Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2022/02840

 

 

 

 

 

 

 

 

  2022        06           17                                 101/ШШ2022/02840

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Д. ХХК

хариуцагч- К ХХК

гэрээний үүрэгт 26,, төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жүгдэрдорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, шаардлагадаа: Манай компани хариуцагч Каталист анимаци ХХК-тай ажил гүйцэтгэх хоёр гэрээ байгуулсан. Эхний гэрээний тухайд 2019-9-17-ны өдөр KFC574 дугаартай, 24,, төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээний дагуу KFC брэндийн 3D animation рекламыг HD форматаар 2020-01-31-ний өдрийн дотор хийлгэхээр тохиролцон захиалагчаас урьдчилгаа төлбөрт 9,600, төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Хоёр дахь гэрээг 2020-6-29-ний өдөр байгуулж, KFC 662 дугаартай, 4,400, төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээний дагуу KFC брэндийн 3D jingle рекламыг HD форматаар 2020-7-20-ны дотор хийлгэхээр тохиролцон захиалагчаас урьдчилгаа төлбөрт 2,200, төгрөгийг хариуцагчид мөн шилжүүлсэн.

Хариуцагч нь дээрх хоёр гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгээгүй байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс талуудын байгуулсан гэрээний 8.2.1-т гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гэрээнд заасан шаардлагын дагуу гүйцэтгэхгүй эсхүл нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэхгүй нь тодорхой болсон бол захиалагчийн санаачилгаар гэрээг цуцлахаар байгаа. Тиймээс нэмэлт хугацаа тогтоож гэрээнд өөрчлөлт оруулсан ч үр дүнд хүрээгүй. Мөн гэрээний 6.3.2-т гүйцэтгэгч нь ажлыг хүлээлгэж өгөх хугацааг 5-10 хоног хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх торгуулийг төлөх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч нь гэрээний дагуу загвар батлуулахаар хандаж байгаагүй, флашинд буулгаж өгсөн ажил нь чанарын шаардлага хангаагүй, уг бичлэгийг 2020 оны 8 эсхүл 9-р сард өгсөн байх, чанарын шаардлага хангаагүй учраас 2020-9-4-нд мэдэгдэл өгсөн.

Иймд анхны гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 9,600, төгрөг, гэрээгээр тохирсон торгууль 12,00, төгрөг, хоёр дахь гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2,200, төгрөг, гэрээгээр тохирсон торгууль 2,200, төгрөг, нийт 26,, төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, хэрэг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцааснаар нэхэмжлэгч тал шаардлага, үндэслэлээ тодорхойлж гаргаагүй. Гэрээ дуусгавар болох үндэслэл, гэрээ цуцлах хоёр өөр. Нэхэмжлэгч тал гэрээг цуцалсантай холбогдуулан торгууль, гэрээнээс татгалзсантай холбогдуулан урьдчилгаа төлбөр шаардаж байгаа тул нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй. Торгууль нь гэрээний үнийн дүнгээс тооцсон байдаг боловч анз нь гүйцэтгээгүй үүргээс тооцохоор байгаа тул талуудын гэрээний 6.3-н зохицуулалт нь Иргэний хуульд нийцэхгүй байгаа.

Мөн гэрээний талууд ажлын үр дүнг хүлээн авч акт үйлдэж үнэлгээ тогтоохоор байгаа боловч нэхэмжлэгч хүлээн авсан ажлаа үнэлээгүй, акт үйлдээгүй байж ажил гүйцэтгэгчид холбогдуулан шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан бол хариуцагчийн зүгээс зөрчил гаргасан байх ёстой. Талуудын байгуулсан гэрээний 6.5-д гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг захиалагч гэрээнд заасан шаарлагад үндэслэн ажил хүлээлцэх актаар 1-100 хүртэл хувиар үнэлэх бөгөөд гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил нь 100 хувиас багаар үнэлэгдсэн тохиолдолд хувьчилж үнийг тооцох бөгөөд гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс хасаж тооцохоор тохирсон. Захиалагчийн зүгээс хийгдэх үнэлгээ тогтоох ажил хийгдээгүй тул зөрчил нь хариуцагч байгууллагад тогтоогдохгүй. Хариуцагчийн зүгээс хийсэн ажлаа флашинд хуулж 2020-7-15-ны ажлын өдөр нэхэмжлэгч байгууллагын ажилтанд хүлээлгэн өгсөн байдаг. Урьдчилгаа төлбөрийг буцаан шаардаж байгаа бол гэрээ цуцалснаас хойших хохиролын асуудал яригдаж, хохирол шаардах эрхтэй. Тиймээс үүргийн зөрчил үүссэн болохыг нотлох ёстой тул гэрээний үүргийн зөрчил үүсээгүй, нэмэлт хугацаа тогтоогоогүй, мэдэгдэл гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нэг тал бүрдүүлэх боломжтой баримт байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан ч нэхэмжлэгч тал хүсэлт гаргадаггүй өнөөдөр ч хүсэлт, нотлох баримт гаргаагүй шүүхийн ажиллагааны баримт нэмэгдээд хэрэг хэлэлцэгдэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-4/, 2019-9-17-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх KFC574 дугаартай гэрээ /хх-9-14/, 2020-4-16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-16/, 2020-06-29-ний өдрийн ажил гүйцэтгэх KFC гэрээ /хх-17-22/, 2020-9-4-ний өдрийн 20/70 дугаартай хариуцагчид хаягласан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-116/, төлөөлөгч томилсон албан бичиг /хх-137/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.

 

Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-30, 136/, хариу тайлбар /хх-33/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-34, 135/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-60/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-190, 197/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

/хавтаст хэргийн 5-8, 15, 23, 38, 117-124 дүгээр талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно/

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дижитал аггрегатор” ХХК нь “Каталист анимаци” ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 11,800, төгрөг, гэрээгээр тооцсон торгууль 14,200, төгрөг, нийт 26,, төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажил гүйцэтгэх 2019 оны 9-р сарын 17-ны өдөр KFC 574 дугаартай, ажил гүйцэтгэх 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн KFC 662 дугаартай гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоож, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан боловч гэрээгээр тохирсон ажлыг хүлээлгэн өгөөгүй, флашаар өгсөн ажил нь чанарын шаардлага хангаагүй тул мэдэгдэл өгснөөр гэрээний үүрэг биелүүлээгүй тул эхний гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 9,600, төгрөг, гэрээний дагуу тооцсон торгууль 12,, төгрөг, хоёр дахь гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2,200, төгрөг, гэрээний дагуу тооцсон торгууль 2,200, төгрөг, нийт 26,, төгрөгийг шаардаж байна гэж тодорхойлсон.

 

Хариуцагч татгалзаж буй үндэслэлээ гэрээ дуусгавар болгосон, гэрээг цуцалсан болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч гэрээг цуцалсантай холбогдуулан торгууль, гэрээнээс татгалзсантай холбогдуулан урьдчилгаа төлбөр шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, захиалагч нь гүйцэтгэгчийн хийсэн ажлыг хүлээн авч үнэлээгүй, акт үйлдээгүй байж ажил гүйцэтгэгчид холбогдуулан шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан бол хариуцагч зөрчил гаргасан байх ёстой. Хариуцагчийн зүгээс хийсэн ажлаа флашинд буулгаж 2020-7-15-ны ажлын өдөр нэхэмжлэгч байгууллагын ажилтанд хүлээлгэн өгсөн. Урьдчилгаа төлбөрийг буцаан шаардаж байгаа бол гэрээ цуцалснаас хойших хохирлын асуудал яригдаж, хохирол шаардах эрхтэй, үүргийн зөрчил үүссэн болохыг нотлох ёстой тул гэрээний үүргийн зөрчил үүсээгүй, нэмэлт хугацаа тогтоогоогүй, мэдэгдэл гэх баримт нь нэг талын бүрдүүлэх боломжтой баримт, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан ч нэхэмжлэгч тал хүсэлт гаргадаггүй өнөөдөр ч хүсэлт, нотлох баримт гаргаагүй шүүхийн ажиллагааны баримт нэмэгдээд хэрэг хэлэлцэгдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчид 2019 оны 9-р сарын 17-ны өдөр КFС574 дугаартай, 24,, төгрөгийн гэрээний үнийн дүнтэй, ажил гүйцэтгэх тусгай болон ерөнхий гэрээ байгуулж, хариуцагч нь КFС брэндийн 3D animation рекламын ажлыг HD форматаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, гэрээний хавсралт 1-д заасан зохиолын дагуу story board зурган зохиолыг захиалагчид танилцуулан 2 талаас баталгаажуулсан байхаар, 3D анимэйшнд оролцох гол дүрийг бүтээхдээ гол дүрийн гадаад төрх, хоолойг хавсралт-1-д заасан зохиолд нийцэх байдлаар хиж ажлын 2 хоногийн өмнө захиалагчид урьдчилан танилцуулж, санал аван, баталгаажуулсны дагуу анимэйшныг хийсэн байхаар уг ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний дотор ажил гүйцэтгэж дуусахаар тохиролцсон байна /хх-9-14/.

 

Дээрх гэрээний урьдчилгаа төлбөрт 9,600, төгрөгийг захиалагчаас хариуцагчид шилжүүлсэнд талууд маргаагүй бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, гэрээний 1.1.1-д захиалагчийн хүсэлтийн дагуу гүйцэтгэгчид давагдашгүй хүчин зүйл тохиолдсон гэж үзэн, 3 баатар бүхий “шинэ жил-3D” видео ажлыг 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авахаар хугацааг тохирсон байна /хх-16/.

 

Мөн талууд 2020 оны 6-р сарын 29-ний өдөр КFСv дугаартай, 4,400, төгрөгийн гэрээний үнийн дүнтэй, ажил гүйцэтгэх тусгай болон ерөнхий гэрээ байгуулж, хариуцагч нь КFС брэндийн 3D jingle рекламын ажлыг HD форматаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, гэрээний хавсралт 1-д заасан зохиолын дагуу story board зурган зохиолыг захиалагчид танилцуулан 2 талаас баталгаажуулсан байхаар, 3D анимэйшнд оролцох гол дүрийг бүтээхдээ гол дүрийн гадаад төрх, хоолойг хавсралт-1-д заасан зохиолд нийцэх байдлаар хийж ажлын 2 хоногийн өмнө захиалагчид урьдчилан танилцуулж, санал аван, баталгаажуулсны дагуу анимэйшныг хийсэн байхаар уг ажлыг 2020 оны 07 дугаар сарын 20-ны дотор гүйцэтгэж дуусахаар тохиролцож /хх-17-22/, урьдчилгаа төлбөрт 2,200, төгрөгийг захиалагчаас хариуцагчид шилжүүлсэнд талууд маргаагүй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч “Дижитал аггрегатор” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагчид 11,800, төгрөг шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч талаас нэмэлт хугацаа тогтоосон боловч ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, хүлээлгэж өгөөгүй, флашаар өгсөн ажил чанарын шаардлага хангаагүй гэж, хариуцагч талаас гэрээ цуцалсан эсхүл дуусгавар болгосон алин болох нь тодорхойгүй, гүйцэтгэж флашаар хүлээлгэн өгсөн ажлыг хүлээн авч үзсэн боловч үнэлж дүгнээгүй, акт үйлдээгүй, үүргийн зөрчил гаргаагүй гэж талууд маргасан.

 

Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх ерөнхий гэрээний 6.5-д “гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг захиалагч гэрээнд заасан шаардлагад үндэслэн ажил хүлээлцэх актаар 1-100 хүртэл хувиар үнэлэх бөгөөд гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил нь 100 хувиас багаар үнэлэгдсэн тохиолдолд хувьчилж үнийг тооцон гүйцэтгэгчид төлөх төлбөрөөс хасаж тооцно” гэж тохирчээ. Энэхүү зохицуулалт нь гэрээний талуудын хүлээх хариуцлага тул гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг захиалагч актаар хүлээлцэх буюу хийсэн ажлаа хүлээлгэн өгөх, захиалсан ажлаа хүлээн авсан талууд акт үйлдэхээр байна.

 

Харин гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг 1-100 хувиар үнэлэх, үнэлсэн хувиар тооцож төлбөрийг хасаж тооцохыг захиалагч хэрэгжүүлэх бөгөөд тусгай гэрээний 5-рт гүйцэтгэсэн ажлыг захиалагчид мэйлээр хүргүүлээд гэрээнд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн тохиолдолд талууд акт үйлдэх, шаардлага хангаагүй бол ажлыг хүлээн авахаас татгалзаж, гүйцэтгэгчид нэмэлт хугацаа тогтоохоор байна.

 

Нэхэмжлэгч тал нэмэлт хугацаа тогтоосон гэх тайлбараа нотлохоор гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн хариуцагч Каталист анимаци ХХК-д хаягласан 20/70 дугаартай албан бичгийн агуулгад ...захиалгат ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй, удаа дараа шаардсан ч шаардлагыг хүлээж аваагүйн улмаас гэрээт ажлыг цуцлахад хүргээд зогсохгүй, KFC брэндийн нэр хүнд, борлуулалтын орлого, төлөвлөгөөт ажлуудад ихээхэн хэмжээний хохирол учирч... байгаа талаар дурдснаас үзэхэд энэхүү цаг хугацаанд хариуцагч ажлаа хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн хариуцагч тал тухайн албан бичгийг хүлээн аваагүй болохыг, нэхэмжлэгч тал дангаар үйлдэх боломжтой гэж татгалзсан тайлбар гаргаж маргаж байх тул нэхэмжлэгч талын энэхүү албан бичгээр ажил гүйцэтгэгчид захиалагч талаас нэмэлт хугацаа тогтоосон гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй.

 

Зохигчийн маргааны зүйл болох хариуцагч талын гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэхэмжлэгч тал флаш дискээр хүлээн авч үзэж, танилцсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх боловч тухайн ажлыг нэхэмжлэгч тал 2020 оны 8 эсхүл 9-р сард авсан боловч чанарын шаардлага хангаагүй гэх, хариуцагч тал 2020-7-15-ны ажлын өдөр хүлээлгэн өгсөн гэх шаардлагын үндэслэл, татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж, 355.2 дахь хэсэгт “ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан.

 

Тайлбарлавал, ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэгдэх хэлцлийн төрөлд хамаарахгүй бөгөөд тодорхой хугацааны дараа хэрэгжлээ олдог тул гэрээнд оролцогч талын аль нэг нь үүргээ зохих журмаар биелүүлэхгүй бол нөгөө тал гэрээнээс татгалзаж, улмаар гэрээг цуцлах асуудал тавигдана. Тиймээс үүргийн зөрчил бүр гэрээ цуцлах үндэслэл болохгүй. Гагцхүү ноцтой зөрчил гаргасан тохиолдолд гэрээ цуцлахаар хуульчилсан.

 

Талуудын тохиролцсон тусгай болон ерөнхий гэрээний хавсралт-1-р талууд эхлээд зохиолын дагуу, зурган зохиолийг танилцуулж баталгаажуулах, 3D анимэйшнд оролцох гол дүрийг бүтээхдээ гол дүрийн гадаад төрх, хоолойг хавсралт-1-д заасан зохиолд нийцэх байдлаар хийж урьдчилан танилцуулж, санал авч, баталгаажуулсны дагуу анимэйшныг хийхээр тохиролцсон байх хэдий ч зохигчдын хэн алиных нь тайлбараар энэхүү хавсралт-1-н баталгаажуулах ажил хийгдээгүй болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь хэргийн нотолгооны хэрэгслээр тооцогдох бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон хариуцагч ямар хэмжээнд гэрээний ажлыг гүйцэтгэсэн талаар дүгнэсэн баримтгүй, гэрээний талуудын хэний буруутай үйл ажиллагааны улмаас гэрээний хугацааг хэтрүүлсэн болох нь, гэрээг цуцлах урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэх, гэрээ хэний буруугаас цуцлагдсан эсэх нь  хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхийг хэрэгжүүлж байгаа бол Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирол шаардах эрхгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, хуулийн 232.5-д үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж заасан.

 

Зохигчийн хэн алины тайлбараар хариуцагчийн хийсэн ажлыг нэхэмжлэгч тал хүлээн авч үзэж танилцсан боловч талууд бичгээр ямар нэгэн акт үйлдэж, тухайн хийгдсэн ажлын үр дүнтэй холбогдуулан санал солилцож, хугацаа тогтоосон гэх шаардлагын үндэслэл, татгалзсан тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээний талууд буюу захиалагч, ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэх байдал, нэхэмжлэгчид торгууль тооцон шаардах эрх үүссэн гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг тал бүрээс нь харьцуулан дүгнэвэл хариуцагчийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажил буюу үр дүнг нэхэмжлэгч тал хүлээн авч танилцсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн хөрөнгөө буцаан гаргуулахаар шаардаж буй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцэхгүй байна.

 

Зохигчид хариуцагчийн хийсэн ажлыг флаш дискээр хүлээн авч танилцсанаар ажлын үр дүнд үнэлгээ тогтоогоогүй болохыг, хариуцагч флаш дискээр хийсэн ажлаа хүлээлгэн өгөхөд талууд акт үйлдээгүй болохыг тус тус тайлбарлаж байх хэдий ч хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, зохигч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажиллагаа хийлгэх хүсэлтийг талуудын хэн аль нь гаргаагүй болно.

 

Шүүх дээр дурдсан зохигч талуудын тайлбар, нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Дижитал аггрегатор ХХК нь Каталист анимаци ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцалсан, татгалзсаны үр дагаврыг шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул шүүх дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355.1-д заасныг баримтлан хариуцагч Каталист анимаци ХХК-нд холбогдуулан гаргасан 26,, төгрөг гаргуулахыг хүссэн Дижитал аггрегатор ХХК-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 287,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Д.ЯНЖИНДУЛАМ