Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2022/01944

 

 

 

..........-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/03573 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ..........-ын хариуцагч ...............- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 70,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ..........- нь ...............- ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 3 цэгийн дөрвөлжин, 5 цэгийн дугуй ус зайлуулах хоолойн барилгын ажлыг 145,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. ..........- нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 8 цэгийн хоолойн их бие, толгой, хананы ажлыг, 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр чулуун бэхэлгээний ажил хийж хүлээлгэн өгөх, ...............- ХХК нь уг ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг бүрэн хангаж өгөх үүргийг тус тус хүлээсэн. 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр урьдчилгаа 20,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 23,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. ...............- ХХК-д 3 цэгийн дөрвөлжин хоолойн элс хайрганы ажлыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр, 5 цэгийн дугуйн хоолойн элс, хайрганы суурийн ажлыг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр буюу гэрээнд заасан хугацаанаас 2 хоногийн дараа хүлээлгэн өгсөн. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дугуй хоолойн суурийг цутгаж, 3 цэгийн хоолойн угсралтын ажлыг, мөн үлдсэн 2 цэгийн хоолойн дугуй, далавч, хана, нуумал ус тусгаарлагч, түрхмэл ус тусгаарлагчийн ажлыг тус тус гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр 3 цэгийн дөрвөлжин хоолойн их бие, далавч, ханын ажлыг хийж гүйцэтгэсний дараа нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 43,500,000 төгрөгийг шилжүүлэх байсан боловч мөнгө байхгүй гэх шалтгаанаар нийт 74,500,000 төгрөг шилжүүлсэн. ...............- ХХК нь санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн шалтгаанаар үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. 5 цэгийн дугуй хоолойн гүйцэтгэлээс 170,000,000 төгрөг хасагдсан тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй боломжгүй гэсэн хариу өгсөн. ..........- нь гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн тул ...............- ХХК-аас үлдэгдэл төлбөр 70,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ...............- ХХК нь ..........-тай 2020 оны 04 дүгээр сард 3 цэгт дөрвөлжин хоолой, 5 цэгт дугуй хоолойн ажлыг 145,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Дөрвөлжин хоолойн ажлыг 5 сард хийж дуусгасан. Харин дугуй хоолойн ажлыг 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хийж дуусгах ёстой атал хугацаандаа хийж гүйцэтгээгүйгээс болж 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр түүний хийж байсан ажлыг Зэвсэгт хүчний Жанжин штабаас ... ажлаа хугацаанд нь хийгээгүй... гэх үндэслэлээр хураан авсан тул ..........-т төлбөр төлөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч ...............- ХХК-аас 70,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..........-т олгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 510,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...............- ХХК-аас 510,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..........-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ..........- нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд хийгээгүйгээс 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын ажил хариуцаж байсан бригадын генерал Л.Гансэлэм 5 хоолойн ажлыг хураан авч Зэвсэгт хүчний 7781 дугаар цэргийн анги дээрх ажлыг дуусгахаар болсон. ..........-ын дутуу хийсэн ажлыг гүйцэтгэсний төлбөрт 77,560,710 төгрөг суутгасан. Иймд ..........-т 70,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

4.2 ...............- ХХК болон ..........- нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх үнэлсэн. Ажил гүйцэтгэх гэрээг эх хувиар нь авсны дараа шүүх үнэлэх боломжтой байсан.

Мөн шүүх ажил шалгуулах зөвшөөрөл авах хүсэлтүүдийг мөн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. ..........- уг ажил шалгуулах зөвшөөрлийг өөрөө гаргаж өгөх боломжтой байсан.

4.3 Гэрч Л.Гансэлэм ... ажлын төлбөртэй холбоотой асуудлыг мэдэхгүй, санхүү хариуцсан хүмүүс бий, тэднээс асууж болно... гэж мэдүүлсэн. Санхүү хариуцсан ажилтанг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн акт үйлдээгүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн фото зургийг үндэслэн ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянасан болно.

 

1. Нэхэмжлэгч ..........- хариуцагч ...............- ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 70,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч ... ..........- гэрээгээр тохиролцсон ажлыг дутуу гүйцэтгэсний улмаас санхүүжилтийг бүрэн олгоогүй... гэж маргасан байна.

 

2. ..........- болон ...............- ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ..........- нь Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр замын далангийн ажлын гүүр хоолойн арматур, бетон, хэв хашмал тавих ажлыг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн хийхээр тохиролцсон ба ..........- гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч нь Зэвсэгт хүчний жанжин штабыг гуравдагч этгээдээр оролцуулах болон гэрчээр Л.Гансэлэмийг оролцуулах хүсэлтийн үндэслэлээ нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгэж, үлдэгдэл ажлын төлбөрт 77,560,710 төгрөгийг суутган авсан болохыг нотлох зорилготой гэж тайлбарласан. (хх-ийн 153)

 

Гэтэл гэрч Л.Гансэлэм ... гүйцэтгэгч нарын гүйцэтгэсэн ажлын дагуу төлбөрийг олгодог байсан байна. Энэ дагуу Зэвсэгт хүчний Жанжин штаб нь ...............- ХХК-д төлбөр төлсөн зүйл байдаг уу ... гэсэн шүүгчийн асуултад ... тэр талаар сайн мэдэхгүй байна. Санхүүгийн хүмүүс мэдэх байх. Манай байгууллага бидний зам консорциумд гэрээний дагуу төлбөрөө төлсөн. Консорциум нь дотроо хэрхэн төлбөрөө хуваасан талаар мэдэхгүй байна. Нарийн шалгана гэвэл гэрээг нь харах хэрэгтэй байх... гэж мэдүүлжээ. (2хх-ийн 121-х)

 

Энэ тохиолдолд анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гэрч оролцуулах хүсэлтийг хэлбэрийн хувьд хангасан боловч гэрчид тавигдаж буй асуултын агуулгыг анхаарч үзээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан гэрчээс мэдүүлэг авах тухай хэргийн оролцогчийн хүсэлт бүрэн дүүрэн хангагдаагүй байна гэж ойлгогдоно.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын ажил хариуцсан хүнийг гэрчээр оролцуулах хүсэлтээ илэрхийлсэн байгааг шүүх анхаараагүй зэргээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заасан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу хийснээс маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна. (2 хх-ийн 124-х)

 

4. Түүнчлэн, хэрэг авагдсан хэмжилтийн журнал гэх бичгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасныг хангаагүй байна. (хх-ийн 46, 58,81,96)

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/03573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510,450 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ