Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 939

 

С.Б-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/00838 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Б-ны нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 03316 дугаар шийдвэрээр С.Б-аас 72.258.975 төгрөг гаргуулж Н.Зоригтбаатарт олгохоор шийдвэрлэсэн. Тухайн хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгчид 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 4/2988 тоот мэдэгдэл өгсөн байдаг. Тус мэдэгдэлд С.Б-ны эзэмшлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 дугаар эмнэлгийн зүүн хойд талд амины орон сууцны зориулалттай 123 м.кв газрыг 70.700.000 төгрөгөөр үнэлж, түүний 70 хувь болох 49.490.000 төгрөгөөр тооцож анхны албадан дуудлага худалдаа явуулахаар мэдэгдсэн. Тус үнэлгээг хэд хэдэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. С.Б-ны эзэмшлийн газар нь 341 м.кв бөгөөд үүнээс барилга барих талбай нь 123 м.кв юм. Энэ нь шинжээчийн дүгнэлтэд авагдсан зургаас тодорхой харагддаг. Харин бусад 218 м.кв газар нь явган хүний зам, зогсоол, ногоон байгууламж барих төлөвлөгөөтэй газрыг зөвхөн 123 м.кв газрыг үнэлсэнд гомдолтой байна. Тухайн газар нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлах, дулаан, цэвэр бохир усны инженерийн шугам сүлжээнд холбогдсон, багадаа 1 м.кв 1.500.000 төгрөгөөр үнэлэгдэх байхад 575.000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй. Зах зээлийн бодит ханшаас хэт доогуур үнэлсэн тул Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн зүүн хойд талд амины орон сууцны зориулалттай 123 м.кв газрыг 70.700.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4-р сарын 22-ны өдрийн 03316 дугаар захирамжаар Сандагсүрэнгийн Б-аас 72.258.975 төгрөгийг гаргуулж Н.З-т олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч С.Б-ы эзэмшлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар эмнэлэгийн зүүн хойд талд амины орон сууцны зориулалттай 123 м.кв газрыг битүүмжлэн, хураах тогтоол үйлдэж иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилж 70.700.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт зааснаар талуудад мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг , Нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн зүүн хойд талд байрлах, амины орон сууцны зориулалттай 123 м.кв газрыг 70.700.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн С.Б-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр хөрөнгийн үнэлгээ болон нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой зарим нэг зүйлийг тодруулах шаардлагатай, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулах үүндээс хариуцагчийн төлөөлөгчийг биечлэн оролцуулах хүсэлт гаргасан. Харин анхан шатны шүүх хариуцагч ирээгүй нь хэргийг хэлэлцэхэд саад болохгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэнд гомдолтой байгаа болно. Хэд хэдэн төлбөр авагч байгаа тохиолдолд төлбөрөө хэрхэн барагдуулж авах дэс дарааллыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дах хэсэгт тодорхой зааж өгсөн. Харин шүүхийн шийдвэрийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон цаг хугацаанаас харахад төлбөр авагч Г.Эрдэнэсайхан нь төлбөр авагч Н.Зоригтбаатараас шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад түрүүлж бүртгүүлсэн болох нь харагддаг. Тиймээс нэхэмжлэгч талын зүгээс шүүхийн шийдвэр хэрхэн гарах нь төлбөр авагч Г.Эрдэнэсайханы эрх, хууль ёсны ашиг сонирхолд эерэг, сөрөг ямар нэг байдлаар нөлөөлнө гэж үзэж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч, анхан шатны шүүх хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан. Анхан шатны шүүх “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хууль, дүрэм журамд нийцсэн гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үнэлгээг хэвээр үлдээх, эсхүл хуульд, дүрэм журамд үл нийцсэн гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, үнэлгээг хүчингүй болгох гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргахаар байсан. Тиймээс нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр хэрхэн гарах нь хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд эерэг, сөрөг ямар нэг байдлаар нөлөөлнө гэж үзэж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Мөн хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг хэргийн оролцогчдын зүгээс шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч мөн л хүлээн аваагүй. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан ноцтой үйлдэл гэж үзэж байна. “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн амины орон сууцны зориулалттай 123 м.кв газрын хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийг үнэлэхдээ орлогын болон өртгийн хандлагыг хэрхэн ашигласан, мөн өртгийн болон орлогын аргуудыг хэрхэн хослуулан ашигласан болох нь тодорхойгүй. С.Б-ны эзэмшлийн газрыг www.unegvi.mn, www.remax.mn зэрэг зарын веб сайтаас мэдээллийн эх үүсвэрээ авч гурван зар оруулаад хамгийн багаар тооцож үнэлж, хөрөнгийг үнэгүйдүүлсэнд гомдолтой байгаа болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч С.Б-ны эзэмшлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг , Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн зүүн хойд талд байрлах, амины орон сууцны зориулалттай 123 м.кв газрыг үнэлүүлэхээр 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Шинжээч томилох тухай 38 дугаар тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилжээ. /хх-ийн 53/

 

Шинжээч нь дээрх газрыг 70 700 000 төгрөгөөр үнэлсэн байх ба албадан дуудлага худалдааны доод үнийг 49 490 000 төгрөгөөр тогтоосон болохыг төлбөр төлөгчид мэдэгдсэн /хх 6, 64/ байна.

 

Нэхэмжлэгч нь “...тухайн газар нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, 1 м.квм 1 500 000 төгрөгөөр үнэлэгдэнэ, үнэлгээний дүрэм журмыг баримталсан гэх боловч 3 сайтад зар оруулаад, хамгийн бага үнээр буюу 575 000 төгрөгөөр үнэлсэн, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар  хүсэлт гаргажээ. /хх-ийн 45/

 

Нэхэмжлэгч нь “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг гуравдагч этгээдээр болон хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхисон нь зөв боловч зохигчид хэн алин нь үнэлгээ хийсэн  “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн шинжээчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэлт гаргасан байхад эдгээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйн зэрэгцээ мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор гэрч, шинжээчийг асуулгах хүсэлт гаргах эрхтэй. Шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулснаар хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тодруулах, талуудын мэтгэлцэх боломжийг бүрдүүлэх юм.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн  168.1.7-д  зааснаар хүчингүй болгон, дахин шийдвэрлүүлэхээр давж заалдах шатны шүүхийн бүртэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/00838 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ОЮУНХАНД

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

                                                                                               Н.БАТЗОРИГ