Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/01533

 

020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/01533

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...............1 дугаартай, “Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, .............хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох,

Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Доржханд нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Э ХХК-ийн захирал Д.Бг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай “ЭХХК-иас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/02234 тоот шийдвэрээр 548.929.844 төгрөг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэгдсэн. Манай компанийн өмчлөлийн улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11......хаягт байрлах 210 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектыг доторх тавилга, тоног төхөөрөмж, эд хогшлын хамт хөрөнгийн үнэлгээний “С” ХХК нь 1.062.246.778 төгрөгөөр үнэлсэн ба энэхүү үнэлгээ нь зах зээлийн үнэд нийцэхгүй, манай хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ог, М.Ө нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2234 дүгээр шийдвэрээр “Э” ХХК-иас 546.100.594 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2.629.250 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч “Эрүүл энх баяс” ХХК-ийн өмчлөлийн Ү-2000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Их Монгол Улсын гудамж, 000оот хаягт байрлах, 210 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, түүний дотор байрлах тавилга, тоног төхөөрөмж, эд хогшлын хамт 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 18291232/05 дугаартай тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.     

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан, “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

            Хэрэгт авагдсан төлбөр төлөгч “ЭХХК-нд холбогдох 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн00дугаар бүхий “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” тогтоолтой хувийн хэргээс үзэхэд тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/0000 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 00000000тоот магадлалаар хариуцагч “Эрүүл энх баяс” ХХК-иас 546.100.594 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2.629.250 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгох, мөн үүргийн гүйцэтгэлийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 000000000т хаягт байрлах, 210 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектыг доторх тавилга, тоног төхөөрөмж, эд хогшлын хамт, түүнчлэн Ү-2101001686 улсын бүртгэлийн дугаар, 000207849 тоот гэрчилгээний дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сум, “Бүрэнбуст” багийн 5 дугаар хороолол, 11 дүгээр байрны 79 тоот хаягт байрлах, 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гэр ахуйн тавилга, хэрэгслийн хамт, компанийн эргэлтийн хөрөнгө, тавилга, эд хогшил, төслийн зээлийн санхүүжилтээр худалдан авсан эмнэлгийн хэрэгслүүд, тоног төхөөрөмж зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.  

            Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 18291232/05 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор төлбөр төлөгчийн У00000000 тоот хаягт байрлах, 210 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектыг доторх тавилга, тоног төхөөрөмж, эд хогшлын хамт хураан авч, уг хөрөнгүүдийн үнэлгээний талаар талуудаас санал авахад тохиролцоогүй байх тул шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ....дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилж, шинжээчид холбогдох хуульд заасан эрх, үүргийг танилцуулжээ.

            Хэргийн 69-97 дугаар хуудаст авагдсан “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангаар “Эрүүл энх баяс” ХХК-ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгө болон түүн дотор байрлах 27 нэр төрөл бүхий хөдлөх хөрөнгийг нийт 1.062.246.778 төгрөгөөр үнэлсэн байх ба уг үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгчийн зүгээс “Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, бодит байдалд нийцээгүй гаргасан” хэмээн тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч тухайн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлэгдсэнийг нотлох, мөн харьцуулан судлах баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

            Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч “ЭрХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Эрүүл энх баяс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Эрүүл энх баяс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА