Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/03573

 

 

 

 

 

 

 

 

 

2022        08           18                                     101/ШШ2022/03573

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Х-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Д ХХК-д холбогдох 

гэрээний үүрэгт 70,,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Нарангэрэл,

Гэрч Л.Гансэлэм,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Хатанбаяр нь “Дээд цэг” ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 70,,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ж.Хатанбаяр нь 2020 оны 04 сарын 09-ний өдөр Дээд цэг ХХК-тай 3 цэгийн дөрвөлжин, 5 цэгийн дугуй ус зайлуулах хоолойн барилгын ажил хийхээр тохиролцож, ажлын хөлсийг 145.000.000 төгрөгөөр тохирч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 8 цэгийн хоолойн их бие, толгой, ханын ажлыг, 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр чулуун бэхэлгээний ажил хийж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд захиалагч Дээд цэг ХХК нь шаардлагатай бараа материалаар бүрэн хангах үүрэг хүлээсэн. Ажлын хөлсний урьдчилгаа 20.000.000 төгрөгийг 2020 оны 04 сарын 14-ний өдөр, 23,,000 төгрөгийг 2020 оны 04 сарын 15-ны өдөр тус тус шилжүүлсэн. Дээд цэг ХХК нь 3 цэгийн дөрвөлжин хоолойн элс хайрганы ажлыг 2020 оны 05 сарын 11-ний өдөр, 5 цэгийн дугуйн хоолойн элс, хайрганы суурийн ажлыг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр буюу гэрээгээр хүлээсэн хугацаанаас 2 хоногийн дараа хүлээлгэж өгсөн. 2020 оны 06 сарын 15-ны өдөр гэхэд дугуй хоолойн суурийг цутгаж, 3 цэгийн хоолойн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байсан. Мөн үлдсэн 2 цэгийн хоолойн дугуй, далавч, хана, нуумал  ус тусгаарлагч, түрхмэл ус тусгаарлагчийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээгээр 3 цэгийн дөрвөлжин хоолойн их бие, далавч, ханын ажлыг хийж гүйцэтгэсний дараа нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 43..000 төгрөгийг шилжүүлэх ёстой байсан боловч мөнгөгүй байна гэх шалтгаанаар 2020 оны 06 сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2020 оны 06 сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2020 оны 07 сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж, 2020 оны 10 сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд нийт ажлын хөлснөөс 74..000 төгрөгийг төлсөн байдаг. Дээд цэг ХХК нь мөнгө орж ирэхгүй байна гэх шалтгаанаар гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байсаар 2021 оны 06 сарын дундуур гүйцэтгэлийн мөнгө нь орсон байхад очиж уулзахад танайхаас шалтгаалж ажил удааширсан учир манай байгууллагын 5 цэгийн дугуй хоолойн гүйцэтгэлээс нийт 170.000.000 төгрөг хасагдсан учраас үлдэгдэл төлбөрийг олгохгүй гэсэн хариу өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул гэрээний үлдэгдэл төлбөр болох 70..000 төгрөгийг Дээд цэг ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа манай байгууллага иргэн Ж.Хатанбаяртай 2020 оны 04-р сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 3 цэгт дөрвөлжин хоолой, 5 цэгт дугуй хоолойн ажил хийлгэхээр тохирч, ажлын хөлсийг 145.000.000 төгрөгийн дүнтэй гэрээ байгуулсан. Дөрвөлжин хоолойн ажлыг 5 сардаа хийж гүйцэтгэж дуусгасан. Дугуй хоолойн ажлыг хугацаандаа хийгээгүйгээс болж маргаан үүссэн. Гэрээний дагуу 74..000 төгрөгийг тодорхой үе шаттай өгсөн, үлдсэн 70..000 төгрөгийг бид өгөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Ж.Хатанбаяр нь ажлаа цаг хугацаандаа хийгээгүй учраас түүний хийж байсан ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб хурааж авсан. Би Хатанбаярын ажлыг байнга шалгадаг байсан бөгөөд Хатанбаяр нь ажлын талбайд надтай нэг ч удаа уулзаж, таарч байгаагүй. Хатанбаярын гүйцэтгэсэн ажил 2020 оны 06 сарын 05-ны өдөр дуусах ёстой байтал дуусаагүй учраас 06 сарын 06-ны өдөр Л.Гансэлэм генералаас “ажлаа хугацаанд нь хийгээгүй тул танай ажлыг хурааж авлаа” гэсэн мессежийг над руу илгээсэн. Ж.Хатанбаяр цаг хугацаандаа ажлаа хийсэн бол ийм асуудал үүсэхгүй байх байсан. Нэхэмжлэгч за нь ажлаа бүрэн гүйцэтгээгүй учраас нэхэмжилж байгаа мөнгийг бид өгөх үүрэггүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой. Өөрсдөө гаргаж өгч болох материалыг надаас гаргуулж авах гэдэг, цаг хугацаандаа хийгдээгүй ажлын төлөө би төлбөр төлөхгүй. Зэвсэгт хүчний жанжин штаб өөрсдөө ажлаа хийгээд төлбөрөө авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт тухайд

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, нэхэмжлэгч Ж.Хатанбаярын иргэний үнэмлэх хуулбар /хх-5/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-6/, Ж.Хатанбаярын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-19-23/, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн шүүгчийн 14248 дугаартай захирамж /хх-25-26/, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 00742 дугаартай шийдвэр /хх-27-28/, Төв аймаг дахь цагдаагийн газрын 43/4-20 дугаартай албан бичиг /хх-29/, Баянзүрх дүүргийн 1-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-30/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан.

 

/1-р хавтаст хэргийн хх-7-18, 31, 37, 44 дугаар тал, 2-р хавтаст хэргийн 20-114 дүгээр талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно/

 

Хариуцагчийн хариу тайлбар /хх-42-43/, хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-45/, 2020-4-9-ний өдрийн огноотой  ажил гүйцэтгэх гэрээ /хх-61-64/, тооцоо нийлсэн акт /хх-100/, Торгон харгуй ХХК, Дээд цэг ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /хх-101-118/, Бидний зам ХХК, Дээд цэг ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ /хх-154-173/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх зохигчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-183-184/, үзлэгийн тэмдэглэлээр илэрсэн фото зураг /хх-83-89/, фото зураг /хх-136-150/, фото зураг /хх-192-194/, хариуцагч талаас ажил шалгуулах зөвшөөрөл авах хүсэлт 389-004-389-016, 389-019 /хх-204-217/, ажил шалгуулах зөвшөөрөл авах хүсэлт 390-004-390-014 /хх-218-228/, ажил шалгуулах зөвшөөрөл авах хүсэлт 392-004-392-010 /хх-229-235/, 392-012-392-016 /хх-236-240/, 392-028 /хх-241/, ажил шалгуулах зөвшөөрөл авах хүсэлт 394-004-394-012 /хх-242-250/, 394-018-394-020 /2-р хх-2-5/, ажил шалгуулах зөвшөөрөл авах хүсэлт 395-004-395-016 /2-р хх-6-18/, ажил шалгуулах зөвшөөрөл авах хүсэлт 395-024 /2-р хх-19/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

1. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “Дээд цэг” ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын далангийн ажлын гүүр хоолойн арматур, бетон, хэв хашмал тавих ажлыг тогтоосон стандарт, хийц чанарын шаардлагын дагуу хийж гүйцэтгэхээр ажлын хөлсийг 145,000,000 төгрөгөөр тохирсон. Уг төлбөрийн урьдчилгаа 43,,000 төгрөгийг бэлдэц хийх үе шатанд, угсралтын дараа 30 хувь буюу 43,,000 төгрөгийг, 5 дугуй хоолойн их бие далавч хана хэв хашмал хуулсны дараа 21,750,000 төгрөг, хүлээлгэн өгсний дараа 36,250,000 төгрөгийг төлөхөөр тохирсон боловч 2020 оны 10-р сарын 01-ний байдлаар 74,,000 төгрөгийг төлсөн. Гэрээний дагуу өөрийн гүйцэтгэх ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Гэтэл хариуцагч Дээд цэг ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 70..000 төгрөгийг төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байна гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагчийн төлөөлөгчөөс Ж.Хатанбаяртай 2020 оны 04-р сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 3 цэгт дөрвөлжин хоолой, 5 цэгт дугуй хоолойн ажил хийлгэхээр тохирч, гэрээний дагуу 74..000 төгрөгийг тодорхой үе шаттай өгсөн боловч Ж.Хатанбаяр нь ажлаа цаг хугацаандаа хийгээгүй, түүний хийж байсан ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб хурааж авч, өөрсдөө хийж гүйцэтгэснээр манай компанид өгөх төлбөрөөс хасаж тооцож төлбөрөө авсан учраас 70..000 төгрөгийг Ж.Хатанбаярт төлөх үндэслэл байхгүй гэж үзэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр АГГ-04 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Ж.Хатанбаяр нь “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далангийн ажлын гүүр хоолойн арматур, бетон, хэв хашмал тавих ажлыг 2020 оны 4-р сарын 10-ны өдрөөс эхэлж, 2020 оны 5 дугаар сарын 25-нд 8 цэгийн хоолойн их бие, далавч хана, 2020 оны 06 дугаар сарын 05-н гэхэд чулуун бэхэлгэн ажил бүрэн хийж дууссан байхаар, гүйцэтгэлийн төлбөрт захиалагч нь 145,000,000 төгрөгийг төлөхөөр тохирч, уг төлбөрийн урьдчилгаа 30 хувь болох 43,,000 төгрөгийг бэлдэц хийх, угсралтын дараа 3 дөрвөлжин хоолойн их бие далавч хана 30 хувь буюу 43,,000 төгрөг, 5 дугуй хоолойн их бие далавч хана хэв хашмал хуулсны дараа 15 хувь буюу 21,750,000 төгрөг, хүлээлгэн өгсний дараа 25 хувь буюу 36,250,000 төгрөгийг төлөхөөр талууд тохирсон байна.

 

Түүнчлэн гэрээний үнэ болох 145,000,000 төгрөгт ажил гүйцэтгэхэд шаардлагатай гар багаж, үйл ажиллагааны бүх зардлууд, ирж очих зардал, ХАБЭА хувцас хэрэглэл багтсан байх бөгөөд захиалагч тал ажлын гүйцэтгэлд байнгын хяналт тавьж, гүйцэтгэгчийг шаардагдах материал болох арматур, цемент бетон, бэхэлгээний чулуу, газар шорооны ажлаар бүрэн хангаж, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч гүйцэтгэлийн төлбөрийг саадгүй төлөх үүрэг харилцан хүлээж тохиролцсон байна /1-р хх-61-64/.

 

4. Талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгад нийцэж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан тул гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргийг харилцан шаардах эрхтэй.

 

5. Гэрээнд оролцогч талууд гэрээ байгуулагдсан үйл баримт болон гэрээний дагуу захиалагчаас ажил гүйцэтгэгчийн үлдэгдэл төлбөрт 70,,000 төгрөгийг төлөөгүйтэй маргахгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар захиалагч болох Дээд цэг ХХК нь гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Ж.Хатанбаярт гэрээний төлбөрийн 70,,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

 

6. Хариуцагчийн зүгээс гэрээгээр тохирсон ажлаа нэхэмжлэгч хугацаандаа хийж гүйцэтгээгүйн улмаас манай компанид олгох санхүүжилт хасагдсан тул гүйцэтгээгүй ажлын хөлсийг төлөхгүй гэж маргаж байх тул шүүх тухайн үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагчаас “Бидний зам” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “байгуулсан гэрээ /1-р хх-155-173/, “Торгон харгуй” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээ /1-р хх-101-118/, Дээд цэг ХХК, Торгон харгуй ХХК нарын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргийг нотлох баримтаар гаргасан /1-р хх-100/.

 

“Дээд цэг” ХХК нь Бидний зам” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц далан, хоолойг барих ажлыг туслан гүйцэтгэх” гэрээг байгуулж, гэрээний үнэ 2,359,198,993 төгрөгөөр /1-р хх-155-173/, мөн “Дээд цэг” ХХК нь “Торгон харгуй” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтцийн хоолой барих ажлын туслан гүйцэтгэх ТХ-20-04 дугаартай гэрээг” байгуулж, гэрээний үнийг барилгын ажлыг гүйцэтгэсний төлбөр нь ерөнхий гүйцэтгэгчийн олгох санхүүжилтээр тооцоо хийхээр /1-р хх-101-118/ тус тус тохиролцсон байна.

 

Харин “Дээд цэг” ХХК-ийн “Торгон харгуй” ХХК-тай тооцоо нийлсэн акт нь 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн огноотой байх бөгөөд Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын далангийн хоолойн ажлын гэрээний дүн 429,105,354, хасагдах зардалд гэрээт ажлын урьдчилгаа 125,199,017.83, удирдлагын зардал 30% суутгал /ЗХЖШ/ 12,653,162.10, буцаан дүүргэлтийн ажил 15,689,764.52, чулуун бэхэлгээний ажил 85,811,609, баталгаат хугацааны 5% суутгал 21,455,267.70, 7781-р анги ажлын төлбөр 77,560,710, менежментийн зардал 3,733,216.58, захиалагчийн хяналт 2% 5,430,969, магадалшгүй ажил 2% 5,430,969, норм норматив 0.4% 1,515,375, ТТ-ЗБ чиглэлийн 414,1 км ТЗ-ын ажлын гүүр, хоолойн гэрээт ажил гэсэн тайлбар бичигдсэн байна /1-р хх-100/.

 

7. Зохигчид хийж гүйцэтгэсэн ажилтай холбогдуулан акт үйлдээгүй болохыг тайлбарлаж, хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан “ажил шалгуулах зөвшөөрөл авах хүсэлт”-н 389-006, 389-014, 389-015, 390-011, 390-012, 390-014, 392-009, 392-010, 392-012, 392-013, 392-014, 392-015, 394-008, 394-009, 394-010, 394-011, 394-018, 395-008, 395-009, 395-010, 395-012, 395-013, 395-014, 395-015 дугаартай баримтуудад нэхэмжлэгч Ж.Хатанбаярын нэр бичигдсэн байх бөгөөд тэрээр бетон суурь, орох гарах талын төмөр бетон шал, хананы арматурчлал, хэв хашмал түвшин зэрэг ажлыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 дугаар 20-ны өдөр хүртэл шалгуулсан байна /1-р хх-206, 214, 215, 225, 226, 228, 234-239, 246-249, 2-р хх-2-4, 10-12, 14-17/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Дээд цэг ХХК-ийн Бидний зам ХХК, Торгон харгуй ХХК нартай байгуулсан гэрээ зэргээр Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц далан хоолойг барих ажлын төслийн захиалагч нь Монголын төмөр зам ТӨХК байх бөгөөд захиалагч нь Монголын төмөр зам ТӨХК-тай 2019-06-12-ны өдөр байгуулсан АГГ-Н/1901-МН/387 дугаар гэрээг байгуулсан Зэвсэгт хүчний жанжин штаба-г хэлэхээр, ерөнхий гүйцэтгэгч нь Бидний зам ХХК байх бөгөөд хариуцагч нь туслан гүйцэтгэгчээр Бидний зам ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээг байгуулсан, нэхэмжлэгч Ж.Хатанбаяртай ажил гүйцэтгэх гэрээг байгуулснаар Дээд цэг ХХК нь нэхэмжлэгчийн хувьд захиалагч нь болсон байна.

 

8. Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж, 347.2 дахь хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна” гэж зохицуулсан.

 

Тиймээс Дээд цэг ХХК нь нэхэмжлэгч Ж.Хатанбаярын гүйцэтгэсэн ажлын үр дүнг Бидний зам ХХК, Торгон харгуй ХХК нарын өмнө хариуцах бөгөөд Дээд цэг ХХК нь Бидний зам ХХК, Торгон харгуй ХХК нартай туслан гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээс Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын далангийн ажлын гүүр хоолойн арматур, бетон хэв хашмал тавих ажил буюу 8 цэгийн хоолойн их бие далавч хана, чулуун бэхэлгээний ажлыг нэхэмжлэгч Ж.Хатанбаяраар гүйцэтгүүлэхээр тохирсон боловч түүний хийж гүйцэтгээгүй ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб хураан авсан гэх хариуцагчийн татгалзсан тайлбар хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хариуцагч Дээд цэг ХХК өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй оролцоно.

 

9. Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Л.Гансэлэм “...142 км газрын хооронд 260 хоолой суурилуулахаар ажиллаж, Бидний зам консорциумтай Зэвсэгт хүчний жанжин штаб гэрээ байгуулж ажилласан. Бидний зам ХХК консорциумд Торгон харгуй гэдэг байгууллага орж ажилласан. Торгон харгуй нь Дээд цэг ХХК-тай ямар харилцаанд оролцсон талаар мэдэхгүй. Бид Торгон харгуй ХХК-тай гэрээ байгуулсан тул тэр дагуу гүйцэтгэлийн мөнгөө өгсөн. Манай байгууллага “Дээд цэг” ХХК-д төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Ажлын явцад 2 байгууллагын хоолойны ажлыг хураан авч цэргийн ангиар хийлгэж байсан боловч тэр компанид Дээд цэг компани байгаагүй, төмөр замын энэхүү бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгэгчээр ажиллахдаа Бидний зам консорциумыг оруулсан. Санхүүжилт олгоход бүтээн байгуулалт дэмжлэгийн газар оролцож захиалагчаас орж ирсэн санхүүжилтийг гүйцэтгэлтэй нь уялдуулж гэрээний дагуу олгодог байсан. Манай байгууллага Бидний зам консорциумд гэрээний дагуу төлбөр төлсөн. Консорциум нь дотроо хэрхэн төлбөрөө хуваасан талаар мэдэхгүй. Ажлын явцад манай байгууллага удирдлагаар хангаж, хяналтыг хөндлөнгийн байгууллага хариуцаж байсан. Гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахад заавал акт үйлдэнэ, Бид зам консорциумаас ажил хураан авч акт үйлдсэн зүйл байхгүй. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хүлээж авахад бэлэн болсон ч арай хүлээж аваагүй байгаа” гэх мэдүүлэг өгсөн.

 

10. Дээд цэг ХХК, Торгон харгуй ХХК нарын тооцоо нийлсэн актад тэдгээрийн хооронд байгуулсан ТХ-20/04 тоот туслан гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй ажлын талаар тусгагдаагүй байх бөгөөд тооцоо нийлсэн актаар хасагдсан буцаан дүүргэлт, чулуун бэхэлгээний ажил, 7781-р ангийн ажлын зардал зэргийг нэхэмжлэгч Ж.Хатанбаяр гүйцэтгэхээр гэрээгээр үүрэг хүлээсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

11. Нэхэмжлэгч Ж.Хатанбаяр болон хариуцагч Дээд цэг ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга, журам, хугацааг талууд гэрээний 2.2, 6.1-р тус тус тохиролцсон, захиалагч нь гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зохицуулсан.

 

12. Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч “Дээд цэг” ХХК-иас 70,,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Хатанбаярт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

13. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 510,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр 351.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дээд цэг” ХХК-иас 70,,000 /далан сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Хатанбаярт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 510,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Дээд цэг” ХХК-иас 510,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Хатанбаярт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Д.ЯНЖИНДУЛАМ