Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2020/00730

 

           

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Ж-д холбогдох,

 

Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ...................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамханд, А.Халиун нар өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шар хоолой Бэрх уулын ам дахь 0003761 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 15.000 м.кв газрыг 2004 оноос эзэмшиж, ашиглаж байсан. Гэвч Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 254 дүгээр шийтгэх тогтоолоор тус компанийн захирал байсан Н.Энхтуяа, гишүүн болох Э.Булганаа, А.Халиун нарыг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10-12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ял эдэлж байх хугацаанд буюу 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээгээр манай компанийн эзэмшил, ашиглалтад байсан дээрх газрыг Н.Энхтуяагаас О.Энхжавхланд, А.Халиун, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт тус тус олгосон гэх итгэмжлэлээр иргэн М.Ж гийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00930 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 001 /ХТ2017/01233 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Хужаагийн 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр А.Халиунаа, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, Н.Энхтуяагаас О.Энхжавхланд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн. Иймд дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ хийсэн О.Энхжавхлан, Э.Наранчимэг нарт олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцсон тул эрх олгогдоогүй этгээдүүдийн хийсэн буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Н ХХК-ийн эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой Бэрх уулын ам хэсэгт орших 15.000 м.кв талбай бүхий газрыг М.Ж гийн эзэмшилд шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгөхийг шүүхээс хүсье. Мөн дээрх гэрээ нь хууль зөрчсөн гэж үзэх өөр нэг үндэслэл нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 254 дугаартай эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол гарах үед Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны Шар хоолойн задгайд байрлах 2 давхар зочид буудлын зориулалтаар баригдсан машины граштай 2 давхар байшин, газрын хамт битүүмжлэгдсэн байсан ба шүүхийн тогтоолын 9 дэх заалтаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн. Энэ шийтгэх тогтоолын Дөрөвдүгээр хавсралтад дурдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг зохих журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, хохирогч нарын хохиролд тооцон олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж” шийдвэрлэсэн бөгөөд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дууссан болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны мөн өдрийн 467 тоот тогтоолоор нотлогдож байна. Дээрх нөхцөл байдлаас үзвэл Н ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байсан газрыг 2012 оны 3 дугаар сарын 21-нд иргэн М.Ж гийн нэр дээр шилжүүлэх боломжгүй, тийм эрх аль ч талд нь байгаагүй байжээ. Итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2016 онд шүүхэд гаргасан өдрөөс гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэж, Хяналтын шатны шүүхийн шийдвэр 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гарснаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр тооцож нэхэмжлэл гаргаж байгаа болно. Түүнчлэн манай компаниас иргэн М.Ж д холбогдуулж түүнтэй хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаагүй бөгөөд харин итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарын М.Ж тай хийсэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг нотариатч Г.Хужаад холбогдуулан гаргаж байсан тул манай нэхэмжлэлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Иймд өөр зохигчтой, өөр хэрэг хэлэлцэгдэж байгаа учраас хариуцагч талын тайлбар үндэслэлгүй” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нотариатч Г.Хужаад холбогдуулан уг 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргаж байсан бөгөөд уг шаардлагатай холбогдуулан шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2017/01233 дугаар тогтоолд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлэх нь гэрээний хүчин төгөлдөр байдлын хэлбэрийн шаардлагад хамаарах боловч нотариатчийн энэхүү үйлдэл нь уг гэрээний агуулгын хүчин төгөлдөр байдал, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлох нөхцөл биш болно гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл нотариатчийн алдаатай үйлдэл нь талууд гэрээг байгуулсан хүсэл зориг, гэрээний агуулгыг няцаах үндэслэл болж чадахгүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй болохыг тогтоосон байна. М.Ж гийн хувьд тухайн үед Н ХХК-ийн захиралаар ажиллаж байсан Н.Энхтуяагийн хүсэлтийн дагуу 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээний дагуу газар эзэмших эрх шилжүүлсэн авсны үнэд 300 000 000 төгрөгийг бүрэн төлсөн байдаг. Эндээс талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээний үүрэг нэгэнт дуусгавар болсон тул одоо гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй. Гэрээ байгуулах үед найман шарга интернэшнл ХХК-ийн захирал Н.Энхтуяа, хувьцаа эзэмшигч А.Халиун, Э.Булганаа нар шүүхээр бусдыг залилсан хэрэгт гэм буруутай нь тогтоогдож, хорих ангид ял эдэлж байсан учир өөрсдийн хамаатан Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө сонгож уг гэрээг байгуулсан. Тиймээс М.Ж  гэрээ байгуулахад нотариатчийн зүгээс Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарт олгосон итгэмжлэлийг гэрчлэхдээ алдаа гаргасныг мэдэх боломжгүй тул М.Ж г гэрээ байгуулсанд буруутгах үндэслэл болохгүй юм. Хэрвээ нотариатчын гаргасан алдаатай үйлдэлээс болж ямарч нэгэн гэм хор учирсан гэж үзэж байгаа бол нотариатчаас гэм хорын хохирол нэхэмжлэх бүрэн боломжтой. Дээрх газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны Шар хоолойн задгайд байрлах 2 давхар зочид буудал, машины грашийг газрын хамт битүүмжлэгдсэн байсан учир М.Ж гийн нэр дээр шилжүүлэх боломжгүй байсан талаар дурьджээ. Уг шийтгэх тогтоолд дурьдсан зочид буудлын барилга, автомашины гарааш болон газар нь 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээний дагуу М.Ж гийн өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан газраас тусдаа, гадна оршдог учир М.Ж тай ямар ч хамааралгүй юм” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч М.Ж д  холбогдуулан газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч М.Ж  болон нэхэмжлэгч Найман шарга интернейшнл ХХК-ийн хооронд нь 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Найман шарга интернейшнл ХХК нь М.Ж д өөрийн эзэмшлийн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой, Бэрх уулын ам хэсэгт хаягтай, 0003761 газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 15 000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэлээ “...уг эрхийг ...Н.Энхтуяагаас О.Энхжавхланд, А.Халиун, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт тус тус олгосон итгэмжлэлийн дагуу М.Ж д шилжүүлсэн, ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 930 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1233 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Хужаагийн 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр олгосон дээрх итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн тул эрх олгогдоогүй этгээдүүдийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус. ... Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 254 дугаартай эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол гарах үед Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны Шар хоолойн задгайд байрлах 2 давхар зочид буудлын зориулалтаар баригдсан машины гарааштай 2 давхар байшин, газрын хамт битүүмжлэгдсэн байсан ... 2012 оны 3 дугаар сарын 21-нд иргэн М.Ж гийн нэр дээр шилжүүлэх боломжгүй” гэж тайлбарласан.  

 

 Хэргийн баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 930 дугаар шийдвэрээр Найман шарга ХХК-ийн нотариатч Г.Хужаад холбогдуулан гаргасан “2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр  А.Халиунаа, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, Н.Энхтуяагаас О.Энхжавхланд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл, Э.Наранчимэг, О.Энхжавхлан нарын М.Ж тай байгуулсан газар эзэмших, ашиглах эрх шилжүүлсэн гэрээг гэрчилсэн 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн нотариатчийн үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах, Э.Наранчимэг, О.Энхжавхлан нартай М.Ж гийн 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай хэргийг хянан шийдвэрлэж, ...нотариатч Г.Хужаа нотариатын үйл ажиллагааг өөрөө эрхлэн явуулаагүй, нотариатын үйл ажиллагааг өөр этгээд явуулсан гэх үндэслэлээр 2012 оны 3дугаар сарын 05-ны өдөр  А.Халиунаа, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт, Н.Энхтуяагаас О.Энхжавхланд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож, ...бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Үүний дараа, нэхэмжлэгч Найман шарга ХХК нь хариуцагч М.Ж д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 110 460 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1180 дугаар шийдвэрээр, ...талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д заасан ... маргаан бүхий ...газар эзэмших эрхийг 300 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний үлдэгдэл 54 200 000 төгрөгт холбогдох хэсгийг төлөөгүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр мөн хуулийн хүчин төгөлдөр болжээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

 

Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч нь хариуцагч М.Ж тай 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр гэрээ үзэж, уг гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн атал дээрх гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаж тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй, уг гэрээг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М.Ж д холбогдуулан гаргасан газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Найман шарга интернэйш ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                   

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ