Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01304

 

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/01768 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б Т ХХК-д холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт нийт 247,871,866 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Талууд 2021 оны 04 сарын 26-ны өдөр 00/00-00 , 00/00-00 , 00/00-00 , 00/00-00 , 00/00-00 , 00/00-00 , 00/00-00 тоот Машин механизмыг түрээсээр ажиллуулах гэрээ-г байгуулж, тус компанийн ...  авто замын далангийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай экскаватор, индүү, авто грейдэр, ковш, түлшний машин, усны машин, өөрөө буулгагч зэрэг 7 нэр төрлийн машин механизмыг түрээслүүлэхээр тохиролцсон. Түрээсийн машин механизмыг 30 хоногт 300 цаг ашиглах түрээсийн төлбөр нь экскаватор 96,000,000 төгрөг, индүү 56,000,000 төгрөг, авто грейдэр 25,000,000 төгрөг, ковш 22,000,000 төгрөг, түлшний машин 6,000,000 төгрөг, усны машин 9,000,000 төгрөг, өөрөө буулгагч 25,500,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Б Т ХХК нь машин механизмыг 5 сарын хугацаанд ашиглаж, 5, 6 сарын түрээсийн төлбөрөө төлсөн, харин 7, 8, 9 сарын түрээсийн төлбөрөө төлөлгүй Б ХХК-ийг хохироож байна. Экскаватор 143,766,666 төгрөг төлөхөөс 72,600,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 71,166,666 төгрөг төлөгдөөгүй. Индүү 108,266,666 төгрөг төлөхөөс 43,400,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 64,866,666 төгрөг төлөгдөөгүй. Авто грейдэр 84,166,666 төгрөг төлөхөөс 30,833,333 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 53,333,333 төгрөг төлөгдөөгүй. Ковш 13,200,000 төгрөг төлөхөөс 12,100,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1,100,000 төгрөг төлөгдөөгүй. Түлшний машин 22,600,000 төгрөг төлөхөөс 8,400,000 төгрөгийг төлсөн, 14,200,000 төгрөг төлөгдөөгүй. Усны машин 31,500,000 төгрөг төлөхөөс 12,600,000 төгрөгийг төлсөн, 18,900,000 төгрөг төлөгдөөгүй. Иймд хариуцагч Б Т ХХК-аас түрээсийн төлбөрийн үлдэгдэл нийт 223,566,666 төгрөг, алданги 24,305,200 төгрөг, нийт 247,871,866 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Талуудын 2021 оны 04 сарын 26-ны өдөр Машин механизмыг түрээсээр ажиллуулах тухай 7 гэрээ байгуулж, нийт 16 машин механизмыг нийт 248,500,000 төгрөгөөр түрээслэн авахаар гэрээ байгуулсан. Б Т ХХК-аас 2021 оны 05 сарын 04-ний өдөр урьдчилгаанд 70,700,000 төгрөг шилжүүлсэн боловч ажил эхлэхэд гэрээгээр тохиролцсон 16 машиныг ажлын талбай дээр бүрэн ирүүлээгүй буюу нийт 11 техник авч ирсэн. Өөрөөр хэлбэл 1 экскаватор, 3 хово, 1 индүү дутуу ирсэн. Иймд эдгээр дутуу ирсэн техник хэрэгсэлтэй холбоотой 10,000,000 төгрөгийн торгуулийг түрээслүүлэгч тал бидэнд төлөх ёстой юм. Цаашлаад ажил эхэлсний дараа Б ХХК нь мөн оны 6 сард 1 ширхэг ковш, 1 ширхэг усны машинаа тодорхой шалтгаангүйгээр татан авсан ба 7 сараас эхлэн техникүүд зогсолт хийх болон бусад шалтгааны улмаас дахин 2 техникээ татан авсан байна. Улмаар 2021 оны 7 сард 9 техник ажиллаж, 1 экскаватор, 1 ковшоо буцаан татан авсан ба 8 сард 6 техник ажиллаж, 1 ковш татсан. Б ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээний хугацаанд техникүүдээ татан авсаар байсантай холбоотой манай компанийн зүгээс өөр этгээдүүдтэй гэрээ байгуулах, харилцан тохиролцох зэрэг арга замаар шаардлагатай техникүүдийг олж авсан бөгөөд үүнтэй холбоотой авто замын барилгын ажил удааширч, зарим талаараа саатахад хүрсэн. Гэрээгээр нэг тоног төхөөрөмжийг 30 хоногийн хугацаанд 300 цаг ажиллуулахаар тохиролцсон боловч аль ч техник хэрэгсэл нь гэрээгээр тохиролцсон цагтаа хүрч ажиллаагүй. Тооцоо нийлсэн актыг үйлдэх шаардлагатай байна гэхэд одоог хүртэл нэхэмжлэгч үйлдээгүй. Үүнээс үүдэж алданги тооцогдох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б Т ХХК-аас 229,171,859 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс 18,700,007 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,555,263 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б Т ХХК-аас 1,293,809 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээс 186,386,681 төгрөгийг хариуцагчаас гаргуулж. нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэх 42,785,178 төгрөгт холбогдох хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Тус хэргийг шийдвэрлэсэн шүүгч хэргийн бодит байдлыг хангалттай дүгнэж үзээгүй төдийгүй шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл нь хэргийн үйл баримтад тохироогүй гэж үзэж байна.

4.а. Түрээсийн төлбөрийн тухайд талуудын байгуулсан 00/00-00 . 00/00-00 . 00/00-00 . 00/00-00 , 00/00-00 00/00-00 . 00/00-00 тоот гэрээнүүдийн 2.2-т Түрээслэгч нь тоног төхөөрөмжийг 30 хоногийн хугацаанд 300 цаг ашиглана" гэж заасан. Талууд ажилласан цагийн бүртгэл дээр маргаангүй болохоо шүүх хуралдааны явцад мэдэгдэж байсан хэдий ч нэхэмжлэгч нь ажилласан хоногоор тооцож нэхэмжлэлээ гаргасан бөгөөд шүүхээс ч мөн адил ажилласан хоногоор тооцож хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...бусад тооцоолол алдаагүй, нэхэмжлэгч тал машин механизмын ажилласан өдрийн тооцоог бодитой гаргажээ" гэж дүгнэсэн. Гэтэл "Б" ХХК-ийн ирүүлсэн техник тоног төхөөрөмжүүдээс аль нь ч гэрээгээр тохиролцсон цагтаа хүрч ажиллаагүй болох нь хэрэгт авагдсан цаг бүртгэлийн баримтаас тодорхой харагддаг. Манай компани нь ... авто замын төсөлд Ж ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан ба тус захиалагч компани нь санхүүжилтээ цаг тухайд нь өгөхгүй байсан. Улмаар 2021 оны 05, 06 сарын санхүүжилт 2021 оны 8 сарын 09-ний өдөр орж ирсэн ч дутуу орсон бөгөөд орж ирсэн даруй буюу 2021 оны 8 сарын 10-ны өдөр 50,252,733 төгрөгийг "Б " ХХК-д шилжүүлж өөрсдийн санхүүжилтээр үлдэгдэл 60,000,000 төгрөгийг 2021 оны 08 сарын 17-ны дотор шилжүүлэн 05, 06-р сарын тооцоог дуусгаж хаасан. Өөрөөр хэлбэл, талууд зөвхөн 07, 08 болон 09 сарын түрээсийн төлбөр дээр л маргадаг.Өмнө дурдсанчлан гэрээний 2.2-д заасны дагуу машин механизм тус бүрийн түрээсийн төлбөрийг ажиллах ёстой цагт харьцуулан гарсан дүнг ажилласан цагаар тооцож түрээсийн төлбөрийг бодох нь талуудын байгуулсан гэрээнд нийцэх юм. Тэгэхээр 07, 08, 09 сарын түрээсийн төлбөрт нийт 209,886,667 төгрөг төлөхөөр байна. /07, 08, 09 сарын түрээсийн төлбөрийг тооцоолон хүснэгтээр харуулсан болно/

4.б. Түрээсийн төлбөрөөс суутгах үнийн дүнгийн тухайд хэдийгээр шүүхээс гэрээнд заасны дагуу түрээсийн талбайд ирээгүй нэг техник хэрэгслийн торгуульд 2,000,000 төгрөг төлөх нь зөв гэж дүгнэсэн боловч ажлын талбайд ирээгүй техник хэрэгслийн тоог буруу тооцоолсон байдаг. Тодруулбал, "Б ХХК нь гэрээний үүргээ зөрчиж гэрээгээр тохиролцсон 16 машиныг ажлын талбай дээр бүрэн ирүүлээгүй буюу нийт 11 техник авч ирсэн бөгөөд 1 экскаватор, 3 хово, 1 индүү дутуу очсон. Мөн ажлын талбарт ирүүлсэн техникүүдээс 1 ковш, 1 усны машин эвдэрхий буюу биет байдлын доголдолтой ирсэн тул "Б " ХХК нь буцаан татаж авсан. Гэрээний 3.1.2-д ажлын талбайд очоогүй тохиолдолд нэг техникээс 2,000,000 төгрөгийн торгуулийг түрээслүүлэгч тал төлнө гэж заасны дагуу дутуу ирсэн техниктэй холбоотой 14,000,000 төгрөгийн торгуулийг түрээслүүлэгч тал бидэнд төлөх ёстой.Дээрх 209,886,667 төгрөгийн түрээсийн төлбөрөөс торгуулийг хасвал 195,886,667 төгрөг болох юм. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Гэрээний 2.1. 4.1.1-д зааснаар гэрээний хугацаа 180 хоног ба нэхэмжлэгч ашиглалтын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр хариуцагчийг хангах үүрэгтэй байна. Гэрээний хугацаанд зарим машин механизм эвдэрсэн. Энэ шалтгаанаар нэхэмжлэгч машин механизмыг буцаан татсан үйл баримт тогтоогдсон. Гэрээний 4.2.16-д заасан гэрээний зөрчил, хариуцлагад хамаарна. Энэ тохиолдолд түрээслэгч буюу хариуцагч мөн гэрээний 4.2.15-д зааснаар тухайн сарын түрээсийн төлбөрийг төлөхөөс татгалзах, суутган тооцуулах эрхтэй, нийт 9,499,986 төгрөгийг мөн хасаж тооцох нь зүйтэй" гэж шүүгч дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Иймд 195,886,667 төгрөгөөс 9,499,986 төгрөгийг мөн хасаж 186,386,681 төгрөгийг түрээслэгч нь түрээслүүлэгчид төлбөл зохино.

4.в. Талуудын байгуулсан гэрээнүүдийн 4.1.14-д "...Түрээслүүлэгч тал тоног төхөөрөмжийг эргүүлэн татахаар бол түрээслэгч талд ажлын 14 хоногийн өмнө бичгээр албан ёсоор мэдэгдэнэ гэж заасан төдийгүй 4.2.16-д ...Түрээсийн машин нь гэрээний хугацааг дуусгалгүй орхиж явсан тохиолдолд ямар нэгэн төлбөр тооцоог олгохгүй, түрээслэгч тал хариуцлага хүлээхгүй болно" гэж заажээ. "Б " ХХК нь 16 техник ирүүлэхээс 11 техник ирүүлсэн ба үүний 2 нь ашиглалтгүй техник байсан. Үлдэх 9 техникээс 2021 оны 08, 09 сарын байдлаар 6 техник л ажиллаж байсан. Ийнхүү техник хэрэгслийг татан авахдаа түрээсийн төлбөртэй холбоогүй шалтгаанаар буюу ирүүлсэн техник хэрэгслүүд эвдэрсэн тул татан авсан болох нь гэрчийн мэдүүлгүүдээс харагддаг. Өөрөөр хэлбэл, "Б" ХХК нь доголдолтой техник хэрэгсэл нийлүүлж, тэдгээрийн аль нь ч ажлын цагтаа хүрч ажиллахгүй байсаар гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлын талбайг орхин явсан тул талуудын байгуулсан гэрээний 4.2.16-д заасны дагуу Б Т ХХК нь алданги төлөхгүй байх эрхтэй юм. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээний 5.1-д зааснаар 24,305,200 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан, алдангийн тооцооллыг нэхэмжлэгч шүүхэд баримтаар гаргасан нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцэж байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв" гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 223,566,666 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх торгууль, суутган тооцох дүнг хасах үндэслэлтэй гэж үзсэн атлаа уг үнийн дүнгээс алдангийг тооцоолсон нэхэмжлэгчийн тооцооллоор алдангийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Шүүхээс түрээсийн төлбөрөөс 18,700,007 төгрөгийг хасаж тооцоолохыг зөв гэж дүгнэсэн атлаа уг үнийн дүнд ногдох алдангийг тооцоолоогүй орхисон алдаа гаргасныг дурдах нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг ...Б Т ХХК-аас 186,386,681 төгрөг гаргуулан Б ХХК-д олгож хэмээн өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч ажилласан цагаар түрээсийн төлбөрийг бодож тооцоолно гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Гэрээний 2.2-т заасан үндэслэлийг буруу тайлбарласан. Учир нь 30 хоногийн хугацаанд 300 цаг гэдэг нь заавал энэ цагтаа хүрч ажиллах буюу цагаар түрээсийг тооцох агуулга гэрээнд байхгүй. Хэрэв 30 хоногийн 300 цаг гэх хэсэгт мото гэсэн үг нэмэгдсэн бол цагаар түрээсийг тооцох үндэслэлтэй байх байсан. Мөн техникийн торгуулийг дутуу тооцоолсон гэж тайлбарласан. Тухайн техник нь талбайд очоод ажиллаж байх явцдаа эвдэрсэн. Гэрээний 3.1.2-т заасан торгууль төлөх нөхцөл нь талбайд огт очоогүй техник бүрээс 2,000,000 төгрөгийн торгууль бодогдох ёстой. Гэтэл техник талбайд ажиллаж байх явцад эвдэрсэн учраас энэ торгуулийг хасаж тооцох үндэслэлгүй. Энэ талаар шүүхээс техникийг ажилласан хугацааны түрээсийн төлбөр болох 10,000,000 төгрөгийг хасаж тооцсон. Мөн алдангиас 18,700,000 төгрөг хасагдсан тул энэ дүнгээр алданги буурах байтал бууруулсангүй гэх агуулгатай гомдол гаргасан нь үндэслэлгүй. Тухай хасагдсан үнийн дүн нь торгууль гэсэн агуулгаар хасагдсан. Тухайлбал, нийт түрээсийн төлбөр болон алданги нь нэмэгдсэн дүнгээс сүүлд хасагдах ёстой учраас алданги буурах үндэслэлгүй. Иймд хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Б Т ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 223,566,666 төгрөг, алданги 24,305,200 төгрөг, нийт 247,871,866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 189,838,667 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 120-121, 2хх 32, 41-42, 43-44, 49-54/

 

3.   Талууд 2021 оны 04 сарын 26-ны өдөр 00/00-00 , 00/00-00 , 00/00-00 , 00/00-00 , 00/00-00 , 00/00-00 , 00/00-00 тоот Машин механизмыг түрээсээр ажиллуулах гэрээ гэх 7 гэрээ байгуулж, эдгээр гэрээгээр нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Б Т ХХК-ийн эзэмшил, ашиглалтад 3 ширхэг экскаватор, 1 ширхэг авто грейдэр, 2 ширхэг ковш, 1 ширхэг түлшний машин, 3 ширхэг өөрөө буулгагч, 4 ширхэг индүү, 2 ширхэг усны машин зэрэг нийт 16 ширхэг машин механизмыг шилжүүлэх, хариуцагч Б Т ХХК нь түрээсийн төлбөрт нийт /30 хоногт/ 248,500,000 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /1хх 8-45/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

4.   1-р хавтаст хэргийн 242-246-р талд авагдсан гэрээний хугацаанд ажилласан машин механизмын тоо хэмжээ, машин механизм тус бүрийн ажилласан цаг, хоног, жолоочийн нэр, улсын дугаар гэх мэт мэдээллийг агуулсан баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх ба зохигчид эдгээр баримтын талаар маргаагүй.

Анхан шатны шүүх дээрх бичгийн нотлох баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байхаас гадна хариуцагч Б Т ХХК-ийн хүлээх түрээсийн төлбөрийн үүрэг 222,366,645 төгрөг болох талаарх анхан шатны шүүхийн тооцоолол зөв.

 

5. Талуудын хооронд байгуулагдсан Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ-ний 3.1.2-т ...техникүүд ажлын талбайд очоогүй тохиолдолд нэг техникээс 2,000,000 төгрөгийн торгуулийг түрээслүүлэгч тал төлнө гэсэн нөхцөлийг тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь зохицуулалтад нийцжээ.

Дээр дурдсан 1-р хавтаст хэргийн 242-р талд авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл 2021 оны 05 сард гэрээгээр тохиролцсон нийт 16 ширхэг машин механизмаас 9 машин механизм ажилласан буюу нийт 7 ширхэг машин механизм дутуу ажилласан болох нь тогтоогдож байна.

Иймд хууль болон гэрээнд зааснаар 2,000,000 х 7 = 14,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.

 

6. Анхан шатны шүүх ...ашиглалтын шаардлага хангасан машин механизмаар хангах үүргээ нэхэмжлэгч зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний хугацаанд машин механизм эвдэрсэн, үүнтэй холбоотой зарим машин механизмыг буцаан татсан... гэж дүгнэн түрээсийн төлбөрөөс нийт 9,499,986 төгрөгийг хасч тооцсонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

7. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ-ний 5.1-т Түрээслэгч түрээсийн төлбөр болон энэ гэрээнд заасан бусад төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж заасныг үндэслэн хариуцагчаас нийт 24,305,200 төгрөгийн алданги шаарджээ.

2-р хавтаст хэргийн 32-р талд авагдсан нэмэгдүүлсэн шаардлагад гэрээ тус бүрийн алдангийн дүнг тусгасан байх боловч аль дүнгээс ямар хугацаанд тооцож тэдгээр дүнг гаргасан нь тодорхойгүй байна. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн алдангийн дүнг хэрхэн тооцоолон гаргасан нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардсан алдангийн дүнг нотлоогүй гэж үзэн холбогдох шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч Б Т ХХК-аас 222,366,645 14,000,000 9,499,986 = 198,866,659 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/01768 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...229,171,859 төгрөг... гэснийг ...198,866,659 төгрөг... гэж, ...18,700,007 төгрөгийн... гэснийг ...49,005,207 төгрөгийн... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...1,293,809 төгрөг... гэснийг ...1,152,283 төгрөг... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 сарын 25-ны өдөр төлсөн 371,880 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.НЯМБАЗАР