Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/02646

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        06           07                                     101/ШШ2022/02646

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,

түүний 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгох,*******,,, зохих бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Баттойрий,,,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Чинбат,,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Баттойрий нь Баянзүрх дүүргийн 1-р хорооны засаг даргад холбогдуулан түүний 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгох,*******,,, зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хорооны засаг дарга Г.Чинбат нь 2021 оны 02 дугаар сарын 5-ны өдөр томилогдон ирж, хэсгийн ахлагч нарыг өргөдлөө өгөхийг шаардаж, олон хүнийг ажлаас нь халж өөрийн багийг бүрдүүлсэн. Би 9 жил хэсгийн ахлагчаар ажилласан, ажлын туршлагатай, ажилдаа гаршсан, архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, ажлын цагийг хатуу баримталдаг, өгсөн үүрэг даалгаварыг хангалттай биелүүлж ажиллаж байсан. Би ажлаас гарах өргөдлөө бичиж өгөхгүй байсан учраас намайг ажлын байран дээр элдэвээр дарамталж, байнга айдас, стресстэй байлгадаг байсан. Халагдах өргөдлөө өг гэж тулган шаардсаныг биелүүлээгүй учраас 8-р сарын цалинг бүтэн, 9, 10-р сарын цалингийн 30 хувийг өгөөгүй. Намайг улс төрийн үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж, дүүргийн тамгын газарт удаа дараа мэдэгдэн ажлаас халуулж байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хэсгийн ахлагч нарыг томилж, чөлөөлөхийг дүүргийн засаг даргын тамгын газар дарга хэрэгжүүлэхээр байхад хорооны засаг дарга хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан эсэх нь тодорхойгүй, дүүргийн засаг даргын тамгын газрын даргаас нэхэмжлэгчид гэрээний хугацаа дуусахаас өмнө мэдэгдэл олгоогүй тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Баянзүрх дүүргийн 1-р хорооны засаг даргын 2022 оны 02-р сарын 01-ний өдрийн Б/04 тоот захирамж үндэслэлгүй гэж тодорхойлон тайлбарласан.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус хорооны засаг даргаар томилогдсон. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан хэсгийн ахлагч нарын ажиллах журмаар хөлсөөр ажиллах гэрээг 1 жилийн хугацаатай байхаар заасан. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд 2022 оны 01-р сард нэмэлт өөрчлөлт орсноор хэсгийн ахлагч нарыг ажилд томилж, чөлөөлөх асуудлыг засаг дарга дангаар шийдвэрлэхээр заасан. Ковидын нөхцөл байдлын үед онцгой комиссын шийдвэрээр хэсгийн ахлагч нарын ажлыг хуваарилан, коронавирусын халдвар батлагдсан гэрийн ажиглалтад байгаа иргэд рүү утсаар холбогдож шаардлагатай тусламжийг үзүүлэхэд оролцож мэдээ, мэдээллээр хангах, тухайн иргэнийг эмнэлэгт зуучлах ажлыг утсаар эрхэлж байсан боловч нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй удаа дараа зөрчил гаргаж, иргэдээс өргөдөл гомдол ирснээр түүнд анхааруулах хуудас өгч байсан. Мөн нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэхдээ иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлэх, нууц хадгалах гэрээний үүргээ зөрчиж байсан. Түүнчлэн хэсгийн ахлагчийн ажлын байрны 10 үүргээ хангалтгүй биелүүлсэн тул цалинг 30 хувиар бууруулж олгосон байсан. Мөн гэрээний хугацаа дуусахаас 15 хоногийн өмнө мэдэгдэхээр абйгаа тул нэхэмжлэгчид энэ хугацаанд мэдэгдэл өгсөн бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэсгийн ахлагч нар цалин авдаггүй Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлаас баталсан журмаар сар бүр урамшуулал авдаг гэв.

 

3. Нотлох баримт:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1/, 2021-01-01-ний өдрийн огноотой хөлсөөр ажиллах гэрээ /хх-2-4/, хэсгийн ахлагч нарыг ажилд томилох тухай Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын даргын 2013-01-02-ны өдрийн Б/02 тоот тушаал /хх-5-6/, Баянзүрх дүүргийн 1-р хорооны засаг даргын 2022-02-01-ний өдрийн Г.Баттойрийг ажлаас чөлөөлөх тухай Б/04 тоот захирамж /хх-7/, Г.Баттойрий иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-8-9, 11/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-10/, Г.Баттойрий Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-50-55/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.

 

Хариуцагч талаас Баянзүрх дүүргийн засаг даргын 2021-02-05-ны өдрийн Б/35 тоот Г.Чинбатыг 1-р хорооны засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон захирамж /хх-16-17/, хариуцагчийн хариу тайлбар /хх-22/, 2021-01-01-ний өдрийн Г.Баттойрийтой байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээ /хх-23-25, 78-80/, 1-р хорооны засаг даргын шуурхай хурлын 2021-08-06-ны өдрийн 10-р тэмдэглэл /хх-69-71/, 2021-09-15-ны өдрийн 16-р тэмдэглэл /хх-72-73/, 2021-09-10-ны өдрийн 15-р тэмдэглэл /хх-74-77/, Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газарт хаягласан 1-р хорооны засаг даргын 2021-8-30-ны өдрийн 89 тоот албан бичиг /хх-81/, 2021-04-04-ний өдрийн 1-р хорооны засаг даргын анхааруулга өгөх тухай /хх-82/, 2021-07-01-ний өдрийн 1-р хорооны засаг даргын анхааруулга өгөх тухай /хх-84/, 2021-04-04-ний өдрийн нууц хадгалах гэрээ /хх-88-90/, 2022-01-14-ний өдрийн 01 дугаартай мэдэгдэх хуудас /хх-91/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

/хавтаст хэргийн 58-67, 68, 83, 85, 86, 87 дугаар талд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байх бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй болно/

 

Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын 2022-06-06-ны өдрийн 02/1160 дугаартай нууц хадгалах гэрээний загвар засаг даргын тамгын газраас батлагдаж байгаагүй тухай албан бичиг /хх-102/ байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Баттойрий нь хариуцагч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргад холбогдуулан түүний түүний 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгох,*******, гэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, зохих бичилт хийлгэхийг даалгахаар нэмэгдүүлэн шаардаж байна.

 

Хариуцагч тал хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон, хэсгийн ахлагчийн ажлын үзүүлэлт хангалтгүй байснаар дүүргийн засаг даргын тамгын газраас урамшууллыг бууруулж олгосон, хорооны засаг дарга хэсгийн ахлагчид урамшуулал олгодоггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

1. Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын даргын 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 тоот тушаалаар нэхэмжлэгч Г.Баттойрий нь тус дүүргийн 1-р хорооны хэсгийн ахлагчаар томилогдсон байх бөгөөд тус дүүргийн 1-р хорооны засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот захирамжаар нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллуулах гэрээг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгож хэсгийн ахлагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрыг төлөөлөн 1-р хорооны Засаг дарга Г.Чинбат, 1-р хорооны хэсгийн ахлагч Г.Баттойрий нарын хооронд 2021 оны 01-р сарын 01-ний өдөр “хөлсөөр ажиллуулах гэрээ” байгуулагдаж, хэсгийн ахлагчийн эрх үүрэг, хорооны засаг дарга болон засаг даргын тамгын газрын эрх үүрэг, хэсгийн ахлагчийн ажлыг дүгнэх, урамшуулал, гэрээ дуусгавар болох цуцлах үндэслэл болон хариуцлагын асуудлыг гэрээнд тусгаж, гэрээний хугацааг 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулсан байна /хх-2-4, 23-25, 78-80/.

 

Дээрх гэрээний агуулга, зорилго, хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Тодруулбал, гэрээний нэг тал болох ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал болох ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт “хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2021 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болохоор байна.

 

Гэвч Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/35 тоот захирамжаар Г.Чинбатыг тус дүүргийн 1-р хорооны засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс томилсон байх тул талуудын байгуулсан дээрх хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хэрэгжиж эхлэхээр байх тул хариуцагч 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 01 дугаартай ...хөлсөөр ажиллах гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай... мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид танилцуулж, гарын үсэг зуруулсныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй бөгөөд гэрээний хугацаа дуусахаас өмнө болон дууссанаас хойш нэхэмжлэгч гэрээний хугацааг сунгах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, энэ талаарх баримт авагдаагүй байх бөгөөд тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Мөн ажиллуулагч талаас гэрээг дахин байгуулж, үргэлжлүүлэн ажиллах хүсэл зориг байгаагүй талаар тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт “гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно” гэж заасан. Тодруулбал, гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцох хуулийн зохицуулалттай.

 

Харин тодорхой хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дуусаж ажиллагч тал буюу нэхэмжлэгч Г.Баттойрий нөгөө талдаа гэрээг сунгах талаар хүсэлтээ гаргаагүй, хариуцагч тал гэрээний хугацааг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн захирамж гаргаж байгаа нь гэрээг цаашид үргэлжлүүлэхээс татгалзсан гэж үзэхээр байна.

 

Дээрхээс үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусгавар болж байгаа, цаашид сунгах эсэхээ шийдвэрлэхийг нэхэмжлэгч тал мэдэж байсан ба хариуцагч тал түүнд сануулж мэдэгдэх хуудас танилцуулсан байна.

 

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Энэхүү хуулийн 61 дүгээр зүйлд хорооны засаг даргын бүрэн эрхийг зохицуулсан байх бөгөөд хуулийн 61.1.20-д зааснаар харьяалах хэсгийн ахлагч нарыг томилж, үйл ажиллагааг нь удирдахаар, засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргахаар мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зохицуулсан байна.

 

Харин дээрх хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан зохицуулалтаар аймаг, сум, нийслэл, дүүргийн засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтоох бөгөөд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газар нь хэлтэс, тасагтай байна, дүүргийн тамгын газрын дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөхөөр хуулийн 67.4-т зохицуулсан байх тул хорооны хэсгийн ахлагчийг томилж чөлөөлөх нь хорооны засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна.

 

Түүнчлэн талуудын байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний огноотой хөлсөөр ажиллуулах гэрээний 6.1-т дүүргийн засаг даргын тамгын газар хороодын засаг даргаас ирүүлсэн хэсгийн ахлагчийн ажлыг дүгнэсэн үнэлгээг хянан үзэж, зохих урамшууллыг тооцон олгохоор байна. Өөрөөр хэлбэл, хэсгийн ахлагчийн урамшууллыг дүүргийн засаг даргын тамгын газраас ажил дүгнэсэн үнэлгээг харгалзан олгохоор байна.

 

Иймд дурдсан үндэслэлээр Баянзүрх дүүргийн 1-р хорооны засаг даргад холбогдуулан гаргасан түүний 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот захирамжийг хүчингүй болгуулах, хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2021 оны 8-10-р сард дутуу авсан цалин хөлс гаргуулахыг хүссэн Г.Баттойрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн 1-р хорооны засаг даргад холбогдуулан гаргасан түүний 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгох,*******,,, зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Баттойрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ