Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1003

 

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын       01-ний өдрийн 102/ШШ2019/00885 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ТХ” ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинд нийт 30 206 493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул, өмгөөлөгч Ж.Оюунболд, Ж.Саранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э нь 2011 оноос Төв аймгийн Жаргалант сумын Нарантолгойн алтны уурхай баяжуулах үйлдвэрт шаазан фильтрийн дамжлагын ажилтнаар ажиллаж байгаад 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 154 дугаар шийдвэрээр Б.Э-г урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 1.956.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч “ТХ” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж тус компанийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 136 тоот тушаалаар Б.Э-г ажилд эгүүлэн авч, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Иймд 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 30.206.493 төгрөгийг гаргуулж өгнө үү. Цалин хөлсний тооцооллыг гаргахдаа шүүхийн шийдвэрт сарын цалинг 489.000 төгрөгөөр тооцсон тул уг цалинг ажлын 22 хоногоор тооцвол 1 өдрийн цалин 22.227 төгрөг гарч байна. Үүнийг ажилгүй байсан хугацааны 1359 хоногоор тооцвол 30.206.493 төгрөг болсон болно гэжээ.

Хариуцагч “ТХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол албажин гарахад “ТХ” ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэж Б.Э-г 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн авах тушаал гаргасан. Ажилд авсан тушаалын дагуу хуулийн хэлтсийн ажилтан н.Дэлгэрмөрөн ажилдаа ир гэж дуудахад Б.Э компанид ирж Монгол талын захирал н.Ганлантуу, хуулийн хэлтсийн ажилтан н.Дэлгэрмөрөн нартай уулзсан. Ингэхдээ Б.Э нь би буцаад ажилдаа орохгүй. Харин 2013 оны 9 дүгээр сарыг хүртэлх нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгээд цалингаа авъя гэсэн санал гаргасан. Энэ саналыг захирал хүлээн авч зөвшөөрсөн. Дээрх тохиролцоо явагдаагүй бол манай компани 9 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхгүй. Зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажиллах байсан. Энэ тохиролцоо хийгдсэнээс хойш Б.Э ажилдаа ирэхгүй байсан учраас утсаар мэдэгдээд ажлаас халах тушаалыг гаргасан. “ТХ” ХХК нь Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 154 дугаар шийдвэрийн дагуу Б.Э-г ажилд нь эгүүлэн авч, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн. Гэтэл Б.Энхтуяа нь 5 жилийн дараа намайг ажилд аваагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Дээрх нөхцөл байдлыг үзэхэд Б.Э-ийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ТХ ХХК-аас 30,206,493 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Бибишийн Э-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,982 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 308,982 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “ТХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд нарын хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбар түүнтэй холбоотой нотлох, нотлох баримтыг цуглуулах үүднээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргаж гэрчүүдийг асуулгасан боловч гэрчүүдийн мэдүүлэг нь хэргийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан атал уг мэдүүлгийг огт үнэлээгүй. Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг өнгөрүүлсэн гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гомдлын шаардлага гаргах хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс үүснэ гэж, хууль зүйн талаас дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гомдлын шаардлага гаргах хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 192.2-т заасан 3 сарын хугацаа өнгөрсөн. Түүнчлэн шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчээс "таны ажиллах эрх зөрчигдсөн он, сар, өдрийг хэлээч гэхэд" 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр буюу шүүхийн шийдвэр гарсан өдрөөс, гэж хэлсэн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан мэдүүлгийг шүүх анхаарч үзээгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “ТХ” ХХК-Д холбогдуулан 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинд нийт 30 206 493 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч “ТХ” ХХК эс зөвшөөрч маргажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйн зэрэгцээ мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг холбогдох төрийн байгууллагуудаас гаргуулах хүсэлт гаргах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “...2013 оны 8 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртлэх хугацаанд Б.Э-гийн нийгмийн даатгал төлж байсан лавлагааг Нийгмийн даатгалын ерөнхий газраас, 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ын өдөр хүртэлх хугацаанд Б.Э-гийн төрж байсан эсэх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас, 2013 оноос 2018 он хүртэл Б.Энхтуяаг гадаадад гарсан эсэхийг тодруулахаар Хил хамгаалах ерөнхий газраас түүнийг хилээр гарсан эсэх лавлагааг гаргуулах, Арилжааны 14 банкнаас Б.Энхтуяагийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 17-ын өдөр хүртэлх хугацааны харилцах болон хадгаламжийн дансны хуулга...зэргийг нотлох баримтаар гаргуулах...” хүсэлт гаргасныг шүүгч 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2019/01298 дугаар захирамжаар, 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2019/02262 дүгээр захирамжаар тус тус “...нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, хэрэгт ач холбогдолгүй...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, удаа дараа хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасантай нийцээгүй байна.  /хх-ийн 33, 82, 117/

 

Шүүх дээрх байдлаар хэргийн оролцогчийн хүсэлтийг хангахаас татгалзсан атлаа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д заасныг хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод “...угтаал тариалан эрхлэлтийг дэмжих 2013, 10...” гэсэн бичилт хийгдсэн, гэрч Т.Дэлгэрмөрөн “...Чи буцааж ажилдаа ор гэж хэлэхэд би буцаж ороод яах юм 9 сар хүртэл нийгмийн даатгалаа бичүүлээд цалингаа авья ингээд маргаанаа зогсооё гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан дээрх хүсэлт нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэснээс давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/00885 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 982,46 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ДАВААДОРЖ

                               ШҮҮГЧИД                                        Э.ЗОЛЗАЯА

                                                                                       Н.БАТЗОРИГ