Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00455

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2020/00510 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Б-гийн хариуцагч Э.М-, С.Н- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 5 111 868 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.М- нь надтай 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 760 ам долларыг 5 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр зээлж, зээлийг буцаан төлөөгүй. Иймд үндсэн зээлд 5 023 409 төгрөг, хүү 251 170 төгрөг, алданги 2 637 289 төгрөг, нийт 7 911 868 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч хариуцагч нь 2 800 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 5 111 868 төгрөг болгож байна гэжээ.

 

Хариуцагч Э.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Н-гийн хүсэлтээр Л.Б-тай зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Нэхэмжлэлд дурдсан өдөр буюу 2019 оны 9 дүгээр сард 1 760 ам.долларыг Л.Б-гаас би аваагүй, С.Н- авсан. Сүүлд тооцоо нийлэхэд С.Н- 2 800 000 төгрөгийг миний нэрээр Л.Б- руу шилжүүлсэн байсан. Яагаад миний нэрээр мөнгөө хийгээд байна вэ гэхээр өмнө нь Л.Б-, С.Н- нарын хооронд өөр зээлийн асуудал байсан. Л.Б- намайг мөнгөө хийхгүй байна гээд байсан тул сүүлийн 2 000 000 төгрөгийг би өөрийн дансаар хийсэн. Үлдсэн 5 111 868 төгрөгийг би төлөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч С.Н- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 9 сард Э.М-гийн нэрээр Л.Б-тай зээлийн гэрээ байгуулж, 1 760 ам.доллар авсан. Тухайн үеийн ханшаар 4 800 000 төгрөг болж байсан. Зээлийн гэрээг Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хорооллын Хаан банк дотор байгуулж, Э.М-, Л.Б- нар гарын үсэг зурж, мөнгийг би авсан. Тухайн үед би бичиг баримтгүй байсан учраас Э.М-г гуйсан. Одоогийн байдлаар 2 800 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 5 111 868 төгрөгийг би төлнө. Энэ хэрэгт Э.М- хамааралгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С.Н-гээс 5 111 868 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-д олгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэгч Л.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Э.М-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 539 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Н-гээс улсын тэмдэгтийн хураамжид 128 740 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх зээлийн гэрээ болон бусад нотлох баримтуудыг анхаарч үзэлгүй зөвхөн Э.М-, С.Н- нарын худал мэдүүлэг, тайлбарыг үндэслэн, зээлийн гэрээ байгуулаагүй, надаас мөнгө аваагүй С.Н-гээс мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Э.М-тай тохиролцож, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн 1 760 ам.долларын зээлийн гэрээг байгуулахдаа Э.М- нь тохирсон хугацаанд мөнгөө буцаан өгөхөөр тохиролцож, Э.М- өөрөө гарын үсгээ зурж би ам.долларыг Э.М-д дансаар нь шилжүүлэх гэсэн боловч түүнд долларын данс байгаагүй учир 1 760 ам.долларыг бэлнээр Э.М-д хүлээлгэн өгч, Э.М- гэрээний дор 1 760 ам.доллар хүлээн авлаа гэж бичсэн юм. Энэ талаар шүүгч асуухад би бичсэн гэдгээ зөвшөөрч маргаагүй юм. Нөгөө талаар Э.М- зээлсэн мөнгөө төлөхгүй явж байгаад миний данс руу 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр П.Пүрэвдалай гэдэг хүний данснаас М. зээл төлөв гэсэн утгатай 300 000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр мөн П.Пүрэвдалайгийн данснаас М. зээл төлөв утгатай 500 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Э.М- өөрийнхөө 5037573575 тоот данснаас М. зээл төлөв утгатай 1 050 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Э.М- мөн өөрийнхөө данснаас М. зээл төлөв утгатай 950 000 төгрөгийг тус тус төлж, нийт 2 800 000 төгрөгийг Э.М- надад төлж өөр мөнгө төлөөгүй юм. Гэтэл Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ... Нэхэмжлэгч Л.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Э.М-тай 1 760 ам.долларыг 5 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн тухай бичгээр гэрээ байгуулснаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ гэж дүгнэсэн атлаа ямар нотлох баримтыг үндэслэж намайг Э.М-д мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзсэн, мөн Л.Б- Э.М- нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч Л.Б- хариуцагч Э.М-гаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн нь нь ойлгомжгүй байна. Шүүх нэхэмжлэгч миний Э.М-тай хийсэн зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, зээлийн хүү, алдангийн хамт гаргуулахдаа надтай зээлийн гэрээ хийгээгүй, надаас огт мөнгө аваагүй, надад ямар ч мөнгө төлөөгүй С.Н-гээс гаргуулж надад олгохоор шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж байна. Нөгөө талаар С.Н-гийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг болон хавтаст хэргийн материалыг надад танилцуулалгүй шүүх хурлыг хийсэн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Э.М-, С.Н- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7 911 868 төгрөг гаргуулах шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5 111 868 төгрөг болгон багасгасныг хариуцагч Э.М- эс зөвшөөрч маргажээ.

 

Л.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Э.М-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Л.Б- нь 1 760 ам.долларыг 5 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, Э.М- гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 3-р тал/

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн талуудын байгуулсан гэрээний үүргийг хариуцвал зохих этгээдийг буруу тодорхойлсны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Талуудын байгуулсан зээлийн гэрээнд зээлийн мөнгөн хөрөнгө болох 1 760 ам.долларыг хариуцагч Э.М- нь бэлнээр хүлээн авсан талаар бичигдсэн байх бөгөөд хариуцагч Э.М- нь уг зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. /хх-ийн 3-р тал/

 

Түүнчлэн, хариуцагч Э.М- нь Хаан банк дахь өөрийн 5037573575 тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр Э.М-гаас зээл төлөв гүйлгээний утгатай нийт 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Б-д шилжүүлсэн болох нь Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагчаас нийт 2 800 000 төгрөгийг авсан талаараа тайлбарласан байх тул нэхэмжлэгч Л.Б-, хариуцагч Э.М- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 56-р тал/ Иймд гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Хэдийгээр хариуцагч С.Н- нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 1 760 ам.долларыг би хүлээн авсан, хариуцагч Э.М- зээлийн гэрээний үүргийг хариуцах этгээд биш гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Л.Б-, хариуцагч С.Н- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн хариуцагч Э.М- нь зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд хариуцагч Э.М-гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 023 409 төгрөг /1 760 ам.доллар х 2 854.21 = 5 023 409/, 5 023 409 төгрөгийн 5 хувийн хүүд 251 170 төгрөг /5 023 409 х 5% = 251 170/, алдангид 2 637 289 төгрөг /5 023 409 үндсэн зээл + 251 170 хүү = 5 274 579 нийт гүйцэтгээгүй үүрэг, 5 274 579 : 2 = 2 637 289/, нийт 7 911 868 төгрөг /5 023 409 + 251 170 + 2 637 289 = 7 911 868/ - өөс хариуцагчийн төлсөн 2 800 000 төгрөгийг хасаж, нийт 5 111 868 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч С.Н-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2020/00510 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1, 2 дах заалтыг нэгтгэн, 1 гэж дугаарлан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.М-гаас 5 111 868 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлээс С.Н-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дах заалтыг 2 дах заалт болгон ... хамтран хариуцагч С.Н-гээс ... гэснийг хариуцагч Э.М-гаас гэж, ... 128.740 /нэг зуун хорин найман мянга долоон зуун дөчин мянга/ ... гэснийг 96 739 гэж,

4, 5, 6 дах заалтыг 3, 4, 5 дах заалт болгон өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 851 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Г.ДАВААДОРЖ