Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 208/МА2018/00052

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 208/МА2018/00052

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2018/00313/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх

Хариуцагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15ы өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 401 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй *******т холбогдох 10.000 доллар буюу 24.200.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Top of Form

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* надруу яриад хотоос доллар авах хүсэлтэй байна, та туслаач гэсэн. Би тухайн үед валют авах шаардлагагүй байсан бөгөөд Улаанбаатар хотын ченжүүд бага валют авахаар хамтын ажиллагааны хувьд үр дүн бага байдаг учир Сэлэнгэ рүү мөнгө шилжүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Ингээд би 10.000 мянган доллар өөртөө авахаар болж нийтдээ *******ийн 12.000 доллартай өөрийн 10.000 мянган долларын мөнгийг шилжүүлж Сэлэнгэ валют арилжааны ченж н.*******ээр Улаанбаатар хотоос 22.000 долларыг өөрийн гар дээр хүлээж авч тарааж өгөхөөр байтал ******* нь Болороо эгчээ би бүх долларыг хүлээж аваад маргааш найдвартай хүн олоод хойшоо явуулчихъя, эртхэн унтаж амармаар байна, замаас нь долларыг авлаа шүү гэж хэлээд *******тэй яриад авсан байсан. Маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би түүнрүү залгаад ОХУлсад доллар өссөн байна, чи хэдээр өгсөн бэ гэж асуухад шууд урдаас Батхишиг таны мөнгийг алга болгосон, хүнд өгсөн, тэр хүн маань хил дээр алга болгосон гэсэн зүйл ярьсан. Үүнээс хойш би *******тэй мөнгөө авахаар удаа дараа ярилцсан боловч мөнгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Би 10.000 доллараа *******т л өгсөн, энэ хүнээс л мөнгө авна. Миний биеийн эрүүл мэндийн байдал муу байнгын эмчийн хяналтанд байдаг тул байнга гадагшаа эмчилгээнд явдаг, мөнгө маш их шаардагддаг зэрэг хувийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэхийг *******ээс удаа дараа гуйж мөнгийг маань өгөхийг шаардсан боловч сүүлдээ өгөх, өгөхгүйдээ тулж, хэрүүл маргааны шинжтэй болсон тул би арга буюу доорхи нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд *******ээс 10.000 доллар буюу 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол банкны ханшаар 24.200.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...******* нэхэмжлэлдээ үндэслэлгүй зүйл бичсэн байна. ...******* өөрөө ******* рүү яриад долларыг Батхишигт өгөөрэй гэж хүссэн байсан. Үүнийг ******* үнэнээр нь бичиж Батхишиг надруу огт яриагүй, ******* өөрийн биеэр надруу ярьж Батхишигт долларыг өгөөрэй гэхлээр нь би Батхишигт өгсөн нь үнэн гэж баталгаа бичиж нотариатаар батлуулан өгсөн юм. Би *******ийн бичсэн баталгааг би баримт болгон энэ тайлбартаа хавсаргаж өгч байна. Болсон явдлыг үнэн байдлаар нь шүүхэд тайлбарлах хэрэгтэй гэж би үзэж байна. Миний хувьд бол банкнаас зээл аваад маргааш өдөр нь тэр зээлийн мөнгөө 10.000 доллар болгоод Болормаагийн доллартай хамт рубль сольж авчирна гэж авч яваад Алтанбулагийн хил дээр гээгдүүлсэн гэдэг. Бид хоёрын долларыг ******* авч яваад гээгдүүлсэн байхад Болормаа нь *******ээс доллараа надтай хамт нэхэмжлэхгүй мөртлөө адилхан хохирсон надаас нэхэмжилж байгаад гомдолтой байна. Миний хувьд Голомт банк, Төрийн банкинд тус тус зээлтэй бөгөөд зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрч байна. Иймд ******* бид хоёрын долларыг авч яваад гээгдүүлсэн М.*******ээс шүүхийн шийдвэрийн дагуу 22.000 доллар гаргуулж авч байж *******д 10.000 долларыг өгөх боломжтой. Энэ байдлыг дүгнэн үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 08 дугаар сарын 15ы өдөр хянан хэлэлцээд 401 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 24.200.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278.954 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 278.954 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн ******* миний бие Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8-р сарын 15-ны өдрийн 401 тоот шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул энэ гомдлыг гаргаж байна. Би нэхэмжлэгч *******гийн мөнгийг хувьдаа авч хэрэглээгүй юм. ******* өөрөө ******* гэдэг хүн рүү ярьж доллараа Батхишиг надад өгүүлсэн юм. Би тэр ******* гэдэг хүнээс Болормаагийн 10.000 доллар, өөрийнхөө 10.000 доллар, Мажигсүрэнгийн 2000 доллар нийтдээ 22.000 доллар хүлээж авсан юм. Бид доллараа рубль болгож солиулахаар ярилцсан байсан тул үүний дагуу би иргэн *******т 22.000 долларыг рубль болгож солиулахаар өгсөн билээ. Гэтэл ******* тус 22.000 долларыг хил дээр гээгдүүлсэн гэдэг юм. Нэхэмжлэгч Болормаа нь надтай адилхан мөнгөө алдаж хохирсон мөртлөө бидний долларыг гээгдүүлсэн *******ээс доллараа нэхэмжлэхгүй надаас доллараа авна гээд байсан тул би *******ээс 22.000 доллар нэхэмжилж шүүхэд хандсан бөгөөд шүүх миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн юм. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч ******* 22.000 долларыг төлөөгүй байна. Надад одоо төлөх мөнгө байхгүй учир *******ээс мөнгөө авч байж Болормаагийн мөнгийг өгөх боломжтой болох юм. Би Болормаагийн мөнгийг хувьдаа авч хэрэглээгүй, Болормаа бид хоёр хоёулаа адилхан мөнгөө алдаж хохирсон байхад шүүх энэ байдлыг анхаарч үзэхгүй надаас Болормаагийн мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд иргэн *******ээс мөнгийг гаргуулсаны дараа Болормаад мөнгийг нь олгох тухай шийдвэр гаргаж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцож байна гэв.

 

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Батхишиг өнөөдрийг хүртэл намайг хохироож байна. Би ямар нэгэн байдлаар ******* гэдэг хүнтэй харилцан тохиролцож мөнгө төгрөгөө өгөөгүй. Миний эрүүл мэндийн байдал асуудалтай байнга гадагшаа эмчилгээнд явдаг. Бүхэл бүтэн таван сар ажлаа хийгээгүй. ******* н.*******ээс бүх долларыг аваад *******т өгчихсөн. Тийм болохоор би *******ээс л мөнгөө авна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. ******* Болормаа нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй учраас хариуцагчийн шаардлага үндэслэлгүй юм. Энэ гаргаж байгаа тайлбар нь хуульд нийцээгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт болон маргаан эрх зүйн харилцаанд дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулиудыг өөр хоорондоо зөрүүтэй буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 10.000 ам доллар буюу 24.200.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн үйл баримтаас үзвэл: Хэргийн зохигчид нь хамтран валют арилжаа эрхэлдэг бөгөөд нэхэмжлэгч ******* нь Улаанбаатар хот руу АНУ-ын доллар худалдаж авахуулахаар иргэн С.*******д өөрийн болон хариуцагч *******ийн нийлсэн мөнгийг шилжүүлсэн байна.

 

Гэтэл хариуцагч ******* нь иргэн С.*******ээс өөрийн болон нэхэмжлэгч ******* нарын нийлсэн нийт 22.000 ам долларыг хүлээн авч улмаар бусдад өгч үрэгдүүлснээр зохигчдын хооронд маргаан үүссэн байна.

Хариуцагч *******ийн бусдад өгч үрэгдүүлсэн гэх 22.000 ам долларын 10.000 ам доллар нь нэхэмжлэгч *******гийнх байсан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр үрэгдүүлсэн 10.000 ам долларыг хариуцагчаар нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч үрэгдүүлсэн М.******* ам долларыг төлөх ёстой гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 10.000 ам доллар бусдад шилжүүлсэн үйлдлийн хувьд зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. Харин зохигчдын хооронд үүссэн маргааны хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүрэг бөгөөд *******ийн энэхүү үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаанд хамаарна.

Өөрөөр хэлбэл хариуцагч *******т нэхэмжлэгч ******* нь 10.000 ам долларыг захиран зарцуулах эрх олгоогүй байхад өөрөө дур мэдэн авч улмаар бусдад дамжуулан үрэгдүүлж, түүний эд хөрөнгө өмчлөх эрхийг нь зөрчсөн байх тул хариуцагч ******* нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгчийн мөнгийг хүлээн авч түүний ам долларыг рубль болгон хөрвүүлэхээр бусдад өгч гээгдүүлсэн, тухайн мөнгө гээгдүүлсэн гэх иргэн М.*******т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн тул тухайн шийдвэрийн дагуу М.*******ээр нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулах боломжтой гэж тайлбарласан байна.

Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч ******* иргэн М.*******ийн нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгчид иргэн М.*******ээс шаардах эрх үүсэхгүй бөгөөд шүүх хариуцагч *******ийн бусдын өмнө хүлээх хариуцлагыг өөр хэн нэг этгээдэд шууд хариуцуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан гэрээний бус үүрэг гэж дүгнэсэн атлаа шийдвэрийнхээ тогтоох хэсэгт зохигчдын хооронд Даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэж хууль хэрэглээний алдаа гаргасан байх боловч давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166-т зааснаар зохигчдын хооронд үүссэн маргаанд хууль зүйн зохих дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15ы өдрийн 401 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг

1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т зааснаар хариуцагч *******ээс 24.200.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН