Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01772

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01772

 

 

 

 

 

 

2022 09 19 210/МА2022/01772

 

 

Б.Э-, Б.Н- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/02792 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Э-, Б.Н- нар

Хариуцагч: БЗДЗД-, НЗД-нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 43,865,339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э-, Б.Н-, БЗДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: 111111 тоот хаягт бүртгэлтэй байсан 213 м.кв өмчлөгдсөн газар, 221 м.кв талбайтай хувийн сууцыг 2011 онд иргэн Ж.Т-аас Хас банк ХХК-ийн зээлээр худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл Г.Б- 2018 онд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаар шийдвэрээр бидний Ж.Т-аас худалдан авч өмчлөгч болсон газар, хувийн сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгосон. Бид энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхүүдэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн тогтоолд биднийг өөрт учирсан хохирлоо холбогдох этгээдээс шаардах эрхтэй гэж заасан. Иймд газрын үнэд 8,000,000 төгрөг, байшингийн үнэд 10,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөг төлсний 14,400,000 төгрөгийг Хас банкнаас зээлээр авч одоо хүртэл зээл, зээлийн хүүг төлж байгаа тул банкинд төлсөн 31,445,339 төгрөг, хувийн сууцны засварт зарцуулсан 12,420,000 төгрөг, нийт 43,865,339 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Г.Б-ийн нэхэмжлэлтэй НЗД-д холбогдох 222222 тоот 000000 дугаартай, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б.Э-, Б.Н- нарын өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн. НЗД-болон нэхэмжлэгч нарын хооронд гэрээний болон гэм хорын харилцаа үүсээгүй тул Б.Э-, Б.Н- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч БЗДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нар БЗДЗД-тай ямар нэгэн гэрээ байгуулж харилцан үүрэг хүлээгээгүй болно. БЗДЗД-ын зүгээс зөвхөн газар эзэмшүүлэх асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нарын БЗДЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Худалдагчийн зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгө, газар нь Н.Б-н нэр дээр байгаа талаар мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан. Бид хуульд заасны дагуу хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, газрын эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн. Тухайн газар өөр хүний нэр дээр байгааг захиргааны байгууллага шалган тогтоосон бол энэхүү үйл явдал болохгүй байсан. Иймд хариуцагч нарын буруутай үйл ажиллагаанаас болж энэ хэрэг болсон тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Б-н тайлбар, татгалзлын агуулга: Маргааны зүйл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ авсан, хорооны нэр хаяг өөрчлөгдсөнийг далимдуулан эзэмших эрхийг мэдсээр байж санаатай хууль бус аргаар төрийн байгууллагыг төөрөгдүүлэн авсан этгээд болох Ж.Т-, н.А нараас болж нэхэмжлэгчид хохирол учиржээ. Хорооны хаягийн өөрчлөлтөөр шинээр эзэмшигч бий болгосон төрийн албан хаагч нар мэдсээр байж санаатай хууль бус үйлдэл гаргасан нь тодорхой. Иймд дээрх буруутай этгээдүүдийн гэм буруугийн хэм хэмжээг тогтоож шүүх шийдвэрээ гаргах нь зүйтэй гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БЗДЗД-, НЗД-нарт холбогдулан гаргасан гэм хорын хохиролд 43,865,339 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Э-, Б.Н- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,277 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь анхан шатны шүүх ... тухайн газар, хувийн сууцны өмчлөгч өөрчлөгдөж бүртгэгдээгүй гэж нэхэмжлэгч нарт бодитоор хохирол учирсан болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй дүгнэлтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч БЗДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нар Ж.Т- гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж хашаа, байшин авсан байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдагч нь эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй. Гуравдагч этгээдээр оролцсон Ж.Т- гэх хүн гэрээний үүргээ биелүүлээгүй, хуульд заасан үндэслэлээр шударга аргаар хөрөнгө олж аваагүй байж худалдагч нарт байшин, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж ашиг олсон нөхцөл байдал байх тул нэхэмжлэгч нар худалдах, худалдан авах гэрээний дагуу Ж.Т- гэх хүнээс хохирлоо нэхэмжлэх үндэслэлтэй гэжээ.

9. Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

11. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Б давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Б.Э-, Б.Н- нар нь БЗД болон НЗД-нарт холбогдуулан гэм хорын хохиролд 43,865,339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.а. Б.Э-, Б.Н- нар нь Ж.Т-тай 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ, Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулж, уг гэрээгээр 111111тоот хаягт байршилтай нэгж талбарын 18644313491929 дугаартай, 213 м.кв талбайтай өмчлөлийн газрыг 8,000,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн 000000дугаарт бүртгэгдсэн, 221,1 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцжээ. /хх. 45-49/

3.б. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Т- нь гэрээний үүргээ биелүүлж, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр газар болон хувийн сууцны өмчлөх эрх Б.Э-, Б.Н- нарын нэрээр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь 333333 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, болон 000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-206/.

3.в. Газар худалдах, худалдан авах гэрээ-ний 4-д ...6,400,000 төгрөгийг банкны зээлээр төлнө гэж, Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 7-д 8,000,000 төгрөгийг Хас банкны зээлээр төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нар Хас банк ХХК-тай 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 1520001554 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Хас банк ХХК нь 14,400,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар, жилийн 19,44 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай Б.Э-, Б.Н- нарт зээлдүүлэх, зээлдэгч нар нь  гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх. 33-44/

3.г. Нэхэмжлэгч нар нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 12,403,964 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 19,002,135 төгрөг, нийт 31,406,099 төгрөг төлсөн болох нь Хас банк ХХК-ийн 152/442 тоот албан бичгээр тогтоогдож байна. /хх. 95/

4.а. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0176 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн засаг даргын 2007 оны 263 дугаар захирамжийн, Нийслэлийн засаг даргын 2009 оны 29 дүгээр захирамжийн Ж.Т-т холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 000000улсын дугаартай, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд дарь эх 2-р гудамж, 2761 тоот газрын өмчлөгчөөр Ж.Т-ыг бүртгэсэн бүртгэл, 111111 тоот 000000дугаартай 2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б.Э-, Б.Н- нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 374 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 422 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-8-28/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

4.б. Дээрх үйл баримтыг харьцуулан дүгнэхэд гуравдагч этгээд Ж.Т- нь 111111 тоотод байрлах газар, хувийн сууцыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эрхийн зөрчилгүй хөрөнгийг Б.Э-, Б.Н- нарын өмчлөлд нь шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.в. Төрийн байгууллага, албан тушаалтны хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хожим бусдад худалдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн болон газар өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгосон үйл баримтад гуравдагч этгээд Ж.Т-ын гэм буруу тогтоогдоогүй тул шалтгаант холбоогүй байна.

4.г. Баянзүрх дүүргийн засаг даргын 2007 оны 263 дугаар захирамжийн хэсгээр, Нийслэлийн засаг даргын 2009 оны 29 дүгээр захирамжийн хэсгээр хууль зөрчиж, иргэдэд газар давхцуулан олгосон гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт хохирол учирсан нь шалтгаант холбоотой.

4.д. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нарт холбогдох эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгосон байхад нэхэмжлэгч нарт бодитоор хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх бүртгэлээр үүсэх хуулийн зохицуулалтай. 111111 тоот 000000дугаартай 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б.Э-, Б.Н- нарыг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хүчингүй болсноор өмнөх өмчлөгчийн бүртгэл сэргэж, нэхэмжлэгч нарын худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн субъектив эрхээ алдаж, худалдан авахад зарцуулсан мөнгөн хөрөнгөөр хохирох үр дагавар шууд үүснэ.

Иймд нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

5. Нэхэмжлэгч нар нь ...газар эзэмших, өмчлүүлэх шийдвэрийг давхардуулан гаргасан БЗД-ийн болон НЗД-нараас гэм хорын хохиролд худалдан авсан хувийн сууцны үнийг банкинд зээл, хүүгийн төлбөрт төлсөн 31,445,339 төгрөгөөр тооцон гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн засварын зардалд 12,420,000 төгрөг, нийт 43,865,339 төгрөгийн хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар Хас банк ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 152/442 дугаартай албан бичигт дурдсан үндсэн зээл болон хүүгийн төлбөрт төлсөн 31,406,099 төгрөгийг бодит хохирол гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 111111 хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийхэд 12,420,000 төгрөгийн зардал гарсан болохыг баримтаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсанд хариуцагч нарын хэн аль нь гэм буруутай байх тул хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.

6. Иймд, нэхэмжлэгч нарт учирсан хохирол 31,445,339 төгрөгийг хариуцагч НЗД-аас 15,703,050 төгрөг, БЗДЗД-ас 15,703,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-, Б.Н- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хувийн сууцыг засахад гарсан зардал 12,420,000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/02792 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч БЗДЗД-ас 15,703,050 төгрөг, Нийслэлийн Засаг даргаас 15,703,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-, Б.Н- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,459,240 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж гэж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 236,465 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-, Б.Н- нарт буцаан олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 377,277 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР