Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/03134

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингэсийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан цамхаг өөрийн байр /рд:2693321/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Б-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “...2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр барьцаат зээлийн гэрээг байгуулж, 6 500 000 төгрөгийг 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийг авсан. Зээлдэгч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт 10 511 255 төгрөгийг төлөөгүй байна. Ш.Батзориг нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолт ирүүлсэн. Оршин суух хаяг нь тодорхойгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө. Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Хаан банк ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Батсүхийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхээр хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй, шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. 

 

Хэргийн баримтаас үзэхэд хүсэлт гаргагч Хаан банк ХХК нь Ш.Батзориг нартай 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлд Ш.Батзориг нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй.

 

Улмаар Ш.Батзориг нь Дорноговь аймаг, Сайншанд сумын 4 дүгээр баг, Өндөр дов 8 дугаар гудамж, 1 тоотод оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж заасныг баримтлан Хаан банк ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ш.Батзоригийг эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

Хүсэлт гаргагч нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар, түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурдвал, Ш.Батзориг нь Дорноговь аймаг, Сайншанд сумын 4 дүгээр баг, Өндөр дов 8 дугаар гудамж, 1 тоот хаягт оршин сууж байсан, Цагдаагеийн байгууллага нэхэмжлэгчээс мэдээлэл авахыг хүсвэл 99098631 гэсэн дугаарын утсаар холбогдож болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан,Боржигон овогт Шагдарын Батзориг /рд:МА86112330/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ