Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/MA2017/0230

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2017/0230

         Улаанбаатар хот

 

 

Ц.Батмөнхийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ц.Батмөнх нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Батмөнхийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1., 2., 3., 6 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Батмөнхийн “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Батмөнх давж заалдах гомдолдоо: “...Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлахдаа: мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь заалтыг 1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл хэсэгтэй нийцүүлэхгүйгээр баталсан байна. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх, тэтгэвэр тогтоохтой холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно гэж дүгнэлээ” гэжээ.

Энэхүү дүгнэлтээс үзэхэд Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг ноцтой зөрчжээ. Өөрөөр хэлбэл хуулийн холбогдох заалтыг биш хариуцагч байгууллагын өгсөн хариу болох 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 350 тоот албан тоотыг хууль зүйн албан ёсны шийдвэр мэтээр үндэслэсэн нь мэргэжлийн шүүгчийн ёс зүйн том алдаа гэж үзэж байна.

Нөгөө талаар хариуцагчийн талд давамгай байдлыг илүү олгож, хууль зөрчсөн үйлдэл боллоо.

Уг хуулийн заалтыг тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцүүлээгүй баталснаас тухай хуулийн зохицуулалт хийгдээгүй талаар дүгнэж байгаа нь хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Эндээс дүгнэхэд шүүгч маань хууль хэрэглээний талаарх ойлголт нь сул дорой байгааг харуулж байна. Хуулийн зохицуулалт байхгүй бол ямар журмаар шийдвэрлэдэг талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д зааж өгсөн байхад шүүгч яагаад хэрэглээгүй байгааг ойлгохгүй байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь шүүгчдийн нийгмийн хамгааллын талаарх халамж үйлчилгээг үзүүлэх ерөнхийлөн зохицуулсан тусгай нөхцөлтэй хууль юм. Энэ талаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.6-д заасныг шүүгч анхаарлаа хандуулах байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгч байсан гэдэг талаас нь харсан бол нарийвчилсан, тусгайлан зохицуулсан онцгой эрхийн хүрээнд авч үзэхээр хуулийн зохицуулалтууд олон байгааг анзаарсангүй. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар дүгнээгүй атлаа албан газрын бичгийг хууль мэт дүгнэж байгааг тангараг өргөсөн шүүгч гэж үзэхэд хэцүүхэн байна.

Хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр шүүгч, тухайн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй. Миний бие энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзсан байна гэж үзэж байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг шүүх ноцтойгоор зөрчсөн байна.

Иймд хэрэгт нотлох баримт хангалттай цугларсан байгааг нягтлан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Ц.Батмөнх нь “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 177 дугаар зарлигаар Цэрэндоржийн Батмөнхийг Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилжээ.

Шүүгч Ц.Батмөнх нь 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 55 нас хүрсэн тул Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт “55 нас хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно” гэж заасныг үндэслэн “өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаал”-аас чөлөөлөгдөх хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн байна.

Дээрх хүсэлтийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Цэрэндоржийн Батмөнхийг Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх” саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 141 дүгээр зарлигаар “Цэрэндоржийн Батмөнхийг Архангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч”-ийн албан тушаалаас чөлөөлжээ.

Улмаар Ц.Батмөнх нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж, “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэврээ тогтоолгох” тухай хүсэлтийг холбогдох материалын хамт гаргасан байна.

Ц.Батмөнхийн дээрх гаргасан хүсэлтэд нь “...Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно” гэж заасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар “...эрэгтэй 60 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн заалттай зөрчилдөж байх тул таны тэтгэвэр тогтоох эрх нээгдэх боломжгүй байна” гэсэн хариуг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/350 дугаар албан бичгээр өгсөн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай  /1994 оны/ хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж хуулийн зорилтыг тодорхойлжээ.

Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж, 6 дахь хэсэгт “... даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны хязгаарыг тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох эрх, түүнтэй холбогдох харилцааг нарийвчлан зохицуулсан хууль мөн байна.

Тодруулбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх, шүүгчийн хараат бус байдал, түүний баталгаа зэрэг шүүгчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэжээ.

Хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д “Шүүгчийн хөдөлмөрийн үйл ажиллагаатай холбогдсон энэ хуульд заагаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна” гэж заажээ.

Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Тавин таван насанд хүрсэн шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно” гэж шүүгчийн нийгмийн хамгааллын асуудлыг энэ хуулиар тусгайлан зохицуулсан байна.

Үүнээс үзвэл, шүүгч, түүний эрх зүйн байдлын талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан хууль нь 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдан, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан нь төр, түүний төлөөллийн байгууллага нь хуулийг дээдлэн хэрэгжүүлэхдээ хүн, түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарлахгүй байх зарчим, үүрэг юм.

Хэдийгээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай  /1994 оны/ хуулиар зохицуулсан байх боловч нэхэмжлэгч Ц.Батмөнх /шүүгч/-ийн “өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах” тухай хүсэлтийг нь эрх бүхий төрийн захиргааны байгууллага нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасныг үндэслэн шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд харшилахааргүй байжээ.

Иймд “хууль хоорондын эрх зүйн зохицуулалт зөрчилдсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Батмөнхийн “өндөр насны тэтгэвэр тогтоолгох” хүсэлтийг хүлээж авахгүй байгаа төрийн захиргааны байгууллага буюу хариуцагч аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь хариуцагч нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан хууль хэрэглэх ерөнхий зарчмыг баримтлан сүүлд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нэхэмжлэгч Ц.Батмөнхийн “өндөр насны тэтгэвэр тогтоолгох” хүсэлтийг шийдвэрлэх боломжтой байжээ.

Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгайлан “...шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгож болно” гэж тодорхойлон хуулиар нэгэнт “тогтоолгож болно” гэж заасан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Батмөнхийн өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар бус Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д тодорхойлон заасан шууд үүсэх эрх юм.  

Тиймээс төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хадгалдаг Монгол Улсын Их Хурлаас баталсан хүчин төгөлдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны/ хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хоорондын холбогдох заалт нь зөрчилдсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Батмөнх /хүн/-ийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар олгогдсон “өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан эрхийг төрийн байгууллага хязгаарласан нь буруу юм.

Шүүх, шүүгчийн ажил, мэргэжлийн онцлогийг харгалзан “шүүгчийн хараат бус байдал, хөдөлмөрийн харилцаа”-г Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан бөгөөд түүн дотроо шүүгчийн нийгмийн хамгааллын асуудалтай холбоотой буюу “шүүгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэх” харилцааг тухайн салбарын хуулиар нь нарийвчлан, тусгайлан зохицуулах нь илүү оновчтой зохицуулалт гэсэн хууль тогтоогчийн үзэл баримтлал байж болохоор байна.

Гэтэл анхан шатны шүүх, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 3, 6 дахь хэсэгт заасан нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэх үндэслэл нөхцөлд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь заалтын зохицуулалт ороогүй” гэж дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул “өндөр насны тэтгэвэр тогтоолгох” тухай нэхэмжлэгч Ц.Батмөнхийн хүсэлтийг хүлээж авахгүй байгаа Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа хариуцагч Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ц.Батмөнхийн өндөр насны тэтгэврийг тогтоон, тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэгч Ц.Батмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүгчийн эрх  зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Батмөнхийн “Өндөр насны тэтгэвэр тогтоох хүсэлтийг хүлээж авахгүй татгалзсан хариуцагч Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, өндөр насны тэтгэврийг тогтоон, тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах, тэтгэврийг нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Батмөнхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                  ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                    ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР

                    ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР