаа хассан дүнгээр өгдөг. Манайх 2017-2019 онд 70.000.000 төгрөгийг ус ашигласны төлбөр төлсөн байгаа. Засгийн газрын 2011 оны 302 тогтоолоор 1 м.куб усыг хэдэн төгрөгөөр тооцох талаар байгаа. Хүнд, хөнгөн үйлдвэрлэл гээд чиглэл бүрд өөр өөр байдаг. Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар борлуулсан усанд 79.40 төгрөгөөр тооцоод хуваагаад үзэхээр 3 жилийн хугацаанд 800 метр куб ус гарч байгаа. 1 жилийн хугацаанд 200 метр куб гаран усны хэрэглээ гардаг. Борлуулсан усаа яриад байна гэж хариуцагч талаас тайлбарлаад байна. Борлуулсан усан дээр үндэслэж тайлбарлахаас өөр аргагүй. Хөнгөлсөн ус гээд байгаа нь 25 хувиас хамаагүй их гардаг. Өөрсдөө хаанаас ч юм ийм тоо гаргаж ирээд байгаа нь тодорхой бус байна” гэв.

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн тайлбарыг сонсож байхад “Э” ТӨҮГазраас тоолуураар усаа авдаг болохоор тоолуурын заалтаа харна гэж байна. Манай байгууллага бусад 21 аймгуудаас онцлог ус, дулаан хосолсон үйл ажиллагаа явуулдаг. Э-ээс усаа худалдаж аваад үйлчилгээ үзүүлдэг газар манайхаас өөр байдаггүй. Манай аймаг зөвхөн Э-ээр дамждаг болохоор татвар ногдуулахдаа тоолуурын заалт харагдаад байгаа. Худалдаж авсан ус нь орлого болоогүй ус гэж харагдаад өрний асуудлыг шийдэхийн тулд Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар оролцоод явж байгаа. Булган аймгаар жишээ авахад орлого олоогүй ус нь 56 хувь хүрсэн байхад өрийн асуудал байгаа тэр татвараа голдоо төлөх юм уу?. Манайх “Э” ТӨҮГазарт төлнө гэж харагдаад байгаа. Бусад аймгууд гол, газар, хөрсөндөө төлөх юм уу энэ талаар бодох хэрэгтэй байна. Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н-т Булган аймгийн Татварын газраас томилолт олгоогүй байхад хяналт шалгалт хийсэн үйлдэл нь Татварын хяналт шалгаж хийх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Татварын ерөнхий газрын 2019 оны А/264 дугаар тушаалын 3.6-д заасан татварын хяналт шалгалтыг зөвхөн томилолтойгоор гүйцэтгэх бөгөөд энгийн болон хялбаршуулсан шалгалт хийхийг тухайн албаны нэгжийн дарга олгоно гэснийг зөрчсөн. Томилолт олгоогүй байхад хяналт шалгалт хийсэн. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

9. Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбартай санал нэг байна. Нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.

10. Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Ц, Х.Б, Д.Б, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу ногдуулсан актын үндэслэлийн тухайд: “Э” ТӨҮГ-аас  орчин үеийн олон улсын стандартад нийцсэн тоолуураар “Э” ОНӨХК-д ус нийлүүлдэг бөгөөд нийлүүлсэн усны тооцоог тоолуурын заалтаар тооцох талаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг.

“Э” ОНӨХК нь тоолуурын заалтаар Э-ээс 2017 онд 4,560,018.00 м3, 2018 онд 4,355,802.05 м3, 2019 онд 4,407,184.53 м3 ус хүлээн авсан байдаг.

 “Э” ОНӨХК нь дээрх тоолуурын заалтаар хүлээж авсан уснаас 2017 онд 2,048,139.48 м3, 2018 онд 1,992,956.67 м3, 2019 онд 1,967,117.48 м3 ус борлуулсан. Үүнээс Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан чөлөөлөгдөх заалтын дагуу 2017 онд 1,113,475.20 м3, 2018 онд 1,147,931.59 м3, 2019 онд 1,184,746.39 м3 усыг чөлөөлж, үлдэх 2017 онд 934,664.28 м3, 2018 онд 845,025.08 м3, 2019 онд 782,371.09 м3 усанд ус ашигласны төлбөр ногдуулж, төлж тайлагнасан. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй бөгөөд хариуцагчийн зүгээс ч ямар нэгэн зөрчил гэж үзээгүй. Гагцхүү “Э” ТӨҮГ-аас тоолуурын заалтаар хүлээн авсан нийт уснаас төлж, тайлагнасан тооцооноос үлдсэн 2017 онд 2,511,878.52 м3, 2018 онд 2,362,845.38 м3, 2019 онд 2,440,067.05 м3 усыг алдагдал буюу орлого болоогүй ус гэж төлбөр төлөөгүй усыг зөрчил гэж үзсэн. Үүнд:

Огноо

 

Тоолуураар хүлээж авсан усны хэмжээ

 

 

Борлуулсан усны хэмжээ

 

Үүнээс

Алдагдал болсон төлбөр ногдуулаагүй усны хэмжээ

Ногдуулах төлбөр

Чөлөөлсөн усны хэмжээ

Төлбөр ногдуулсан усны хэмжээ

1

2017

4,560,018.00

2,048,139.48

1,113,475.20

934,664.28

1,371,874.01

49,703,297.56

2

2018

4,355,802.05

1,992,956.67

1,147,931.59

845,025.08

1,273,894.87

42,886,435.05

3

2019

4,407,184.53

1,967,117.48

1,184,746.39

782,371.09

1,338,270.92

42,259,089.30

Нийт дүн

13,323,004.53

6,008,213.63

3,446,153.18

2,562,060.45

3,984,039.81

134,848,821.91

Нэхэмжлэгч нь актыг хүчингүй болгох шаардлагын үндэслэлээ “...дээрх усыг ашиглаагүй, борлуулж орлого олоогүй бөгөөд алдагдал усанд ус ашигласны  төлбөр төлүүлэхээр акт тавьсан нь үндэслэлгүй...” гэж маргаж  байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэхүү маргааны үйл баримтын хувьд “Э” ТӨҮГ-аас тоолуурын заалтаар “Э” ОНӨХК-д нийлүүлсэн нийт ус, “Э” ОНӨХК нь хүлээн авсан усаа цааш  хэрэглэгч /айл өрх, аж ахуйн нэгж/-д нийлүүлж, тэдгээр хэрэглэгчээс авсан төлбөр тооцоогоор усны хэмжээ болон ус ашигласны төлбөр тооцоог төлж, тайлагнасан асуудлыг ялгамжтай авч үзэх ёстой.

Өөрөөр хэлбэл “Э” ТӨҮГ-аас авсан усыг хэрэглэгчдэд алдагдалтай /усны тоолуурын асуудалтай айл өрх, аж ахуйн нэгжийн/-аар нийлүүлсэн “Э” ОНӨХК-ийн буруутай үйл ажиллагаа нь “Э” ТӨҮГ-аас тоолуурын заалтаар нийлүүлэгдсэн байгалийн нөөц буюу усыг ашиглаагүй гэж үзэх, тоолуурын заалтаар нийлүүлсэн усны төлбөрийг чөлөөлөх, төлбөрийг төлөхгүй /зөвхөн хэрэглэгчдийн тоолуур (зөвхөн тоолуур хэрэглэгч)-ын заалтаар тайлан, тооцоог хийж бусдыг нь алдагдлаар данс бүртгэлд бүртгэж тусгаж байгаа нь/ байх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагчийн зүгээс алдагдал гэх усанд төлбөр төлөх ёстой гэж үзсэн бөгөөд эрдэмтдийн тооцоо судалгаагаар усны алдагдал нь 25 хувиас хэтрэх боломжгүй гэж үздэг. Гэтэл “Э” ОНӨХК нь усны алдагдлыг 50 хувиар гаргаж байгаа нь үндэслэлгүй. “Э” ТӨҮГ-аас тоолуурын заалтаар нийлүүлсэн уснаас хүлээн зөвшөөрөгдөх 25 хувиар алдагдал тооцож, үлдсэн /алдагдал/ усыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан чөлөөлөлт эдлүүлж, “Усны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2011 оны 302  дугаар тогтоолоор “Сэлэнгэ голын сав газарт тогтоосон газрын доорх усны экологи-эдийн засгийн суурь үнэлгээ”, “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 1 м3 усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг  79.404 төгрөгөөр ус ашигласны төлбөрийг тооцон гаргасан болно.

Нэхэмжлэлийн 2006, 1999, 2015, 2000-2020 онуудад усны алдагдлыг хаасан шийдвэр гарсан учир татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарын тухайд: Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2 дахь хэсэгт заасан татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийн хүрээнд Байгалийн нөөц болох усыг нийлүүлэгчээс нийт хэдий хэмжээгээр нийлүүлсэн, тэрхүү усыг хэдий хэмжээгээр яаж зарцуулсан, төлж тайлагнасан байдлыг /баланслах/ хянах гол эх сурвалж нь “Э” ТӨҮГ-аас  нийлүүлсэн тоолуурын заалтаар илэрхийлэгдэж буй усны хэмжээ бөгөөд түүнийг үгүйсгэх боломжгүй. “Э” ТӨҮГ-ын ашигладаг тоолуур, “Э” ОНӨХК /айл өрх, аж ахуйн нэгж/-ны ашигладаг тоолуур хоорондын зөрүүтэй байдал нь татварын зорилгоор тооцох үзүүлэлтэд хамаарахгүй бөгөөд тусдаа асуудал юм.

Нөгөөтэйгүүр хяналт шалгалтын явцад нэхэмжлэлд дурдсан нотлох баримтыг гаргаж өгөөгүй, ямар үндэслэлээр усны алдагдлыг хаасан, үүнтэй холбоотой шийдвэрүүд гарсан нь тодорхойгүй. “Э” ТӨҮГ-аас нийлүүлсэн усны хэмжээ алдагдалгүй. Гагцхүү “Э” ОНӨХК нь хэрэглэгчдэд нийлүүлэлтийн үед /тоолуурын хүчин чадал, тоолуургүй ашиглаж байгаа зэрэг/ алдагдал гарч байгаа, түүнийг нь харилцан тохиролцож бууруулах, тэглэх, өр төлбөрт шилжүүлэн хааж байгаа нь Байгалийн нөөц буюу усыг  ашиглаагүй гэж үзэх, төлбөр төлөөгүй байх үндэслэл болохгүй. Иймд “Э” ОНӨХК-ийн татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 дугаартай нөхөн ногдуулалтын актын 134,848,821.91 төгрөгийн нөхөн төлбөр, 40,454,646.58 төгрөгийн торгууль, 24,584,238.78 төгрөгийн алданги нийт 199,887,707.28 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

11. Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбартай санал нэг байна” гэв.

12. Хариуцагч Т.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуульд заасан үүргээ биелүүлсэн. Татварын ерөнхий газраас татварын улсын байцаагч Т.Н-ийг томилсон. Булган аймгийн Сэлэнгэ голоос усаа татаж авдаг учир Булган аймгийн төсөвт татвар төлөх үүрэгтэй байдаг. Нөхөн ногдуулалтын актаар юу гэж үзсэн бэ гэхээр “Э” ТӨҮГ нь сайн чанарын тоолуураар ус татдаг. 2017 онд гэхэд 4.5 сая метр куб усыг Эээс татаж авсан. 2 сая метр куб усны 1.1 сая метр куб ус нь иргэдийн унд ахуйн хэрэглээний ус гээд чөлөөлөгдөхөөр тайлагнасан. Үлдсэн усыг аж ахуй зориулалттай гэж тайлагнаад татвар төлсөн. Үлдсэн тайлагнаагүй 2.5 сая метр куб усыг тайлагнаагүй яасан гэхээр алдагдал ус учир татвар төлөхгүй гэдэг. Байгалийн баялаг бол шавхагддаг, ус бол байгалийн баялаг юм. “Э” нь дусал усны ч алдагдал гаргадаггүй тооцдог тоолууртай гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Үлдсэн 2.5 метр куб ус нь орлого болоогүй учир татвар төлөхгүй гэж тайлбарлаж байна. Татвар төлөөгүй буюу тайлагнаагүй усанд нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар, торгууль, алданги тавьсан. Хууль тогтоомжийн дагуу энэ татварыг төлөх ёстой. Орлого болоогүй усыг чөлөөлөх байсан гэж тайлбарлаад байна. Шугам сүлжээ цоороод ус шүүрдэг учир татвар төлөхгүй гэдэг. Орлого болоогүй усыг чөлөөлнө гэсэн үндэслэл хуульд байхгүй. Зөрүүг яаж тооцсон талаар тодорхой тайлбар хийсэн. Эрсдэлтгүй байхад шалгасан гэж ярьдаг. Эрсдэлийг систем хэрэглээний үнэлгээ дээр 79 хувийн үнэлгээтэй гарсан. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шалгалт хийсэн. Хоёрдугаарт Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийг томилолтгүй хяналт шалгалтад оруулсан үндэслэлгүй гэсэн. Татварын ерөнхий хуульд заасан эрсдэл өндөртэй байгууллага гэж гараад хяналт шалгалтыг хийх байцаагч нарыг Татварын ерөнхий газраас томилдог. Байцаагч нар нь ирээд  иж бүрэн шалгалт хийсэн нь хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илрээгүй байхад шалгасан гэдэг нь үндэслэлгүй. Прокурорын хяналтад орох боломжгүй. Хяналт шалгалтын явцад зөрчил илэрсэн гэх үндэслэл байхгүй. Байцаагч нар нь холбогдох материал болон хамаарал бүхий хүмүүсээс мэдүүлэг тайлбар авсан учир бодит байдалд нийцээгүй гэх зүйл байхгүй. Орлого болоогүй буюу ашиглаагүй усаа бид аваагүй гээд байгаа үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. 2017 оноос Сэлэнгэ голын сав газартай ус ашиглах гэрээ байгуулсан. Өмнө “Э” ТӨҮГ алданги хүлээдэг байсан. Орхон аймгийн Засаг дарга, “Э” ТӨҮГ, “Э” ОНӨХК хоорондоо ярилцаад газрын төлбөрийг суутгуулаад байдаг бол Булган аймгийн төсөвт орох ёстой гэсэн асуудал гарч ирнэ. Харилцагч тал Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 гэж зүйл заалт байхгүй байна гэж маргаад байгаа. Хуулийг буцаан хэрэглэсэн. Торгууль, алданги тооцохдоо Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хуулийг алийг хэрэглэж байгааг мэдэгдэхгүй хольж хутгаад байна гэсэн асуудлыг ярьж байна. Татварын ерөнхий хууль 2019 батлагдаад 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн. Дагаж гарсан журамд заасан хувь хэмжээгээр тооцсон. Шүүх бүрэлдэхүүн хууль хэрэглээний хувьд батлагдсан он, сар, хэрэгжиж эхэлсэн хугацааг сайтар анхаарч үзнэ үү. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн. Иймд хууль хэрэглээний хувьд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Манайх ус хангагч байгууллага гэж тайлбарлаад байна. Харахад өөрийнхөө шугам хоолойгоор дамжуулаад айл өрхүүдэд өгөөд байгаа хэдий ч Сэлэнгэ голын сав газартай ус ашиглалтын гэрээ байгуулсан. Тоолуурын заалтаар татвараа төлөхдөө Булган аймгийн Татварын албаны ямар дансанд тушаах талаар хэрэгт авагдсан байгаа. Алдагдлаа хүлээгээд сурчихсан тэрийгээ байх ёстой юм шиг яриад байх юм. Онцгой байдал, Гал унтраах анги тоолуургүйгээр ус ашигладаг учраас хасах ёстой байсан гэж ярина. Энэ чөлөөлөлт нь хасах ёстой 25 хувьдаа ороод явсан байгаа.

Нэхэмжлэгч актын тооцооллын хувьд маргахгүй байна гэж харж байна. Хууль хэрэглээний хувьд алдагдал усанд татвар ногдуулах хууль зүйн зүйл заалт байхгүй гэсэн. Татварын байцаагч нар нь хяналт шалгалт хийхдээ Татварын ерөнхий хууль, салбарлан гарсан хууль тогтоомжийн хүрээнд хяналт шалгалт хийсэн. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрсөн гэж үзээд нөхөн ногдуулалтын акт тавьсан. Авсан болон тайлагнасан усны хэмжээн дээр маргаан байхгүй. Гагцхүү зөрүү буюу алдсан усанд татвар төлөхгүй гэдэг. Тайлагнаагүй усыг бараг иргэдийн төлөөлөгч, Засаг дарга хүлээх ёстой гэсэн тайлбар хэлж байна. Гэтэл ашгийн төлөө байгууллагын хувьд ингэж хэлээд байж болохгүй. Манайх ашиглагч биш түгээгч дамжуулагч гэж тайлбарладаг ч хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээ, гэрээний дүгнэлт, Аудитын дүгнэлт зэргийг харахаар ашигласан ус бохирдоод эргээд гарахдаа авсан хэмжээтэй бараг адил байдаг. Тэгэхээр авсан усаа ашигласан гэдэг нь батлагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хангахгүй орхиж өгнө үү” гэв.

13. Хариуцагч Т.Н-ийн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ОНӨХК-ийн баримт дээр тулгуурлаж хяналт шалгалт хийсэн. “Э” ТӨҮГазраас авсан усны хэмжээ байгаа. Тэрнээс ор үндэслэлгүй зүйл дээр шалгалт хийгээгүй. Ашигласан усныхаа 45.6 хувиа аж ахуй нэгжүүдэд түгээсэн гэж тайлагнасан. Гэтэл авсан уснаасаа орлого болоогүй буюу ашиглаагүй гээд байгаа 55.0 хувьд нь нөхөн төлбөр ногдуулаагүй байдаг. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийсэн” гэв.

14. Хариуцагч Х.Б, М.Ц нарын төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбартай санал нэг байна” гэв.

15. Гэрч Ц.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Хуучин бол усны алдагдал гэж нэрлэдэг байсан сүүлийн үед орлого болоогүй ус гэж нэрлэдэг болсон байна. Орлого болоогүй ус яаж үүсээд байна гэхээр манай байгууллага нь “Э” ТӨҮГазраас усаа аваад түгээдэг ийм зориулалттай байгууллага. Ус түгээх зөвшөөрлийг аваад үйл ажиллагаа явуулдаг. Ямар нэгэн хэмжих нэгжээр буюу тоолуураар тооцож мөнгөө авдаг. Монголын хууль, дүрмээр бүх барилга, байшин, сургууль, цэцэрлэг, аж ахуй нэгжийн усны хэрэглээг тоолуураар тооцож авдаг. Гадагш алдсан ус мөн шугам хагарч гоожсон усыг ч түгээгч компани хариуцдаг. Газар доогуур явж байгаа шугам сүлжээ улсын өмч гэж явдаг. Нийт шугамын 34 хувь нь насжилт дууссан. Үүнээс шалтгаалж усны алдагдал үүсч байгаа. Аймгийн орон нутгийн төсөв хөрөнгө оруулалтаар тендерийн сонгон шалгаруулалт явуулж шалгарсан компани шугамыг сольж өгдөг. Хууль дүрмээрээ албан байгууллага, аж ахуй нэгж болон орон сууц  дотор байгаа тоолуурыг үндэслэн усны төлбөрөө тооцож авдаг. Шугам сүлжээгээр усаа асгаж байгаа нь бидний алдаа. Гэхдээ энэ алдаа маань байгальд ээлтэй боловч эдийн засгийн хувьд хор уршигтай байгаа юм” гэв.

16. Иргэдийн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд дүгнэлтээ танилцуулахдаа: “Э нь шугамын эвдрэл байнга гардаг бол их хэмжээний ус алдах нь ойлгомжтой, даруйхан шинэчлэл хийхгүй бол маргаан тасрахгүй, аль аль талдаа хэцүү, энэ маргааныг шийдэхэд хэцүү. Шүүхийн шийдвэрээр явах байх” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч “Э” ОНӨХК нь Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Ц, Х.Б, Д.Б, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н нарт холбогдуулан “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актаас 199,887,707.28 төгрөг төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Татварын улсын байцаагч нар нь нөхөн ногдуулалтын акт гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй байна.

2.1.“Э” ОНӨХК нь “Дулаан түгээх, халуун, хүйтэн усаар хангах, ..., бохир  ус цуглуулах, цэвэршүүлэх, ариутгах үйл ажиллагаа, усны тоолуур шалгах суурилуулах” зэрэг үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсан орон нутгийн өмчит хувьцаат компани бөгөөд Орхон аймгийн Татварын хэлтэс болон Булган аймгийн Татварын хэлтэст тус тус “Үйлдвэрлэл,  үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр төлөгч” буюу татвар төлөгчөөр бүртгэлтэй. /1 дэх хавтаст хэргийн 5, 3 дахь хавтаст хэргийн 39-42, 47 дахь тал/

2.2. Иймд тухайн татвар төлөгчийн татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг Орхон аймгийн Татварын хэлтэс, Булган аймгийн Татварын хэлтэс аль аль нь хянан шалгах, хяналт тавих харьяалалтай гэж үзнэ.

2.3.Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Татварын алба энэ хуулийн 12.1.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор хяналт шалгалтад хамруулах эрсдэлийн үнэлгээний нарийвчилсан үзүүлэлтийг татвар төлөгчид мэдээлэхгүй”, 32 дугаар зүйлийн 32.2.2-т “Татварын хяналт шалгалтыг эрсдэлд үндэслэх”, 35 дугаар зүйлийн 35.6-д “Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд үндэслэн хийнэ” гэж тус тус зааснаар эрсдэлийн үнэлгээг Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас хийж, харьяалах татварын албанд хүргүүлжээ. Мөн 2020 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд “Э” ОНӨХК-д “иж бүрэн” хяналт шалгалт хийхээр тусгагдсан байна. /2 дахь хавтаст хэргийн 78 дахь тал/

2.4. “Э” ОНӨХК-ийн эрсдэлийн үнэлгээ “79 оноо”-той буюу “эрсдэлтэй” байсан болох нь Татварын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 06/1864 дугаартай албан бичиг болон “tais.mta.mn цахим сангийн мэдээллээр тогтоогдсон тул татварын хяналт шалгалт хийх аж ахуйн нэгжийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 35 дугаар зүйлийн 35.10-т “Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно” гэж зааснаар сонгосон гэж үзэх үндэслэлтэй. /2 дахь хавтаст хэргийн 28-30, 80  дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 197 дахь тал/

2.5. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана”, 41.2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ”, 41.4-т “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэж заажээ.

2.6. Хариуцагч татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалтыг дээрх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас хийсэн эрсдэлийн үнэлгээг үндэслэн татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж болон томилолтод зааснаар гүйцэтгэсэн болох нь Татварын ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаартай “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20201204091 дугаартай томилолтоор тус тус нотлогдож байна. /2 дахь хавтаст хэргийн 28-30, 3 дахь хавтаст хэргийн 71-74 дэх тал/

2.7. Иймд нэхэмжлэгчийн “Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41.11.1 дэх заалтыг зөрчиж татварын хяналт шалгалтыг явуулсан. “Э” ОНӨХК нь эрсдэлтэйд тооцогдсон татвар төлөгч биш, мөн татвар төлөгчийн хүсэлт байхгүй байгаа нь татварын байцаагч нарын хийсэн хяналт шалгалт хийсэн нь үндэслэлгүй” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

2.8. “Э” ОНӨХК-ийн татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхэд хийсэн татварын хяналт шалгалт нь “бүрэн” буюу тухайн татвар төлөгчийн татвар төлөх үүрэг бүхий татварын төрөл тус бүрийг бүрэн хамруулсан иж бүрэн хяналт шалгалт байсан болох нь хяналт шалгалтын төлөвлөгөө, томилолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог.  

2.9. Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3-т заасан “Энэ хууль болон татварын бусад хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд тушаал гаргах, нийтээр дагаж мөрдөх журам, заавар, аргачлал, акт, маягтын загварыг баталж мөрдүүлэх, зөвлөмж гаргах” бүрэн эрхийн хүрээнд гаргасан Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/264 дугаар “Журам батлах тухай” тушаалын хавсралтаар “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ыг батлан мөрдүүлжээ.

“2.10. Дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.7-д “Нарийн төвөгтэй хяналт шалгалт хийх татварын улсын байцаагчийн томилолтыг тухайн шалгалтыг удирдан зохион байгуулж байгаа татварын албаны хяналт шалгалт хариуцсан чиг үүрэг бүхий нэгжийн дарга олгоно”, 3.8-д “Журмын 3.6-д заасан хяналт шалгалтыг хоёр ба түүнээс дээш татварын улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр, мөн журмын 3.7-д заасан хяналт шалгалтыг ажлын цар хүрээ, гүйцэтгэх ажлын шаардлага, хэрэгцээтэй мэргэжил, тусгай мэргэшлийн ур чадвар, техникийн хэрэгслээс хамаарч бүрэлдэхүүнтэй хийнэ” гэж зааснаар тухайн хяналт шалгалтыг удирдан зохион байгуулж буй нэгжийн даргаас олгосон нэгдсэн нэг томилолтоор татварын хяналт шалгалтыг бүрэлдэхүүнтэйгээр хийхийг журмалсан байна.

2.11. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар “Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н нь Булган аймгийн Татварын хэлтсээс томилолт аваагүй, Орхон аймгийн Татварын хэлтсийн томилолтоор хяналт шалгалт хийсэн нь татварын хяналт шалгалтыг томилолтгүй гүйцэтгэсэн гэж үзнэ” гэж маргав.

2.12. “Э” ОНӨХК нь Орхон, Булган аймгийн Татварын хэлтсүүдийн аль алинд нь татвар төлөгчөөр бүртгэлтэй байх тул тус хуулийн этгээдийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын иж бүрэн хяналт шалгалтыг Орхон аймгийн Татварын хэлтэс удирдан зохион байгуулсан нь харьяалал зөрчөөгүй. Тиймээс Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргаас Булган аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийг дээрх татварын хяналт шалгалт хийх бүрэлдэхүүнд оруулж томилсныг хууль, түүнд нийцүүлэн гаргасан хяналт шалгалтын үйл ажиллагаанд баримтлах журмыг зөрчсөн гэж үзэхээргүй  байна.

2.13. Нөгөө талаар “Удирдамж, томилолтгүй” гэдгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны хэн алинаас нь татварын улсын байцаагчид хяналт шалгалт хийх зөвшөөрөл олгосон удирдамж, томилолтыг огт олгоогүй байх нөхцлийг ойлгоно. Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н-ийн тухайд тус “Э” ОНӨХК-д татварын иж бүрэн хяналт шалгалт хийх ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн даргаас олгосон 2020 оны 20201204091 дугаартай томилолтын дагуу хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүнд орж хяналт шалгалтыг явуулж, хийсэн үйл ажиллагаатай холбогдуулан хамтарсан шийдвэр/ захиргааны акт/ гаргажээ.

2.14. Дээрх үндэслэлүүдээр татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны олгосон томилолтын дагуу Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4-т зааснаар хуульд заасан журмын дагуу эхлүүлж, хяналт шалгалтыг гүйцэтгэсэн гэж дүгнэв.

2.15. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “Татварын албанаас татвар хураах, хяналт тавих, татварын шалгалт хийхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг ...нөхөн ногдуулалтын акт, ...”, 79.4.3-т “Татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх ...” гэж тус тус хуульчилсан.

2.16. Татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн татварын хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж, хэрэгжүүлсэн байдалд татварын хяналт шалтгалт явуулж, нөхөн татвар, торгууль, алданги ногдуулахдаа гаргах шийдвэр /захиргааны акт/ нь нөхөн ногдуулалтын акт хэлбэртэй байхаар хуульд шийдвэр гаргах ажиллагааны хэлбэрийг заажээ. Иймд нөхөн ногдуулалтын актаар татварын нөхөн ногдуулалт хийж, торгууль, алданги тооцсон нь шийдвэр гаргах ажиллагааны хэлбэрийг зөрчөөгүй гэж үзлээ.

2.17. Нэхэмжлэгч талаас “Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 дахь хэсэгт татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.19-д заасан зөрчлийг шалгахаар харьяалал тогтоосон байхад энэ үүргээ биелүүлэхгүй, шийтгэлийн хуудсаар биш нөхөн ногдуулалтын актаар торгосон нь үндэслэлгүй, прокурорын хяналтаас гадуур бусдын эрх, ашиг сонирхолд хууль бусаар халдсан” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

2.18. Татвар төлөгчийн татварын хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй бол хүлээлгэх хариуцлага нь татварын алба, татвар төлөгчийн хооронд үүссэн татварын эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хамаарах ба татвар төлөх үүргээ биелүүлээгүй зөрчилд хүлээлгэх хариуцлага, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд хариуцлага хүлээлгэх асуудал нь зөрчлийн шинж байдал, төрлөөс шалтгаалан Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулиудад тус тус тусгайлан зохицуулагдсан. Тийм учраас Татварын ерөнхий хуульд зааснаар нөхөн татвар ногдуулж, төлбөл зохих татварын үнийн дүнгээс торгууль, алданги тооцоход Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхгүй бөгөөд энэ төрлийн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль нь Татварын ерөнхий хууль байна.

2.19. Тодруулбал, Татварын ерөнхий хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол нөхөн татвар ногдуулж, торгууль, алданги тооцоход Татварын ерөнхий хуулийг хэрэглэх, харин татварын хяналт шалгалтын явцад Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийг хянан шийдвэрлэнэ гэж ойлгох нь зүйтэй.

2.20. Мөн татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 79 дүгээр зүйлийн 79.4.3-т зааснаар нөхөн татвар ногдуулж, торгууль, алданги тооцохдоо Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрэглэх үндэслэл болохгүй. Учир нь татварын хяналт шалгалтыг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ мөрдөгдөж эхэлснээс хойш явуулж байгаа учир шийдвэр гаргах ажиллагааны журам, гаргах захиргааны актын хэлбэр нь Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хүрээнд гарах нь зүйн хэрэг юм.

2.21. Иймд Татварын ерөнхий хуульд зааснаар нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар ногдуулж, торгууль, алданги тооцсон нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нөхөн ногдуулалтын актыг прокурорт хянуулах эрх зүйн зохицуулалт, шаардлага байхгүй тул нэхэмжлэгч талын тайлбарыг хангах үндэслэлгүй байна.

3. Нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар ногдуулж, торгууль, алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

3.1. Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актаар “Э” ОНӨХК-д нийт 1,159,384,358.63 төгрөгийн зөрчилд 136,510,817.91 төгрөгийн нөхөн татвар, 40,953,245.38 төгрөгийн торгууль, 24,909,921.53 төгрөгийн алданги, нийт 202,373,984.82 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ. /1 дэх хавтаст хэргийн 7-12 дахь тал/

3.2. Татвар төлөгч “Э” ОНӨХК нь уг нөхөн ногдуулалтын актын аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвартай холбоотой зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд ус ашигласны төлбөрт ногдуулсан 199,887,707.28 төгрөг /нөхөн татвар 134,848,821.91, торгууль 40,454,646.58, алданги 24,584,238.78/-т холбогдох хэсгийг эс зөвшөөрч актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан.

3.3. “Э” ОНӨХК нь “Э” ТӨҮГ-тай 2017 оны “Цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах” гэрээг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр, 2018 оны гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус байгуулж, 2017 онд 1 шоометр цэвэр усыг 650.00 /НӨАТ-гүй/ төгрөгөөр, 2018 онд 1 шоометр усыг 715.00 /НӨАТ-тай/ төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Харин 2019 онд гэрээ байгуулаагүй болох нь “Э” ТӨҮГ-ын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 117/602 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдсон. /2 дахь хавтаст хэргийн 243 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 15-24 дэх тал

3.4. Энэхүү гэрээний дагуу “Э” ОНӨХК нь “Э” ТӨҮГ-аас 2017 онд 4,560,018.00 шоометр ус, 2018 онд 4,355,802.05 шоометр ус, 2019 онд 4,407,184.53 шоометр ус хэмжих нэгжийн заалтаар хүлээн авсан болох нь “Э” ОНӨХК-ийн усны тооцоо нийлсэн актаар нотлогдож байх бөгөөд хүлээн авсан усны хэмжээн дээр хэргийн оролцогчид маргаагүй болно. /3 дахь хавтаст хэргийн 25-31 дэх тал/

3.5. “Э” ОНӨХК нь “Э” ТӨҮГ-аас хэмжих нэгжээр хүлээн авсан нийт уснаас 2017 онд 2,048,139.00 шоометр ус, 2018 онд 1,992,956.67 шоометр ус, 2019 онд 1,967,117.48 шоометр ус хэрэглэгчдэд борлуулж, нийт хүлээн авсан уснаас 2017 онд 2,511,878.52 шоометр ус буюу 55.08 хувь, 2018 онд 2,362,845.38 шоометр ус буюу 55.25 хувь, 2019 онд 2,440,067.05 шоометр буюу 55.37 хувийн алдагдалтай байсан гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж  байх бөгөөд энэхүү алдагдал усны тоо хэмжээ, хувь дээр хэргийн оролцогч нар мөн маргадаггүй.

3.6. Харин нэхэмжлэгч “Э” ОНӨХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 тоот нөхөн ногдуулалтын актаар усны нөөц ашигласны төлбөрт ногдуулсан 199,887,707.28 төгрөг /нөхөн татвар 134,848,821.91, торгууль 40,454,646.58, алданги 24,584,238.78/-ийн төлбөрийн тооцоолол, хувь хэмжээн дээр маргаагүй, түүнчлэн нөхөн татвар, торгууль, алдангийн хэмжээг багасгах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин алдагдал усанд огт татвар ногдуулах үндэслэлгүй гэж марган нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлсон.

3.7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд алдагдал усанд усны нөөц ашигласны төлбөр /татвар/ ногдуулсан нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3.8. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.36-д "Төлбөр" гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.25-д “усны нөөц ашигласны төлбөр” нь Монгол Улсын татварын нэг төрөл байхаар хуульд заасан. 

3.9. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна” гэж, 8 дугаар зүйлийн 8.1-д “Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Татвар ногдох зүйлд орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаарын, хөрсний, усны бохирдол зэрэг зүйл хамаарна”, 9.2-т “Татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно” гэж тус тус зааснаар ус ашигласны төлбөр төлөгч, уг татвар ногдох зүйл, татварын хувь хэмжээг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулжээ.

3.10. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Байгалийн нөөц ашигласны төлбөр төлөгч нь Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд байна” гэж заасан байх тул байгалийн нөөцийн нэг төрөл болох усыг ашигласны төлбөр /татвар/-ийг “Э” ОНӨХК төлөх үүрэг бүхий хуулийн этгээд мөн эсэх, ус ашиглагч хуулийн этгээдэд хамаарах эсэхийг усыг ашиглахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан Усны тухай хуулиар тодорхойлох нь зүйтэй юм.

3.11. Тодруулбал: Байгалийн нөөцийн нэг төрөл болох усыг ашиглахтай холбогдсон харилцааг Усны тухай хуулиар, усны нөөц ашигласны төлбөр ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцаа нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар тус тус нарийвчлан зохицуулсан байх тул уг маргааны үйл баримтад эдгээр хуулиудын хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

3.12. Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага,... нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна”, 26.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус ашиглах, хэрэглэх зориулалтаас хамааруулан ... “ус хэрэглэгч”, “ус ашиглагч” гэж ангилах”-аар заасны зэрэгцээ уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27."ус ашиглагч" гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг, 3.1.28."ус хэрэглэгч" гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг ойлгохоор тус тус заасан.

3.13. Дээрх хуулийн зохицуулалт, тодорхойлолтоос дүгнэхэд “Э” ОНӨХК нь “Э” ТӨҮГ-аас хэмжих нэгжээр цэвэр усыг гэрээгээр тохирсон үнэ, тарифаар худалдан авч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад борлуулж, ашиг олох зорилгоор ашигладаг байх тул “ус ашиглагч” гэж үзнэ.

3.14. “Э” ОНӨХК-д 2017, 2018, 2019 онд Сэлэнгэ голын сав газрын захиргааны даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/19, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/08, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаар тушаалуудаар ус ашиглах зөвшөөрөл олгож, 2017, 2018, 2019 онд ус ашиглах гэрээг Сэлэнгэ голын сав газрын захиргаатай байгуулж, гэрээг жил бүр дүгнэж, дараа жилийн ус ашиглах зөвшөөрлөө авч, гэрээ байгуулж байсан үйл баримтууд тогтоогдсон. Иймд “Э” ОНӨХК нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглагч хуулийн этгээд гэдэг нь нотлогдож байна. /3 дахь хавтаст хэргийн 165-182 дахь тал/

3.15. Ус ашиглагч хуулийн этгээдийн усны нөөц ашигласны төлбөр төлөх харилцаанд Хот суурины усан хангамж, ариутгах татуургын тухай хуулийг хэрэглэхгүй.  Энэ хууль нь “хот, суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцаа”-г зохицуулна.

3.16. Усны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ус, рашааны нөөц ашигласны төлбөр төлнө”, 31.3-т “Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн хэмжээ, нөхцөлийг хуулиар тогтооно” гэж зааснаар ус ашигласны төлбөрийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу төлөх үүрэгтэй.  

3.17. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна”, 6.1.1 “хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус”, 6.1.2 “уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан ус”, 6.1.3 “эмчилгээ, сувилгаа, халаалт болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан рашаан”, 6.1.4 “эрчим хүч үйлдвэрлэх, тээвэр хийх болон усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус, рашааны орчин” гэж ус рашааны нөөц ашигласны төлбөр ногдох зүйлийг тодорхой заажээ.

            3.18. “Э” ОНӨХК нь 2017 онд 2,048,139.48 шоометр ус, 2018 онд 1,992,956.67 шоометр ус, 2019 онд 1,967,117.48 шоометр усыг ус хэрэглэгчдэд борлуулж, уг борлуулсан дүнгээр Булган аймагт 2017-2019 онд 70,037,289.23 төгрөгийн усны нөөц ашигласны төлбөрийг төлсөн. Энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

            3.19. Харин алдагдал ус буюу орлого болоогүй ус гэж тайлбарлаж байгаа “Э” ТӨҮГ-ийн эх үүсвэр бүхий хэмжих нэгжээр хүлээн авсан ус болон “Э” ОНӨХК-ийн ус хэрэглэгч нарт борлуулсан усны зөрүү 2017 онд 2,511,878.52 шоометр ус буюу 55.08 хувь, 2018 онд 2,362,845.38 шоометр ус буюу 54.25 хувь, 2019 онд 2,440,067.05 шоометр буюу 55.37 хувийн алдагдал усанд усны нөөц ашигласны төлбөр ногдуулах үндэслэлгүй гэж маргасан.

3.20. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас алдагдал усанд ус ашигласны төлбөр ногдуулах үндэслэлгүй гэх тайлбарын үндэслэлээ “Хэрэглэгчид борлуулаагүй усанд төлбөр төлөх үндэслэлгүй, борлуулсан уснаас төлбөрийг суутган авч төсөвт төлөх үүргийн дагуу үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий усанд төлбөрийг бүрэн ногдуулж төсөвт төлсөн. Усны алдагдал биднээс шалтгаалахгүй янз бүрийн шалтгаанаар үүсдэг. Тухайлбал: Шугамын насжилттай холбоотой ус шүүрэх, ус алдах, Онцгой байдлын газар нь усны төлбөрөөс чөлөөлөгддөг, “Э”, “Э” зэрэг байгууллагууд нь өөрсдөө усны төлбөрөө төлдөг зэрэг шалтгаан байна. Гэтэл шууд хүн амын ундны уснаас бусад нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус гэж төлбөр тогтоож байгаа нь үндэсэлгүй” гэж;

хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Э” ОНӨХК нь “Э”-ээс 4,0 шоометр ус хэмжих нэгжээр авсан. Хэмжих нэгжээр хүлээн авсан хэмжээнээс зохих хэмжээгээр зөвшөөрөгдөх алдагдал 25 хувь, айл өрхийн ундны усыг тухайн жилүүдэд ашигласан хувиар тооцож хасаж, үлдсэн хэсэгт нь төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлага, хариуцлагчийн татгалзлаа тайлбарлаж мэтгэлцэв.

3.21. Татварын улсын байцаагч нар нь алдагдал усанд усны нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа алдагдал усны нийт хэмжээнээс зөвшөөрөгдөх алдагдал буюу 25 хувийг хасаж, үлдэгдэл уснаас 2017-2019 онд “хүн амын ундны ус”-ны зориулалтаар хэрэглэгчид нийлүүлсэн усны хувьд харьцуулан хүн амын ундны усанд ногдох хэсгийг хасаж, үлдэгдэл усыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус гэж үзэн усны нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулжээ.

3.22. Тодруулбал: 1. 2017 онд нийт авсан ус 4,560,018.00 шоометр, борлуулсан ус 2,048,139.48 /ААН 934,664.28 буюу 45.63 хувь, Хүн ам 1,113,475.20 буюу 54.37 хувь/, алдагдал ус 2,511,878,52 шоометр байна. Нийт алдагдлаас зөвшөөрөгдөх алдагдал 25 хувь буюу 1,140,004.50 шоометр усыг хассанаар төлбөр ногдох усны хэмжээ 1,371,874.02 шоометр /ААН 625,986.12 буюу 45.63 хувь, Хүн ам 745,887.90 буюу 54.37 хувь/ байна. Үүнээс хүн амын унданд зориулагдах  745,887.90 буюу 54.37 хувийг хасаж, аж ахуй нэгж, байгууллагад үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар борлуулсан байх боломжит 625,986.12 шоометр усанд усны нөөц ашигласны төлбөр;

2. 2018 онд нийт авсан ус 4,355,802.05 шоометр, борлуулсан ус 1,992,956.67 /ААН 845,025.08 буюу 42.4 хувь, Хүн ам 1,147,931 буюу 57.6 хувь/, алдагдал ус 2,362,845.38 шоометр байна. Нийт алдагдлаас зөвшөөрөгдөх алдагдал 25 хувь буюу 1,088,950.51 шоометр усыг хассанаар төлбөр ногдох усны хэмжээ 1,273,894.87 шоометр /ААН 540,131.42 буюу 42.4 хувь, Хүн ам 733,763.44 буюу 57.6 хувь/ байна. Үүнээс хүн амын унданд зориулагдах 733,763.44 буюу 57.6 хувийг хасаж, аж ахуй нэгж, байгууллагад үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар борлуулсан байх боломжит 540,131.42 шоометр усанд усны нөөц ашигласны төлбөр;

 3. 2019 онд нийт авсан ус 4,407,184.53 шоометр, борлуулсан ус 1,967,117.48 /ААН 782,371.09 буюу 39.77 хувь, Хүн ам 1,184,746.39 буюу 60.23 хувь/, алдагдал ус 2,440,067.05 шоометр байна. Нийт алдагдлаас зөвшөөрөгдөх алдагдал 25 хувь буюу 1,101,796.13 шоометр усыг хассанаар төлбөр ногдох усны хэмжээ 1,338,270.92 шоометр /ААН 532,230.34 буюу 39.77 хувь, Хүн ам 806,040.57 буюу 60.23 хувь/ байна Үүнээс хүн амын унданд зориулагдах 806,040.57 буюу 60.23 хувийг хасаж, аж ахуй нэгж, байгууллагад үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар борлуулсан байх боломжит 532,230.34 шоометр усанд усны нөөц ашигласны төлбөр тус тус ногдуулжээ. /1 дэх хавтаст хэргийн 46-47 дахь тал/

3.23. Татварын улсын байцаагч нар Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “Хүн амын унд, ахуйн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуйн зориулалтаар ашигласан усны шоо метрээр” гэж зааснаар ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний усны шоометр тутамд усны нөөц ашигласны төлбөрийг тогтоосон нь хуульд нийцсэн.

3.24. Усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т зааснаар Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 326 дугаар “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ” тогтоосон хэсгийн 10-т зааснаар “Ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний усны шоомерт тутамд “газрын доорхи усанд” 15 хувь гэсэн хэмжээг Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 327 дугаар тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 302 дугаар тогтоолуудаар батлагдсан “Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ”, “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ээр “Сэлэнгэ мөрний сав газар, газрын доорхи ус 4072 төгрөг/шоо метр, итгэлцүүр 0,13”-аар тус тус тооцож, нийт нэгж тутамд 79.404 төгрөг/м3-ээр тооцжээ.

3.25. Дээрх тооцооллоор байгалийн нөөц ашигласны төлбөрийг шоометр тутамд тооцоход 2017 онд 49,705,801.87 /625,986.12 шоометр *79.404=49,705,801.87 төгрөг/, 2018 онд 42,888,595.27 төгрөг /540,131.42 шоометр*79.404=42,888,595.27 төгрөг/, 2019 онд 42,261,217.91 төгрөг /532,230.34 шоометр*79.404=42,261,217.91 төгрөг/, нийт 134,855,615.05 төгрөг болж байна.

3.26. Харин Татварын улсын байцаагчийн тооцоолсноор 2017 онд 49,703,297.56 төгрөг, 2018 онд 42,886,435,05 төгрөг, 2019 онд 42,259,089.30 төгрөг, нийт 134,848,821.91 төгрөгийн нөхөн татвар тооцсон байгаа нь 6,793.14 төгрөгийн зөрүүтэй байх ба татварын улсын байцаагчийн тооцоолол 6,793.14 төгрөгөөр бага байх тул уг тооцооллоор нөхөн татварын дүнг тооцож дүгнэлт хийв. /1дэх хавтаст хэргийн 46-47 дахь тал/

3.27. Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар усны нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулахдаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20.1-д “Дараах зориулалтаар ус ашигласан төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлнө” гэж зааснаар нэхэмжлэгчийн “алдагдал” гэж тайлбарлаж буй усны хэмжээнээс “хүн амын ундны хэрэгцээнд ашигласан ус”-ыг зохих хувиар, мөн зөвшөөрөгдөж болох алдагдал гэж 25 хувийг ус ашигласны төлбөр ногдох зүйлийн тоо хэмжээнээс тус тус хасаж тооцсон.  

3.28. Усны зөвшөөрөгдөх алдагдлын хувь хэмжээг тогтоосон албан ёсны стандарт, дүрэм, журам байхгүй хэдий ч Монгол Улсын Байгаль орчны яам, тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын ус ашиглуулах дүгнэлтээр өгсөн зөвлөмж, албан бичигт заасантай уялдуулан 25 хувиар тооцож хассан нь татвар төлөгч “Э” ОНӨХК-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зөвшөөрөгдөх алдагдлын хувь хэмжээг тооцсон гэж дүгнэлээ. / 1 дэх хавтаст хэргийн 88-93 дахь тал/

3.29. Усны алдагдал нь практикт шугам сүлжээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээний үед алдсан ус, гэнэтийн гэмтлийн үед алдсан ус, галын усны хэрэглээ, даралтат цамхаг, усан сан цэвэрлэх, угаахад зарцуулсан ус, усан ориглуурт зарцуулсан ус, хотын ногоон байгууламж, зам талбайг услах зэрэгт үүсдэг байх бөгөөд алдагдал тодорхой хэмжээнд байхыг зөвшөөрдөг ч зохих хэмжээнээс илүү хэмжээгээр алдагдал үүсгэж байгаа нь өөрөө байгалийн баялгийг зохисгүй ашиглах, хамгаалах үүрэг зөрчигдөж байгаа нэг хэлбэр юм.

3.30. Иймд алдагдал усны хэмжээг зохих хэмжээгээр тооцож, нөхөн татвар ногдуулсан татварын улсын байцаагч нарын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. Учир нь: “Э” ОНӨХК нь “Э” ТӨҮГ-аас гэрээнд зааснаар албан ёсны стандарт бүхий хэмжих нэгжээр усаа хүлээн авдаг бөгөөд тухайн хүлээн авсан усны 45-46 хувийг хэрэглэгчид борлуулж, 54-55 хувийн алдагдал үүсгэдэг талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрч тайлбарласан. Нэхэмжлэгчийн “алдагдал” гэж тайлбарлаж буй нийт 7,314,790.95 шоометр уснаас татварын улсын байцаагч нар 5,616,443.07 шоометр усыг хасаж, үлдэх 1,698,347.88 шоометр усанд нөхөн татвар /төлбөр/ ногдуулсан нь нэхэмжлэгчийн “Э” ТӨҮГ-аас худалдан авсан усанд ногдох татварын төлбөрөөс хангалттай чөлөөлсөн гэж үзэхээр байна.

3.31. Иймд татварын улсын байцаагч нар нь төлбөр ногдох усны хэмжээг тогтоохдоо зөвшөөрөгдөх алдагдлыг 25 хувиар, мөн хүн амын ундны усыг тодорхой хувиар хассан байх тул нэхэмжлэгчийн маргаж буй гал унтраахад зарцуулсан ус, бусад байгууллагын хэрэглэсэн усны хэмжээг хасаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

3.32. “Э” ОНӨХК,  “Э” ТӨҮГ-ын хооронд байгуулагдсан “Цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах” гэрээний дагуу хүлээн авсан цэвэр усны төлбөрийн тооцоог нийт хүлээн авсан усны дүнгээр тооцож, хэрэглэгчид борлуулсан усны төлбөрийг “Э” ТӨҮГ-т жил бүрийн гэрээнд заасан үнээр төлж, алдагдал усны төлбөрийг өр үүсгэн тайландаа тусгадаг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “Э” ТӨҮГ-аас ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон. /1 дэх хавтаст хэргийн 124-125, 152-196, 2 дахь хавтаст хэргийн 243/

3.33. “Э” ОНӨХК,  “Э” ТӨҮГ хоёрын хооронд цэвэр усны төлбөрийн тооцоо жил бүр алдагдал усны хэмжээгээр өр авлага үүсч явсан бөгөөд хоёр хуулийн этгээдийн хооронд үүссэн усны өр төлбөрийг “Э” ХХК-ийн Зөвлөлийн хурлын шийдвэрээр төлбөрийн үлдэгдлийг хаах, мөн “Э” ТӨҮГ-ын газар ашигласны төлбөрт төлөх газрын төлбөр /татвар/-өөс хасах зэргээр шийдвэрлэж байсан үйл баримтууд тогтоогдсон.

3.34. Үүнээс дүгнэхэд “Э” ОНӨХК нь “алдагдал” гэх усны төлбөрийг “Э” ТӨҮГ-т төлдөггүй, “Э” ТӨҮГ нь тус компаниас авах усны төлбөрөө газар ашигласны төлбөрт суутган хаалгах зэргээр шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгч усны алдагдлыг багасгах талаар болон байгалийн нөөцийг зүй зохистой, бүрэн ашиглах талаар зохих үүргээ гүйцэтгэдэггүй байдалтай байна гэж дүгнэхээр байна.

            3.35. “Э” ОНӨХК-ийн алдагдал усанд усны нөөц ашигласны төлбөр ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өгсөн...бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар татвар  ногдох зүйлийн тоо хэмжээг багасгасан гэх үндэслэлээр татварыг нөхөн ногдуулж, төлбөл зохих татварын 30 хувиар торгууль ногдуулсан нь хуульд нийцсэн.

            3.36. Учир нь “Э” ТӨҮГ-аас хэмжих нэгжээр хүлээн авсан усны хэмжээнээс хэрэглэгчдэд борлуулсан усны хэмжээг хасаж, зөрүүг “алдагдал” гэж шууд тооцож байгаа нь татварын ногдох зүйлийн тоо хэмжээг үндэслэлгүйгээр бууруулсан гэх үндэслэл болно.

            3.37. Усны алдагдал үүсэж байгаа шалтгаан /ус алдах, гэмтэл гарах гэх мэт/-д хамаарах усны алдагдлыг тухайн шугамын диаметр, урт, ус зарцуулалтын хугацаа зэргийг харьцуулан бодит алдагдлыг мэргэжлийн түвшинд бодитой тооцсон болох нь тогтоогдохгүй байх бөгөөд зөвхөн хүлээн авсан ус, борлуулсан усны зөрүүгээр алдагдлыг тодорхойлж байгаа нь үндэслэл муутай байна. Мөн шугам сүлжээний насжилттай холбоотой шүүрэлт үүсэж усны алдагдал үүсдэг гэж тайлбарлаж байгаа нь усны алдагдлыг тооцох бодит үзүүлэлт биш байна.

            3.38. Мөн Татварын улсын байцаагч нарын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 134,848,821.91 төгрөгийн нөхөн төлбөр, 40,454,646.58 төгрөгийн торгууль /30 хувь/, 24,584,238.78 төгрөгийн алданги /20 хувь/, нийт 199,887,707.28 төгрөгийн төлбөр тогтоосон нь Татварын ерөнхий хууль /2008-05-20 өдрийн хуулийн 2015-12-04 өдрийн өөрчлөлт/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1 “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаандаа төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасанд нийцжээ.    

3.39. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж зааснаар татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй хуулийг сонгон,  Татварын ерөнхий хууль /2008-05-20 өдрийн хуулийн 2015-12-04 өдрийн өөрчлөлт/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар алдангийн хэмжээг, Зөрчлийн тухай хууль /2017-05-11 өдрийн хуулийн холбогдох заалт 2019-03-22 хүчингүй болсон/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар татварыг нөхөн төлүүлж, торгуулийн хэмжээг тооцсон нь дээрх хуулиудад заасан зохицуулалтуудыг зөв хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

3.40. Нэхэмжлэгч талаас “Татварын ерөнхий хуулийн зүйл заалтыг хольж бичсэн, аль хуулийг хэрэглэж байгаа нь тодорхой бус, хуулийн зүйл заалт буруу бичсэн, хэнд үүрэг хүлээлгэж байгаа нь тодорхой бус зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэснийг зөрчсөн” гэж тайлбарлаж маргасан.

3.41. Татварын улсын байцаагч нарын татвар ногдох орлогын тоо хэмжээг бууруулсан гэж үзэж нөхөн татвар, торгууль, алданги тооцсон захиргааны акт нь дээрх үндэслэлүүдээр хууль зөрчөөгүй, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул хуулийн зүйл, заалтыг бүрэн бичээгүй хэлбэрийн алдаа нь дангаараа захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

3.42. Мөн татварын улсын байцаагч нарын шийдвэр гаргах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан “хуульд үндэслэх”, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг зарчмуудыг зөрчөөгүй, Татварын ерөнхий хууль /Шинэчилчэн найруулга/-ийн 5 дугаар зүйлд заасан “Татвар зайлшгүй байх”, “шударга байх” зэрэг зарчимд нийцсэн гэж үзлээ.

3.43. Хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “Э нь шугамын эвдрэл байнга гардаг бол их хэмжээний ус алдах нь ойлгомжтой, даруйхан шинэчлэл хийхгүй бол маргаан тасрахгүй, аль аль талдаа хэцүү, энэ маргааныг шийдэхэд хэцүү. Шүүхийн шийдвэрээр явах байх” гэх дүгнэлтийг харгалзан үзэж, “Э” ОНӨХК нь цаашид усны алдагдлыг багасгах, байгалийн баялгийг зөв зохистой ашиглаж, хамгаалах, ингэснээр нийтийн эрх ашиг, байгалийн тэнцвэрт байдлыг хангах ач холбогдолтой тул их хэмжээний усны алдагдал үүсгэж усны нөөц ашигласны төлбөр төлөхгүй байх нь үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4,  42 дугаар зүйлийн 42.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4.3, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хууль /2017-05-11/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Татварын ерөнхий хууль /2008-05-20 өдрийн хуулийн 2015-12-04 өдрийн өөрчлөлт/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.1.2, 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалтуудыг баримтлан  нэхэмжлэгч “Э” ОНӨХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч М.Ц, Х.Б, Д.Б, Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Н нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчдын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн НА-20210000001 дугаартай нөхөн ногдуулалтын актын 134,848,821.91 төгрөгийн нөхөн төлбөр, 40,454,646.58 төгрөгийн торгууль, 24,584,238.78 төгрөгийн алданги, нийт 199,887,707.28 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.УУГАНЦЭЦЭГ

            ШҮҮГЧИД                                                               Б.МӨНХЖАРГАЛ

                                                                                     Б.БАТЧИМЭГ