Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 104/ШШ2020/00510

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 104/ШШ2020/00510

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 10 дугаар байр 221 тоотод оршин суух Тайж ******* /РД: *******/

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 39 байр, 10 тоотод оршин суух Оточ ******* /РД:*******/

Хамтран хариуцагч: Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо, Сэлбэ 25-587 тоотод оршин суух Тайш Сайнбилэгийн ******* /РД:*******/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7.911.868 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 17-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн тус шүүх 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Э.*******, хамтран хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар, хүсэлтдээ: Э.******* 1.760 ам доллар зээлж гэрээ байгуулсан. Гэрээг бичгээр байгуулсан учраас хүү алданги авна. Э.******* мөнгийг аваад хэнд өгсөн нь надад хамаагүй учраас Э.*******г хариуцлагаас чөлөөлөхгүй. С.******* мөнгийг авсан гэж байгаа учраас хамтран хариуцагчаар оролцуулж өгнө үү. Ковид өвчинтэй холбогдуулан оршин суугаа байрыг минь Улсын онцгой комиссоос хөл хорио тавьсантай холбогдуулан шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Хариуцагч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би С.*******гийн хүсэлтээр Л.Болормаатай зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Нэхэмжлэлд дурдсан өдөр буюу 2019 оны 9 дүгээр сард 1.760 ам долларыг Л.Болормаагаас би аваагүй, С.******* авсан. Сүүлд тооцоо нийлэхэд С.******* 2.800.000 төгрөгийг миний нэрээр Л.Болормаа руу шилжүүлсэн байсан. Яагаад миний нэрээр мөнгөө хийгээд байна вэ гэхээр өмнө нь Л.Болормаа, С.******* нарын хооронд өөр зээлийн асуудал байсан. Л.Болормаа намайг мөнгөө хийхгүй байна гээд байсан тул сүүлийн 2.000.000 төгрөгийг би өөрийн дансаар хийсэн. Үлдсэн 5.111.868 төгрөгийг би төлөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хамтран хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 09 дүгээр сард Э.*******гийн нэрээр Л.Болормаатай зээлийн гэрээ байгуулсан. 1.760 ам доллар авсан. Тухайн үеийн ханшаар 4.800.000 төгрөг болж байсан. Зээлийн гэрээг Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо 11 хорооллын Хаан банкин дотор байгуулсан. Гэрээн дээр Э.*******, Л.Болормаа нар гарын үсэг зураад би мөнгийг нь хүлээж авсан. Тухайн үед би бичиг баримтгүй байсан учраас Э.*******г гуйсан. Одоогийн байдлаар 2.800.000 төгрөг өгсөн байгаа. Үлдэгдэл 5.111.868 төгрөгийг би төлнө. Энэ хэрэгт Э.******* хамааралгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Болормаа нь хариуцагч Э.*******гаас зээлийн гэрээний үүрэгт 7.911.868 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан гэрээг үндэслэн шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар С.*******г татаж түүний төлсөн 2.800.000 төгрөгийг хасаж 5.111.868 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч Э.******* зээлийн гэрээг бичгээр байгуулсан үйл баримтад маргаагүй, харин мөнгийг өөрт нь шилжүүлж өгөөгүй, тэрээр Л.Болормаагаас мөнгө зээлэх санал гаргаагүй, С.*******гийн хүсэлтээр бичгээр гэрээ байгуулсан, зээлдэгч мөнгийг С.*******д шилжүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан.

 

Хамтран хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.800.000 төгрөгийг төлж үлдэх 5.111.868 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.

 

Нэхэмжлэгч Л.Болормаа нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Э.*******тай 1.760 ам долларыг 5 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн тухай бичгээр гэрээ байгуулснаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Гэхдээ хариуцагч Э.*******, хамтран хариуцагч С.******* нарын тайлбараас үзэхэд зээлдүүлэгч тал гэрээнд оролцогч болох зээлийн гэрээнд гарын үсэг зурж үүрэг гүйцэтгэхээр болсон этгээд буюу нэхэмжлэгчийн өөрийнх нь хариуцагч гэж тодорхойлсон Э.*******д мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заасан.

 

Зохигчдын хооронд хөрөнгө буюу мөнгө шилжүүлэх гэрээний гол нөхцөл буюу тохиролцоо байгаа бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцохоор хуульд тусгайлан заасан учраас шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан хэдий ч зээлдүүлэгч Л.Болормаа бичгээр байгуулсан гэрээний нэг тал болох Э.*******д мөнгийг шилжүүлээгүй, хамтран хариуцагч С.*******д шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон учраас Л.Болормаа Э.*******гийн хооронд гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч Л.Болормаа хариуцагч Э.*******гаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэсэн.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хэлбэрийн шаардлагыг хуульд заагаагүй. Өөрөөр хэлбэл талууд зээлийн гэрээг амаар буюу бичгээр аль ч хэлбэрээр хийж болох учраас шүүх С.*******, Л.Болормаа нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч С.******* 1.760 ам долларыг 5 хоногийн хугацаатай зээлэхээр гэрээний гол нөхцөлийг амаар тохирсон гэж үзсэн.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т анзын гэрээг, энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т хүү тооцсон зээлийн гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг заасан.

 

Нэхэмжлэгч Л.Болормаа, хамтран хариуцагч С.******* нарын хооронд бичгээр хийсэн гэрээ байхгүй учраас нэхэмжлэгчид зээлийн хүү, алдангийг хамтран хариуцагчаас шаардах эрхгүй ч хамтран хариуцагч хүү, алданги төлөхийг зөвшөөрсөн учраас талуудын тэгш эрхийн буюу диспозитив зарчимд үндэслэн 5.111.868 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хамтран хариуцагч С.*******гээс гаргуулж нэхэмжлэгч Л.Болормаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Э.*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Л.Болормаа дотоодод цар тахал өвчин халдсан, өөрийнх нь амьдарч буй орчинд хөл хорио тогтоосонтой холбогдуулан шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, эзгүйгээр шийдвэрлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн учраас шүүх энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2.,116., 118., 100 дугаар зүйлийн 100.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хамтран хариуцагч Сайнбилэгийн ******* /РД:*******/-ээс 5.111.868 /таван сая нэг зуун арван нэгэн мянга найман зуун жаран найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар нэхэмжлэгч Л.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Э.*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Л.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141.539 /нэг зуун дөчин нэгэн мянга таван зуун гучин ес/ төгрөгийг улсын орлого болгож, хамтран хариуцагч С.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 128.740 /нэг зуун хорин найман мянга долоон зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Болормаад олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хариуцагч тал энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй нэхэмжлэгчид энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардуулах, ийнхүү гардуулах боломжгүй бол энэ хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор хариуцагчийн оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг шүүгчийн туслах, шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ