Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

иргэдийн төлөөлөгч В.Энхжаргал,

улсын яллагч Г.Батбаяр,

хохирогч Б.Батсайхан, түүний өмгөөлөгч Ж.Батхүү,

иргэний хариуцагч Т.Энхжаргалын өмгөөлөгч Т.Алдармаа, Б.Цэцэнбилэг,

гэрч Э.Анар,

шүүгдэгч Б.Хишигжаргал, түүний өмгөөлөгч О.Одхүү, Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хун тайж овогт Батмөнхийн Хишигжаргалд холбогдох эрүүгийн 2013 0102 0514 дугаартай, 105/2016/0321/э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, түүхийн багш, хүмүүжлийн ажлын арга зүйч мэргэжилтэй, Жи Вэлл Монголиа Интернешнл ХХК-д ерөнхий захирал ажилтай, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 05 дугаар хороо, Баянголын 20 гудамж, 4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Хун тайж овогт Батмөнхийн Хишигжаргал, /РД:МЭ67030606/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Хишигжаргал нь шунахайн сэдэлтээр 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Украйнский кухня зоогийн газарт хохирогч Б.Батсайханд Кан повер Монголия Энтерпрайс ХХК-ний өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцаагаа зарж шилжүүлэхээр тохиролцож түүнээс 10 хувийн хувьцаанд тэнцэх 100.000 ам.доллар буюу 139.483.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Хишигжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие Б.Хишигжаргал шүүх хуралдаанд дараах хоёр үндэслэлээр мэдүүлэг өгнө. Нэгдүгээрт: Э.Анар, Б.Батсайхан бидний хооронд үүссэн эрх зүйн харилцааны бодит үнэний тухай, Хоёрдугаарт: Яллах дүгнэлтийг буюу сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн тухай гэсэн дарааллын дагуу мэдүүлэгээ өгье. Нэгт: Э.Анар, Б.Батсайхан бидний хооронд үүссэн эрх зүйн харилцааны бодит үнэний тухай, Кан Повер Монголиа Интерпрайс ХХК-ний 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэх зорилгоор анх байгуулагдсан. Энэ компанийг анх миний хүү Б.Өсөхбаяр 100 хувийн ганц хүний эзэмшилтэй үүсгэн байгуулсан. Улмаар 2012 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Э.Анар гэгчтэй анх танилцсан бөгөөд тэрээр манай компанийн бизнесийг ихэд сонирхож миний хүүгээс 70 хувийн хувьцааг 200.000 ам доллараар худалдаж авахаар болж тохиролцоод 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 70 хувийн эзэн болж, гүйцэтгэх захирал болсон. Энэ үед бараа материал захиалах санхүүгийн зэрэг бүхий л асуудлыг Э.Анар шийдвэрлэхээр амлаж талууд хоорондоо тохиролцсон. Тухайн үед бараа бүтээгдэхүүнээ захиалах шаардлагатай байсан бөгөөд Э.Анар захиалгын төлбөрийн мөнгө олдохгүй байна, удахгүй бүтээж өгнө гэдэг байсан. 2012 онд Э.Анар манай найзын аав Батбаяр манай бизнест хөрөнгө оруулах сонирхолтой байна. Та 15 хувиа 150.000 ам доллароор зарчих гэж хэлж байсан. Улмаар Э.Анар 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр "Украйнский кухня" гэх газарт хүрээд ирээч гэхээр нь очиход Э.Анар, Б.Батсайхан нар аль хэдийнээ ирээд хүлээж байсан бөгөөд Э.Анар ширээн дээр 100.000 ам доллар гэж гаргаж тавиад манай найзын аав биш түүний хүү, миний найз Б.Батсайхан маань компаний хувь эзэмшигчээр орно. Үлдэгдэл 50.000 ам долларыг удахгүй өгнө та 100.000 ам долларыг аваад бараагаа захиалж байгаач гэж хэлээд Э.Анар надад өөрөө өгсөн.Би Б.Батсайханыг танихгүй, хувьцаа зарах тухай түүнтэй өмнө нь уулзаж байгаагүй. Би тухайн үед Б.Батсайханы л мөнгө юм байх гэж ойлгоод авсан учраас мөнгөнд таарсан 10 хувийн хувьцааг шилжүүлэхээр өөрөөс шалтгаалах бүхий л шаардлага санаачлагыг тавьж байсан. Гэвч Э.Анар хурал зарлаж өгөхгүй шалтаг саам хайгаад өөрөө ч ажил дээрээ ирэхгүй алга болж цаашлаад миний хувьцааны үлдсэн хувийг Б.Эрдэнэтуяа гэх хүнд давхар зарах оролдлого хийж Б.Эрдэнэтуяад 5 хувийн хувьцаа, Б.Батсайханд 10 хувийн хувьцаа өг хэрэв зөвшөөрвөл хурал зарлаж өгнө, эсвэл найз Э.Оргил гэх хүний компанид 5 хувь эзэмших гэх мэтээр янз бүрээр шантаачилж эхэлсэн. Бидний харилцаа үүнээс болж муудаж аргагүй эрхэнд би өөрөө 2013 оны 01 дүгээр сарын 14-нд хурал зарлаж хувьцаа эзэмшигч нарт өөрийн биеэр компанид үүсч буй нөхцөл байдлаа дурьдсан захидлаа хүргэж өгсөн. Миний захиаг хүлээж авсан Т.Энхжаргал 2013 оны 01 дүгээр сарын 14-16-ныг хүртэл өдөрт 2-3 удаа утсаар ярьж Ж.Оюунгэрэл дарга гадаад явсан удахгүй 17-нд ирнэ тэгээд гурвуулаа ярилцъя, наад Э.Анар гэх залууд хэзээ ч хувьцаа өгч  болохгүй ямар нэгэн зүйл дээр та гарын үсэг битгий зураарай гэх мэтээр харилцан ярилцаж, Оюунгэрэл гуайг ирэхийг хүлээсэн.2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 18.30 минутын орчимд Ж.Оюунгэрэл гуай өөрөө над руу залгаад хувьцаагаа зарах тийм их шаардлага байгаа юм уу, маргааш хурал зарлана хувьцаагаа зарвал компанийн хуулиар шийдэх ёстой, та мөнгийг нь өгчихвөл болох юм биш үү, бид Э.Анараас 33 хувийн хувьцааг 330.000 ам доллараар худалдаж авсан, маргааш хурал дээр таны хувьцааг зарахыг бид нар хүлээн зөвшөөрөхгүй шүү гэж хэлсэн. Энэ тухайгаа ч Ж.Оюунгэрэл гуай мэдүүлгээрээ нотлон хэлсэн байдаг. 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хурал зарлагдаж, хурал дээр Б.Батсайхан, Б.Эрдэнэтуяа, Б.Даваадорж гэсэн 3 хүний анкетийг Э.Анар гаргаж, хувьцаа сонирхож байгаа хүмүүс, та нар анкетийг нь үз дээ гээд Б.Батсайханд намайг 10 хувийн хувьцаагаа зарж байгааг тайлбарлаж хэлсэн. Хурлыг Ж.Оюунгэрэл дарга удирдаж явуулсан ба хурлын тэмдэглэлд өөрийн хэлсэн үгийг мэдүүлгээрээ үнэн зөв байна гэж хүлээн зөвшөөрсөн тул тэмдэглэлд зааснаар Ж.Оюунгэрэл зөвхөн Б.Даваадорж гэдэг хүнийг нь зөвшөөрч, Э.Анарын 4 хувийн хувьцааг түүнд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Э.Анар тус хурал дээр Б.Хишигжаргал надтай санал нэгдээгүй, эсрэг байр суурьтай оролцож миний бие 30 хувийн хувьцааны эрх мэдэлтэй тул шийдвэр гаргах нөхцөл хуулиараа бүрдээгүй. Хэрвээ Э.Анар надтай санал нэгдсэн бол бид хоёрын хувьцааны нийлбэр 67 хувь болж олонхи болж чадах байсан. Харамсалтай нь Э.Анар Б.Батсайханыг дэмжүүлэх намайг хувьцаагаа өгөхөд дэмжлэг үзүүлээгүйгээс болж Б.Батсайхан хувьцаагаа авч чадаагүй. Хурлын маргааш Б.Батсайхан надтай уулзаад та намайг залилж мэхэлсэн, чамайг 12 жилээр шоронд суулгана, цагдаад өгнө гээд харааж загнаж байгаад гараад явсан. 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б.Хишигжаргал намайг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст Х.Отгонжаргал гэх байцаагч дуудсанаар 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, өнөөдрийг хүртэл 4 жил 4 сар шалгагдаж байна. Болсон явдал товчхондоо бол ийм. Миний бие Б.Хишигжаргал хурал зарлаж Б.Батсайханд хувьцаагаа шилжүүлэх, компанийн хувь заяаг хэлэлцэх, Э.Анарын ёс зүйгүй үйлдлийг зогсооход тусламж хүсэж хурал 14 удаа зарласан боловч хэн нь ч миний хүсэлтийг хүлээж авч, хуралд ирээгүй. Хуралдахаараа нууцаар гурвуулаа хуралдчихаад, шийдвэрээ нууцаар гаргачихдаг. Б.Хишигжаргал намайг хүртэл үндэслэлгүйгээр ажлаас халчихсан. Оффисоо хүртэл нууцаар нүүлгээд аваад явчихсан байсан. Үүнээс хойш миний бие ганцаардаж, компаниас харилцаа холбоо тасарч эхэлсэн. Б.Хишигжаргал миний бие энд ярьсан бүх үнэнээ мөрдөн байцаалтын шатанд тууштай, тогтвортой мэдүүлсээр ирсэн. Хоёрт: Яллах дүгнэлтийг буюу сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн тухай: Улсын яллагч яллах дүгнэлтэндээ иргэн намайг шунахайн сэдэлтээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар Б.Батсайханыг залилан мэхэлж түүнд 100.000 ам.долларын хохирол учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт буруутгаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь намайг Б.Батсайхан гэгчийг залилан мэхэлсэн гэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Шунахай санаа сэдэлтээр: Б.Хишигжаргал миний бие 100.000 ам.доллар авсанаа бол хүлээн зөвшөөрнө. Энэ мөнгийг аваагүй гэж нэг ч удаа хэлж байгаагүй. 100.000 ам.долларын зарцуулалтыг санхүүгийн татвар, аудит, шүүх шинжээч болон хөрөнгийн үнэлгээчний зэрэг 4 байгууллагын дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр тус тус хангалттай нотолсон байдаг. Б.Батсайханаас авсан 100.000 ам.долларын 64.000 ам долларын талаар: Хэрэгт авагдсан 8 хх 133-138 хуудсанд 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны импортын аккредитивийн 494008774 тоот дансанд нийт 429.312 ам.долларын баримт байдаг. Энэ мөнгө хаанаас яаж бүрдсэн бэ гэхээр 250.000 ам.долларыг Оюунгэрэл гуай компанид зээлүүлсэн байдаг. 116.480 ам.доллар нь бусад компанитай гэрээ байгуулаад гэрээний дагуу урьдчилгаа авсан мөнгөн дүн юм. Энэ хоёр мөнгөн дүнг нэмэхээр 64.000 ам.доллар яг дутаж байсан. 36.000 ам.долларыг нь 15 хх 05-06 хуудас, 15 хх 21-33 хуудас компани, ажил бизнес, амьдрал, үр хүүхдээ даатгаж Э.Анар, Ш.Цогт, Б.Батсайхан, Б.Өсөхбаяр, Б.Хишигжаргал бид нар Жамсран, Ямандаг хэмээх 2 бурханыг бүтээхэд санаа сэтгэлээрээ нэгдэж, хамтдаа зориулсан. Үүнийг 8 хх 56-58 хуудас, 15 хх 5 хуудас зэрэгт гэрч, лам багш Д.Гэрэлт-Одын мэдүүлэг, 15 хх 21-33 хуудсанд бурханд хийсэн мэргэжлийн үнэлгээчний дүгнэлт, 12 хх 67 хуудсанд гэрч М.Оролзодын мэдүүлэг, 12 хх 69 хуудсанд гэрч Э.Энхбаярын мэдүүлгүүд тус тус нотолдог.100.000 ам.долларыг Б.Хишигжаргал намайг шунахай санаа сэдэл агуулж авсан уу, эсвэл гарцаагүй бараа бүтээгдэхүүн захиалахад хэрэглэх зорилгоор авсан уу гэдгийг мөрдөн байцаалтын шатанд нотлох ёстой байсан ба үүнийг дээрх байдлаар хангалттай нотолж чадсан учраас шунахай санаа сэдэлтээр гэдэг улсын яллагчийн энэ байр суурийг эрс эсэргүүцэж байна. Учир нь Б.Хишигжаргал миний бие угтаа бол өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцаагаа зарсан. 100.000 ам.долларынхоо орлогыг зөвхөн өөртөө зориулах эрхтэй байсан. Гэвч би тэр мөнгийг компанийхаа төлөө захиран зарцуулсан. Энэ 64.000 ам.долларыг хэн хариуцаж, гаргах ёстой байсан бэ? гэсэн асуудал гарч ирж байна. Дутагдаж буй 64.000 ам.долларыг Э.Анар нь гүйцэтгэх захирлын хувьд бүрэн хариуцах үүрэгтэй байсан ч үүргээ биелүүлээгүй. Компанийн 70 хувийн хувьцааг авах үедээ бүтээгдэхүүнийг захиалах мөнгийг би хариуцна гэж амлаж байсан амлалтаа биелүүлээгүй тул Б.Хишигжаргал миний бие гарцаагүй байдалд орж, хувьцаагаа борлуулж бүтээгдэхүүн захиалах зайлшгүй хэрэгцээ гарсан. Харин бурханыг бол ямар ч хар буруу санаа сэдэлгүйгээр алс хожмын хойчоо бодож, хамтдаа бүтээсэн. Ийм нөхцөл байдлыг "шунахай санаа сэдэлтээр" гэж шууд яллаж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Хуурч мэхлэсэн гэх тухайд хохирогч гэх Б.Батсайханыг хуурч мэхлэсэн гэсэн үйлдэл надад огт байгаагүй гэдгийг баттай хэлмээр байна. Надад хуулиар баталгаажигдсан, өөрийн эзэмшлийн, миний гэх 30 хувийн хувьцааны эрх байсан. 30 хувьд тохирсон ногдол ашиг хүртэх эрх байсан уу гэвэл байсан. Үүнийг нотолсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, архивийн нотлох баримтууд хэрэгт хангалттай цугларсан байдаг. Өөрт байхгүй зүйлээ байгаа мэтээр худал хэлж Б.Батсайханыг би хуурч мэхлээгүй гэдгээ үүгээр эхлээд нотолж байна. Нөгөө талаар Б.Хишигжаргал миний бие Б.Батсайханы 1 хх 126 хуудсанд “Хишигжаргал нь анхнаасаа миний уг компанид хувьцаа эзэмшигч болох сонирхолтойг дагуулж, намайг уг компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигчээр хууль ёсны дагуу тогтоож өгнө" гэж хэлсэн шиг хуурч мэхлэх ямар нэгэн үйлдэл нэг ч удаа гаргаж байгаагүй. Өөрөөр хэлбэл би Б.Батсайхантай утсаар ярих юм уу, түүнийг өөрийнхөө 10 хувийн хувьцааг авахад хүргэх хүртэл нь ятгах, итгүүлэх юмуу, удаа дараа дуудаж уулзах гэх мэт үйлдлийг Б.Хишигжаргал миний зүгээс хэзээ ч гаргаж байгаагүй. Харин ч эсрэгээрээ Э.Анар намайг дуудаж, Б.Батсайхантай анх танилцуулж, мөнгө өгөхдөө ч хүртэл намайг Э.Анар дуудаж, "Батсайханы аав нь биш хүү нь хувьцаа эзэмшигчээр орох болсон" гэж хэлээд мөнгийг өөрөө гардаж өгсөн байдаг.Тэгэхээр хуурч мэхлэх ямар нэгэн арга заль Б.Хишигжаргал надад байсан гэдгийг 204 тоот яллах дүгнэлтэд иш авсан нотлох баримтуудын Б.Батсайхан, Э.Анар, Ш.Цогт нарын мэдүүлгээс харсан ч аль нь ч нотолж чадахгүй байгаа юм. Итгэл эвдэх аргаар залилсан гэх тухайд итгэл эвдэх аргаар гэдгийг миний бие буруу ойлгоогүй бол Б.Батсайханаас мөнгийг нь авчихаад хувьцаагаа өгөхгүй байх ямар нэгэн үл бүтэх үйлдэл, оролдлого гаргах, зугтах, утсаа авахгүй байх, холбоо харилцаагаа санаатай таслах гэдэг ч юм уу ямар нэгэн үүнтэй холбоотой ноцтой үйлдэлээр нотлогдох ёстой юм болов уу гэж бодож байна. Б.Хишигжаргал миний бие 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр мөнгө авсаныхаа дараа Э.Анарт хандаж "Б.Батсайхан хувьцаа эзэмшихээр орж байгаа юм байна. Аав, хүү хоёрын ялгаа юу байх вэ. Чи гүйцэтгэх захирлын хувьд хурлаа зарлаарай, Б.Батсайхан чи надад цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбараа өгөөрэй, улсын бүртгэлд хэрэг болдог юм" гэж хэлж байсан үгээ байцаалт бүртээ тогтвортой, тууштай мэдүүлдэг. Миний ингэж хэлснийг Б.Батсайхан ч 1 хх 41 хуудсанд цагдаагийн байгууллагад өгсөн гомдолдоо дурдсан байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хуулиар бол гүйцэтгэх захирал Э.Анар эхэлж зарлах ёстой. Э.Анарыг хурал зарлахгүй зугтаад янз бүрийн арга саам хайгаад болохгүй байхаар нь аргагүйн эрхэнд 2хх-ийн 209-216 хуудсанд миний бие 2013 оны 01 дүгээр сарын 14-ний  өдөр хувьцаа эзэмшигч нарт хандаж захидал хүргэж, хурал зарласан. Үүнийг 2 хх 127-132 хуудсанд 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ТУЗ-ын хурал дээр Э.Анар санал хураалтын үед надтай санал нэгдээгүй. Б.Батсайханыг хувьцаа эзэмшигчээр оруулахад Э.Анар бид хоёрын нийлсэн 67 хувийн хувьцаа олонхи болж чадах байсан ч Э.Анар миний эсрэг санал санаатай өгсөн. Уг хурлыг Ж.Оюунгэрэл удирдаж явуулсан ба гурван хүний анкеттай танилцаад зөвхөн Даваадоржийг зөвшөөрч, Э.Анарын хувьцаанаас 4 хувийн хувьцааг өгөхөөр болж шийдвэрлэсэн тул Б.Батсайханд би хувьцаагаа шилжүүлж чадаагүй.Энэ хурлаас хойш 2 хх 217-232 хуудсанд Б.Хишигжаргал миний бие 14 удаа хурал зарласан и-мэилийг хувьцаа эзэмшигч нарын и-мэил хаягт илгээсэн ч хэн нь ч миний саналыг хүлээж авдаггүй байсан. Б.Хишигжаргал намайг хувьцаа эзэмшигч нарт хурал зарлаж байсан тухай и-мэил илгээж байсан эсэхийг 7 хх 69-132 хуудсанд байцаагч Д.Пүрэвдорж, 14 хх 54-56 хуудсанд байцаагч Д.Баясгалан нар Б.Хишигжаргал миний цахим хаягт тус тус үзлэг хийж баталгаажуулж, нотолсон байдаг. Б.Хишигжаргал миний зүгээс Б.Батсайханд 10 хувийн хувьцаагаа шилжүүлэх оролдлогыг удаа гаргаж, идэвхитэй байдлаар хандаж байсныг нотлох дээрх нотлох баримтуудаар итгэл эвдэх аргаар залилж гэж үзэж буй яллах дүгнэлтийн заалтыг няцааж байна. Онц их хэмжээний хохирол амссан хүн нь хэн бэ, хохирогч нь хэн бэ гэдгийг нягталж шалгаж тогтоох ёстой. Энэ талаар 3 хх 185-187 хуудсанд 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Д.Чулуунхүү шүүгчийн 361 тоот захирамжийн хамгийн эхний даалгаварт маш тодорхой дурьдсан байдаг. Энэ даалгаварын биелэлт бүрэн дүүрэн хангагдсан нь 14 хх 236-238 хуудсанд хяналтын прокурор Ш.Алтанцэцэгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 406 тоот тогтоолоор "Хохирогч нь тогтоогдоогүй" гэх үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болж байснаар баттай нотлогддог. 100.000 ам.доллар хэний мөнгө байсан бэ? Б.Хишигжаргал надад мөнгө өгсөн гэх Б.Батсайхан нь миний мөнгө биш, би Ш.Цогтоос зээлсэн мөнгө байсан гэдэг, Ш.Цогт нь миний аавын үлдээсэн мөнгө байсан гэж мэдүүлдэг. Ш.Цогтын аав Ч.Шараврэнцэнгийн мөнгө байсан эсэхийг шалгахаар түүнийг энэ их хэмжээний мөнгөтэй байгаагүй гэдэг нь тогтоочихсон. Э.Анар, Ш.Цогт нар нь Б.Батсайхан нь хүнээс мөнгө олоод өгчихсөн байсан гэдэг. Э.Анар нь Б.Батсайханыг хэнээс мөнгө зээлсэнийг би мэдэхгүй гэдэг. Энэ мэтчилэн яг хэнийх нь мөнгө байсныг эргэлзээтэйгээр мэдүүлдэг ч Б.Хишигжаргал миний бие энэ мөнгийг Э.Анар надад өгсөн гэдгийг, Э.Анараас авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Б.Батсайхан нь 12 хх 12-14 хуудас, 12 хх 6-12 хуудсанд 100.000 ам.долларын өрөө төлөхийн тулд өөрийн байр, машинаа банк бус санхүүгийн байгууллагад тавиад Ш.Цогтын 7 хх 67 хуудсанд төлбөрийг төлөөд дууссан гэдэг, нэг бол 11 хх 209 хуудсанд 30.000-40.000 ам.доллар төлсөн гэдэг, мөн 7 хх 169 хуудсанд Оргилд 40.000 ам.доллар өгсөн гэдэг ч байр, машинаа банк бус санхүүгийн байгууллагад тавьсан огноо дээрх үйл явдалтай яв цав таардаггүй. Цаг хугацааны хувьд эрс зөрүүтэй байдаг. Тэгэхээр байр, машиныхаа зээлийн мөнгийг 100.000 ам.долларынхоо өрийг дарахад бус хувьдаа хэрэглэсэн гэдэг нь нотлогдож байна. Тэгэхээр дээрх нотлох баримтуудаар хохирогч гэх Б.Батсайхан нь онц их хэмжээний хохирол амссан жинхэнэ хохирогч биш гэдэг нь баттай нотлогдож байна. Нэгэнт Б.Батсайхан, Ш.Цогт нар нь мөнгөнийхөө эх үүсвэрийг тогтоож чадаагүй тул энэ 100.000 ам.доллар хэний мөнгө байсан бэ гэдэг асуудал зайлшгүй гарч ирж байгаа юм. Миний хавтаст хэрэгтэй танилцсан байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтаар Э.Анарын мөнгө байсан гэж үзэж болохоор нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Тухайлбал 8 хх 8 хуудсанд Э.Анар 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 70 хувийн хувьцааг авсныхаа маргааш өдөр Батгэрэл гэх хүнээс 250.000 ам.доллароор 25 хувийн хувьцаагаар шилжүүлж Э.Анарын Худалдаа хөгжлийн банкны ам.долларын дансанд шилжүүлсэн байдаг. 12 хх 106-107 хуудсанд уг 250.000 ам.долларын 125.000 ам.долларыг 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Анарын аав Д.Энхбатын Худалдаа хөгжлийн банкны дансанд орсон байдаг. Мөрдөн байцаагч үүнийг шалгаж үзэхээр 14 хх 114-115 хуудсанд Д.Энхбат нь Худалдаа хөгжлийн банкны дансандаа хүлээж авсан 125.000 ам.долларыг Голомт банкны данс руугаа 3 хувааж шилжүүлсэн байдаг. Надад өгсөн 100.000 ам.доллар нь Голомт банкны ууттай, цоо шинэ, гар зүсэм, 10 боодол, 100-тын дэвсгэрттэй, банкнаас дөнгөж авсан мөнгө байсан. Тэгэхээр Э.Анар нь бүтээгдэхүүн захиалахад яагаад мөнгөтэй байж мөнгөө оруулаагүй вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Бүтээгдэхүүн захиалахад 64.000 ам.доллар дутагдаж байсан нь үнэн. Э.Анар нь миний хүү Б.Өсөхбаяраас 2 хх 119-223 хуудсанд компанийн 66 хувийг 200.000 ам.доллароор худалдаж авах санал, гэрээний төслүүдийг дээрхи хаягт ирүүлсэн. Үүнд нь итгээд 3 хх 52-57 хуудсанд миний хүү Б.Өсөхбаяр 70 хувийн хувьцаагаа шилжүүлж өгсөн ч өнөөдрийг хүртэл нь мөнгөө авч чадаагүй хохирч байна. Э.Анар нь бүтээгдэхүүн захиалах мөнгийг гаргах хүсэлгүй байсан нь миний хүү Б.Өсөхбаярыг Э.Анарыг мөнгөтэй гэдгийг мэдчихвэл мөнгөө нэхээд авчихна гэж болгоомжилж байсан учир мөнгөгүй, мөнгө олдохгүй байна гэж ойлгуулсаар байсан. Бүтээгдэхүүний мөнгийг өгөхгүй байсан нь нөгөө талаар Б.Хишигжаргал миний хувьцааг заруулах шахалтанд оруулах нөхцөлийг бүрдүүлэхийг хүсэж, энэ хүсэлдээ хүрэхийн тулд Б.Батсайханыг гаргаж ирж хувьцаа худалдан авагчийн дүрд тоглуулсан.Э.Анар нь хэрвээ 64.000 ам.доллар оруулчихвал буцааж авахад хэцүү гэж тооцоолсон. Учир нь компанид буцалтгүйгээр хөрөнгө оруулалт хийнэ гээд ам гарчихсан байсан учраас тэр. Зээл гэж оруулах хэцүү байсан учраас мөнгөө компанид зүгээр өгч чадахгүй байсан. Б.Хишигжаргал намайг хувьцаа зарсан 100.000 ам.доллараа хувьдаа хэрэглэчихнэ гэж болгоомжилж, зориудаар бараа бүтээгдэхүүн захиалах хэрэгцээг гаргаж, түүнд мөнгөө оруулах шахалтыг үзүүлж чадсан. Энэ мэтчилэн Э.Анар 64000 ам.долларыг Б.Хишигжаргал миний 30 хувийн хувьцааг бусдад худалдсан мөнгөнөөс гаргуулахаар 100.000 ам.долларыг санаа сэдлийг анх гаргаж, өөрөө түүнийгээ гардаж зохион байгуулж, магадгүй бүр урьдаас төлөвлөж байгаад Б.Батсайханыг хохирогчоор, Ш.Цогтыг мөнгө зээлдүүлэгчээр татаж оролцуулж эхэлсэн байх магадлалтай гэж би хардаж байна. Энэ нь урьдаас төлөвлөгдсөн, яригдсан зүйл байсныг хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотолдог. Б.Батсайхан бодит байдалд хохироогүй. Харин эсрэгээрээ Э.Анарын зохион байгуулсан энэхүү хэрэгт хохирогчийн дүрд гарамгай тоглосон нь илэрхий байна. Э.Анарын дээрх үйлдлүүдээс болж бусад хувьцаа эзэмшигч нар маш их хохирсон. Ялангуяа Ж.Оюунгэрэл, Т.Энхжаргал нар бизнесийн зөв санаа зорилготой орж ирсэн ч Э.Анарын ёс зүйгүй үйлдлийн улмаас давхар хохирсон гэж үзэх үндэслэлтэй. Б.Хишигжаргал миний тухайд гэвэл хамгийн их хохирсон гэж үзэж байна. Ялангуяа эрүүл мэндээрээ хохирохоос гадна өөрт ногдох ашгаа хүртэж чадахгүй хохирч байна. Э.Анар нь энэ компанитай холбогдсоноос хойш 509.300 ам.доллар болон 285 сая орчим төгрөгийг хувьдаа завшсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. 8 хх 8 хуудсанд 70 хувийнхаа 33 хувийг 330.000 ам.доллараар борлуулж, мөнгийг хувьдаа хэрэглэсэн гэдэг нь Худалдаа хөгжлийн банкны лавлагаагаар нотлогдсон. 8 хх 204-209 хуудсанд Туушингаас авч явсан барааны 29 торхыг НИК ХХК-нд борлуулж, 757.300 ам.доллараар худалдсан орлогыг компанийн дансаар оруулалгүй НИК ХХК-ны касснаас шууд захиран зарцуулж авсан байдаг. Үүнээс 250.000 ам.долларыг Оюунгэрэл гуай авсан. 10 хх 247-248 хуудсанд Б.Батгэрэлийн 250.000 ам.долларын 179.300 ам. долларыг нь НИК ХХК-ийн кассанаас Б.Батгэрэлд шууд төлж, хувийн өрөө дарсан ба үүнийг 15 хх 3-4 хуудсанд гэрч Т.Энхжаргал гэрчилж, мэдүүлэгтээ дурдсан. 4 хх 225-227 хуудсанд НИК ХХК-тай байгуулсан 10 торх бүтээгдэхүүний үлдэгдэл 116.480 ам.доллараас Э.Анар шинээр компаний тамга тэмдэг хийлгээд компаний данснаас аваад явсан байдаг. Э.Анар Уянга гэх хүнээс зээлсэн 49.000.000 төгрөгөө компаниас төлүүлсэн байдаг. Энэ мөнгөн дүн дотор миний хувьцааны ноогдол ашиг байдаг. Үүнийг хүртэл надад өгөөгүй. 11 хх 236 хуудсанд Аудитийн дүгнэлтээр Э.Анар нь компаниас 97 сая төгрөгийг хувьдаа завшсан гэдэг нь нотлогдсон. 14 хх 120 хуудсанд Монсуль компаниас Э.Анарын хувийн данс руу нь 112.597.900 төгрөгийг зээл төлөв нэрээр шилжүүлсэн байдаг. 11 хх 222-227 хуудсанд монголд ирсэн 40 торх бүтээгдэхүүний 39 торх нь НИК ХХК-нд борлуулагдсан байдаг. Үлдсэн 1 торх 50 орчим сая төгрөгийн үнэтэй байхад компанийн дансанд оруулалгүй завшсан. Э.Анарын нэр дээр гарсан, Э.Анарын дансаараа хүлээж авсан гэх дээрх мөнгөнүүдэд бусад хувьцаа эзэмшигч нарт оногдох ногдол ашиг, татварт төлөх ёстой төлбөрүүд бүгд багтаж байсан. Дээр дурдсан нотлох баримтуудаас харахад Б.Хишигжаргал миний бие шунахайн сэдэлтээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилж онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзээд яллаж буй нь дээрх нотлох баримтуудаар бүрэн няцаагдаж байгаа юм. Улсын яллагч Г.Батбаярын үйлдсэн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 204 тоот яллах дүгнэлтэд 8 нотлох баримтыг зааж Б.Хишигжаргал намайг буруутгасан бөгөөд эдгээр нь 1 гомдол, эрүүл мэндийн 1 дүгнэлт, долларын ханшийн тухай 1 лавлагаа, хохирогч, гэрчүүдийн гэх 4 хүний 5 мэдүүлгээр намайг яллаж байна. Миний бие яллах дүгнэлтэнд заасан 5 мэдүүлгийн нотлох баримтууд нь Б.Хишигжаргал намайг залилан мэхлэх үйлдэл гаргасан гэдгийг нотлож чадаж байгаа эсэхийг дараах байдлаар няцааж байна. Б.Батсайхан нь хувьцааг би өөрөө сонирхсон, эхэлж Э.Анарт санал болгосон, эсвэл Э.Анарыг хувьцаа худалдаж авахад зуучилсан гэдгийг Б.Батсайхан өөрөө баталдаг. Э.Анар нь Б.Батсайхантай удаа дараа хувьцаа авах саналыг эхэлж тавьж байсан болон өөрийгөө Б.Батсайханд Б.Хишигжаргал миний хувьцааг зарах асуудалд зуучилсан гэдгийг Э.Анар өөрөө хүлээдэг. Ш.Цогт нь Батсайхан анх хувьцаа авах санал тавьж байсныг, компанийн хувьцаанаас найз Б.Батсайхан авъя гэж санал ирээд гэж тус тус нотолсон байдаг ба үүгээрээ ямар ч байсан хувьцааны тухай яриа, санаа сэдэл анх Э.Анар, Б.Батсайхан, Ш.Цогт нараас эхтэй юм байна гэдгийг яллах дүгнэлтэнд авагдсан өгүүлбэрүүд нь тус тус баталж байна. 100.000 ам.долларыг Б.Батсайхан надад шууд өгөх ямар ч логик холбоос байхгүй. Учир нь Б.Батсайханыг би сайн танихгүй. Батсайхан бид 2 хувьцааны талаар нэг ч удаа ярилцаж үзээгүй. Энэ талаар ярилцах гэж огт уулзаж байгаагүй. Үүнийгээ Б.Батсайхан 9 хх 13 хуудсанд би Анар, Хишигжаргал 2-той “бэйк пээс” гэх ресторанд хоол идэж анх танилцаж байсан. Дараа нь Хишигжаргалтай нэг уулзаж байсан. Тэр үед хувьцаа зарах тухай яриагүй. Анар биднийг зуучилсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Нөгөө талаар гэрч Ш.Цогт нь 1 хх 194 хуудсанд 15 хувийн хувьцаагаа зарж мөнгө оруулах гэж байсан асуудал нь компанид мөнгө хэрэгтэй байсан. Манай компанид хуулийн компани хэрэгтэй байсан. Батсайханы аав хуулийн компанитай байсан юм. Тэдгээр хувьцааг анх Б.Батсайхан бус түүний аав Батбаяр гэдэг хүн худалдаж авах тухай яриа гарч байсныг нотолж байна. Үүгээр 100.000 ам.долларыг өгсөн хүн нь Б.Батсайхан бус Э.Анар гэдэг нь нотлогдож байна. Б.Батсайхан, Э.Анар, Ш.Цогт нар нь энэхүү хэрэгт намайг буруутгах гэсэн нэг санаа зорилготой, ашиг сонирхолоороо нэгдсэн хүмүүс. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн энэ 3 хүний бүх мэдүүлэгүүд нь өөр хоорондоо яв цав нийлдэггүй, илт зөрүүтэй, тогтворгүй, эргэлзээтэй байдаг. Ийм эргэлзээтэй мэдүүлгүүдээр намайг яллах гэж байна. Гэрч Ж.Оюунгэрэлийн мэдүүлгийг дангаар нь няцааж байна. 1 хх 178-181 хуудсанд гэрч Ж.Оюунгэрэл нь мөрдөн байцаалтын шатанд нэг удаа л мэдүүлэг өгсөн байдаг. Гэхдээ мэдүүлгээ өөрийн өгүүлбэрээрээ няцааж байдаг. 2 хх 209-216 хуудсанд Б.Хишигжаргал миний зүгээс 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хувьцаа эзэмшигч нарт өөрийн биеэр хүргэж өгсөн захидалыг минь Ж.Оюунгэрэл хүлээж авсныгаа гэрчийн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Уг захидалд Анар нь хувь эзэмшигч нарыг үл хүндэтгэн хувьцааг дур мэдэн хууль бусаар зарж, борлуулах ажиллагаа хэрээс хэтэрсэн, миний үлдсэн 15 хувиас дахин 5 хувийг нь нэмж заруулахаар шахалт дарамтуудыг удаа дараа үзүүлж байсан. Хэрвээ миний хэлснээр байхгүй бол энэ хүмүүсээ бүгдийг нь би аваад гарна, та их хэмжээний төлбөр дээр унана гэж дарамт шахалт үзүүлдэг байсан. Миний зүгээс Б.Батсайханы асуудлыг хувь эзэмшигч нарын хурлаар ярилцаж, шийдэж өгөхийг хүсье гэх мэт зүйлүүдийг дурьдсан байдаг. Оюунгэрэл гуай ТУЗ-ын хурлын протоколд би Хишигжаргалаас захиа авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн болон би Хишигжаргалын захиаг аваад утсаар ярьсан гэж мэдүүлдэг. Эргээд Компаний тухай хуулиар шийдээгүй гэж хэлсэн талаар өөрөө мэдүүлсэн байдаг. 1 хх 180 хуудсанд уг хурлын тэмдэглэлийг уншиж танилцлаа. Би зөвхөн өөрийнхөө хэлсэн ярьсан зүйлийг уншиж үзлээ. Бүгд үнэн зөв байна гэдгээ мөн хүлээн зөвшөөрсөн байдаг. 2 хх 127-132 хуудсанд ТУЗ-ын хурлын протоколд та хоёр яриад зарж болохгүй. Дахиж ийм зүйл байж болохгүй. Чи гурван хүний анкет явуулсан байсан ш дээ. Борлуулалт, үнэ цэнэ өгөх хүмүүс бол болж байна. Чи Хишгээгийн хувьцааг заруулсан юм уу гэж асуухад Э.Анар нь заруулах гээд Хишгээ эгчид мөнгийг нь өгчихсөн петровисийг оруулж ирсэндээ би айж байна гэсэн. Дураараа мөнгө, төгрөг өгч авалцаад. Хийсэн бол албан ёсоор хийх ёстой ш дээ. Э.Анарт хандаж Хишгээ 30 хувиа зарах сонирхолгүй байгаа юм байна ш дээ. Энд 5 хүн байна. Одоо ийм 5 хүнтэй ТУЗ байвал ямар вэ гээд санал хураасан. Надад хандаж чи 30 хувийнхаа ашгийг олоход л болоо ш дээ. Э.Анарт хандаж чи энэ хүний хувьцаагаар оролдох хэрэггүй л байхгүй юу гэж хэлсэн. Мөн  энэ залуугаа ТУЗ-д оруулчихвал яасан юм бэ. Том компанийн хүн зүгээр ш дээ гэж Б.Батсайхан, Б.Эрдэнэтуяа, Даваадорж нараас зөвхөн Даваадорж гэдэг хүнд Э.Анарын 4 хувийг өгөхийг зөвшөөрч хэлсэн үгнүүд нь тус тус тэмдэглэгдсэн байдаг. 204 тоот яллах дүгнэлтэд тухайн үед Хишигжаргалын хувьцааг битгий зар, Э.Анарт 51 хувиас дээш эрх битгий олго гэж огт яриагүй гэснийг иш авсан байна. Энэ ишлэл өгүүлбэрийн өмнө нь хурлын тэмдэглэл протокол дээр асуусан асуулт шиг гэсэн нэгэн тайлбар үг мэдүүлэг дотор байдаг. Өгүүлбэрийг бүтнээр нь уншвал хурлын тэмдэглэл протокол дээр асуусан асуулт шиг Э.Анарт 51 хувиас дээш эрх битгий олго, Хишигжаргалын хувьцааг битгий зар, зарж болохгүй гэж хэлээгүй байгаа биз дээ гэснийг анзаарвал улсын яллагч уг өгүүлбэрийн өмнөх тодотгол хэсгийг хасаж, иш авсан гэдэг нь тодорхой байна. Байцаагч яг энэ өгүүлбэрээр буюу ТУЗ-ын хурал дээр Э.Анарт 51 хувиас дээш эрх битгий олго, Хишигжаргалын хувьцааг битгий зар, зарж болохгүй гэж хэлсэн үү гэж асуултаа тулгаж тавьсан тул Оюунгэрэл “таны асуусан асуулт шиг үг хурлын тэмдэглэлд байхгүй байна шүү дээ" гэсэн утгаар хариулт өгснийг иш болгон шууд Б.Хишигжаргал намайг буруутгах боломжгүй юм. Энэ мэдүүлгийн өмнөх тодотголыг нь сайтар анзаарвал энэ "ТУЗ-ын хурал дээр Э.Анарт 51 хувиас дээш эрх битгий олго, Хишигжаргалын хувьцааг битгий зар, зарж болохгүй гэсэн" үгийг Ж.Оюунгэрэл хурал дээр огт хэлээгүй ч хувьцааны тухай яриаг бол ТУЗ дээр ярилцаж байсныг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь баттай нотолж байна. Батсайхан, Анар, Цогт нарын яллах дүгнэлтэнд дурьдагдсан мэдүүлгүүд нь хэрэгт байгаа баримтуудаас эрс зөрүүтэй бөгөөд намайг яллах бус харин гэм буруугүй болохыг бүрэн дүүрэн нотолж байна гэж үзэж байна. Дүгнээд үзэхэд Б.Хишигжаргал миний бие Б.Батсайханыг анхнаасаа танихгүй, мэдэхгүй байсан. Э.Анараар дамжуулж танилцсан ба 100.000 ам.доллар авах хүртлээ өмнө нь хоёрхон удаа уулзсан ч хувьцааны талаар нэг ч удаа ярилцаж байгаагүй. Б.Батсайханыг хуурч мэхлэх, залилах санаа сэдлийг анхнаасаа гаргаагүй. Хувьцаагаа Б.Батсайхан гэдэг хүнд худалдах талаар ч мэдээгүй байсан. Мөнгөө авсны дараа хувьцаагаа өгөх тал дээр идэвхитэй оролдлогыг хангалттай гаргаж байсан ч үнэхээр 70 хувийн хувьцаа эзэмшигч нар надаас хамааралгүйгээр харилцаа холбоогоо ярилцаж тохиролцсон юм шиг тасалсан учраас хурал зарласан ч хүсэлтээ хангаж чадахгүй явсаар энэ хүрсэн. Нөгөө талаар Б.Батсайхан нь бодитойгоор хохирсон "жинхэнэ хохирогч" биш гэдгийг мөрдөн байцаалтын явцад баттай тогтоож, хэрэг хүртэл хэрэгсэхгүй болж байсан. Хохирогч нь бодитойгоор тогтоогдож, хохирлын хэмжээ нь үнэн мөнөөр тогтоогдвол мэдээж Б.Хишигжаргал миний бие хариуцлага хүлээж хуулийн дагуу төлбөрөө төлөхөд бэлэн байна. Харин ч эсрэгээр Э.Анартай танилцсанаараа миний бие эрүүл мэнд, эд хөрөнгө, олох байсан орлого ашгаараа хамгийн их хохирсон. Удаа дараа үндэслэлгүйгээр цагдан хоригдож, сэтгэл санааны хүнд дарамтанд байж, нэр хүндээрээ хүртэл үнэлшгүйгээр их хохирсон. Хамтран ажиллах сайхан гараа тавигдлаа гэж итгэж байсан итгэл, санхүүгийн сул дорой нөхцөл байдлыг минь Э.Анар нар овжин ашиглаж компани, бизнес, онцгой эрхийг булааж авах гэж энэхүү хэргийг санаатайгаар үүсгэн Б.Батсайханыг хохирогчийн дүрд, Ш.Цогтыг мөнгө зээлдүүлэгч баян хүний дүрд тоглуулсаар өнөөдрийг хүртэл 4 жил, 4 сарыг өнгөрүүлсэн байна. Энэ бүхний эцэст үнэн мөн нь одоо болтол тогтоогдохгүй байгаад гомдолтой явдаг. Өнгөрсөн цаг хугацаа бүхэн маш хүнд он жилүүд байсан гэдгийг хэлмээр байна гэв. 

Хохирогч Б.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 8 дугаар сарын дундаас найз Анартай уулзаад ажил төрлийн талаар асуухад бензиний чанар сайжруулах талаар томоохон бизнест орсон талаараа хэлж байсан. Одоо хөрөнгө оруулагч нарыг хайж байгаа тухайгаа хэлж байсан. Би тэр бүтээгдэхүүнээс нь авч машиндаа хэрэглэж байхад машины шатахуун их хэмнэж их ашигтай юм шиг надад санагдсан. Ийм учраас би Анараас эдний компаний хувьцааны талаар асууж байхад Анар өөрөө 70 хувийн хувьцаа, Хишигжаргал эгчийг 30 хувийн хувьцаа эзэмшдэг талаараа хэлсэн. Анар өөрийн хувьцаанаасаа зарах сонирхол байхгүй. Гэхдээ би Хишигжаргал эгчээс асууж үзье гэж хэлж байсан. Тэгээд хэд хоногийн дараа Хишигжаргал эгч 15 хувийн хувьцаагаа 150.000 ам.доллароор зарахыг зөвшөөрч байна гэж хэлсэн. Би 2 өдрийн дотор 100.000 ам.долларыг олоод Хишигжаргал эгчид аваачиж өгсөн. "Украйнский кухня" гэх газарт Анар, Хишигжаргал эгч бид гурав байхад би өөрийн гараараа Хишигжаргал эгчид өгсөн. Хишигжаргал эгч иргэний үнэмлэхээ аваад ирээрэй гэж хэлсэн. Би иргэний үнэмлэхээ өгөхөд дүрмийн сандаа өөрчлөлт оруулна гэж хэлээд байлгаж байсан. Би мөнгөө өгсөн учраас өдөр болгон шахуу тус компаний ажилд нь оролцоод явж байсан. Бүх хөдөө явах ажилд болон машингүй учир өөрийнхөө машинаар явдаг байсан. Тэгээд Анараас би албан ёсоор танай компаний хувьцаа эзэмшигч болох асуудал юу болсон бэ гэсэн чинь он гараад хувьцаа эзэмшигч нарын хурал хийнэ тэрэн дээр шийдэгдэнэ гэж хэлсэн. Хурал болсны дараа Анартай ярихад Хишигжаргал эгч хувьцаа эзэмшигч нарын хурал дээр хувьцаагаа зарж байгаа тухай ярьсангүй чи өөрөө энэ талаар Хишигжаргал эгчтэй уулзах хэрэгтэй байх гэж хэлсэн. Би тэгээд маргааш өдөр Хишигжаргал эгчтэй очиж уулзахад Оюунгэрэл гуай намайг битгий хувьцаагаа зар гэсэн би хувьцаагаа зарахаа болилоо гэж хэлсэн. Би тэгвэл мөнгөө авмаар байна гэж хэлэхэд мөнгийг чинь тэгж байгаад л өгнө гэж хэлдэг болсон. Тэрнээс хойш би энэ хүнтэй удаа дараа холбогдож үзсэн. Тэгэхэд шүүх, цагдаагаараа яваад олоод аваарай гэж хэлсэн. Тэрнээс хойш 4 жил гаран болж байна. Анх энэ хүн Авто плаза дээр 50.000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулж лангуу түрээслэж заръя гэсэн саналыг Цогтоор дамжуулж Анарт санал тавьж байсан. Энэ саналыг тавьснаас хойш 4-5 сарын дараа нэгж хувьцаа 10.000 ам.долларын үнэтэй болгосон. Ийм хэмжээний үнэтэй болсон байсны дараа гүйцэтгэх захирал Анар нь Петровис ХХК-тай 1 сая долларын гэрээ байгуулсан. Надад хувьцаагаа зарна гэж мөнгө авсанаас хойш Петровистой гэрээ хийгдсэн. Ингэхээр Хишигжаргал хувьцаагаар зарах шаардлагагүй болж эхэлсэн. Тэгэхдээ миний мөнгийг өгөх сэтгэл байсан үгүйг мэдэхгүй байна. Тэгээд бараа бүтээгдэхүүн ирээд хүлээлгэж өгөөд маргааш өдөр Хишигжаргал эгчтэй уулзаад шууд цагдаагийн газар өргөдөл гаргасан.Тэгэхэд энэ хүн өөрөө тамга тэмдэгээ аваад зугтсан. Тэгээд бусад хувьцаа эзэмшигч нар нь хурлаа хийгээд ажлаа үргэлжлүүлсэн. Би Хишигжаргал эгчтэй олон удаа уулзаж байгаагүй. Одоо  бол Анар бүх зүйлийг нураасан болж харагдуулаад бүх зүйлийг компаний ажилтай холбогдуулж ярьж байна. Бурхан бүтээсэн мөнгө огт худлаа. Гэрэлт-Од гэх хүнд 36 сая төгрөг Хишигжаргал эгч өөрөө өгсөн гэсэн. Надтай хоёр дахь удаагаа уулзахад Хишигжаргал бурхан бүтээх талаараа анх хэлсэн. Би тухайн үед 300.000-400.000 төгрөг хандив болгож өгсөн. Мөн 36.000 ам.долларыг монгол мөнгөнд шилжүүлээд 36 сая төгрөгийг өгсөн гэж хэлж байна. Бурхан бүтээсэн талаар ор үндэслэлгүй зүйл хэлээд байна. Бид нар салхинд гарах талаар ярилцаж байсан. Тэгсэн энэ хүн бурхан бүтээсэн хүрээд ир гэж хэлсэн. Би 100.000 ам.долларыг хувьцаа эзэмшигч болох гэж өгсөн. Надаас мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Сүүлдээ Анараас авсан гэж хэлсэн. Гэхдээ би өөрөө өгсөн. Одоог хүртэл мөнгө аваагүй байна гэв.

Хохирогч Б.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эхлээд би Э.Анарт танай компаний хувьцаанаас чинь авъя гэхэд Б.Хишигжаргал эгчийн хувьцаанаас асууж өгье гэсэн. Дараа нь Б.Хишигжаргал эгч хувьцааныхаа 15 хувийг 150.000 ам.доллараар зарна гэж байна гэсэн санал тавьсан. Би мөнгөө олчихлоо гэж Э.Анар руу 2012 он 09 дүгээр сарын 06-ны өдөр залгасан. Тэгсэн намайг Украинская кухня гэдэг газарт хүрээд ир гэсэн. Би эхлээд 15 хувийн хувьцааны 150.000 ам.долларыг бүтнээр нь бэлдэж чадсангүй 100.000 ам.доллар бэлдчихлээ, 50.000 ам.доллларыг нь хэд хоногоос олоод өгөхийг бодъё гэж хэлсэн. Б.Хишигжаргал нь дүүдээ их баярлалаа, хамтран ажиллахаар боллоо гэсэн. Тэгээд хоорондоо гар барилцаад тохиролцсон гэж бодсон. Би 100.000 ам.долларыг өөрийнхөө гараар Б.Хишигжаргалд өгсөн. Б.Хишигжаргал нь өнөө маргаашгүй чамайг компанийхаа хувь эзэмшигч болгочихно гэж хэлэхэд нь би итгэсэн” гэх мэдүүлэг. /1 хх 112-127 дугаар хуудас/,

Гэрч Э.Анарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хоёр хүний хувь эзэмшигчтэй компани байхад Б.Батсайхан манай компаний хувийг сонирхож эхэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө хувиа зарахгүй, харин Б.Хишигжаргал эгч 15 хувиа зарна гэж байна лээ, чамайг уулзуулъя гэж хэлсэн. 2012 оны 09 дүгээр сарын эхээр энэ хоёрыг Украинская кухня ресторанд уулзуулж, тэд ярилцаж тохироод 100.000 ам.долларыг Б.Батсайхан, Б.Хишигжаргал эгчид бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг. /1 хх 158-163 дугаар хуудас, 15 хх 1-2 дугаар хуудас/,

Гэрч Ш.Цогтын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Хишигжаргал нь нано технологиор бүтээгдсэн түлш хэмнэх бүтээгдэхүүн оруулж ирэх гэсэн юм, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гээд тухайн үед 50.000 ам.доллар нэхэж байсан. Тэгээд судлаад байхдаа Э.Анарт санал болгоод бид хоёр хамт бүтээгдэхүүнээ туршиж байхад боломжийн болж хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээд үйл ажиллагаа явуулах гээд бүх зүйл болох гэж байхад компаний хувьцаанаас найз Б.Батсайхан авъя гэж санал ирээд Б.Хишигжаргал эгчид мөнгө хэрэгтэй байсан учраас хувьцаагаа зарахаар болсон. Б.Батсайхан нь Б.Хишигжаргалд хувьцааны мөнгө болох 100.000 ам.долларыг өгчихсөн. Б.Хишигжаргалын гарт Голомт банкны бор тортой мөнгө байсан” гэх мэдүүлэг. /1 хх 164-168 дугаар хуудас/,

Гэрч Т.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ТУЗ-ийн гишүүд хуралдаж тус компаний гүйцэтгэх захирлаар намайг томилсон тогтоол гарсан. Эхний хуралд Эрдэнэтуяа гэх хүнийг гүйцэтгэх захирлаар томилох асуудал ярихад Хишигжаргал өөрөө хүлээн зөвшөөрөөгүй учраас хурлыг хойшлуулсан. Хоёр дахь хурлаар намайг гүйцэтгэх захирал болгосон. Компаний дүрэмд хэрвээ хувьцаа эзэмшигч хувьцаагаа зарах бол эхний ээлжинд компаний хувьцаа эзэмшигч нарт албан ёсоор албан бичгээр хандаж гарын үсгээр баталгаажуулж зөвшөөрөл авдаг. Тэгэхлээр тийм хувьцаа зарах асуудал болоогүй, яригдаагүй, одоо л сонсож байна. ТУЗ-ийн гишүүдийн хурал дээр Батсайхан гэсэн хүний талаар огт яригдаагүй. Эхний хурал дээр Эрдэнэтуяа, Батсайхан, Даваадорж гэх хүмүүсийн анкет орж ирж байсан. Харин Анар нь тухайн үеийн хурал дээр Эрдэнэтуяа, Даваадорж нарт өөрийнхөө 9 хувийн хувьцааг зарах гэж байна гэж албан ёсоор бичгээр хүсэлт гаргаж ирсэн. Компаний дүрмийн дагуу зөвшөөрч бид нар гарын үсэг зурж өгсөн. Батсайхан гэдэг хүний талаар яриа байгаагүй, албан ёсоор хандаж байгаагүй” гэх мэдүүлэг. /1 хх 170-173 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ¹281 магадлагаанд “Б.Хишигжаргал нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Хишигжаргал нь тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Б.Хишигжаргал нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байна. Б.Хишигжаргал нь СЭМҮТөвийн хяналтанд байдаггүй байна эсэхийг нотлох баримт алга. Б.Хишигжаргал нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Хишигжаргалд албадан эмчилгээ хийх шаардлагагүй байна. Б.Хишигжаргал нь хэргийнхээ талаар мэдүүлэг өгөх чадвартай байна” гэжээ /1 хх 210 дугаар хуудас/,

Монгол банкны ам.долларын лавлагаа /1 хх 56 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1 хх 66 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /10 хх 175 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /10 хх 176 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Хишигжаргал нь шунахайн сэдэлтээр 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Украйнский кухня” зоогийн газарт хохирогч Б.Батсайханд “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК-ний өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцаагаа зарж шилжүүлэхээр тохиролцож түүнээс 10 хувийн хувьцаанд тэнцэх 100.000 ам.доллар буюу 139.483.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Хишигжаргал, хохирогч Б.Батсайхан, гэрч Э.Анар нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, Т.Энхжаргал, Ж.Оюунгэрэл, Д.Гэрэлт-Од, Цогт нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Хишигжаргалд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нь хохирогч Б.Батсайханд “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК-ний өөрийн эзэмшлийн 15 хувийн хувьцаагаа зарж шилжүүлэхээр тохиролцож түүнээс 10 хувийн хувьцаанд тэнцэх 100.000 ам.долларыг 2012 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаа хүлээн зөвшөөрдөг боловч хохирогч Б.Батсайхантай тохиролцсоны дагуу компанийн хувьцааг шилжүүлэлгүй, авсан 100.000 ам.долларыг буцаан өгөөгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдлоо. Компанийн тухай хуульд зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанд хувьцаа эзэмшигч нарт өөрийн хувьцааг худалдан борлуулах талаар тэргүүн ээлжинд танилцуулан саналыг нь авч өөрийн хувьцаагаа худалдан борлуулах эрх үүсэх байхад энэ талаар хувьцаа эзэмшигч нарт урьдчилан мэдэгдэлгүйгээр Б.Батсайханаас урьдчилгаа 100.000 ам.долларыг нь өөртөө авсанаар түүний энэ хэргийг үйлдэх санаа сэдэлт тогтоогдсон гэж дүгнэлээ. 

Түүнчлэн шүүгдэгч Б.Хишигжаргал шүүхийн хэлэлцүүлэгт  “…. Би тухайн үед Б.Батсайханы л мөнгө юм байх гэж ойлгоод авсан учраас мөнгөнд таарсан 10 хувийн хувьцааг шилжүүлэхээр өөрөөс шалтгаалах бүхий л шаардлага санаачлагыг тавьж байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хуулиар бол гүйцэтгэх захирал Э.Анар эхэлж зарлах ёстой. Э.Анарыг хурал зарлахгүй зугтаад янз бүрийн арга саам хайгаад болохгүй байхаар нь аргагүйн эрхэнд миний бие 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хувьцаа эзэмшигч нарт хандаж захидал хүргэж, хурал зарласан. 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ТУЗ-ын хурал дээр Э.Анар санал хураалтын үед надтай санал нэгдээгүй. Б.Батсайханыг хувьцаа эзэмшигчээр оруулахад Э.Анар бид хоёрын нийлсэн 67 хувийн хувьцаа олонхи болж чадах байсан ч Э.Анар миний эсрэг санал санаатай өгсөн. Уг хурлыг Ж.Оюунгэрэл удирдаж явуулсан ба гурван хүний анкеттай танилцаад зөвхөн Даваадоржийг зөвшөөрч, Э.Анарын хувьцаанаас 4 хувийн хувьцааг өгөхөөр болж шийдвэрлэсэн тул Б.Батсайханд би хувьцаагаа шилжүүлж чадаагүй. Энэ хурлаас хойш   Б.Хишигжаргал миний бие 14 удаа хурал зарласан и-мэилийг хувьцаа эзэмшигч нарын и-мэил хаягт илгээсэн ч хэн нь ч миний саналыг хүлээж авдаггүй байсан. Миний бие Б.Хишигжаргал хурал зарлаж Б.Батсайханд хувьцаагаа шилжүүлэх, компанийн хувь заяаг хэлэлцэх, Э.Анарын ёс зүйгүй үйлдлийг зогсооход тусламж хүсэж хурал 14 удаа зарласан боловч хэн нь ч миний хүсэлтийг хүлээж авч, хуралд ирээгүй” гэж мэдүүлж байгаа боловч Хишигжаргал нь хувьцаа эзэмшигч нарт явуулсан и-мэйл болон захидалд хувьцаагаа Батсайханд шилжүүлэх талаар огт дурдаж байгаагүй байна. Энэ нь Хишигжаргалын и-мэйл хаягт үзлэг хийсэн тухай баримтаар нотлогдож байна. Хувьцаа эзэмшигчдийн 2013 оны 1 дүгээр сарын 18-ны хуралдаанд Хишигжаргал нь тайлангаа танилцуулсан талаар хурлын тэмдэглэлд байгаа бөгөөд харин Батсайханд хувьцаагаа зарах талаар хэлэлцээгүй, энэ хурлаар ТУЗ-ын дарга гишүүдийг сонгосон байна. Мөн Хишигжаргалын мэдүүлэгт "Чи Хишгээгийн хувьцааг заруулсан юм уу" гэсэн Ж.Оюунгэрэлийн асуултанд Э.Анар "заруулах гэж Хишгээ эгчид мөнгийг нь өгчихсөн" гэж хариулж байснаар Б.Хишигжаргал намайг Б.Батсайханыг хуурч мэхлэх янз бүрийн арга саам хэрэглэж байгаагүй гэдгийг давхар нотолж байна” гэж  байгаа боловч тухайн өдрийн хурлын тэмдэглэлийн хэсэгт "Чи Хишгээгийн хувьцааг заруулсан юм уу" гэсэн Ж.Оюунгэрэлийн асуултанд Э.Анар "заруулах гэж Хишгээ эгчид мөнгийг нь өгчихсөн" гэсний дараагаар Хишигжаргал нь “хувьдаа авсан мөнгийг би төлнө “ гэж хэлж байсан болох нь тогтоогдож байна. /6 хавтас 242 хуудас/. Хишигжаргал 64.000 ам.долларыг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж мэдүүлж байгаа ч “хувьдаа авсан мөнгийг би төлнө“ гэж өөрийнх нь хэлж байгаагаар няцаагдаж байна. Мөн 36.000 ам.доллараар компанид бурхан бүтээлгэсэн гэсэн мэдүүлэг нь гэрч Д.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтанд өгсөн “2011 оны 8 сарын 20-ны өдрөөс 2012 оны 5 сарын 31-ний хооронд бурхан бүтээсэн, …бурхан бүтээх ажилд чинь өргөж байгаа юм шүү гээд монгол төгрөгөөр гучин хэдэн сая төгрөг өгч байсан гэх мэдүүлэг болон Хишигжаргалын өгсөн “Кан Повер Монголиа Интерпрайс ХХК-нийг 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэх зорилгоор анх байгуулагдсан. Энэ компанийг анх миний хүү Б.Өсөхбаяр 100 хувийн ганц хүний эзэмшилтэй үүсгэн байгуулсан. Улмаар 2012 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Э.Анар гэгчтэй анх танилцсан бөгөөд тэрээр манай компанийн бизнесийг ихэд сонирхож миний хүүгээс 70 хувийн хувьцааг 200.000 ам доллараар худалдаж авахаар болж тохиролцоод 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 70 хувийн эзэн болж, гүйцэтгэх захирал болсон” гэх мэдүүлэг, компани үүсгэн байгуулагдсан тухай бичгийн баримтууд зэргээс дүгнэхэд уг компанийг байгуулагдахаас өмнө бурхан бүтээх ажиллагаа эхэлж бурхан бүтээгдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд Компанийн төлөө бурхан бүтээх ажиллагаа явагдаагүй байна. Түүнчлэн Компаний удирдлага уг бурханыг бүтээхэд 36.000 ам.доллар гаргуулах тухай шийдвэр гаргаагүй байна. Дээрхи нөхцөл байдлаас дүгнэхэд энэ хэрэгт “Кан Повер Монголиа Интерпрайс ХХК-нийг  иргэний хариуцагчаар татах үндэслэл байхгүй бөгөөд хэн ч иргэний нэхэмжлэл гаргаагүй байхад иргэний хариуцагчаар Т.Энхжаргалыг татсан нь үндэслэлгүй байна. 

Мөн шүүгдэгч Б.Хишигжаргал шүүхийн хэлэлцүүлэгт “…шунахай санаа сэдэлтээр: Б.Хишигжаргал миний бие 100.000 ам.доллар авсанаа бол хүлээн зөвшөөрнө. Энэ мөнгийг аваагүй гэж нэг ч удаа хэлж байгаагүй. 100.000 ам.долларын зарцуулалтыг санхүүгийн татвар, аудит, шүүх шинжээч болон хөрөнгийн үнэлгээчин зэрэг 4 байгууллагын дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр тус тус хангалттай нотолсон байдаг. Б.Батсайханаас авсан 100.000 ам.долларын 64.000 ам долларын талаар: Хэрэгт авагдсан 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны импортын аккредитивийн 494008774 тоот дансанд нийт 429.312 ам.долларын баримт байдаг. Энэ мөнгө хаанаас яаж бүрдсэн бэ гэхээр 250.000 ам.долларыг Оюунгэрэл гуай компанид зээлүүлсэн байдаг. 116.480 ам.доллар нь бусад компанитай гэрээ байгуулаад гэрээний дагуу урьдчилгаа авсан мөнгөн дүн юм. Энэ хоёр мөнгөн дүнг нэмэхээр 64.000 ам.доллар яг дутаж байсан” гэж мэдүүлсэн боловч гэрч Э.Анарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Бид нар Оюунгэрэл захирлаас зээл авсан. Энхжаргал болон Батгэрэл захирал нар дэмжлэгээр бүтээгдэхүүн ирэхээс өмнө тал мөнгөө өгсөн байсан. Тэгээд бүтээгдэхүүн ирэхэд үлдэгдэл 250.000 ам.доллароо Оюунгэрэл захирлаас бид нар хувьцаагаа барьцаалж зээл авч төлсөн. Хишигжаргал хэзээ ч 100.000 ам доллар авч очоод тэрнээсээ компанид өгөх хүн биш. Компанид хэзээ ч мөнгөний хэрэгцээ гараагүй. Яагаад гэвэл бараагаа аваад Петровис ХХК-д өгсөн. Манай бүтээгдэхүүн 450.000 ам.доллароор аваад 900.000 ам доллар болгож зарсан” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар компанийн үйл ажиллагаанд 64000 ам доллар зарцуулсан гэж үзэх боломжгүй байна. Тэрээр бусад хувьцаа эзэмшигч нарт өөрийн хувьцааг худалдан борлуулах талаар танилцуулан саналыг нь авч өөрийн хувьцаагаа худалдан борлуулах эрх үүсэх байхад энэ талаар хувьцаа эзэмшигч нарт мэдэгдээгүй хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан байна.

Шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хохирогч Б.Батсайханы 100.000 ам.доллар биш гэрч Э.Анарын мөнгө байсан гэх мэдүүлэг нь хууль сануулан авсан гэрч Ш.Цогт, хохирогч Б.Батсайхан, гэрч Э.Анар нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтуудаар Э.Анарын мөнгө гэдэг нь  үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан Э.Анар болон “Кан повер Монголия Энтерпрайс” ХХК-ны үйл ажиллагаа, шүүгдэгч Б.Хишигжаргалын хүү Б.Өсөхбаяраас компаний хувьцаа аваад мөнгөө төлөөгүйтэй холбоотой саналууд болон шүүгдэгчийн мэдүүлэг нь хохирогч Б.Батсайханаас 100.000 ам.доллар залилсан хэрэгтэй холбоогүй, компанийн дотоод асуудал, Э.Анар, Б.Хишигжаргал нарын хоорондын хувийн харилцаатай холбоотой асуудлууд байх тул энэ хэргээс тусдаа шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх дурьдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Хишигжаргалыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Хишигжаргалд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчээс хохирогчид хохирлыг тооцон гаргуулахдаа 100.000 ам долларыг тухайн үеийн Монгол банкны валютын ханшаар тооцож нийт 139.483.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Батсайханд олгох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Хишигжаргалд 500.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн тул түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан энэ хэрэгт хавсаргагдсан “Туушин Тээвэр зуучлал” ХХК-ний агуулахын хяналтын камерийн бичлэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч Б.Хишигжаргалын урьд цагдан хоригдсон 156 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.