| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00313/И |
| Дугаар | 148/ШШ2018/00401 |
| Огноо | 2018-08-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 148/ШШ2018/00401
| 2018 оны 08 сарын 15 өдөр | Дугаар 148/ШШ2018/00401 | Сэлэнгэ аймаг |
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар баг 2 дугаар хэсэг 5 дугаар байр 03 тоотод оршин суух, Харчин овогт Балдандоржийн Болормаа /МЮ-72050763/ -гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг 7 байр 17 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, Боржигон овогт Баатарын Батхишиг /МЮ-77021186/-д холбогдох
10.000 доллар буюу 24.200.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Болормаа, хариуцагч Б.Батхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Б.Болормаа миний бие Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд улсын хил дээр валют арилжааны үйл ажиллагаа явуулаад олон жил болж байгаа. Б.Батхишиг нь сүүлийн үед надтай адил төрлийн ажил эрхлэх болж улмаар бид хоёр зарим үед хамтран ажиллаж, би Улаанбаатар хотоос доллар болон бусад мөнгийг авахдаа Б.Батхишигт тусалж, удаа дараа ямар нэгэн эрсдэлгүйгээр түүний мөнгийг Сэлэнгэд авчруулдаг байсан.
Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б.Батхишиг надруу яриад хотоос доллар авах хүсэлтэй байна, та туслаач гэсэн. Би тухайн үед валют авах шаардлагагүй байсан бөгөөд Улаанбаатар хотын ченжүүд бага валют авахаар хамтын ажиллагааны хувьд үр дүн бага байдаг учир Сэлэнгэ рүү мөнгө шилжүүлэхэд бэрхшээлтэй байдаг.
Ингээд би 10.000 мянган доллар өөртөө авахаар болж нийтдээ Б.Батхишигийн 12.000 доллартай өөрийн 10.000 мянган долларын мөнгийг шилжүүлж Сэлэнгэ валют арилжааны ченж н.Алтангэрэлээр Улаанбаатар хотоос 22.000 долларыг өөрийн гар дээр хүлээж авч тарааж өгөхөөр байтал Б.Батхишиг нь Болороо эгчээ би бүх долларыг хүлээж аваад маргааш найдвартай хүн олоод хойшоо явуулчихъя, эртхэн унтаж амармаар байна, замаас нь долларыг авлаа шүү гэж хэлээд Алтангэрэлтэй яриад авсан байсан.
Маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би түүнрүү залгаад ОХУлсад доллар өссөн байна, чи хэдээр өгсөн бэ гэж асуухад шууд урдаас Батхишиг таны мөнгийг алга болгосон, хүнд өгсөн, тэр хүн маань хил дээр алга болгосон гэсэн зүйл ярьсан.
Үүнээс хойш би Б.Батхишигтэй мөнгөө авахаар удаа дараа ярилцсан боловч мөнгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Би 10.000 доллараа Б.Батхишигт л өгсөн, энэ хүнээс л мөнгө авна.
Миний биеийн эрүүл мэндийн байдал муу байнгын эмчийн хяналтанд байдаг тул байнга гадагшаа эмчилгээнд явдаг, мөнгө маш их шаардагддаг зэрэг хувийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэхийг Б.Батхишигээс удаа дараа гуйж мөнгийг маань өгөхийг шаардсан боловч сүүлдээ өгөх, өгөхгүйдээ тулж, хэрүүл маргааны шинжтэй болсон тул би арга буюу доорхи нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Иймд Б.Батхишигээс 10.000 доллар буюу 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол банкны ханшаар 24.200.800 төгрөгийг гаргуулж өгнө үү! гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Б.Болормаа нэхэмжлэлдээ үндэслэлгүй зүйл бичсэн байна. Тухайлбал: Б.Батхишигийн 12.000 доллартай өөрийн 10.000 долларын мөнгийг шилжүүлж Сэлэнгэ валют арилжааны ченж Алтангэрэлээр Улаанбаатар хотоос 22.000 долларыг өөрийн гар дээр хүлээж авч тарааж өгөхөөр байтал Б.Батхишиг нь Болороо эгчээ би бүх долларыг хүлээж аваад маргааш найдвартай хүн олоод хойшоо явуулъя, эртхэн унтаж амармаар байна, замаас нь долларыг авлаа шүү гэж хэлээд Алтангэрэлтэй яриад авсан байсан гэж бичсэн нь худлаа юм. Үнэн байдал бол Б.Болормаа өөрөө Алтангэрэл рүү яриад долларыг Батхишигт өгөөрэй гэж хүссэн байсан. Үүнийг Алтангэрэл үнэнээр нь бичиж Батхишиг надруу огт яриагүй, Б.Болормаа өөрийн биеэр надруу ярьж Батхишигт долларыг өгөөрэй гэхлээр нь би Батхишигт өгсөн нь үнэн гэж баталгаа бичиж нотариатаар батлуулан өгсөн юм.
Би Алтангэрэлийн бичсэн баталгааг би баримт болгон энэ тайлбартаа хавсаргаж өгч байна. Б.Болормаа нь өөрөө худлаа зүйл бичиж өгч байгаа нь өөрөө Алтангэрэлд хэлж захиж надад доллар өгүүлсэн үнэн байдлаа нуун далдлах зорилготой байна гэж би бодож байна. Болсон явдлыг үнэн байдлаар нь шүүхэд тайлбарлах хэрэгтэй гэж би үзэж байна. Миний хувьд бол банкнаас зээл аваад маргааш өдөр нь тэр зээлийн мөнгөө 10.000 доллар болгоод Болормаагийн доллартай хамт рубль сольж авчирна гэж авч яваад Алтанбулагийн хил дээр гээгдүүлсэн гэдэг. Бид хоёрын долларыг Ганцэцэг авч яваад гээгдүүлсэн байхад Болормаа нь Ганцэцэгээс доллараа надтай хамт нэхэмжлэхгүй мөртлөө адилхан хохирсон надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна. Миний хувьд Голомт банк, Төрийн банкинд тус тус зээлтэй бөгөөд зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч байна. Иймд Б.Болормаа бид хоёрын долларыг авч яваад гээгдүүлсэн М.Ганцэцэгээс шүүхийн шийдвэрийн дагуу 22.000 доллар гаргуулж авч байж Б.Болормаад 10.000 долларыг өгөх боломжтой. Энэ байдлыг дүгнэн үзэж шийдвэрлэж өгнө үү! гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Болормаа нь хариуцагч Б.Батхишигт холбогдуулан 10.000 доллар буюу 24.200.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Батхишиг нь ... Миний хувьд Голомт банк, Төрийн банкинд тус тус зээлтэй бөгөөд энэ байдлаас миний бие зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч байгаа. М.Ганцэцэгээс шүүхийн шийдвэрийн дагуу 22.000 доллар гаргуулж авч байж л Б.Болормаад 10.000 долларыг өгөх боломжтой гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Нэхэмжлэгч Б.Болормаа нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос иргэн С.Алтангэрэлээр Б.Болормаагийн 10.000 доллар, Б.Батхишигийн 10.000 доллар, Мажигсүрэнгийн 2000 долларыг дайж авчруулж 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шөнө 2300-01 цагийн үед Б.Батхишигт хүлээлгэн өгсөн болох нь С.Алтангэрэлийн шүүхэд гаргаж өгсөн баталгаа, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 280 дугаартай шүүхийн шийдвэр, зохигчдоос шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байхаас гадна хариуцагч нь энэ талаар маргаагүй байх тул хариуцагчийг уг мөнгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй... тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас түүнд хүлээлгэн өгсөн 10.000 доллар буюу Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар Монгол банкны 2018 оны 05 дугаар сарын 1-ны өдприйн долларыг төгрөгтэй харьцах үеийн ханшаар тооцон 24.200.800 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүх хариуцагч Б.Батхишигээс 24.200.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Болормаад олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Батхишигээс 24.200.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Болормаад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278.954 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батхишигээс 278.954 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Болормаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ