Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/79

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Г.Намуунтуяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Иргэдийн төлөөлөгч Б

Улсын яллагч С.Алтай

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б-үү

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ...Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, телеграф мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, ах, дүү нарын хамт Увс аймгийн ...оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ... овогт ... Б. /РД: .../

Шүүгдэгч ... овогт ... Б нь 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “...” гэх газарт байрлах гэрийн гадна талд иргэн ...Б-тэй маргалдаж, түүний цээжний баруун хэсэгт 2 удаа хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ... Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг гаргахгүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэв

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд маш их гомдолтой байна. Ховд аймгийн Булган сумаас Дорнод аймагт ирэхэд 2700 км замыг туулж ирсэн. Хүү минь эрүүл саруул ажил хийж яваад ийм асуудалд орж амь насаараа хохирсон гэдгийг сонсоод миний хувьд маш хэцүү байна... Би 5 хүүхэдтэй байсан. Талийгаач хүү маань миний хайртай хүү байсан. Талийгаач хүүг маань 3 дугаар ангид байхад аав нь өнгөрсөн. Ингээд би гэрт орж эм, гадаа гарч эр болж хүүхдүүдээ өсгөсөн. Энэ хэргээс болоод сэтгэл санаа болоод эд хөрөнгийн хохирол учраад байна. Одоо миний бие чичрээд арай л гэж мэдүүлэг өгч байна. Шүүгдэгч миний хүүтэй л адил хүүхэд байна. Гэхдээ л би гомдолтой байна. Иймд шүүгдэгчид хамгийн дээд ялыг оногдуулах хүсэлтэй байна...” гэв.

Иргэдийн төлөөлөгч Б... шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б нь гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгчийг хүнд хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

Гэрч Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бороотой байсан болохоор хадлан хадах боломжгүй, амарцгаасан юм. ... ингээд орой 20 цагийн орчим бөөндөө буюу З, З, Б, Д, Б нар хөзөр тоглож байхдаа архи ууцгаасан. ... би тухайн үед та нар ажил хийж байгаа хүмүүс архи ууж болохгүй шүү гэж хэлэхэд талийгаач Б зүгээр ээ эгчээ бид нар ганц шил архи уучихаад унтана гэж хэлсэн. Улмаар 00 цагийн орчимд түжигнэх чимээ гарахаар нь сэрээд харахад ... Б гэрийн баруун хойд талын орны хажууд хөнжлөөр нөмөрчихсөн хэвтэж байсан. ... З Баг /Б/-ийг  /Б/ хугалчихаад зугтсан талаар хэлсэн. ... Би Б дээр очоод зүгээр үү миний дүү гэхэд Б намайг хутгалаад зугтаагаад алга болчихлоо миний гутлыг тайлаад өгөөч гэж хэлсэн болохоор гутлыг нь тайлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр тал/

Гэрч ...Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 00 цагийн орчимд сүүлчийн шилтэй архийг ууж байхад Б, Б нар хоорондоо муудалцаж эхэлсэн. Тухайн үед Б нь Б-ийг гарах уу гээд тэр хоёр гарсан бөгөөд би араас нь биеэ засах гээд гартал тэр хоёр зууралдаад байж байсан. Би тэр хоёрыг салгаад Б-ийг гэр рүү оруулж орон дээр хэвтүүлсэн чинь царай нь цонхийгоод юм дугарахгүй байхаар нь Э ахын өвөлжөө рүү 2 км орчим газар гүйж очоод Э ахын дүү Б гэдэг ахад Б ах нэг л сонин байна. Б тэр хоёр муудалцаад Б Б-ийг хутгалчихлаа гэж хэлж байснаа санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар тал/

Гэрч ...Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө сэрсэн чинь Ж, Д нар Б-г цагдаа аваад явчихсан ... Ж эгч Б, Б-ийг хутгалаад зугтаасан гэж хэлж байсан ... Б, Б нар хааяа унтахын өмнө хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад амардаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/

Гэрч ...А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бороотой байсан тул ажил хийх боломжгүй байсан ... бид нар хөзөр тоглож байгаад би 23 цагийн орчимд унтсан. Улмаар Д намайг сэрээгээд Б, Б ахыг нэг юмаар хатгаад өөрөө алга болчихсон байна гэж хэлсэн. ... Б-ийн хөнжлийг сөхөж үзэхэд цээжний баруун хэсэгт хөхний доод талаас амьсгалах үед цус олгойдож гарч байсан  болохоор айсандаа ... Э ахынд хэл хүргэхээр гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/

Гэрч Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүйтэн бороо орж салхи ихтэй байсан учраас мал уруудаж тогтохгүй байсан. Тэр өдөр хадланд гараагүй. ... шөнө 01 цаг өнгөрч байхад А явган хүрч ирсэн бөгөөд их амьсгаадсан царай нь хачин болчихсон Э ахаа Б, Б-ийг хутгалаад өөрөө зугтаачихлаа гэж хэлсэн болохоор хадлангийн гэрт очоод харахад Б дээгүүрээ хөнжил нөмөрчихсөн цээжин хэсэг нь ил гарсан, царай нь цонхийсон, амьсгаа өндөртэй байсан. Хөнжлийг нь сөхөж үзэхэд баруун талаар нь маш их цус гарчихсан, архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/

          Шүүгдэгч Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би талийгаач Бийг хутгалъя гэсэн бодол байгаагүй бөгөөд айлгах гэж гэрээс хутга авч гарсан юм. Талийгаач дээгүүрээ саарал цамцтай байсан. Гэрт талийгаач бид хоёр хоорондоо маргалдсан бөгөөд талийгаач А, З, Д нартай маргаагүй... Би ийм зүйл хийсэндээ үнэхээр их харамсаж гэмшиж байна. ... би талийгаач Б-ийн цээж рүү хутгалж байснаа санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-149 дүгээр тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “цогцост хийсэн шүүх эмнэлгийн  шинжилгээ”-ний 132 тоот дүгнэлтэд:

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

Цээжний баруун урд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч уушиг, үнхэлцэг хальсыг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндийн цус хуралт, баруун талын 2, 3-р хувирганы завсрын нэвт хатгагдсан шарх, шарх орчмын булчин, гялтан дахь цус хуралт, хэвлийн баруун урд дээд хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг, өрцийг гэмтээсэн гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун талын 6, 7-р хавирганы завсрын нэвт хатгагдсан шарх, шарх орчмын булчингийн цус хуралт, цээж хэвлийн хөндийн цус хуралдалт

Дээд, доод уруулын цус хуралт, баруун шилбэний хатгагдаж зүсэгдсэн шарх, дунд зэргийн согтолт

Шинжээчийн дүгнэлт:

1. Талийгаач Б-ийн цогцост дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдсон. Талийгаачийн цогцост биеэ хамгаалж тэмцэлдсэн ул мөр тогтоогдоогүй болно.

2. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шархнууд нь хурц, ир, үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр, цус хуралт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтэл үүссэн хэсэгт хүч үйлчилсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Талийгаач Б нь цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас уушиг, элэг гэмтэж, цус алдаж хэрэг болсон гэх цаг хугацаанд нас баржээ.

6. Талийгаач Б-ийн цусанд 1.5 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаана.

7. Талийгаач Б-ийн цус нь АВО системээр А (||) бүлгийн харьяалалтай байна гэх дүгнэлт. /хх-ийн 51-54 дүгээр тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 51 тоот дүгнэлтэд:

1. Б нь сэтгэцийн ямар нэг өвчин тогтоогдоогүй.

2. Б нь өөрийн үйлдэл эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгож үнэн зөвөөр тайлбарлаж мэдүүлэг өгч хэрэг хариуцах чадвартай гэжээ. /хх-ийн 122 дугаар тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10 тал/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15 тал/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18 тал/

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 166 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 105-109 тал/

- Б-ийн  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 147-149 тал/

            -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон шүүхэд хохирогчийн талаас гаргаж өгсөн ХААН банкны депозит дансны хуулга, хохирлын баримтууд, төрсний гэрчилгээний хуулбар, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын хуулбар, дундаж наслалтын статистик судалгааны хуулбар, Монгол улсын статистикийн хорооны даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/02 дугаар тушаал, хавсралтын хуулбар зэрэг нотлох баримтууд болно.

Эд  мөрийн баримтаар:  хутга 2 ширхэг, фудволк, ноосон цамц, өмд тус бүр 1 ширхэг зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ... овогт ... Б нь 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “...” гэх газарт байрлах гэрийн гадна талд иргэн ...Б-тэй маргалдаж, улмаар амь хохирогчийн цээжний хөндий рүү 2 удаа хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ж-ын “...шөнө 00 цагийн орчимд түжигнэх чимээ гарахаар нь сэрээд харахад Б гэрийн баруун хойд талын орны хажууд хөнжлөөр нөмөрчихсөн хэвтэж байсан. ... Би Б дээр очоод зүгээр үү миний дүү гэхэд Б намайг хутгалаад зугтаагаад алга болчихлоо миний гутлыг тайлаад өгөөч гэж хэлсэн...” гэх, гэрч ...Д-ын “...сүүлчийн шилтэй архийг ууж байхад Б, Б нар хоорондоо муудалцаж эхэлсэн. Тухайн үед Б нь Б-ийг гарах уу гээд тэр хоёр гарсан бөгөөд би араас нь биеэ засах гээд гартал тэр хоёр зууралдаад байж байсан...” гэх, гэрч ...А-ын “...бид нар хөзөр тоглож байгаад би 23 цагийн орчимд унтсан. Д намайг сэрээгээд Б, Б ахыг нэг юмаар хатгаад өөрөө алга болчихсон байна гэж хэлсэн...гэх, гэрч Э-ы “...2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүйтэн бороо орж салхи ихтэй байсан учраас хадланд хүмүүсээ гаргаагүй...шөнө 01 цаг өнгөрч байхад А явган хүрч ирсэн бөгөөд их амьсгаадсан царай нь хачин болчихсон Э ахаа Б, Б-ийг хутгалаад өөрөө зугтаачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 51 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 132 тоот дүгнэлт, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургууд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 166 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгч Б-ын   “шүүгдэгч Б-г хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэх дүгнэлт  нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-г хүнийг  алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч Б нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б-үү нь шүүгдэгч Б-г хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж маргаж мэтгэлцжээ. Онц харгис хэрцгийгээр гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг шаарддаг. Мөн хохирогчид зөвхөн олон тооны шарх, гэмтэл учруулсаныг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийг харгалзан үздэг.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад гэрийн гадаа шүүгдэгч Б, амь хохирогч Б нар байсан бөгөөд гэрээс  Д-ийг гарч ирэхэд Б, Б нар нь заамдалцсан байдалтай байсан бөгөөд Д нь тэднийг салгаж амь хохирогчийг гэрт оруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой өгсөн “...надад талийгаач Б-ийг хутгалъя гэсэн бодол байгаагүй, айлгах гэж гэрээс хутга авч гарсан юм...Талийгаач намайг эхлээд мөргөсөн чинь миний үүдэн шүд хөдөлсөн. Энэ үед Д гарч ирээд бид хоёрын голоор орж ирээд салгаж байхад нь хутгалчихсан юм…” /хх-145/ гэх мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Прокуророос зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Амь хохирогч Б нь Б-гийн уруул руу мөргөж үүдэн шүдийг нь гэмтээсэн болох нь шүүгдэгч Б-гийн өгсөн мэдүүлгээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 762 дугаар дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул хохирогчийн өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирлын талаар: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц нь шүүгдэгч Б-гээс нийт 232.801.200 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн  бүрийн журамт үүрэг мөн...” гэж заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн амь хохирогчийг 18 нас хүртэл нь өсгөн хүмүүжүүлсэн хөдөлмөрийн хөлс 90.720.000 төгрөг, мөн түүнчлэн  амь хохирогч нь 28 настай байсан бөгөөд түүнийг 60 нас хүртлээ ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байсан гэж үзэн 32 жилийн хөдөлмөрийн хөлс 115.200.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг зэргийг гаргуулах үндэслэлгүй байна.

Шүүхэд гаргаж өгсөн зардлын баримтаас амь хохирогчийн ар гэрийхний ахуйн хэрэгцээнд хэрэглэсэн эд зүйлийн үнэ болох 838.471 төгрөгийн баримтыг энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас нийт 208.258.471 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. /90.720.000 + 115.200.000 + 1.500.000 + 838.471 = 208.258.471/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь  оршуулга болон замын зардалтай холбоотой  25.381.200 төгрөг нэхэмжилсэнээс 12.837.861 төгрөгний баримт гаргаж өгсөн. Үүнээс 838.471 төгрөгний баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн ар гэрийхний ахуйн хэрэгцээнд зарцуулсан эд зүйлийн баримт, юу авсан нь тодорхойгүй пос машинд карт уншуулсан баримт зэргийг хасаад оршуулга болон замын зардалтай холбоотой 11.999.390 төгрөгийг шүүгдэгч Б-гээс гаргуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.450.000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн шүүгдэгч Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б-гээс 6.549.390 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-д олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц нь амь хохирогчийн 4 настай хүүд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, оршуулгатай холбоотой 12.543.339 төгрөгний нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

/232.801.200 – 208.258.471 – 5.450.000 – 12.543.339  = 6.459.390/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-гийн цагдан хоригдсон 158 /нэг зуун тавин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутга, фудволк, ноосон цамц, өмд тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-гийн ... тоот цахим иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ... овогт ... Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... Б-г 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-гийн цагдан хоригдсон 158 /нэг зуун тавин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б-гээс 6.549.390 /зургаан сая таван зуун дөчин есөн мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулж Ховд аймгийн Булган сумын 1 дүгээр багт оршин суух, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц /РД: ..../-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 208.258.471 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц нь өөрт учирсан бусад гэм хорын хохирол, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хутга, фудволк, ноосон цамц, өмд тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-гийн ... тоот цахим иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Г.НАМУУНТУЯА

              ШҮҮГЧИД              Л.БАТЖАРГАЛ

  П.ПАГМА