Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 00885

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Жаргалант сум, 2 дугаар баг, Өгөөмөр салхит 11 дүгээр гудамж, 2 тоотод оршин суух, Улиадай Жамъян овогт Бибишийн Энхтуяа /РД:МЮ69053168/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 2А байрны 14 тоотод байрлах Тэн-Хун ХХК /2839717/-д холбогдох,

 

30,206,493 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул,хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Энхтуяа нь 2011 оноос Төв аймгийн Жаргалант сумын Нарантолгойн алтны уурхай баяжуулах үйлдвэрт шаазан фильтрийн дамжлагын ажилтнаар ажиллаж байгаад 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр халагдсан. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 154 дугаар шийдвэрээр Б.Энхтуяаг урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 1,956,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч Тэн Хун ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж тус компанийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 136 тоот тушаалаар Б.Энхтуяаг ажилд эгүүлэн авч, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Иймд 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 30,206,493 төгрөгийг гаргуулж өгнө үү. Цалин хөлсний тооцооллыг гаргахдаа шүүхийн шийдвэрт сарын цалинг 489,000 төгрөгөөр тооцсон тул уг цалинг ажлын 22 хоногоор тооцвол 1 өдрийн цалин 22,227 төгрөг гарч байна. Үүнийг ажилгүй байсан хугацааны 1359 хоногоор тооцвол 30,206,493 төгрөг болсон болно гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Улсын дээд шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол албажин гарахад Тэн Хун ХХК-ийн зүгээс шүүхийн шийдвэрийг хүндэтгэж Б.Энхтуяаг 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн авах тушаал гаргасан. Ажилд авсан тушаалын дагуу хуулийн хэлтсийн ажилтан н.Дэлгэрмөрөн ажилдаа ир гэж дуудахад Б.Энхтуяа компанид ирж Монгол талын захирал н.Ганлантуу, хуулийн хэлтсийн ажилтан н.Дэлгэрмөрөн нартай уулзсан. Ингэхдээ Б.Энхтуяа нь би буцаад ажилдаа орохгүй. Харин 2013 оны 9 дүгээр сарыг хүртэлх нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгээд цалингаа авъя гэсэн санал гаргасан. Энэ саналыг захирал хүлээн авч зөвшөөрсөн. Дээрх тохиролцоо явагдаагүй бол манай компани 9 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгөхгүй. Зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажиллах байсан. Энэ тохиролцоо хийгдсэнээс хойш Б.Энхтуяа ажилдаа ирэхгүй байсан учраас утсаар мэдэгдээд ажлаас халах тушаалыг гаргасан. Тэн Хун ХХК нь Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 154 дугаар шийдвэрийн дагуу Б.Энхтуяаг ажилд нь эгүүлэн авч, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн. Гэтэл Б.Энхтуяа нь 5 жилийн дараа намайг ажилд аваагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Манай компанийн зүгээс Б.Энхтуяаг ажилдаа авахгүй гэж буцаасан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд хандах хуулийн хугацааг зөрчсөн гэж үзэж байна. Ажлаас үндэслэлгүй халагдаад эгүүлэн тогтоогдсон бол ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргах маргааныг шүүх харъяалан шийдвэрлэх талаар Хөдөлмөрийн хуулинд нарийн зохицуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байдаг. Дээрх нөхцөл байдлыг үзэхэд Б.Энхтуяагийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Б.Энхтуяаг ажилд эгүүлэн томилох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 1,956,000 төгрөгийг өгсөн. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2012 оны 9 дүгээр сараас 2013 оны 5 дугаар сар хүртэл төлөх ёстой байснаас 2013 оны 9 дүгээр сар хүртэл төлсөн. 2013 оны 10 дугаар сараас 12 сар хүртэл нэхэмжлэгч өөр ажил эрхэлж байсан. Мөн ажил олгогч болон ажилтны дунд харилцан зөвшилцсөн. Нэхэмжлэгч өөрөө цалингаа авчхаад тухайн ажилдаа эргээд ажиллахгүй гэсэн. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг 5 жилийн хугацаанд гаргаж байгаагүй. Эдгээр үйл баримт тогтоогдсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг хуучин ажилдаа ор гэж мэдэгдээд ир гээд байхад ирэхгүй байгаа хүнийг хүчээр ор гэж хэлж чадахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхтуяа нь хариуцагч Тэн Хун ХХК-д холбогдуулан 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинд нийт 30,206,493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Энхтуяаг Тэн Хун ХХК-ийн захирлын 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 131 тоот тушаалаар Төв аймгийн Жаргалант сумын Нарантолгойн алтны уурхайн баяжуулах үйлдвэрийн фильтрийн ажилчнаар авч ажиллуулж байгаад 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 66 тоот тушаалаар ажлаас халсан байна.

Ийнхүү ажлаас халсныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 154 дугаартай шийдвэр гарч, уг шийдвэрээр нэхэмжлэгч Б.Энхтуяаг Тэн Хун ХХК-ийн Төв аймгийн Жаргалант сумын Нарантолгойн алтны уурхайн баяжуулах үйлдвэрийн шаазан фильтрийн ажилчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1,956,000 төгрөгийг гаргуулан Б.Энхтуяад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Тэн Хун ХХК-д даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 246 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 279 дугаартай тогтоолоор хэвээр үлдээсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Энхтуяа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... хариуцагч Тэн Хун ХХК нь шүүхийн шийдвэрийг 5 жилийн хугацаанд биелүүлэхгүй байж байгаад нэхэмжлэгч намайг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 136 дугаартай тушаалаар ажилд авсан тул ажилгүй байсан хугацааны буюу 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны цалинг нэхэмжилж байна... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч Тэн Хун ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ...Б.Энхтуяаг шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон боловч ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул дахин ажлаас чөлөөлсөн,... Б.Энхтуяа нь шүүхийн шийдвэрт олгохоор заасан цалингаа аваад 2013 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалыг төлүүлнэ, ажилдаа буцаж орохгүй гэсэн тул түүний хүсэлтийг дагуу тохиролцсон, ...гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэж тайлбарлан, мэтгэлцэж байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2018/03936 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 154 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 18251174 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлжээ.

Энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч Тэн Хун ХХК-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 136 дугаартай тушаалаар Б.Энхтуяаг ажилд авсан байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12/20 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсэгт заасан төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө төлсөн гэх үндэслэлээр дуусгавар болгожээ.

Хариуцагч Тэн Хун ХХК-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 136 дугаартай Б.Энхтуяаг ажилд авах тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 36.2 дахь хэсэг, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 154 дугаартай шийдвэрийг үндэслэл болгосон байна.

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч талаас 1,956,000 төгрөгийг хүлээн авсан, хариуцагч нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2013 оны 09 сар хүртэл төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Энэ бүхнээс дүгнэвэл хариуцагч Тэн Хун ХХК нь Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 154 дугаартай шийдвэрээс Б.Энхтуяаг ажилд эгүүлэн тогтоосон хэсгийг сайн дураар биелүүлээгүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгүүлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Б.Энхтуяа нь шүүхийн шийдвэрийн дагуу буюу 2013 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр ажилд томилогдсон ба шүүхэд ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн нэхэмжлэлээ 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр гаргасан байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг өнгөрүүлсэн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гомдлын шаардлага гаргах хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс үүснэ.

Хариуцагч Тэн Хун ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлохоор тус компанийн хөдөлмөрийн дотоод журам, компанийн захирлын 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай Ажилд томилох тухай тушаал, 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал, 2013 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгал төлсөн тухай баримт зэргийн бичгийн нотлох баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн хуулийн зөвлөх Т.Дэлгэрмөрөн, хүний нөөцийн ажилтан Ц.Солонго нарыг гэрчээр асуулгажээ.

Хэдийгээр хариуцагч нь 2013 онд нэхэмжлэгчийг ажилд томилсон, ажлаас халсан тухай бичгийн баримтуудыг нотлох баримтуудаар өгч байх боловч уг тушаалуудыг тухайн үед нэхэмжлэгчид танилцуулсан гэх байдал, мөн энэхүү тушаалыг тухайн үед гаргасан гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, мөн гэрч Ц.Солонго, Т.Дэлгэрмөрөн нарын мэдүүлгээр Б.Энхтуяад ажилд авсан болон халсан тушаалыг танилцуулаагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч Тэн Хун ХХК-ийг 2013 онд шүүхийн шийдвэрийг биелүүлж, Б.Энхтуяаг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон, түүнтэй тохиролцох байдлаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Тэн Хун нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 154 дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 246 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 279 дугаартай тогтоолыг биелүүлэх үүргээ 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.Энхтуяад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг төлөх үүрэгтэй гэж үзлээ.

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 154 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын 1 сарын цалинг 489,000 төгрөгөөр тогтоосон ба нэхэмжлэгч нь 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийт ажлын 1359 өдөр ажилгүй байсан байх тул хариуцагч Тэн Хун ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 30,206,493 төгрөгийг /1359 өдөр*22,227 төгрөг/ гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Тэн Хун ХХК-аас 30,206,493 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Бибишийн Энхтуяад олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Энхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,982 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тэн Хун ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 308,982 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхтуяад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА