Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/02792

 

 

 

 

 

 

 

 

  2022        06           16                                     101/ШШ2022/02792

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Г.Бямбажаргал, шүүгч Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

*******,*******,*******, Гөрөөчин овогт Баатархүү Энхбаяр /РЭ73113073/,

*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,

хариуцагч- Чингэлтэй дүүрэг,*******,,,,

гэм хорын хохиролд 43.865.339 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Энхбаяр,,

Хариуцагч Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урангоо,

Хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон,

Иргэдийн төлөөлөгч Ж.Сүглэгмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Нямханд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчид ирцтэй холбогдуулан гаргах саналгүй гэснээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхбаяр, Б.Нямханд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дунд Дарь эхийн 2 дугаар гудамж 2716 тоот хаягт бүртгэлтэй байсан 213 м.кв өмчлөгдсөн газар, 221 м.кв талбайтай хувийн сууцыг 2011 онд иргэн Жалбуугийн Тунгалагтамираас “Хас банкны зээлээр худалдан авч хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөгч болсон. Гэтэл Гомбожавын Батхуяг гэх иргэн 2018 онд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020-03-18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаар шийдвэрээр бидний Ж.Тунгалагтамираас худалдан авч өмчлөгч болсон газар, хувийн сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгосон. Бид энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхүүдэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн тогтоолд биднийг өөрт учирсан хохиролоо холбогдох этгээдээс шаардах эрхтэй гэж зааснаар Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарын хууль зөрчсөн буруутай үйлдлийн улмаас иргэд бид орон гэргүй болж хохироход хүрээд байна.

Иймд газрын үнэнд 8,000,000 төгрөг, байшингийн үнэнд 10,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөг төлсний 14,400,000 төгрөгийг Хас банкнаас зээлээр авч одоо хүртэл зээл, зээлийн хүү төлж байгаа тул банкинд төлсөн 31,445,339 төгрөг, хувийн сууцны засварт 12,420,000 төгрөг зарцуулсан тул нийт 43,865,339 төгрөгөөр бид хохироод байгаа тул уг төлбөрийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулна гэж тайлбарласан.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд Г.Батхуягийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох Баянзүрх дүүргийн 21 хороо, дунд Дарь Эх, 2 дугаар гудамж, 2761 тоот Ү-2204026075 дугаартай, 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б.Энхбаяр, Б.Нямханд нарын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 176 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 374 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 422 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Энхбаяр, Б.Нямханд нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийн хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг дарга болон нэхэмжлэгч Б.Энхбаяр, Б.Нямханд нарын хооронд гэрээний болон гэм хорын харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нар 2011 онд тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан Ж.Тунгалагтамираас эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй, худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй тул худалдагчаас 43.865.339 төгрөгөө нэхэмжлэх нь зүйтэй туд Б.Энхбаяр, Б.Нямханд нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэгч Б.Энхбаяр, Б.Нямханд нар Баянзүрх дүүргийн Засаг даргатай ямар нэгэн гэрээ байгуулж харилцан үүрэг хүлээгээгүй болно. Харин иргэн Ж.Тунгалагтамир гэгчтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дунд дарь эх 2 дугаар гудамжны 2761 тоот хашаа байшинг худалдаж авсан тул дүүргийн Засаг даргын зүгээс нэхэжлэгч нартай гэрээний болон гэрээний бус үүрэг үүсээгүй гэдэг нь тодорхойлогдож байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ...2761 тоот газрын өмчлөгчөөр Ж.Тунгалагтамирыг бүртгэсэн бүртгэл, ...2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б.Энхбаяр, Б.Нямханд нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай” гэж, “Монгол Улсын дээд шүүхийн 2020.12.14-ны өдрийн 422 дугаар тогтоолд гуравдагч этгээд Б.Энхбаяр, Б.Нямханд нь өөрт учирсан хохирлыг холбогдох этгээдээс зохих журмын дагуу шаардах эрх нь нээлттэй гэж тус тус заасан нь хариуцагч нарыг гэм буруутай болохыг тогтоосон асуудал биш. Баянзүрх дүүргийн Засаг даргын зүгээс зөвхөн газар эзэмшүүлэх асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн. Харин газар болон түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх бүртгэлд гарын үсэг зурсан зүйл байхгүй бөгөөд тийм эрх хэмжээ ч хуулиар олгогдоогүй. худалдах-худалдан авах гэрээний талууд “эрхийн зөрчилгүй” хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй. Худалдагч тал Ж.Тунгалагтамир нь гэрээний үүргээ худалдан авагч нэхэмжлэгч нарын өмнө биелүүлээгүй болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгч нарын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэсэн тайлбар гаргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Тунгалагтамирын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс худалдагчийн зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгө, газар нь н.Батхуягийн нэр дээр байгаа талаар мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан. Бид хуульд заасны дагуу хүсэлтээ гаргасны дагуу хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн. Тухайн газар өөр хүний нэр дээр байгааг захиргааны байгууллага шалган тогтоосон бол энэхүү үйл явдал болохгүй байсан тул хариуцагч нарын буруутай үйл ажиллагаанаас болж энэ хэрэг болсон тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа гэж тайлбарласан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Батхуяг маргааны зүйл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ авсан, хорооны нэр хаяг өөрчлөгдсөнийг далимдуулан эзэмших эрхийг мэдсээр байж санаатай хууль бус аргаар төрийн байгууллагыг төөрөгдүүлэн авсан этгээд болох Тунгалагтамир, Ариунаа нараас болж нэхэмжлэгчид хохирол учиржээ. Хорооны хаягийн өөрчлөлтөөр шинээр эзэмшигч бий болгосон төрийн албан хаагч нар мэдсээр байж санаатай хууль бус үйлдэл гаргасан нь тодорхой. Иймд дээрх буруутай этгээдүүдийн буруугийн хэм хэмжээг тогтоож шүүх шийдвэрээ гаргах нь зүйтэй гэх тайлбарыг гаргасан байна.

 

Иргэдийн төлөөлөгч “Нийслэлийн засаг дарга, Баянзүрх дүүргийн засаг дар нар газар эзэмших удирдамж гаргахдаа давхцуулан гаргасан, үл хөдлөх 2 өөр хүнд нэг үл хөдлөх гэрчичлгээ гарч иргэдэд маш их маргаан үүссэн байна. Иймд засаг дарга нар иргэдтэйгээ уулзаж зөвшилцвөл зүгээр. Газар эзэмших удирдамж давхцан гарснаас үл хөдлөх гэрчилгээ 2 хүний нэр дээр гарсан гэм буруутай байна”  гэсэн дүгнэлт гаргасан.

 

Нотлох баримт тухайд

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл /хх-1-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэх хуулбар /хх-6-7/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаартай шийдвэр /хх-8-15/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 4-ний өдрийн 374 дугаартай магадлал /хх-16-25/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 422 дугаар тогтоол /хх-26-28/, Хас банктай 2011-06-09-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээ /хх-33-44/, 2011-06-08-ны өдрийн Ж.Тунгалагтамиртай байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээ /хх-45/, Баянзүрх дүүргийн 21-р хороо, дунд дахь эхийн 2-р гудамж 2716 тоот газрын өмчлөгчөөр 2009-04-29-ний өдөр Ж.Тунгалагтамир бүртгэгдсэн гэрчилгээ /хх-46/, 2011-6-8-ны өдөр Ж.Тунгалагтамиртай байгуулсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-46 ар тал, 48/, Ж.Тунгалагтамирын нэр дээрх газрын кадастрын зураг /хх-47/,  Баянзүрх дүүргийн 21-р хороо, дунд дахь эхийн 2-р гудамж 2716 тоотод байрлах хувийн сууцны зориулалттай 221,0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2009-5-28-ны өдөр Ж.Тунгалагтамир бүртгэгдсэн гэрчилгээ /хх-49/, Хас банкны долоон буудал тооцооны төвийн 2019-01-18-ны өдрийн 19/152/31 дугаартай тодорхойлолт /хх-50/, хууль зүйн үйлчилгээний гэрээ /хх-53/, Хас банк долоон буудал тооцооны төвийн 2021-11-10-ны өдрийн 152/442 дугаартай тодорхойлолт /хх-95/, фото зураг /хх-96-101/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан байна.  

 

Хариуцагч Нийслэлийн засаг даргын төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-54, 59/, хариу тайлбар /хх-63-64/, хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-60, 67/, хариу тайлбар /хх-69-70/, гуравдагч этгээд Ж.Тунгалагтамирын тайлбар /хх-177-178/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-185/, гуравдагч этгээд Г.Батхуягийн тайлбар /хх-217/ зэрэг авагдсан байна.

 

 Шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газраас Баянзүрх дүүргийн 21-р хороо, дунд дахь эхийн 2-р гудамж 2716 тоотод байрлах хувийн сууцны гэрчилгээ, өмчлөгч өөрчлөгдсөн талаарх албан бичиг /хх-206-209/ бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхбаяр, Б.Нямханд нар Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдуулан гэм хорын хохиролд 43.865.339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь эх, 2 дугаар гудамж 2761 тоотод байрлах газар, хувийн сууцыг 2011 онд иргэн Ж.Тунгалагтамираас худалдан авч өмчлөгчөөр бүртгүүлж, Хас банкны барьцаанд тавьж, 14,400,000 төгрөгийн зээлийг 2011 оны 06 дугаар сарын 9-ний өдөр авч зээл, зээлийн хүү төлж байтал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс бидний худалдан авч, өмчлөгч болсон газар, хувийн сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, биднийг учирсан хохиролоо холбогдох этгээдээс зохих журмын дагуу шаардах эрх нь нээлттэй гэж заасан. Иймд бидний худалдан авсан газрын анхны өмчлөгчийг шалгаж нягтлалгүйгээр газар эзэмших, өмчлүүлэх шийдвэрийг давхардуулсан гаргасан дүүргийн болон нийслэлийн засаг дарга нараас худалдан авсан байшингийн засварын зардал, банкинд төлсөн зээл, хүүгийн төлбөрийг хохиролд тооцон шаардаж байна гэж тодорхойлсон.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөс нэхэмжлэгч нартай Баянзүрх дүүргийн засаг дарга худалдах худалдан авах гэрээ байгуулж үүрэг үүсээгүй. Баянзүрх дүүргийн Засаг дарга үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх болон бүртгэл хийх эрхгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт “Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж, мөн хуулийн 252.2 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус эрхийг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг эрхийн доголдолтой гэнэ” гэж тус тус зааснаар худалдагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь харагдаж байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга газар эзэмших талаар шийдвэр гаргасан. Газар эзэмших гэдгийг газрын тухай хуулийн 3.1.3-т “газар эзэмшигч гэж газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу зөвшөөрсөн нөхцөл, болзлын дагуу өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ” гэж заасан. Баянзүрх дүүргийн засаг даргын зүгээс ямар нэгэн нэхэмжлэгч нарыг эрхийг зөрчсөн зүйл байхгүй тул нэхэмжлэгч нарын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс засаг дарга болон нэхэмжлэгч Б.Энхбаяр, Б.Нямханд нарын хооронд гэрээний болон гэм хорын харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нар 2011 онд тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг Ж.Тунгалагтамиртай байгуулснаар өмчлөгч болсон. Хэдийгээр бүртгэлийг захиргааны хэргийн шүүх хүчингүй болгосон боловч нэхэмжлэгч Б.Энхбаяр, Б.Нямханд нар өнөөдрийн байдлаар дээрх хувийн сууц, газрыг ашиглаж байгаа тул тэдгээрт бодит хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Тунгалагтамирын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс худалдагч нь хуульд заасны дагуу хүсэлтээ гаргасны дагуу хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн. Тухайн газар өөр хүний нэр дээр байгааг захиргааны байгууллага шалган тогтоосон бол энэхүү үйл явдал болохгүй байсан тул хариуцагч нарын буруутай үйл ажиллагаанаас болж энэ хэрэг болсон тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа гэж тайлбарласан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Батхуягаас хорооны нэр хаяг өөрчлөгдсөнийг далимдуулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ авсан санаатай хууль бус аргаар төрийн байгууллагыг төөрөгдүүлэн авсан этгээд Тунгалагтамир, Ариунаа нараас болж нэхэмжлэгчид хохирол учирсан. Хорооны хаягийн өөрчлөлтөөр шинэ эзэмшигч бий болгосон төрийн албан хаагч нар мэдсээр байж санаатай хууль бус үйлдэл гаргасан нь тодорхой тул дээрх буруутай этгээдүүдийн буруугийн хэм хэмжээг тогтоож шүүх шийдвэрээ гаргах нь зүйтэй гэх тайлбар гаргасан.

 

Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага болох 43,865,339 төгрөгийн 12,420,000 төгрөг нь худалдан авсан амины орон сууцыг засварлахад гарсан зардал гэж, 31,445,339 төгрөг нь Хас банкны зээл, хүүд төлсөн төлбөр гэж тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 6/4224 дугаартай албан бичигт эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026075 дугаартай, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь эх, 2 дугаар гудамжны 2761 тоот хаягт байршилтай хувийн сууцны өмчлөх эрх анх 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ж.Тунгалагтамирын өмчлөлд бүртгэгдэж, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Энхбаяр, Б.Нямханд нарын өмчлөллд шилжин бүртгэгдсэн байна. Дээрх хувийн сууцыг барьцаалсан Хас банк ХХК-тай 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй байх бөгөөд шаардах эрх Монголын ипотекийн корпораци ОССК-д шилжин бүртгэгдсэн байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026075 дугаарт иргэн Ж.Тунгалагтамирын өмчлөлд 2009-5-28-ны өдөр бүртгэсэн бүртгэл, иргэн Б.Энхбаяр, Б.Нямханд нарын өмчлөлд 2011-06-8-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020-03-18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020-06-04-ний өдрийн 374 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020-12-14-ний өдрийн 422 дугаар тогтоолоор тус тус хүчингүйд тооцсон байна гэжээ /хх-206/.

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн засаг даргын 2007 оны 263 дугаар захирамжийн, Нийслэлийн засаг даргын 2009 оны 29 дүгээр захирамжийн Ж.Тунгалагтамирт холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Ү-2204026075 улсын дугаартай, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд дарь эх 2-р гудамж, 2761 тоот газрын өмчлөгчөөр Ж.Тунгалагтамирыг бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд дарь эх 2-р гудамж 2761 тоот Ү-2204026075 дугаартай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б.Энхбаяр, Б.Нямханд нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн /хх-8-15/ байх бөгөөд шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 374 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 422 дугаар тогтоолоор /хх-16-25, 26-28/ тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 422 дугаар тогтоолын хянавал хэсэгт

...нэхэмжлэгч Г.Батхуягт Баянзүрх дүүргийн засаг даргын 2000 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Б/133 дугаар захирамжаар тус дүүргийн 2 дугаар хороо 35-799 тоотод газар ашиглах эрхийн үнэмлэх олгосон ба хожим нь уг газар хоёр хуваагдаж хэд хэдэн удаа хаягийн өөрчлөлт хийгдэн одоогийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 13 дугаар гудамжны 1113, 1114 тоот болж өөрчлөгджээ. Энэхүү маргаан бүхий газрын нэг хэсэг болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 13 дугаар гудамжны 113 тоот 255 м.кв газар /түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгө/-ыг одоогоор гуравдагч этгээд Д.Ариунаа өмчилж байгаа бөгөөд шүүхээс түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй, нөгөө хэсэг газар буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 13 дугаар гудамжны 1114 тоот 213 м.кв газарт 2000 оны 8 дугаар сарын 14-нөөс хойш нэхэмжлэгч Г.Батхуяг болон Б.Батмөнх нарын 6 иргэн 103 м.кв 2 давхар амины орон сууц өмчилдөг /0022984 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй/ бөгөөд өнөөдрийг хүртэл уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийгдээгүй боловч тухайн маргаан бүхий газрыг иргэн Л.Насансүрэнгээс гуравдагч этгээд Д.Ариунаа авч улмаар Ж.Тунгалагтамирт шилжүүлсэн, гуравдагч этгээд Ж.Тунгалагтамир нь туханй газар болон түүн дээрх амины орон сууцыг өмчлөх эрхтэй болж улмаар гуравдагч этгээд Б.Энхбаяр, Б.Нямханд нарт худалдсан үйл баримт тогтоогджээ... гэж,

...маргаан бүхий газар дээрх нэхэмжлэгч Г.Батхуяг болон нэр бүхий иргэдийн амины орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл буюу 0022984 дугаартай гэрчилгээ хүчин төгөлдөр байхад түүнтэй давхцуулан гуравдагч этгээд Ж.Тунгалагтамирыг өмчлөгчөөр бүртгэсэн 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Ү-2204026075 дугаартай улсын бүртгэл болон уг бүртгэлд гуравдагч этгээд Б.Энхбаяр, Б.Нямханд нарыг өмчлөгчөөр /өөрчилж/ бүртгэсэн 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Ү-2204026075 дугаартай улсын бүртгэл хууль бус юм... гэж,

...хариуцагч Нийслэлийн засаг дарга болон******* нь дээрх газрыг маргаан бүхий актуудаар гуравдагч этгээд Д.Ариунаад, Д.Ариунаагаас Ж.Тунгалагтамирт тус тус шилжүүлж газар эзэмших, өмчлөх эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 38 дугаар зүйлийн 38.3 “эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна”, 38.3.1 “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, 38.3.2 “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3 “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”-г шалгах үүргээ зөрчсөн, нэхэмжлэгчийн хувьд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар газар эзэмших эрх нь дуусгавар болоогүй, Монгол Улсын иргэнд газар  өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэснийг зөрчсөн... гэж дүгнэжээ /хх-26-28/.

 

Хас банк ХХК-ийн 2021-11-10-ны өдрийн 152/442 дугаартай албан бичигт зээлдэгч Б.Энхбаяр нь Хас банктай 2011 оны 6-р сарын 9-ний өдөр 1520001554 тоот зэлийн гэрээ байгуулж 14,000,000 төгрөгийн зээл авсан ба 2021 оны 11-р сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 1,996,036 төгрөг байгаа болно. Зээлийн дуусах хугацаа 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр байсан бөгөөд зээлийн төлбөр одоог хүртэл төлөгдөөгүй байна. Зээлдэгч зээл авснаас хойш банкинд 12,403,964 төгрөгийн үндсэн төлбөр, 19,002,135.70 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөр төлсөн болно гэжээ /хх-95/.

 

Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд гуравдагч этгээд Ж.Тунгалагтамир нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь эх, 2 дугаар гудамж 2761 тоотод байрлах газар, хувийн сууцыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эрхийн зөрчилгүй хөрөнгийг өмчлөх эрхэд нь шилжүүлэх үүргээ хэрэгжүүлсэн байна.

 

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд дарь эх 2-р гудамж 2761 тоот Ү-2204026075 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.Энхбаяр, Б.Нямханд нарыг бүртгэсэн байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Хэдийгээр, хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн засаг дарга нар маргаан бүхий газрыг иргэдэд давхцуулан олгосон гэм буруутай болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нарт бодитоор хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрын өмчлөх эрхийг олгосон бүртгэл хүчингүй болсноор тухайн газрыг иргэн Г.Батхуягт дүүргийн засаг даргаас 2000 оны 8 дугаар сард олгосон ашиглах эрхийн үнэмлэх хүчинтэй хэвээр үлдсэн бөгөөд уг эзэмших эрхтэй газарт баригдсан амины орон сууцны зориулалт бүхий байшин нь тухайн эзэмших эрхтэй газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарч байна.

 

Түүнчлэн зохигчийн тайлбараар маргаан бүхий газар болон хувийн сууцны бүртгэлийг шүүхээс хүчингүй болгосон ч тухайн газар, хувийн сууцны өмчлөгч өөрчлөгдөж бүртгэгдсэн зүйлгүй, тухайн газрын эрхийн бүртгэл хэн нэг этгээдэд хийгдээгүй болохыг тайлбарлаж, нэхэмжлэгч нар худалдан авсан хувийн сууцанд амьдарч байгаа ажээ.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын шаардсан хохирол нь хариуцагч нарын гэм буруутай шууд шалтгаантай болох нь баримтаар тогтоогдохгүй, тухайн хохирол бодитоор нэхэмжлэгч нарт учирсан гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

 

Тиймээс нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болсон бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүрэг үүссэн, гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх үндэслэл нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй, учруулсан хохирлыг арилгуулахаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шаардлага гаргах эрхтэй боловч бодитоор хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд дарь эх 2-р гудамж, 2761 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026075 дугаарт бүртгэлтэй, 221 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой асуудлаа шийдвэрлэсний дараа тэдгээрт хохирол учирсан гэж үзвэл энэ талаар нэхэмжлэлээ гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

 

Иргэдийн төлөөлөгч нь Засаг дарга нар газар эзэмших удирдамж гаргахдаа давхцуулан гаргасан, үл хөдлөх 2 өөр хүнд нэг үл хөдлөх гэрчилгээ гаргаж иргэдэд маш их маргаан үүссэн байх тул Засаг дарга нар иргэдтэйгээ уулзаж зөвшилцвөл зүгээр. Газар эзэмших удирдамж давхцан гарснаас үл хөдлөх гэрчилгээ 2 хүний нэр дээр гарсан гэм буруутай гэж дүгнэсэн. Гэвч засаг дарга нарын гаргасан шийдвэр буруутай болохыг Захиргааны хэргийн шүүх дүгнэж шийдвэрлэснээр нэхэмжлэгч нарт бодитоор хохирол учирсан гэж үзэхээргүй байх тул иргэдийн төлөөлөгчийн санал нь шийдвэрийн үндэслэл болох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүнд үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377,277 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдулан гаргасан гэм хорын хохиролд 43,865,339 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Энхбаяр, Б.Нямханд нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,277 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ЯНЖИНДУЛАМ

 

 

               ШҮҮГЧИД                                           Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

                                                                            Л.ЭНХЖАРГАЛ