Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00353

 

МАГАДЛАЛ

2021.02.08 Дугаар 00352

  

 

 

С.Н- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 104/ШШ2020/00494 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Н- нэхэмжлэлтэй, хариуцагч Налайх дүүргийн Прокурорын газар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Ч.Х- нарт холбогдох, гэм хорын хохиролд 25 567 375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дугаар шийдвэрээр Ч.Х-гаас 25 567 375 төгрөгийг гаргуулж С.Нд олгохоор шийдвэрлэсэн. Ч.Х- нь 12 жилийн хугацаанд хөрөнгө, орлогоо нуун дарагдуулан өөрийн өмчлөлийн 66 дугаар байрны 12 тоот орон сууцыг охин Х.Эрдэнэ-Ундрахад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн. Ч.Х- тухайн орон сууцыг эрүүгийн хэрэг мөрдөгдөж байх хугацаанд буюу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Э.Урантуяад 67 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан. Мөрдөгч М.Баярсайхан нь тухайн эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваагүй орон сууцыг бусдад шилжүүлэх боломж олгосон. Хяналтын прокурор Б.Тогтох нь 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 5/225 тоот тогтоолоороо яллагдагч Ч.Х- нь охиндоо орон сууцаа шилжүүлсэн, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн нь хангалттай нотлогдсон байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Цагдаа, прокурорын байгууллагын эрх бүхий алба хаагч болон Ч.Х-гийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан. Үүнд 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 37 сарын түрээс, нэг сарын төлбөр 450 000 төгрөг, нийт 16 650 000 төгрөг, үүнээс 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 3 100 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5 400 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 4 500 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөгийн түрээс төлсөн. 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 20 сарын түрээсийн төлбөр, сарын төлбөр 450 000 төгрөгөөр тооцон 9 000 000 төгрөг, үүнд өмнөх төлбөрийн үлдэгдэл 3 650 000 төгрөгийг нэмээд нийт 12 650 000 төгрөг болсноос 2019 12 дугаар сарын 23-ны өдөр 5 650 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 4 000 000 төгрөг төлж, нийт 9 650 000 төгрөг төлж, 3 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Ч.Х- нь төрийн байгууллагын нэрийн өмнөөс эрх мэдэл, албан тушаал эрхэлдэггүй учир Ч.Х-д холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, гэм хорын хохирол төлбөр 25 567 375 төгрөгийг Налайх дүүргийн Прокурорын газар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Х- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н нь Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 66 дугаар байрны 3 өрөө байрыг 8 200 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Энэ хугацаанд Ш.Сосорбарам гэх хүнтэй өмчийн маргаантай байсан тул С.Н нь надаас худалдан авсан орон сууцаа түүнд алдсан. Уг маргааныг шийдвэрлэхдээ Ш.Сосорбарамтай эвлэрлийн гэрээ байгуулан С.Н нь 8 200 000 төгрөг өгсөн боловч надаас 25 567 375 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Энэ асуудалтай холбоотой Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт зааснаар шийтгүүлж, 2 500 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт сар бүр төлбөр төлж байгаа. 4 000 000 төгрөгийг С.Нд төлсөн. Тухайн орон сууц бусдад шилжсэн асуудалд миний бие хамаагүй. С.Н- нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэрэндалай шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Цагдаагийн байгууллагад Ч.Х-гийн шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн үйлдлийг шалгуулахаар хандсны дагуу 2015 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхээс өмнө маргаж буй орон сууцын бэлэглэлийн гэрээгээр 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Ч.Х-гаас Х.Эрдэнэ-Ундрахад шилжүүлсэн. Тухайн үед мөрдөн байцаах ажиллагаа явуулж байсан мөрдөн байцаагч, хяналт тавьж ажиллаж байсан прокурор яллагдагчийн нэр дээрх хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хийх гэтэл Ч.Х-гийн нэр дээр ямар нэгэн хөрөнгийн бүртгэлгүй байсан. С.Н өмнөх шүүх хуралдаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын буруутай үйл ажиллагаанаас болоод хохирчихлоо гэж тайлбарлаж байсныг анхаарах хэрэгтэй. Ч.Х-д холбогдох хэргийг шүүх эцсийн байдлаар шийдвэрлээд шийтгэх тогтоол гарсны дараа мөрдөгч, прокуророос 25 650 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Орон сууцтай холбоотой асуудлаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарчихсан байхад Ч.Х-гийн үйлдсэн хохирол, хор уршгийн улмаас учирсан хохирлыг прокурор, цагдаагийн байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бидний зүгээс Ч.Х- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн эсэх талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Мөрдөн байцаах ажиллагаа цаг хугацааны хувьд удааширч явагдаж байсан зүйл байгаа. Гэхдээ энэ нь тухайн мөрдөн байцаагч, прокурорын санаатай илт хууль зөрчиж байгаа асуудал биш юм. Иймд тухайн орон сууцыг битүүмжлэлгүй худалдан борлуулах боломжийг төлбөр төлөгчид үүсгэсэн асуудал Прокурорын болон Цагдаагийн байгууллага хамааралгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн байгууллагад шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Ч.Х-г шалгуулах өргөдөл ирэхээс өмнө 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 66 дугаар байрны 12 тоот орон сууц нь бусдын нэр дээр шилжсэн байсан. Цагдаагийн байгууллагад өргөдөл ирсний дараа 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаах ажиллагаа явагдсан. Хуульд зааснаар Цагдаагийн байгууллагаас хэрэгт хийвэл зохих ажиллагааг хийсэн. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэжигтэн, яллагдагчийн эд хөрөнгийг битүүмжилнэ гэж заасан болохоос өөр бусад хэн нэгний эд хөрөнгийг битүүмжлэх эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Сэр-Одын Ням-Эрдэнэ /РД:УЕ84080513/-ийн гаргасан хариуцагч Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар болон Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст холбогдох гэм хорын хохирол 25 567 375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч С.Н- гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Цагдаа болон Прокурорын байгууллагын алба хаагч нар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгийг хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор сэжигтэн яллагдагч, эсхүл хуулиар тэдний төлөө эд хөрөнгийн хариуцлага хүлээвэл зохих хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжлэх үүрэгтэй" гэж заасныг биелүүлээгүйн улмаас Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дүгээр шийдвэр биелэгдэх боломжгүй болгосон. Төлбөр төлөгч Ч.Х- өөрийн өмч болох 66 дүгээр байрны 12 тоот орон сууцыг бусдад дахин худалдах боломж олгосон, эд хөрөнгийг худалдсан нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 7/3003 дугаар албан бичгээр нотлогдож байна. Ч.Х- өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад шилжүүлсэн үйлдэл нь хөрөнгөө нуун дарагдуулж, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн болохыг тогтоосон байхад эрүүгийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хэмжээнд гаргасан санал хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн 339 дугаартай хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, тухайн үед хохирол барагдуулаагүй байсан 25 567 375 төгрөгийг гаргуулж авах ямарч боломжгүй болсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч бидний эрх хуулиар олгогдсон, хохирлоо барагдуулах ёстой хөрөнгөнд хууль бусаар хандаж, гэм хорын хохиролд 25 567 375 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж хариуцагчаар цагдаагийн хэлтэс, прокурорын газрыг татсан. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтэй хэрэгт цугларсан, шүүх хуралд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хариуцагч байгууллага, тэдгээрийн албан хаагчийн санаатай, эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Төлбөр төлөгч Ч.Х- өөрийн өмч болох 66 дугаар байрны 12 тоот орон сууцыг дахин бусдад шилжүүлэх, худалдан борлуулах, хөрөнгөө нуун дарагдуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах магадлал өндөр байгааг мэдсээр байж мөрдөгч М.Баярсайхан нь маргаан бүхийн уг орон сууцыг битүүмжлээгүйгээс дахин бусдад шилжүүлэх, худалдан борлуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийсэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх боломж олгосноор хэрэг шийдэгдсэн ч хохирол барагдуулах хөрөнгөгүй болгосон. Учир нь Эрүүгийн байцаах шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх заалтыг буруу тайлбарлаж 66 дугаар байрны 12 тоот орон сууцыг Ч.Х-гийн өмчилөлд байгаагүй гэж дүгнэсэн нь шүүх бодит нөхцөл байдал, нотлох баримтыг үнэлээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй алба хаагч нарын үйлдэл, эс үйлдэхүйд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Ч.Х- нарт холбогдуулан гэм хорын хохиролд 25 567 375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Х-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ. /2хав-97х/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар болон Налайх дүүргийн хэлтэс нь Ч.Х-г Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоот орон сууцыг охин Х.Эрдэнэ-Ундрахад шилжүүлж шүүхийн шийдвэр үл биелүүлсэн гэмт хэрэг үйлдснийг мөрдөн шалгах явцдаа уг орон сууцыг битүүмжлэх арга хэмжээ аваагүйгээс шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болсон гэж тайлбарласан байна.

 

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 339 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 631 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаар тогтоолоор хариуцагч Ч.Х-гаас 25 567 375 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Нд олгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1хав-13-21х/

 

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дугаар гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үрэгдүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ хугацаанд Ч.Х- нь 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоот орон сууцыг Х.Эрдэнэ-Ундрахад шилжүүлсэн байна. /1хав-167, 228-229х/

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 106/1052 дугаар захирамжаар 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 59 дугаар гүйцэтгэх хуудсыг дахин олгожээ. /1хав-228х/

 

Үүний дараа буюу 2015 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэсээс Ч.Х- нь өөрийн өмч болох Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байр, 12 тоот орон сууцыг охин Х.Эрдэнэ-Ундрахын нэр дээр шилжүүлж, шүүхийн шийдвэр үл биелүүлсэн гэх үйлдэлд /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. /1хав-165х/

 

Дээр дурдсанаас үзэхэд 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхийн олгосон шийдвэр гүйцэтгэх хуудас үрэгдсэнээс хойш буюу 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнөх хугацаанд Ч.Х- нь 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр орон сууцыг Х.Эрдэнэ-Ундрахын өмчлөлд шилжүүлсэн. Үүнээс хойш гүйцэтгэх хуудсыг дахин олгож, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас орон сууцыг битүүмжлэх ажиллагаа явуулсан боловч уг орон сууцыг бусдын өмчлөлд дахин шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад нэгэнт битүүмжилсэн хөрөнгийг мөрдөн байцаагч болон прокурорыг битүүмжлээгүй гэж буруутгахгүй. Хариуцагч нь орон сууцыг битүүмжлээгүйгээс бусдын өмчлөлд шилжиж, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болсон, уг орон сууцыг дахин бусдад шилжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэрэг үйлдэх боломж олгосон гэх нэхэмжлэгчийн гомдол, тайлбар үндэслэлгүй байна. /1хав-165, 202, 228-229/

 

Харин Ч.Х- шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийсэн гэм буруутай үйлдэлдээ Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

 

Өөрөөр хэлбэл, Ч.Х- нь шүүхийн шийдвэрийн дагуу С.Нд 25 567 375 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, улмаар маргаан бүхий Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 12 тоот өөрийн өмчлөлийн орон сууцыг охин Х.Эрдэнэ-Ундрахын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, 2015 оны 10 дугаар сард дээрх орон сууц Э.Урантуяа, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ү.Ариунтуяа нарын өмчлөлд тус тус шилжүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулан, зайласхийсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогджээ. Тиймээс Ч.Х-гийн гэм буруутай үйлдэлд хариуцагч нарыг буруутгах үндэслэлгүй гэж үзэв./1хав-57-61/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч С.Нд эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан байхыг шаардана. Учир нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол болон хариуцагч нарын үйлдэл, эс үйлдэхүйн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай.

 

Хариуцагч Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс Ч.Х-гийн өмчлөлийн орон сууцыг битүүмжлээгүйгээс шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болж нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учрахад шууд нөлөөлсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу хариуцагч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Хариуцагч нар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг төлөх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.Иймээс нэхэмжлэгч С.Н нь хариуцагч Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс гэм хроын хохирол 25 567 375 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 104/ШШ2020/00494 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч С.Н- гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БАЙГАЛМАА