Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01631

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01631

 

 

 

Э.Э.Б ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01533 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Э.Б ХХК-ийн хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдолтой иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Э.Б ХХК-аас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/02234 дугаар шийдвэрээр 548 929 844 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэгдсэн. Тус компанийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206023217 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон /17012/, Их Монгол Улсын гудамж, 108А хаягт байрлах 210 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектыг доторх тавилга, тоног төхөөрөмж, эд хогшлын хамт хөрөнгийн үнэлгээний С.Э ХХК нь 1 062 246 778 төгрөгөөр үнэлсэн ба энэхүү үнэлгээ нь зах зээлийн үнэд нийцэхгүй, манай хөрөнгийг үнэгүйдүүлж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , М.Ө нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2234 дүгээр шийдвэрээр Э.Э.Б ХХК-аас 546 100 594 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2 629 250 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Э.Э.Б ХХК-ийн өмчлөлийн Ү-2206033217 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Их Монгол Улсын гудамж, 108/А тоот хаягт байрлах, 210 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, түүний дотор байрлах тавилга, тоног төхөөрөмж, эд хогшлын хамт хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.Э.Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Э.Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч талаас С.Э ХХК-ийн үнэлгээчин н.Отгонбаярыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, тухайн үнэлгээг ямар аргачлалаар хэрхэн гүйцэтгэсэн, үнэлгээнд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон /17012/, Их Монгол улсын гудамж, 108/А тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 3 давхрын хэсгийг оруулж үнэлсэн эсэхийг тодруулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүйгээс хэргийг үнэн зөв шийдвэрлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь барьцааны үд хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ тухайн обьектын зарим хэсгийг орхигдуулж үнэлснээс манай хөрөнгийг үнэгүйдүүлж, зах зээлийн ханшаас доогуур үнээр дуудлага худалдаанд оруулах нөхцөл бүрдээд байна. Мөн С.Э ХХК-ийн үнэлгээг тухайн байршилд байгаа ижил төрлийн обьектуудтай харьцуулан үзэхэд зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлэгдсэн байна.

Иймд нэхэмжпэгч Э.Э.Б ХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Э.Э.Б ХХК нь хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ.

Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/02234 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 227 дугаар магадлалыг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 990 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөгчийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 хороо, Маршал таун хотхон, Их Монгол Улсын гудамж, 108/А тоот, 210 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, түүний доторх тавилга, тоног төхөөрөмж, эд хогшлын хамт хураан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 55/

Энэ ажиллагаанд мөн дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийг тохиролцоогүй, үүний улмаас Банк, хадгаламж зээлийн төлбөр барагдуулах ажлын албанаас шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн үйл баримтад талууд маргаангүй, дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгөд хийсэн шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ. /хх64/

Нэхэмжлэгч дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж буй үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгө нь шинжээчийн тогтоосон үнээс дээгүүр байгаа гэх гомдлын үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээнэ. Хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв.

Мөн хэргийн баримтаас үзэхэд шинжээч С.Э ХХК нь төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 хороо, Маршал таун хотхон, Их Монгол Улсын гудамж, 108/А тоот, 210 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг түүний доторх тавилга, тоног төхөөрөмж, эд хогшлын хамт 1 062 246 778 төгрөгөөр үнэлэхдээ үнэлж буй хөрөнгөтэй жишиж болох буюу ижил дүүрэгт байрлах тус бүр 3 үл хөдлөх эд хөрөнгийг сонгон авч харьцуулан зах зээлийн хандлагын аргыг сонгон үнэлгээ тогтоон, дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журамд харшлахгүй байна. /хх70/

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн заалтыг зөрчөөгүйн гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсгийг заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч тал нь давж заалдах гомдлын нэг үндэслэлээ хөрөнгийн үнэлгээчин н.Отгонбаярыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлт гаргасныг хангаагүй гэж тайлбарлаж байх боловч уг хүсэлтийг гаргасан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД