| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/03031 |
| Дугаар | 101/ШШ2022/02583 |
| Огноо | 2022-06-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2022/02583
2022 06 03 101/ШШ2022/02583
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт оршин суух, А.Д,
Нэхэмжлэгч: Дундговь аймаг, Хулд сум, 0 дүгээр баг, 0 хаягт оршин суух, Ш.А нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 байр, 0 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 байр, 0 тоот хаягт оршин суух, Ш.Г-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагч Ш.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Д, Ш.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А.Д миний бие болон аав Ш.А нар нь Ш.Г-д 9,030,000 төгрөгийг дараах байдлаар өгч байсан байна. Үүнд:
1. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг Ш.А-аас,
2. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5,200,000 төгрөгийг А.Д-аас,
3. 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 470,000 төгрөгийг А.Д-аас,
4. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,160,000 төгрөгийг А.Д-аас,
5. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөгийг А.Д-аас гээд нийт 9,030,000 төгрөг өгсөн байна.
Үүнээс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5,200,000 төгрөгөөс 670,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн учир 4,530,000 төгрөг болгож байна. Энэ 4,530,000 төгрөгийг аав Ш.А-аас бэлнээр аваад өөрийнхөө дансанд хйигээд тэгээд Ш.Г-ийн шилжүүл гэсэн данс руу нь шилжүүлсэн.
Байрны лизингийн урьдчилгаанд 2,000,000 төгрөгийг А.Д-ийн аав Ш.А өгсөн байдаг. Байрны урьдчилгаа дутлаа гээд Ш.А-аас авсан. Тухайн үед А.Д нь шаардлагатай мөнгийг аав Ш.А-аас зээлж аваад Ш.Г-д өгч байсан.
Хариуцагч нь түгээлтийн орлогыг А.Д-ийн данс руу шилжүүлсэн гэж байна. 670,000 төгрөгийг хариуцагч өөрийнхөө данснаас нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. Ингээд А.Д-ийн дансанд байсан мөнгөтэй нийлүүлээд 5,200,000 төгрөг болгоод компанийх нь нь данс руу шилжүүлсэн, ингээд хариуцагчийн 670,000 төгрөгийг 5,200,000 төгрөгөөс хасч, 4,530,000 төгрөг болгосон.
А.Д, Ш.Г нар 2019 оны 10 сард салж, тусдаа амьдрах болсон учир үүнээс хойш шаардах эрх үүссэн гэж үзэж байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт Ш.Г-ээс 6,360,000 төгрөг гаргуулан А.Д-д, 2,000,000 төгрөг гаргуулан Ш.А-д, нийт 8,360,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон татгалзлын үндэслэлээ дараах байдлара тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Ш.Г нь А.Д-ийн нэхэмжлэлтэй танилцлаа.
1. Аав Ш.А нь 2016.11.01-ний өдөр надад 2,000,000 төгрөг зээлдүүлсэн юм бол үүнийгээ надаас ерөөсөө нэхэмжилж байгаа гэдгийг хэлмээр байна.
Тэрээр тухайн үед Дундговь аймгийн Хулд суманд жоншны ил уурхайн дарга байсан, тэгээд миний данс руу трайлерийн хөлс гэж 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгийг банкнаас бэлнээр аваад Дундговь аймгийн Хулд сум руу Ш.А-ийн хариуцах жоншны уурхай руу явах эксковаторын жолоочид 1,500,000 төгрөгийг бэлнээр нь өгөөд, үлдэх 500,000 төгрөгийг Ш.А-д өгсөн.
2. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр миний дансанд Ш.А болон А.Д нараас мөнгө орж ирээгүй. Уг өдөр хамтран амьдрагч А.Д-ийн картыг ашиглан СД гэх өөрийн ажилладаг компанийн данс руу түгээлтийн орлогыг шилжүүлсэн болно. Уг орлогыг А.Д-ийн дансанд бэлэн хийсэн нь А.Д-ийн дансны хуулгаар нотлогдож байна. 5,200,000 төгрөгийн тухайд би тухайн үед би картаа гэртээ орхичихоод А.Д-ийн картыг ашиглаад компанийхаа данс руу түгээлтийн орлогыг шилжүүлсэн.
3. 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр түгээлтийн орлогын АТМ буюу бэлэн мөнгөний машин авдаггүй задгай мөнгийг А.Д-аар бэлэн тушаалган өөрийн дансанд авсан болно. 5000 төгрөгөөс доош мөнгийг АТМ авдаггүй учраас би задгай мөнгөнүүдээ гэртээ орхиод, дараа нь банкин дээр очиж компанийхаа данс руу шилжүүлдэг байсан.
4. 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,160,000 төгрөг А.Д-аас орж ирсэн. Уг мөнгө нь миний төрсөн эгч Ш.Ц-аас зээлсэн мөнгийг над руу шилжүүлсэн. Уг мөнгийг би эгч болох Ш.Ц-ын данс руу шилжүүлсэн нь дансны хуулгаар харагдах болно.
5. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хамтран амьдрагч А.Д-ийн дансыг ашиглан өөрийн данс руу бэлэн мөнгө хийсэн. Энэ нь А.Д-ийн дансны хуулгаар харагдах болно.
А.Д бид хоёр 2013 оны 8 сараас 2019 оны 10 сар хүртэл хамт амьдраад таарамжгүй байдлаас болоод салж, 2 хүүхдийн тэтгэлгийг шүүхээр тогтоолгосон. Бидэнд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй.
Түүний нэхэмжлээд байгаа мөнгө нь биднийг хамтын амьдралтай байх хугацаанд байх ба тухайн үед би түгээлтийн компанид ажилладаг байсан. Тэгээд өдөр болгон түгээлтээр яваад орлогоо бэлэн мөнгөөр буцааж төлдөг, өдрийнхөө орлогыг эхнэр А.Д-ийн дансыг ашиглаад Ш.Г орлого гээд компанид орлогоо тушаадаг байсан. Эдгээр мөнгө бол А.Д-ийн болоод миний мөнгө биш компанийн мөнгө байсан. Тухайн орлогын мөнгийг тэр өдөрт нь түүний дансанд хийгээд тэр өдөртөө компанийн дансанд шилжүүлдэг байсан.
Тухайн үед А.Д хүүхдээ хараад гэртээ суудаг байсан, эдгээр мөнгийг өгөөд байх боломж түүнд болон түүний эцэг, эх болон надад ч байхгүй байсан. Надад шүүхийн өмнө худлаа мэдүүлэх шаардлага, найруулга байхгүй, үүнийгээ үнэн зөвөөр мэдүүлж байна.
А.Д надаас салснаас хойш 4 жилийн дараа дээрх мөнгийг надад зээлдүүлсэн гээд байгаа юм уу эсхүл өөрөөс нь авсан гээд нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Хэрэв тэр надаас ийм хэмжээний авлагатай байсан бол өөрөө ирээд тайлбарлахгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоод байгааг ойлгохгүй байгаа бөгөөд худлаа ярьсан учраас танихгүй хүн явуулсан байх гэж бодож байна.
Түүнтэй хамт амьдарч байхдаа А.Д-аас 2018 онд мөнгө зээлж авч аваагүй, зээлж авах шаардлага байхгүй, бид эхнэр, нөхөр байсан, 2 хүүхэдтэй хүмүүс, бие биенээсээ мөнгө зээлж авах харилцаа үүсгээгүй.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 8,360,000 төгрөг гаргуулах тухай А.Д, Ш.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А.Д-ийн иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа хаягийн лавлагаа, Ш.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, орлогын мэдүүлэгийн баримт, ХААН банк ХХК дахь 0 тоот дансны 2018.02.01, 2018.02.05, 2018.03.05, 2018.05.30-ны өдрүүдийн хуулга /хх-ийн 2-10/ зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас: хариу тайлбар, ХААН банк ХХК дахь 0 тоот дансны 2016.11.23-ны өдрөөс 2016.11.01-ний өдрийг хүртэлх, 2018.03.05, 2018.02.01, 2018.05.30-ны өдрөөс 2018.05.31-ний өдрийг хүртэлх хуулга, /хх-ийн 17-23/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Д, Ш.А нар хариуцагч Ш.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,030,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг шаардлагынхаа 670,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагчаас А.Д-д 6,360,000 төгрөг, Ш.А-д 2,000,000 төгрөг, нийт 8,360,000 төгрөг гаргуулах болгосон байх ба энэхүү шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хамтын амьдрал дуусгавар болсон 2019 оны 10 сараас шаардах эрх үүссэн тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй, үүрэг шаардсан нь үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч нь А.Д-тай гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсан, түүнтэй болон Ш.А-тай зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хэрэв зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзвэл хөөн хэлэлцэх дуусгавар болсон хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч А.Д нь ХААН банк дах өөрийн эзэмшдэг 0 тоот дансны хуулгыг,
Хариуцагч Ш.Г нь ХААН банк дах өөрийн эзэмшдэг 0 тоот дансны хуулгыг тус тус нотлох баримтаар ирүүлжээ. /хх-ийн 6-10, 18-23/
Зохигч болох А.Д, Ш.Г нар 2011 оноос 2019 оны 10 сар хүртэлх хугацаанд гэр бүлээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсан байх ба энэхүү үйл баримтын талаар маргаагүй.
Ийнхүү тэд хамтран амьдарч байхдаа нэхэмжлэгч А.Д-ийн ХААН банк дах 0 тоот данснаас хариуцагч Ш.Г-ийн ХААН банк дах 0 тоот данс руу 2018.02.05-ны өдөр /99700723/-G гэх утгаар 200,000 төгрөг, 2018.03.05-ны өдөр /99700723/-D гэх утгаар 470,000 төгрөг, 2018.05.30-ны өдөр /99700723/-D гэх утгаар 1,160,000 төгрөгийн,
Харин 2018.02.01-ний өдөр 0 тоот данс руу “Г” гэх утгаар 5,200,000 төгрөгийн,
Нэхэмжлэгч Ш.А нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөгийг хариуцагч Ш.Г-ийн ХААН банк дах 0 тоот данс руу “Трайлерийн хөлс” гэх утгаар тус тус шилжүүлжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Үүнээс үзэхэд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан талуудын ХААН банк дах дансны хуулга дах гүйлгээний утгаас үзэхэд зээлдүүлэгч А.Д нь 6,360,000 төгрөг, нэхэмжлэгч Ш.А нь 2,000,000 төгрөг, нийт 8,360,000 төгрөгийг хариуцагч Ш.Г зээлдүүлсэн, ийнхүү зээлдүүлснээр тэрээр дээрх мөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т: “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж зааснаас үзэхэд зээлдүүлэгч нар гэрээний зүйл 8,360,000 төгрөгийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол түүнээс буцааж төлөхийг шаардах эрхтэй байх боловч ийнхүү зээлээ буцааж төлөхийг зээлдэгчээс шаардаж байсантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Дээрх байдлаас дүгнэхэд, зээлдүүлэгч буюу А.Д, Ш.А нар гэрээний зүйл 8,360,000 төгрөгийг ямар нөхцөлтэй, ямар хугацаатай зээлдэгч буюу Ш.Г-ийн өмчлөлд шилжүүлсэн болох, зээлдэгч нь ямар хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээсэн байдал нь тодорхой гэж үзэхээргүй байна.
Нэхэмжлэгч нар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, ийнхүү зээлийн гэрээний харилцаа үүссэнээр, гэрээний үүрэгт 8,360,000 төгрөгийг хариуцагч буцаан төлөх үүрэг хүлээсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
Иймд зохигч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тэдний тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш.Г-ээс 6,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Д-ийн, 2,000,000 төгрөг гаргуулах тухай Ш.А-ийн нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш.Г-ээс 6,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Д-ийн, 2,000,000 төгрөг гаргуулах тухай Ш.А-ийн нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч А.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ