Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00770

 

 

“Н” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00730 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1359 дүгээр магадлалтай,

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

М.Ж д холбогдох,

Газар эзэмших, ашиглах, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, Г.Бадамханд, хариуцагч М.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч М.Ж д холбогдуулан газар эзэмших ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00730 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М.Ж д холбогдуулан гаргасан газар эзэмших, ашиглах, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1359 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/0730 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Булганаагаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2200510396645 төлбөрийн даалгаврын дагуу 2020 оны 05 сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.22-ны өдрийн 1359 дугаартай магадлалд нэхэмжлэгч тал гомдолтой байна. Учир нь шүүх энэ хэрэгт зөвхөн хариуцагч талын эрх ашгийг хамгаалж, хэрэг авагдсан нотлох баримтуудыг зөвхөн хариуцагчид ашигтайгаар үнэлж Үндсэн хууль-ийн тэгш байх зарчим, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчсөн байдаг. Учир нь шүүх хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлгийг зөвхөн хариуцагчид ашигтайг үнэлсэн байдаг. Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлээ нэхэмжлэгчээс хариуцагчид буй Баянзүрх дүүргийн 20-р хороо, Шар хоолой, Бэрх уулын ам хэсэгт хаягтай, 0003761 газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг шилжүүүлсэн 2012.03.21-ний гэрээг хүчин төгөлдөр бусд тооцохгүй байх үндэслэл нь уг гэрээний үүрэг болох 300,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн шүүхийн шийдвэр байна... гэсэн үндэслэлийг гаргасан байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2011.09.19-ний өдрийн дугаар 254 шийтгэх тогтоолын хавсралт дээрх газрыг хохирогчдын хохирлыг төлж барагдуултал ШШГЕГ-ын мэдэлд өгч уг газрыг дуудлага худалдаагаар оруулах тухай шүүхийн шийтгэх тогтоол, хавсралттайгаа байдаг энэ нь энэ газрыг захирч зарцуулах эрх мэдэл зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх мэдэлд өгсөн эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байсаар байхад уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд шүүхээс хүчингүй гээд тогтоосон итгэмжлэлээр худалдан авагч нь бас Найман шарга ХХК-ийн захирал Энхтуяагийн хамтран амьдрагч Бат-Эрдэнэ өөрийн төрсөн хүү /эрүүгийн шүүх хуралд оролцсон уг тогтоолыг хамгийн сайн мэдэх этгээд/ Чинтулгад бодитоор өгсөн, харин нэрийг нуухын тулд үеэл Ж гийн нэр дээр газрын өмчлөлийг гаргасан байхад энэ шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх огт үнэлээгүй нь талуудын тэгш бус байдлыг бий болгож, ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт, 40.2 дахь заалтыг зөрчсөн байдаг. Мөн гэрч Наранчимэг нь анхан шатны шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө А.Хыг төлөөлж, Ж д газрын эрх шилжүүлэх гэрээ хийхдээ А.Хы хадам аав Бат-Эрдэнийн заавраар явсан Хаас харин уг газрыг худалдана гэдэг агуулгаар итгэмжлэл аваагүй, харин Бат-Эрдэнийн заавраар газрын эрх шилжүүлэх итгэмжлэл дөнгөж хийлгээд гарч ирэнгүүт нь Х утасдаад итгэмжлэлээр бусад үл хөдлөх хөрөнгийг зарж болно, харин Гачууртын Шар хоолойн газрыг зарж болохгүй шүү гэсэн би мөнгө төгрөгөө шилжүүлээгүй байсан, эрх шилжүүлсэнтэй холбоотой ажиллагаа огт хийгдээгүй байсан тул Бат-Эрдэнэ ахад Х Гачууртын Шар хоолойн газар эзэмших эрхээ шилжүүлэхгүй гэнээ хоёулаа гэрээгээ больё гэхэд Бат-Эрдэнэ үгүй гэсэн... мэдүүлэг өгдөг энэ нь анхнаасаа Х энэ газрыг бусдад шилжүүлэх хүсэл сонирхолгүй байсан тодруулбал уг газрын эрхийг бусдад шилжүүлэх хүсэл сонирхол байгаагүй гэдэг нь тогтоогддог, мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр уг газрын өмчлөгч болох Энхтуяа, Х, Булганаа нарыг төлөөлсөн Наранчимэг, О.ЭнхЖ  нарын итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцсон байдаг. Иймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалтыг зөрчсөн байдаг. Мөн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болсон хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 20-р хороо, Шар хоолой, Бэрх уулын ам хэсэгт хаягтай, 0003761 газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2011.09.19-ний өдрийн дугаар 254 шийтгэх тогтоолын хавсралт дээрх газрыг хохирогчдын хохирлыг төлж барагдуултал ШШГГ-ын мэдэлд өгч уг газрыг дуудлага худалдаагаар оруулах тухай шүүхийн шийтгэх тогтоол, хавсралттайгаа байдаг энэ нь энэ газрыг захиран зарцуулах эрх мэдэл зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх мэдэлд байхад Энхтуяа, Х, Булганаа нарт захиран зарцуулах эрх мэдэл байхгүй болох нь уг баримтуудаар тогтоогддог мөн хохирогч нарын хохирол 2012.08.30-нд дуусгавар болсон нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирсэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан 2012.08.30-ны өдрийн дугаар 467 тогтоолоор тогтоогддог тодруулбал хохирогч нарын хохирол дуустал зөвхөн дуудлага худалдаагаар ШШГГ захиран зарцуулах үүрэгтэйг хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолд заагаад өгчихсөн байхад, уг хохирол дуусаагүй байхад буюу Баянзүрх дүүргийн 20-р хороо, Шар хоолой, Бэрх уулын ам хэсэгт хаягтай, 0003761 газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг шилжүүлсэн 2012.03.21-ний өдөр гэрээ нь хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн гэрээ болох нь тогтоогдох хангалттай нотлох баримт байхад давж заалдах шатны шүүх эдгээр баримтуудыг огт үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн, мөн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор дээрх гэрээг төлөөлж хийсэн төлөөлөгчийн итгэмжлэлийг хүчингүйд тооцсон, итгэмжлэлээр төлөөлсөн этгээд өөрөө намайг энэ газрын эрхийг шилжүүлж болохгүй гэж төлөөлүүлсэн этгээд Х сануулсан гэж энэ гэрээг хийх хүсэл сонирхол байхгүй байгаагаа илэрхийлснийг нотолсон мэдүүлэг өгсөн, мөн эрх шилжүүлэх эрхгүй этгээд хууль зөрчин хийсэн, тодруулбал ШШГГ зөвхөн захиран зарцуулах эрхтэй болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон шүүх огт үнэлээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг зөрчсөн байдаг. Иймээс давж заалдах шатны магадлалыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч М.Ж д холбогдуулан газар эзэмших ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг ... газрын эрхийг Н.Энхтуяагаас О.ЭнхЖ д, А.Х, Э.Булганаа нараас Э.Наранчимэгт тус тус олгосон итгэмжлэлийн дагуу М.Ж д шилжүүлсэн, ...шүүхийн шийдвэрээр итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл хүчингүйд тооцогдсон, иймд эрх олгогдоогүй этгээдийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус. ...мөн мөрдөн байцаагчийн тогтоолоор 2 давхар байшин, газрын хамт битүүмжлэгдсэн байсан тул нэр шилжүүлэх боломжгүй” гэж маргажээ.

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...нотариатчийн алдаатай үйлдэл нь талууд гэрээг байгуулсан хүсэл зориг, гэрээний агуулгыг няцаах үндэслэл болж чадахгүй, ...газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээний төлбөрт 300,000,000 төгрөг өгч, төлбөрийг барагдуулсан гэсэн тайлбар гаргасан байна.

8. Анхан шатны шүүх ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

9. Хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүхүүд маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2012.03.21-ний өдөр газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр “Н” ХХК нь өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой, Бэрх уулын ам хэсэг хаягт байршилтай 15.000 м.кв талбай бүхий газрыг М.Ж д шилжүүлэх, уг гэрээтэй холбогдон гарах зардлыг төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. Уг гэрээнд итгэмжлэлийн дагуу “Н” ХХК-ийн захирал Н.Энхтуяаг төлөөлж О.ЭнхЖ , хувьцаа эзэмшигч Э.Булганаа, А.Х нарыг төлөөлж Э.Наранчимэг нар гарын үсэг зурж, тус компанийн тамга дарагджээ.

11. “Н” ХХК нь Н.Энхтуяагаас О.ЭнхЖ д, Э.Булганаа, А.Х нараас Э.Наранчимэгт олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх хянаж, 2017.03.17-ны өдрийн 101/ШШ2017/00930 дугаар шийдвэрээр итгэмжлэлийг гэрчилсэн 2012.03.05-ны өдрийн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.10.20-ны өдрийн 001/ХТ2017/01233 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дээрх тогтоолд ...Э.Наранчимэг, О.ЭнхЖ  нар нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд өөрсдийг нь төлөөлж гарын үсэг зурах Н.Энхтуяа, А.Х, Э.Булганаа нарын хүсэл зоригийг хүлээн зөвшөөрч, улмаар итгэмжлэлд гарын үсэг зурсан байх тул гэрээ болон нотариатын үйлдлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн, 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй, ...газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатчаар гэрчлүүлэх нь гэрээний хүчин төгөлдөр байдлын хэлбэрийн шаардлагад хамаарах боловч нотариатчийн энэхүү үйлдэл нь уг гэрээний агуулгын хүчин төгөлдөр байдал, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлох нөхцөл биш болно гэж тус тус дүгнэжээ.

12. Улмаар “Н” ХХК нь М.Ж д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 54,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.03-ны өдрийн 101/ШШ2018/01180 дугаар шийдвэрээр ...гэрээгээр нэхэмжлэгчийг төлөөлж Н.Энхтуяа нь Баянзүрх дүүргийн, 20-р хороо, Шар хоолой, Бэрх уулын ам хэсэг хаягт байрлах 15.000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг худалдан авагчид шилжүүлэх, М.Ж  300,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн, ...худалдан авагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн нь хэрэгт буй баримтаар тогтоогдсон... гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хянаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.25-ны өдрийн 1218 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.11.02-ны 001/ХТ2018/01560 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

13. Анхан болон давж заалдах шатны шүүх ...2012.01.23-ны өдөр байгуулагдсан “Газар худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн зүйл болох газар эзэмших эрхэд хамааралтай, 2012.03.21-ний өдрийн газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж буй нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч уг гэрээний дагуу шилжүүлсэн газрын гэрээний үүргийн биелэлттэй холбоотой нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж дүгнэн, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн гаргасан энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

14. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00730 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1359 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.07.28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ