Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/01768  

 

  2022         04         18                                       101/ШШ2022/01768  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хххххх дүүргийн ххххх хороо, хххххх , ххххх 00 тоотод оршин байх Б.З ХХК /000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххх дүүргийн ххххх хороо, Т.Г ХХК-ийн байр буюу өөрийн байранд оршин байх Б.Т ХХК /0000000/-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 247,871,866 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О , хариуцагчийн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Б.Б , нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.З ХХК, Б.Т ХХК нар нь 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б000-00 тоот машин механизм түрээсээр ажиллуулах 7 гэрээг байгуулсан. Хариуцагч хххх аймгийн хххххххх суманд 343 км авто замын ажилд ашиглахаар 7 нэр төрлийн машин буюу экскаватор 3ш, авто грэйдр 1ш, ковш 2ш, түлшний машин 1ш, индүү 4ш, усны машин, самсвол зэргийг түрээслэхээр болсон. 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр самсвол Б000 дугаартай гэрээг түрээслэнэ, түүнээс хойш тус машиныг шаардлагагүй гэсэн. Урьдчилгаа төлбөр 30 хувь буюу 96 сая төгрөгөөс самсволын төлбөрийг хасаад 70,700,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. 1 индүү, 1 экскаватор болон бусад 11 ширхэг машин түрээсийн талбайд 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр очсон. 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд эдгээр машинаас эвдрэл гарсантай холбоотой зарим нь ажиллахгүй болж 6 машин нь тасралтгүй ажилласан. Техникүүдийн 30 хоногийн төлбөр болох 3 экскаватор 90,600,000 төгрөг, автогрэйдр 25 сая төгрөг, ковш 2 ширхэг нь 22 сая төгрөг, түлшний машин 6 сая төгрөг, индүү 56 сая төгрөг, усны машин 18 сая төгрөгийн тус тусын үнэтэйгээр харилцан тохиролцсон. 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ковшийн 5-7 дугаар сарын түрээс 13,200,000 төгрөгөөс 12,100,000 төгрөгийг төлсөн, автогрэйдр 84,160,000 төгрөг болсноос 30,833,000 төгрөгийг төлсөн, индүү 108,266,666 төгрөгөөс 43,400,000 төгрөгийг төлсөн, түлшний машин 22,600,000 төгрөгөө 8,400,000 төгрөгийг төлсөн, усны машин 31,500,000 төгрөгөөс 12,600,000 төгрөгийг төлсөн, экскаватор 143,766,666 төгрөгөөс 72,600,000 төгрөгийг төлсөн. 223,566,666 төгрөг огт төлөгдөөгүй. Гэрээний 5.2-т 0,2 хувийн алдангийг хоног тутамд төлөхөөр заасан. Эдгээр 6 төхөөрөмжийн алдангид 24,305,200.00 төгрөгийг төлөх ёстой. Алдангийг хүснэгтлээд дэлгэрэнгүй тооцсон. Нийт 247,871,870 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 7 гэрээ байгуулагдсан. Үүний хүрээнд 16 техникийг түрээслэхээр болсон. Тэдгээр техникүүдийг 4 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлэх байсан боловч ирүүлээгүй, нийт 11 тээврийн хэрэгслийг ажлын талбайд ирүүлсэн. Манай зүгээс эвлэрэл ярьж байх үед ажилласан цагийн тооцооллоор 189,838,667 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бусад шаардлагаас татгалзаж байгаа. Ирээгүй техникт 2 сая төгрөгийн торгууль ногдуулна гэж заасан. Үүний улмаас манай ажил саатсан. Гэтэл нэхэмжлэгч тал техникийг ажлын талбараас татан авсаар байсан. Гэрээнээс хойш 180 хоногийн дараа гэрээний хугацаа дуусгавар болох байтал энэ хугацаанд нэхэмжлэгч техникээ авсаар байгаад 9 сарын байдлаар 6 техник үлдсэн. Гэрээ байгуулснаас 1 сарын дараа 5 техникийг татсан. Техник бүр 30 хоногт 300 цаг ажилласан мэтээр нэхэмжлэгч тайлбарлаад байдаг. Гэтэл тооцооллын хүснэгтээр ажлын явцад эвдрэл гарснаас болж дунджаар 1 техник 180 орчим цаг ажилласан байдаг. Түрээслүүлэгч татахаа 7 хоногийн дотор бичгээр мэдэгдэх ёстой байдаг. Гэвч энэ нь төлбөртэй холбоогүй, биет байдлын доголдлоос болж нэхэмжлэгч буцаан авсан байдаг. Түрээсийн гэрээний 4.1.14-т албан ёсоор мэдэгдэнэ, түрээсийн хугацааг дуусгаагүй бол хариуцлага гэдэгт алданги бас ордог. Татан авсан 10 техникийн төлбөрийг төлөхгүй байх үндэслэлтэй. Техникийг гаргах үүрэг нь гэрээний 4.1.8-д зааснаар нэхэмжлэгч манай талбайд ажилд гаргахад бэлэн болгохоор заасан. Эвдэрсэн техникийг солиулах эсвэл “тухайн техникийн ажиллаагүй хоногийг хувь тэнцүүлэн хасан тооцно” гэж заасныг бид баримталсан. Тооцоо нийлсэн актыг үйлдэх шаардлагатай байна гэхэд одоог хүртэл нэхэмжлэгч үйлдээгүй. Үүнээс үүдэж алданги тооцогдох ёстой. Гэтэл гэрээний 4.2.16-д 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 180 хоног гэж заасан боловч 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 6 техник л ажилласан. Татан авсан техник байхгүй гэдэг боловч гэрч Н.Б-ийн мэдүүлгээр тогтоогддог. Мэдэгдлүүд нь төлбөртэй холбоотой биш гэж үзэж байна. Талууд нэгэнт гэрээгээр тохиролцсон байхад заавал сөрөг нэхэмжлэл гаргаад байх шаардлагагүй. Тохиролцсоны дагуу ажлын талбарт 5 техник хугацаанаасаа өмнө мэдэгдэлгүй татан авсан тул тэдгээрийн 10 сая төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэв.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн БТ/БЗ-00, БТ/БЗ-00, БТ/БЗ-00, БТ/БЗ-00, БТ/БЗ-00, БТ/БЗ-00 тоот Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ, түүний хавсралтууд, Машин механизмыг цагийн тооцоо, Төлбөрийн нэхэмжлэх, ххх банкны данс хуулга, 2021 оны 5-9 сарын машин механизмыг цагийн тооцоолол, нэмэлт тайлбар, алдангийн тооцоолол, мэдэгдлийг, /1 дүгээр хавтаст хэргийн 8-45, 46-51, 52-53, 95-98, 242-246, 2 дугаар хавтаст хэргийн 43-47 дахь тал/, Хариуцагч татгалзлаа нотлох үүргийн хүрээнд Б.Т ХХК-ийн гэрчилгээ, дүрэм, Тайлбар, нэмэлт тайлбарыг /1 дүгээр хавтаст хэргийн 64-68, 120-121, 2 дугаар хавтаст хэргийн 41-42 дахь тал/, Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар үзлэг хийсэн баримт /2 дугаар хавтаст хэргийн 7-23 дахь тал/ тус тус шүүхэд нотлох баримтаар гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.З ХХК, хариуцагч Б.Т ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 223,566,666 төгрөг, алданги 24,305,200, нийт 247,871,866 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч түрээсийн төлбөр 181,000,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх 66,871,866 төгрөгийн шаардлагаас татгалзжээ.

Зохигчийн хооронд 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр БТ/БЗ-01, БТ/БЗ-02, БТ/БЗ-03, БТ/БЗ-04, БТ/БЗ-06, БТ/БЗ-07 тоот Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ тус тус түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээний хавсралтад дурдсан түрээсийн зүйлийг хариуцагч хүлээн авч хххххх аймагт хэрэгжиж буй М-М-Х чиглэлийн автозамын барилгын ажилд ашигласан, мөн хариуцагч түрээсийн зүйлийг буцаан хүлээлгэж өгсөн болон гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэргийн оролцогч маргахгүй байна. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу түрээсийн гэрээний харилцаа үүсчээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 181,000,000 төгрөгийн түрээсийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрсөн.

Талууд, түрээсийн төлбөрийн тооцоолол, нэхэмжлэгч түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшилд гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн эсэх асуудлаар маргаж, түрээсийн үнээс хасагдах ёстой гэж хариуцагч нэхэмжлэлээс татгалзжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх БТ/БЗ-01, БТ/БЗ-02, БТ/БЗ-03, БТ/БЗ-04, БТ/БЗ-06, БТ/БЗ-07 тоот Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээний дагуу хариуцагчийн эзэмшилд хүлээлгэн өгч 2021 оны 5-9 дүгээр саруудад түрээсээр ажилласан гэх машин механизмыг ажилласан өдөр/цагаар тооцсон баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргажээ. Машин механизмын сар бүр ажилласан өдөр, цагийн тооцоог нэхэмжлэгч, хариуцагч талын төлөөлөгч нар тухай бүрд нь хоёр талаас тооцоо нийлэн баримтжуулж гарын үсгээр баталгаажуулж байсан байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй. Тухайлбал: 2021 оны 05, 06 дугаар сард 9, 07 дугаар сард 7, 08, 09 дүгээр сард 6 машин механизмыг хариуцагч тус тус зам барилгын ажилд түрээслэн ажиллуулсан нь “цагийн бүртгэл” нэртэй баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч тал БТ/БЗ-01 тоот гэрээний (Эксковатор) төлбөрийн үлдэгдэлд 71,166,666 төгрөг, БТ/БЗ-02 тоот гэрээний (Автогрейдер) төлбөрийн үлдэгдэлд 53,333,333 төгрөг, БТ/БЗ-03 тоот гэрээний (Ковш) төлбөрийн үлдэгдэлд 1,100,000 төгрөг, БТ/БЗ-04 тоот гэрээний (Түлшний машин) төлбөрийн үлдэгдэлд 14,200,000 төгрөг, БТ/БЗ-06 тоот гэрээний (Зам индүүдэгч) төлбөрийн үлдэгдэлд 64,866,666 төгрөг, БТ/БЗ-07 тоот гэрээний (Усны машин) төлбөрийн үлдэгдэлд 18,900,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн.

Эдгээр гэрээнүүдийн төлбөрийн тооцооллыг “бүртгэл” нэртэй хоёр талын гарын үсгээр баталгаажсан бүртгэлийн баримттай харьцуулан судлахад БТ/БЗ-02 тоот гэрээгээр ажилласан Автогрейдер нь 2021.08-р сард 22 хоног ажилласныг 23 хоног гэж 1 хоногоор илүү тооцсон 833,333 төгрөгийг хасч 52,500,000 төгрөгийн төлбөрийн, БТ/БЗ-03 тоот гэрээгээр ажилласан Ковш нь 2021.05-р сард ажиллаагүй байхад 4 хоног ажилласан гэж тооцсоныг хасахад хариуцагч 366,688 төгрөгийн авлагатай байна. Тооцоолол: Ковш 2021.06, 07 сард нийт 32 хоног ажилласан, 366,666х32=11,733,312. 11,733,312-6,600,000-5,500,000= -366,688 зөрүү гарч байна. Бусад тооцоолол алдаагүй, нэхэмжлэгч тал машин механизмын ажилласан өдрийн тооцоог бодитой гаргажээ.

Иймд түрээсийн төлбөрт нийт 223,566,666 төгрөг гаргуулахаар шаардсанаас (833,333+366,688=1,200,021) 1,200,021 төгрөгийг хасч, хариуцагч 222,366,645 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх тооцоолол гарч байна.

Нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон тооны машин механизмыг хариуцагчийн заасан газарт ирүүлээгүй, ирүүлсэн техник хэрэгсэл эвдрэлтэй, гэрээний хугацаанд үндэслэлгүйгээр техникүүдийг буцаан татсан гэх тайлбарыг гаргаж 66,871,866 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ. Хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нь зохигч 7 гэрээ байгуулж 16 машин механизмыг хариуцагчид түрээслүүлэхээр тохиролцсоноос ажлын талбайд 13 машин механизм ирүүлсэн, хариуцагчийн түрээсийн урьдчилгаа төлбөрт 70,700,000 төгрөг шилжүүлжээ.

Нэхэмжлэгчээс Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээний дагуу БТ/БЗ-01 тоот гэрээний дагуу 3 ширхэг экскаватор ирүүлэхээс 1, БТ/БЗ-02 тоот гэрээгээр 2 ширхэг автогрейдер ажиллуулахаас 1, БТ/БЗ-06 тоот гэрээгээр 4 ширхэг зам индүүдэгч ажиллуулахаас 1, БТ/БЗ-07 тоот гэрээний дагуу 2 ширхэг усны машин ажиллуулахаас 1 машин механизм тус тус гэрээнд заасан хугацаа (2021.05-р сар) эхлэхэд ажлын талбайд ирж ажиллаагүй байна. Энэ нь Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ (БТ/БЗ-01, БТ/БЗ-02, БТ/БЗ-06, БТ/БЗ-07)-ний 3.1.2-т заасан үүргээ зөрчсөн гэж үзэхээр тул нэхэмжлэгч гэрээний хариуцлага хүлээж техник тус бүрээс тооцон (2,000,000х4=8,000,000) 8,000,000 төгрөгийн торгуулийг хариуцагчид төлөхөөр хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх түрээсийн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй.

Гэрээний 2.1, 4.1.1-д зааснаар гэрээний хугацаа 180 хоног ба нэхэмжлэгч ашиглалтын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр хариуцагчийг хангах үүрэгтэй байна. Гэрээний хугацаанд зарим машин механизм эвдэрсэн, энэ шалтгаанаар нэхэмжлэгч машин механизмыг буцаан татсан үйл баримт тогтоогдсон гэрээний 4.2.16-д заасан гэрээний зөрчил, хариуцлагад хамаарна. Энэ тохиолдолд түрээслэгч буюу хариуцагч мөн гэрээний 4.2.15-д зааснаар тухайн сарын түрээсийн төлбөрийг төлөхөөс татгалзах, суутган тооцуулах эрхтэй. Иймд энэ үндэслэлээр БТ/БЗ-03 тоот гэрээгээр 2021 оны 07 дугаар сард 3 хоног ажилласан Ковшны түрээсийн төлбөр 1,099,998 төгрөг, БТ/БЗ-06 тоот гэрээгээр 2021 оны 06 дугаар сард 18 хоног ажилласан Зам индүүдэгчийн түрээсийн төлбөр 8,399,988 төгрөг, нийт 9,499,986 төгрөгийг мөн хасч тооцох нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгчээс БТ/БЗ-01, БТ/БЗ-02, БТ/БЗ-03, БТ/БЗ-04, БТ/БЗ-06, БТ/БЗ-07 тоот Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээний 5.1-д зааснаар 24,305,200 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар шаардах эрхийг бий болгожээ. Алдангийн тооцооллыг нэхэмжлэгч шүүхэд баримтаар гаргасан нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцэж байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу хариуцагч түрээсийн зүйл болох машин механизмуудыг гэрээгээр тохиролцсоноор хугацаагаар ашигласан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож, зохигч энэ талаар маргаагүй учир зохих түрээсийн төлбөрийг мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар төлөх үүрэгтэй. Талуудын гэрээний үүргээ биелүүлсэн байдал, гэрээний зөрчигдсөн үүргийг харилцан тооцож хариуцагч Б.Т ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 229,171,859 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.З ХХК-д олгож нэхэмжлэлээс 18,700,007 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Т ХХК /000000/-иас 229,171,859 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.З ХХК /000000/-д олгож нэхэмжлэлээс 18,700,007 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,555,263 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Т ХХК-иас 1,293,809 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.З ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ЭНЭБИШ