Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/16

 

 Н.Бд холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Г.Чинзориг  

Прокурор                                                   С.Алтай

Өмгөөлөгч                                                 Б.Борхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            М.Энхтуяа

Шүүгдэгч                                                    Н.Б нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Борхүү нарын гаргасан давж заалдах гомдлоор Н.Бд холбогдох эрүүгийн _______ дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 14ий өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1995 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, О овогт Н.Б.

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 10 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг Шар хадны энгэр гэх газар байрлах гэрийн гадна талд иргэн Ц.Бтэй маргалдаж, түүний цээжний баруун хэсэгт 2 удаа хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүгдэгч Н.Бг хүнийг санаатай алсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч О овогт Н.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бгийн цагдан хоригдсон 158 /нэг зуун тавин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Бгээс 6,549,390 /зургаан сая таван зуун дөчин есөн мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулж Ховд аймгийн Булган сумын 1 дүгээр багт оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц /РД: _________/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 208,258,471 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц нь өөрт учирсан бусад гэм хорын хохирол, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

- Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутга, ноосон цамц, өмд тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Н.Бгийн ________ тоот цахим иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэргээ шударга үнэнээр хүлээсэн. Талийгаач бид хоёр Улаанбаатар хотоос цуг ирсэн үе тэнгийн хүмүүс болохоор янз бүрээр л бие биенээ явуулж тоглодог гэмгүй хүмүүс байсан. Тэр өдөр нөхдүүд архи уухаар санаачилж тэнд талийгаач идэвхитэй оролцсон. Миний хувьд машиндаа унтаад хоол идэх уухаас бусад юманд уг нь оролцоогүй. Орой хоол идчихээд нэг шил архи задалж, тоглож суухдаа тойруулж байсан. Тоглож байхдаа тоглоом дээрээ маргаж байсан. Тэгээд хохирогч шаралхаад гарч уулзая гэхэд нь би зөвшөөрч гарахдаа шүүгээн дээрээс хутга ил харагдахад нь хажуугаар гарахдаа шүүрч аваад дагаж гарсан. Тэгээд маргалдаад хоёр бие рүүгээ дайрч байхад би ойртуулахгүй хутгаараа савчаад байхад дайраад ороод ирэхэд нь хатгаснаа мэдсэн. Тэгээд л яахаа ч мэдэхгүй сандарч байхад хүмүүс хохирогчийг аваад гэрт орж байхыг би харсан. Би айгаад нуугдаад суусан. Би үнэхээр хохирогчийг алчихна гэж бодоогүй. Айлгая л гэж хутгаар ойртуулахгүй гэж урдаа барьж савчсан. Тэгэхэд дайраад ороод ирэхэд нь хутгалсан байсан. Яг хаана нь хутгалсан, хэдэн удаа хүрснээ мэдээгүй нь үнэн. Хутгалсандаа айгаад яахаа ч мэдэхгүй сандарсан.

Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би хохирогчийн ээжийг хараад сэтгэл маш их өвдөж, үнэхээр өрөвдөж харамсаж хэлэх ч үг олдохгүй хэцүү байсан. Би энэ явдалд гүнээ харамсаж байна. Надад алдаагаа засах боломж олгож өгнө үү. Энэ ялаас минь бага ч гэсэн хөнгөрүүлж өгөөч, би эртхэн ажил хийж ээжид нь бага ч гэсэн туслахсан гэж бодож байна. Миний ард ч гэсэн аав, ээж минь яахаа ч мэдэхгүй хүмүүс үймэрч байгааг мэдэж байна.

Би бүх хүмүүсийг, хохирогчийн ээжийг зовлонд унагалаа. Би удаан хоригдоод юу хийж бүтээж чадахаа ч мэдэхгүй байна. Бага ч гэсэн сайн үйлс хийж мөнгө олж хохирогчийн ар гэрт өгөхсөн гэж л хичээж байна. Тиймээс миний ялаас багасгаж хөнгөрүүлж өгөхийг чин сэтгэлээсээ зүрхшээн эрхэм шүүгч нараас гуйж байна. Иймд миний гомдол гуйлт, хүсэлтийг хүлээн авч үзнэ үү.” гэжээ.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Борхүү 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5, 6 дахь заалтыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийн талаар болон оршуулгын үйл ажиллагаатай холбоотой гаргасан зардлыг шийдвэрлэхдээ тодорхой дэлгэрэнгүй хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Өөрөөр хэлбэл Үндсэн хууль үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн хүний журамт үүрэг мөн гэж заасан тул үндэслэлгүй хохирол гэж үзсэн нь энэ хэрэг, хэргийн үйл баримтад хамааралгүй хууль зүйн дүгнэлт юм. Учир нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, харин өсгөн хүмүүжүүлсэн үр хүүхдээ /Үндсэн хуульд заасан журамт үүргээ биелүүлсэн/ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, халдашгүй эрхийг, эрүүгийн хууль зөрчсөн үйлдлийн улмаас хохирол хор уршгийн тухай асуудал яригдаж байна.

Хавтаст хэрэгт хохирол хор уршиг, оршуулгын зардалтай холбоотой, үндэслэл бүхий тайлбар нотлох баримт байгаа ба энэ талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх гэм хорын хохирол тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн боловч энэ заалт нь тодорхойгүй, сэтгэл санаанд учирсан хохирлын асуудлаар дахин шүүхэд хандах эрхгүй байдлаар шийдвэрлэсэн байна.

Иймд хохирогчийн гаргасан нэхэмжлэлд тодорхой, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж хохирогчийн нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Борхүү гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд хохирогчийг 18 нас хүртэл өсгөн хүмүүүжүүлсэнтэй холбоотой гарсан зардал нь Монгол хүний журамт үүрэг тул энэ төлбөрийг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн. Энэ нь хууль зөрчсөн дүгнэлт гэж үзэж байна. Мөн хохирогчийн 18 наснаас 60 нас хүртэлх асуудал дээр ямар нэг хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн 831 000 төгрөг нь оршуулгын зардалд хамаарахгүй гэж дүгнэсэн байсан. Миний хувьд энэ хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Харин бусад баримтыг хэлэлцэхгүй орхиж байгаа нь учир дутагдалтай санагдаж байна. Ямар баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэдгийг тайлбарлаж өгөөгүй. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт, өөрөөр хэлбэл шүүх шууд хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг тооцон гаргах үүрэгтэй. Оршуулгын зардлаас бусад нэхэмжлэл нь гэмт хэргийн хор уршигтай холбоотой зардал байгаа. Хор уршгийг шүүх тогтоох ёстой. ...Гэтэл зөвхөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсэн. Энэ байдал нь эрх зүйн хувьд, баримт бичгийн хувьд алдаатай байна гэж үзэхээр байна. ...Хэргийн зүйлчлэл ялын бодлогыг зөв дүгнэсэн гэж үзэж байна. Тиймээс хорих ялыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Б гаргасан тайлбар, саналдаа: “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би залуу хүн учир надад амьдрал хайрлаач гэж хүсэж байна. Би хохирогчийн ээжийг хараад маш их өрөвдсөн. Тиймээс ялыг минь жаахан ч гэсэн багасгаж өгөөч гэж хүсэж гомдол гаргасан. Би ажил хийж хохирогчийн ээжид чадах чинээгээрээ туслах хүсэлтэй байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нь өөрийн хүсэл зоригоо маш тодорхой илэрхийлж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байгаагаа хэлж байна. Миний хувьд энэ бүхнийг бүрэн дэмжиж байна. ...Ар гэрийн амьдралын хувьд тийм ч бололцоотой хүмүүс биш гэдгийг хэлсэн. Хөдөө хэдэн мал харж амьдардаг. Хохирол төлбөрт мал өгөх гэсэн боловч хохирогч тал бэлэн мөнгө авна гэж хэлсэн байсан. ...Хохирлын хувьд үнэхээр төлөх ёстой төлбөр байна гэдгээ хэлсэн. Шоронд хоригдож байхаар ажил хийж хохирлоо бага багаар ч гэсэн төлөх хүсэлтэй байгаа. ... Өөрийн хүүхдээ 18 нас хүртэл өсгөх нь өөрсдийнх нь асуудал. Хүн бүр л хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх журамт үүрэгтэй байдаг. Мөн цаашлаад 60 нас хүртэл нийгэмд хөдөлмөрлөж амьд явах ёстой байсан гэж хэлж нэхэмжлэл гаргаж байна. Би “Уучлаарай” гэж хэлж байгаад хэлэхэд хэдэн нас хүрэх нь тодорхой бус шүү дээ. Энийг баталгаажуулах баримт байхгүй. Ийм төрлийн нэхэмжлэл гаргах нь үндэслэл муутай гэж үзэж байна. Үнэхээр батлагдсан нотлогдсон баримтыг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор С.Алтай  гаргасан дүгнэлтдээ: “...Хохиролтой холбоотой асуудлыг ярьж байна. Шүүгдэгчийн талаас хохирогчийн ар гэрт нь 5 сая гаруй төгрөг өгсөн байна. Мөн цаашид 6 сая гаруй төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Миний хувьд аль нэгнийх нь зөв буруу гэж хэлэх зүйл байхгүй. Мөн оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгөхийг шүүгдэгч талаас хүсэж байна. Анхан шатны шүүхээс тухайн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, үйлдсэн хэргээс хамаарч 12 жилийн хорих ялыг оногдуулсан байна. Өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Борхүү нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг Шар хадны энгэр гэх газар байрлах гэрийн гадна талд иргэн Ц.Бтэй маргалдан түүний цээжний баруун хэсэгт 2 удаа хутгалсны улмаас уушиг, элэг гэмтэж, цус алдаж нас барсан  болох нь шүүгдэгч Н.Б,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч П.Ж, Б.Д, Ц.А, Д.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 51 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 132 тоот дүгнэлт, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургууд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 166 тоот дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, прокурор, шүүх хэргийг зөв зүйлчилсэн байна.

Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан 12 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, ял хүнддээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгчийн гаргасан “Ялыг минь жаахан ч гэсэн багасгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Борхүүгийн “...18 нас хүртэл өсгөн хүмүүүжүүлсэнтэй холбоотой гарсан зардал, мөн 18 наснаас 60 нас хүртэл хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой байсан хугацааны хөдөлмөрийн хөлс, оршуулгын зардалтай холбоотой асуудлаар гаргасан давж заалдах гомдлын тухайд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Шүүгдэгч Н.Бгийн санаатай үйлдлийн улмаас Ц.Бийн амь нас хохирсон бөгөөд шүүх түүнийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм хорыг арилгах үүрэгтэй.  Энэ талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлээс зарим хэсгийг хэлэлцэлгүй орхисон нь үндэслэлгүй бөгөөд өмгөөлөгч Б.Борхүүгийн “...Ямар баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэдгийг тайлбарлаж өгөөгүй...” гэх гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна. Тухайлбал, амь хохирогч Ц.Бийн цогцсыг Дорнод аймгаас Ховд аймгийн Булган сум хүртэл тээвэрлэхдээ буяны хөсөг хөлсөлж, түүний зардалд 5,000,000 төгрөг зарцуулсан нь О.Г ХААН банкны __________ дугаарын данснаас _____________ дугаарын данс руу шилжүүлсэн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон, мөн оршуулгын ажилд 2,680,000 төгрөгийн бог мал, үхрийн татсан мах хэрэглэсэн талаар Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Засаг дарга тодорхойлж өгсөн байна. Түүнээс гадна буяны ажлын явцад алтан хайрцаг нээлгэх, бусад шашны зан үйл үйлдэхтэй холбогдуулан 2,000,000 төгрөгний өргөл барьцыг нэхэмжилжээ. Аливаа оршуулгын ажлын үеэр, түүнчлэн өмнө, хойно нь ламаар шашны зан үйл гүйцэтгүүлэх нь тухайн ажлын заавал байх ёстой нэг хэсэг болж тогтсон заншил юм. Өргөл барьц ч тодорхой хэмжээнд гарцаагүй зүйл бөгөөд ердийн жам ёсоор эсхүл өвчний улмаас нас барсан тохиолдолтой харьцуулахад, гэнэтийн золгүй учралаар нас барсан хүний гэр бүл, ойр дотны хүмүүсийн сэтгэл санаанд учирч буй сөрөг нөлөөллийн хэр хэмжээ, түүнтэй холбогдон гарах шашин, сэтгэл заслын зан үйлийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэх учиртай. Эдгээр нөхцөл байдлуудыг тал бүрээс нь тооцон үзэж дээрх зардлыг шүүгдэгчээр нөхөн төлүүлэхэд хуульд харшлах зүйлгүй гэж үзлээ.

Дээрх гаргуулж буй нийт 9,680,000 төгрөг нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.”  гэсэн хуулийн заалтад нийцнэ.

Харин шүүх, амь хохирогчийг 18 нас хүртэл өсгөн хүмүүжүүлсэн хөдөлмөрийн хөлсөнд тооцсон  90,720,000 төгрөг, амь хохирогчийг 60 нас хүртлээ ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан 32 жилийн хугацааны хөдөлмөрийн хөлс 115,200,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, оршуулгын зардалд хамаарагдахгүй 838.471 төгрөг нийт 208,258,471 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч амь хохирогчийг 18 нас хүртэл өсгөн хүмүүжүүлсэн хөдөлмөрийн хөлсөнд тооцсон  90,720,000 төгрөг, амь хохирогчийг 60 нас хүртлээ ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан 32 жилийн хугацааны хөдөлмөрийн хөлс 115,200,000 төгрөг гаргуулах талаар эдийн засгийн тооцоолол хийж, амь хохирогч Ц.Бийн ХААН банкны  2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 205-240/, цахим сайтаас татаж авсан “Дундаж наслалт”-ын тухай статистик мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 49/, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 05 дугаар тогтоол / хх-ийн 50/, Монгол Улсын үндэсний статистикийн хорооны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Хүн амын амьжиргааны 2021 оны доод түвшинг тогтоох тухай” А/02 дугаар тушаал /хх-ийн 51-52/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн хэдий ч тухайн нэхэмжлэл нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх заалтад хамаарагдахгүйгээс гадна энэ тухай Иргэний хуульд тусгайлан хуульчилж өгөөгүй. 

Түүнчлэн өмгөөллийн хөлс 1,500,000 төгрөг төлсөн гэж “Мэргэжлийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г /1 дүгээр хавтаст хэргийн 249/ тус тус гаргаж өгсөн байх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал тэгш эрхийн зарчмын үндсэн дээр хийгдсэн гэрээний төлбөрийг нь гэмт хэргийн улмаас гарсан шууд хохирол гэж үзэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчид төлсөн 1,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж үзлээ.

 Дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад шүүгдэгчээс гаргуулсан 6,549,390 төгрөг дээр 9,680,000 төгрөгийг нэмж нийт 16,229,390 төгрөг болгон өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...6,549,390 төгрөгийг..” гэснийг “...16,229,390 /арван зургаан сая хоёр зуун хорин есөн мянга гурван зуун ер/ төгрөгийг...” гэж өөрчлөн; тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 13-ны хооронд цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                            

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

             ШҮҮГЧИД                                                            З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                Ж.ДОЛГОРМАА