Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 104/ШШ2020/00494

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 16 өдөр Дугаар 104/ШШ2020/00494 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 8 дугаар хороо, 40 дүгээр байр 12 тоотод оршин суух, ******* /РД:*******/

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 55А байр 406 тоотод оршин суух, ******* /РД:*******/,

 

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Уурхайчдын гудамжид байрлах, Налайх, Багахангай дүүргийн *******ын газар,

 

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо Уурхайчдын гудамжид байрлах, Налайх дүүрэг дэх *******т холбогдох

 

Гэм хорын хохирол 25.567.375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагч Ч., хариуцагч Налайх, Багахангай дүүргийн *******ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч Налайх дүүрэг дэх хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шийдвэрээр хариуцагч Ч.гаас 25.567.375 төгрөгийг гаргуулж С.д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ч. нь 12 жилийн хугацаанд хөрөнгө орлогоо нуун дарагдуулан өөрийн өмч болох 66 дугаар байрны 12 тоот орон сууцыг охин н.ад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн нь тогтоогдсон. Гэтэл Ч. тухайн орон сууцыг эрүүгийн хэрэг шийдэгдэхээс өмнө мөрдөгч М.ы мэдэлд мөрдөгдөж байх хугацаандаа буюу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн Э.д 67.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан. Мөрдөгч М. нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгийг хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор сэжигтэн, яллагдагч эсхүл хуулиар тэдний төлөө эд хөрөнгийн хариуцлага хүлээвэл зохих хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжлэх үүрэгтэй гэж зааснаар битүүмжлэх арга хэмжээ авалгүй маргаан бүхий орон сууцыг бусдад шилжүүлэх боломж бололцоо, давуу байдал олгож хэргийг бүрэн нягталж шалгалгүйгээр хэрэгсэхгүй болгох санал хүргүүлсэн. Хяналтын прокурор Б. нь 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 5/225 тоот тогтоолоороо яллагдагч Ч. охиндоо орон сууцаа шилжүүлсэн, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн нь хангалттай нотлогдсон байхад хэргийг санаатайгаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Цагдаа, прокурорын байгууллагын эрх бүхий алба хаагч болон Ч. нарын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгчид дараах гэм хорын хохирол учирсан. Үүнд 2015.03.01-2018.04.01 өдөр хүртэл 37 сарын түрээс, нэг сарын төлбөр 450.000 төгрөг, нийт 16.650.000 төгрөг болсон, үүнээс 2018.04.09 өдөр 3.100.000 төгрөг, 2018.06.02 өдөр 5.400.000 төгрөг, 2018.12.16 өдөр 4.500.000 төгрөг, нийт 13.000.000 төгрөгийн түрээс төлсөн. 2018.04.01-2019.12.01 өдөр хүртэл 20 сарын түрээсийн төлбөр, сарын төлбөр 450.000 төгрөгөөр тооцон 9.000.000 төгрөг болсон, үүн дээр өмнөх төлбөрийн үлдэгдэл 3.650.000 төгрөгийг нэмээд нийт 12.650.000 төгрөг болсноос 2019.12.23-нд 5.650.000 төгрөг, 2020.01.17-нд 4.000.000 төгрөг төлж, нийт үлдэгдлээс 9.650.000 төгрөгийг төлж, 3.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Нийт гарсан түрээсийн төлбөр 25.650.000 төгрөгийг хариуцагч нарын хууль бус үйлдэл, шийдвэрийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэн хариуцагч нараас түрээсийн төлбөр 25.650.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр Ч.гаас илрүүлээд шалгуулахаар өгсөн, хэрэг шийдсний дараа дуудлага худалдаагаар оруулж хохирол барагдуулах ёстой хөрөнгөтэй холбоотойгоор мөрдөн байцаагч М., хяналтын прокурор Б. нар хууль бус шийдвэр гаргаж, 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шийдвэрийг биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж, хохирол барагдуулах хөрөнгөгүй болгосон. Энэ нь бидэнд гэм хорын хохирол үүсгэж байна. Иймд Ч., Налайх, Багахангай дүүргийн *******ын газар, Налайх дүүрэг дэх хэлтсээс гэм хорын хохирол 25.567.375 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Ням-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шийдвэрээр хариуцагч Ч.гаас 25.567.375 төгрөгийг гаргуулж С.д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг үндэслэн Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хооронд Ч. нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийх зорилгоор өөрийн өмчийн Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоотод байрлах орон сууцыг охин ын нэр дээр шилжүүлсэн асуудлыг Шийдвэр гүйцэтгэх хэлтэс олж тогтоон байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргасан.

*******, *******ын газар нь 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн атлаа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоотод байрлах орон сууцыг нь 2015 оны 10 дугаар сард Э.гийн нэр дээр шилжүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад дээрх орон сууцыг цагдаа болон прокурорын байгууллага зайлшгүй битүүмжлэх ёстой байсан боловч энэ ажиллагааг хийгээгүй. Үүнээс болж 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болж 25.567.375 төгрөгийн гэм хорын хохирол учирсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үнийн хувьд 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг жишиг болгон авсан, харин шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг нэхэмжлээгүй.

Иргэн Ч. нь төрийн байгууллагын нэрийн өмнөөс эрх мэдэл, албан тушаал эрхэлдэггүй учир хариуцагч Ч.д холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, гэм хорын хохирол төлбөр 25.567.375 төгрөгийг Налайх, Багахангай дүүргийн *******ын газар, Налайх дүүрэг дэх хэлтсээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С. нь Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 66 дугаар байрны 3 өрөө байрыг 8.200.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Энэ хугацаанд Ш.Сосорбарам гэх хүнтэй өмчийн маргаантай байх хугацаанд С. нь түүнд надаас худалдан авсан байраа алдсан. Үүнийг шийдвэрлүүлэхдээ Ш.Сосорбарамтай эвлэрлийн гэрээ байгуулан С. нь 8.200.000 төгрөгөө 25.567.375 төгрөг болгон надаас гаргуулахаар шүүхээр шийдвэрлүүлэн намайг хохироосон. Би энэ асуудалтай холбоотой Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт зааснаар шийтгүүлж, 2.500.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авхуулсан. Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад сар бүр төлбөр төлж, хохирлыг нь барагдуулж байгаа. Би одоогийн байдлаар 4.000.000 төгрөгийг д өгсөн. Би хэргийг шалгаж байсан прокурор, мөрдөн байцаагч нарыг танихгүй. Тухайн орон сууц бусдад шилжсэн асуудал надад хамаагүй. Одоо С.Ням-Эрдэний нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Налайх, Багахангай дүүргийн *******ын газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас байгууллагад Ч.хулангийн шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн үйлдлийг шалгуулахаар хандсны дагуу 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхээс өмнө маргаж буй орон сууцын бэлэглэлийн гэрээгээр 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ч.гаас Х.ад шилжүүлсэн. Тухайн үед мөрдөн байцаах ажиллагаа явуулж байсан мөрдөн байцаагч, хяналт тавьж ажиллаж байсан прокурор яллагдагчийн нэр дээрх хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хийх гэтэл Ч.гийн нэр дээр ямар нэгэн хөрөнгийн бүртгэл байхгүй байсан. С. өмнөх шүүх хуралдаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын буруутай үйл ажиллагаанаас болоод би хохирчихлоо гэж тайлбарлаж байсныг анхаарах хэрэгтэй байх.

Эрүүгийн хэргийн шүүх Ч.д холбогдох хэргийг эцсийн байдлаар шийдвэрлээд шийтгэх тогтоол гарсны дараа мөрдөгч, прокуророос 25.650.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 25.567.375 төгрөг болгосон.

Анхан шатны шүүх, Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн тогтоолоор Ч.гаас 25.567.375 төгрөгийг гаргуулж С.д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Нэгэнт орон сууцтай холбоотой асуудлаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарчихсан байхад Ч.гийн үйлдсэн хохирол, хор уршгийн улмаас учирсан хохирлыг прокурор, цагдаагийн байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Бидний зүгээс Ч. нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн эсэх талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Мөрдөн байцаах ажиллагаа цаг хугацааны хувьд удааширч явагдаж байсан зүйл байгаа. Гэхдээ энэ нь тухайн мөрдөн байцаагч, прокурорын санаатай илт хууль зөрчиж байгаа асуудал биш юм. Иймд тухайн орон сууцыг битүүмжлэлгүй худалдан борлуулах боломжийг төлбөр төлөгчид үүсгэсэн асуудал *******ын болон байгууллагад байхгүй учир нэхэмжлэлийн гаргасан шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Налайх дүүрэг дэх *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: байгууллагын зүгээс прокурорын тайлбарыг дэмжсэн байр сууринаас оролцож байгаа. байгууллагад Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Ч.г шалгуулах өргөдөл ирэхээс өмнө 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 66 дугаар байрны 12 тоот орон сууц нь бусдын нэр дээр шилжсэн байсан. байгууллагад өргөдөл ирсний дараа 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаах ажиллагаа явагдсан. Хуульд зааснаар байгууллагаас хэрэгт хийвэл зохих ажиллагааг хийсэн. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэжигтэн, яллагдагчийн эд хөрөнгийг битүүмжилнэ гэж заасан болохоос өөр бусад хэн нэгний эд хөрөнгийг битүүмжилнэ гэсэн заалт байхгүй. Иймд хуулийн дагуу үйл ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С. нь хариуцагч Ч., Налайх, Багахангай дүүргийн *******ын газар, Налайх дүүрэг дэх *******т холбогдуулан түрээсийн төлбөр 25.650.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилж гэм хорын хохирол 25.567.375 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь хариуцагч Ч.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, Налайх дүүрэг дэх *******, Налайх, Багахангай дүүргийн *******ын газраас гэм хорын хохирол 25.567.375 төгрөгийг тэнцүү хэмжээгээр нэхэмжилсэн. Мөн нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохирол 25.567.375 төгрөгийн үнийн дүнг тодорхойлохдоо Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шийдвэрт заасан төлбөрийн дүнг жишиг болгосон бөгөөд харин дээрх шийдвэрээр шийдвэрлэсэн төлбөрийг нэхэмжлээгүй болохоо тайлбарлажээ.

Хариуцагч нарын зүгээс нэгдмэл байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй болохоо илэрхийлсэн.

 

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 631 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаар тогтоолоор хариуцагч Ч.гаас 25.567.375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.д олгохоор шийдвэрлэжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар 18-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Ч.г Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаар тогтоолын дагуу С.д төлбөр төлөөгүй, өөрийн өмч болох Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоотод байрлах орон сууцыг охин Х.Эрдэм-Ундрахын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн, 2015 оны 10 дугаар сард дээрх байрыг 15.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд Э.гийн нэр дээр шилжүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр уг байрыг 62.000.000 төгрөгөөр зарж, Э.гийн данснаас нөхөр Ц.гийн дансаар дамжуулан авч Ү.д худалдан өөрийн эд хөрөнгийг шилжүүлж зайлсхийсэн зэргээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх торгох ялаар шийтгэсэн ба уг шийтгэх тогтоолд дурдсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй байна.

 

Шүүх бүрэлдэхүүний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн зүгээс маргааны үйл баримт болон зохигчийн гэм буруугийн талаар нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасныг шийдвэр гаргахад харгалзан авч үзлээ.

 

Нэхэмжлэгч С. нь төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас гэм хор учирсан гэж үзэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэхдээ бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлага хангаагүй баримтуудыг үнэлээгүй болно.

 

Ч.гийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийсэн үйлдэлд 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн ******* эрүүгийн хэрэг үүсгэсэн, маргааны зүйл болж буй Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоотод байрлах орон сууцыг Ч. нь охин Х.Эрдэм-Ундрахын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн, дээрх байрыг өмчлөх эрх нь худалдах-худалдан авах гэрээний дагуу Э.д 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, Ү.д 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус тус шилжсэн болох нь хэрэгт авагдсан Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар 18-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоол /1ХХ-н 57-68/, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1ХХ-н 165/, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 7/3003 тоот албан бичиг /1ХХ-н 202/ зэргээр нотлогдсон байна.

 

Нэхэмжлэгч талын зүгээс эрүүгийн хэрэгт хяналт тавьсан прокурор, хэргийг мөрдсөн мөрдөн байцаагч нар нь 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ч.д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн атлаа 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн Э.гийн нэр дээр шилжих хүртэлх хугацаанд төлбөр барагдуулах гол эд хөрөнгө болох Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоотод байрлах орон сууцыг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасны дагуу битүүмжлэх арга хэмжээг аваагүйгээс болж одоог хүртэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн.

Үйл баримтын дарааллын хувьд 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ч.д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө буюу 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ч. нь Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоотод байрлах орон сууцыг охин Х.Эрдэм-Ундрахын өмчлөлд шилжүүлснээр дээрх орон сууцанд холбогдох түүний өмчлөл дуусгавар болж, Х.Эрдэм-Ундрахад өмчлөгчийн бүх эрх, үүрэг шилжсэн байна. Энэ тохиолдолд 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоотод байрлах орон сууцыг битүүмжлэх ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл Налайх, Багахангай дүүргийн *******ын газар болон Налайх дүүрэг дэх *******т байхгүй байжээ.

Учир нь 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсгийн Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор яллагдагч, сэжигтэн, эсхүл хуулиар тэдний өмнөөс эд хөрөнгийн хариуцлага хүлээвэл зохих хүний эд хөрөнгийг битүүмжлэх, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдгийг нотлох хангалттай үндэслэл байгаа бол уг хөрөнгө, орлогыг битүүмжлэх үүрэгтэй гэх зохицуулалт үйлчилж байсан байна. Уг зохицуулалт нь Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоотод байрлах орон сууцны өмчлөгч Х.Эрдэм-Ундрахад хамаарахгүй бөгөөд Х.Эрдэм-Ундрах нь хуулиар Ч.гийн өмнөөс эд хөрөнгийн хариуцлага хүлээвэл зохих асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн иргэний хариуцагч гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Үүний дараа буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ заасан билээ.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн хүрээнд эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагч Ч.д хамааралгүй, Х.Эрдэм-Ундрахын өмчлөлийн Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоотод байрлах орон сууцыг битүүмжлэх ажиллагааг явуулаагүй эс үйлдэлд Налайх, Багахангай дүүргийн *******ын газар болон Налайх дүүрэг дэх хэлтсийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч нь *******ын болон байгууллагын албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас өөрт учирсан гэх гэм хорын хохирлын хэмжээг тодорхойлохдоо Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шийдвэрт заасан төлбөрийн дүнг жишиг болгож 25.567.375 төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу бодитоор 25.567.375 төгрөгийн хохирол учирсан болохыг хуульд заасан нотлох баримт, нотолгооны хэрэгслээр нотолж чадаагүй.

 

Налайх, Багахангай дүүргийн *******ын газар болон Налайх дүүрэг дэх хэлтсийн албан хаагчдын Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоотод байрлах орон сууцыг битүүмжлэх ажиллагааг хийж гүйцэтгээгүйн улмаас одоо Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 631 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтны шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаар тогтоолд заасан төлбөр барагдуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелэгдэх боломжгүй болсон гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа ч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/газрын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн эрэн сурвалжлах ажиллагаа явуулах тогтоол /1ХХ-н 214/, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах акт /1ХХ-н 217-218/, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3/739 тоот хариу мэдэгдэх хуудас /1ХХ-н 213/, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /1ХХ-н 211-212/, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3/11504 тоот албан бичиг /1ХХ-н 209/, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /1ХХ-н 207-208/, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл /1ХХ-н 203-204/, төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тогтоол /1ХХ-н 205/, Нийслэлийн Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 559 тоот албан бичиг /1ХХ-н 206/, Ч.гаас 2018 оны 09 дүгээр сарын 26, 2019 оны 02 дугаар сарын 01, 05 дугаар сарын 29, 06 дугаар сарын 12, 2020 оны 04 дүгээр сарын 28, 04 дүгээр сарын 01, 24, 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд төлбөр авагч С.д төлбөр төлсөн баримт /1ХХ-н 219-227/ зэрэг нотлох баримтуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга журмын дагуу Шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг явуулсаар байгаа болох нь нотлогджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл төлбөр авагч С., төлбөр төлөгч Ч. нарын оролцож буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үүссэн гэх үндэслэл энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад баримтаар тогтоогдоогүй.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан байдаг бөгөөд хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судласан нотлох баримтууд, дээр өгсөн дүгнэлтээр хариуцагч байгууллага, тэдгээрийн албан хаагчийн санаатай, эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хорын 25.567.375 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг эрх бүхий байгууллага гүйцэтгэхээр зохих ажиллагааг явуулж байгаа, хариуцагч Налайх, Багахангай дүүргийн *******ын газар болон Налайх дүүрэг дэх хэлтсийн албан хаагчдын Х.Эрдэм-Ундрахын өмчлөлийн Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоотод байрлах орон сууцыг битүүмжлэх ажиллагааг гүйцэтгээгүй эс үйлдлийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч нь бодитоор 25.567.375 төгрөгийн хохирол учирсан болохоо хуульд заасан үүргийнхээ дагуу нотлоогүй тул Налайх, Багахангай дүүргийн *******ын газар болон Налайх дүүрэг дэх *******т холбогдох гэм хорын хохирол 25.567.375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч С.Ням-Эрдэнийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* /РД:*******/-ийн гаргасан хариуцагч Налайх, Багахангай дүүргийн *******ын газар болон Налайх дүүрэг дэх *******т холбогдох гэм хорын хохирол 25.567.375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч С.Ням-Эрдэнийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ

 

ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС

 

ШҮҮГЧ Т.БАДРАХ