Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 425

 

Ч.П, Р.С, Ц.Н, Ч.Э, Г.З нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Раашзэвэг, П.Баасанжав, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 704 дүгээр магадлалтай, Ч.П, Р.С, Ц.Н, Ч.Э, Г.З нарт холбогдох 201619000224 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.П-ийн өмгөөлөгч П.Баасанжавын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3/114 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2, 7 дугаар зүйлүүдэд зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ч-ийн П- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас онц их хэмжээний хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан “Гэрчээр худал мэдүүлэг өгүүлэх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Сэвхэт овогт Р-ийн С,

3. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ц-ийн Н нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн машин механизм хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ч-ын Э нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан “Шунахайн сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт,

5. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Г-ын З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан “Хувийн бусад сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал  мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын газраас Ч.П-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ч.Э, Г.З нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж, Ч.П-ийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг ятгаж, шан харамж амлаж үйлдсэн, Р.С,  Ц.Н нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан, Ч.Э, Г.З нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Ч.П-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Ч.Э, Г.З нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Ч.П-т 5 жил хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Р.С, Ц.Н нарт эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил хорих ял тус тус шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.П, Р.С, Ц.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Р.С, Ц.Н нарт оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн “Киа Вонго Пронтер” загварын 25-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч С.М-д буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 4,800,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П-ийн үйлдлийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Э, Г.З нарын үйлдлийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, шүүгдэгч Р.С, Ц.Н нарын үйлдлийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.” гэж,

2 дахь заалтыг “Ч.П, Р.С,  Ц.Н нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.П-ийг гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг ятгаж, шан харамж амлаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Э, Г.З нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

4 дэх заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П-ийг 5 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Р.С, Ц.Н нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж,

5 дахь заалтыг “...шүүгдэгч Ч.П-т оногдуулсан...” гэж,

8 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн С.Мөнхтөрийн нэр дээр бүртгэлтэй Д.Н-ийн өмчлөлийн “Киа Вонго Пронтер” загварын 25-72 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.П, түүний өмгөөлөгч П.Баасанжав нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ч.П-ийн өмгөөлөгч П.Баасанжав гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой талуудын мэтгэлцээнд тулгуурлан шийдвэрлээгүй, Ч.П-ийг 2014 онд Д.О-ийн 3 морийг хулгайлсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдал, яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, бүрэн нотлогдоогүй эргэлзээ төрөхүйц нотлох баримтыг үнэлэн буруу дүгнэлт хийж, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. Ч.П-ийг гэмт хэрэг үйлдсэн, морийг ачиж явахыг харсан гэх гэрч А.Ш 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлэхдээ “Би Ч.П-ийн ачиж явсан морийг Д.О- ахын морь гэж таньсан гэж зүсээр нь хэлсэн ба мэдүүлгийн төгсгөлд ... Мөрдөн байцаагчийн энэ 3 морийг хараад Д.О болон түүний эхнэрт хэлсэн үү гэж асуухад ...А.Ш “Би энэ талаар 2-3 хоногийн дараа өөрийнх нь утас руу залгаж хэлсэн...’’ гэжээ. Гэтэл морио хулгайд алдсан талаар цагдаад мэдэгдэж эрж хайж байсан юм бол тухайн үед А.Ш морийг нь Ч.П ачиж явсан талаар хохирогчид хэлсээр байтал цагдаад мэдэгдэж шалгуулаагүй, хохирогч 2016 онд Ч.П морийг нь хулгайлсан талаар мэдсэн гэж мэдүүлж байгаа нь А.Ш-ын мэдүүлэг үнэн эсэх нь эргэлзээтэй байна. А.Ш 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Би машинаас “Халиун” нэртэй дэлгүүрийн урд талд буугаад Ч.П ахыг харсан” гэж мэдүүлсэн бол 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн өгсөн мэдүүлэгтээ “машинаас буугаагүй байхдаа харсан” гэжээ. Мөн Ч.П-ээс айгаад тухайн үед адуу ачиж яваа талаар хэлээгүй гэж мэдүүлснээ дараа нь тухайн үед морийг нь Ч.П ачиж явааг О-д хэлсэн гэх мэтээр тогтворгүй хэргийн байдлыг янз бүрээр мэдүүлж байгаа нь гэрчийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж үзэхэд хүргэж байна. Гэрч А.Ш-ын дээрх мэдүүлгүүдийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаараагүй, дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Мөн гэрч А.Ш нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Ч.П ах жолоочийн голд сууж байсан. Жолооч талын суудал дээр нэг хүн, Ч.П ахын цаад талд бас нэг хүн сууж байсан бөгөөд би тэдгээр хүмүүсийг харсан боловч хэн гэдгийг нь таниагүй” гэжээ. 3 хүн нэг машинтай морь ачаад явж байсныг А.Шинэбаяр гэрчилж байхад нөгөө хүмүүс нь хэн болохыг, бүлэглэн үйлдсэн эсэхийг шалгаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ч.П тухайн үед цагаан өнгийн “Портер” машин эзэмшдэг байсан нь нотлогддог. Гэтэл гэрч А.Шинэбаярын цэнхэр өнгийн “Портер” машин гэж мэдүүлдэг бөгөөд үүнийг бас шалгаагүй.

Гэрч Э.Г, Д.А, Л.Б нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үзээгүй үндэслэл нь тодорхой бус байна. Харин гэрч А.Ш-ын эргэлзээтэй мэдүүлгийг үндэслэн Ч.П-ийг 2014 онд Д.О-гийн 3 морийг хулгайлсан нь нотлогдсон гэж дүгнэж, ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй байна.Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан “Нотлох баримтыг хянах, үнэлж, шалгах” ажиллагааг бүрэн явуулаагүй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг”-ийг мөрдөгч, прокурор мөрдөн байцаалтын ажиллагаанд хэрэгжүүлээгүй нь мөрдөн байцаалтыг нэг талыг барьж явуулсан гэх үндэслэл болох ба энэ нотлох баримтыг үндэслэн гарсан шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй. Иймээс шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан гэж үзэж байна. Мөн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүйгээс гадна дээрх нотлох баримтууд эргэлзээтэй, зөрүүтэй байхад энэ талаар дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч Ч.П-ийг гэм буруутайд тооцсон байна.

Прокурорын яллах дүгнэлтэд Ч.П-ийг давтан үйлдлээр бусдын мал хулгайлсан гэж үзсэн ялласан бол анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо түүнийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүх Ч.П-ийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн  гэж өөрчлөлт оруулсан. Ч.П-ийг хулгайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь гэж шүүх үзсэн бол гэрч А.Ш-ын мэдүүлээд байгаа машинд байсан хүмүүсийг олж тогтоох ажиллагааг зайлшгүй хийх ёстой байсан. Тодруулбал дээрх үйлдлийг бүлэглэн эсхүл ганцаараа үйлдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Хэрэв 2014 оны Д.О-гийн 3 тооны адууг хулгайлсан нь нотлогдсон гэж шүүх үзсэн бол 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах ёстой байтал шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Яллах дүгнэлт, шийтгэх тогтоол, магадлалд Ч.П-ийн үйлдлийн талаар зөв хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, түүнийг гэм буруутайд тооцож байгаа үйлдэл, шүүхийн тогтоол, магадлалд дурдаад байгаа үндэслэлүүд хэргийн нөхцөл байдлаас зөрүүтэй байна.Дээрх нөхцөл байдал, нотлох баримтуудын талаар өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Шүүгдэгч Ч.П-т холбогдох 2014 онд мал хулгайлсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Р.С-ын өмгөөлөгч Ц.Раашзэвэг хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч Р.С-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхийн гаргасан хэргийн зүйлчлэлийн талаарх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.  Шүүгдэгч Ч.П нь урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3/144 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдөж байсан тул дахин Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй. 2014 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө иргэн Д.О-гийн хурдан удмын 3 адууг хулгайлсан үйлдэл нь гэрч А.Ш-ын мэдүүлгээр тогтоогдсон байхад уг гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх зорилгоор  Ч.Э-, Г.З нараар мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгүүлсэн үйл баримт нотлогдсон байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.П-ийн өмгөөлөгч П.Баасанжавын гаргасан гомдлыг үндэслэн  Ч.П, Р.С, Ц.Н, Ч.Э, Г.З нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ч.П нь машин механизм хэрэглэн 2014 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Их Булаг”-ийн бэлчээр гэх газраас иргэн Д.О-гийн 3 тооны адууг хулгайлж, 24,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Р.С, Ц.Н нартай бүлэглэн, машин механизм хэрэглэн, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газраас М.Энхбаярын хүрэн хязаалан, Б.О-ын хээр морь, Д.Т-ийн хүрэн халзан соёолон зэрэг 3 тооны адууг хулгайлж, 15,020,000 төгрөгийн буюу нийт 39,020,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөрдөн байцаалтын явцад Ч.Э-д “адуу өгнө” гэж шан харамж өгөх, амлах зэргээр мөн Г.З-ыг хувийн байдлаар гуйж, хууль бусаар нөлөөлж, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Ч.Э, Г.З нараар зориуд худал мэдүүлэг өгүүлсэн,

Шүүгдэгч Р.С, Ц.Н нар нь Ч.П-тэй бүлэглэн, машин механизм хэрэглэн, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг “Зөөхий” гэх газраас М.Э-ын хүрэн хязаалан, Б.О-ын хээр морь, Д.Т-ийн хүрэн халзан соёолон зэрэг 3 тооны адууг хулгайлж, 15,020,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ч.Э нь Ч.П-т холбогдох эрүүгийн хэрэгт 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө шунахайн сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн,

шүүгдэгч Г.З нь Ч.П-т холбогдох эрүүгийн хэрэгт 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө хувийн сэдэлтээр мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.П, Р.С, Ц.Н, Ч.Э, Г.З нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтыг үндэслэн Ч.П, Р.С,  Ц.Н- нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Ч.П-ийг гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг ятгаж, шан харамж амлаж үйлдсэн, шүүгдэгч Ч.Э, Г.З нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж, Ч.П-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Ч.Э, Г.З нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу Ч.П, Р.С, Ц.Н, Ч.Э, Г.З нарт холбогдох хэргийг тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав нь шүүгдэгч Ч.П хохирогч Д.О-гийн хурдан удмын 3 тооны адууг хулгайлсан гэх үйлдэл тогтоогдоогүй байхад гэрч А.Ш-ын мэдүүлгийг үндэслэн ялласнаас хохирлын хэмжээ нэмэгдэж, хэргийн зүйлчлэл хүндэрсэн тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг хөнгөрүүлэх агуулгатай гомдол гаргасан байна.

Шүүгдэгч Ч.П нь 2014 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Их Булаг”-ийн бэлчээр гэх газраас иргэн Д.О-гийн 3 тооны адууг хулгайлж ачиж явсан талаар гэрч А.Ш-ын хууль сануулж авсан мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдсоноос гадна түүний мэдүүлгийг няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ч.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн дээд хэмжээ болох 5 жил хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон учруулсан хохирлын хэмжээтэй дүйцэж байх тухай шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж  шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасны дагуу Ч.П-т холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жил хорих ялыг 4 жил болгон хөнгөрүүлсэн  өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжавын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 704 дүгээр магадлалд:

“Шүүгдэгч Ч.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжавын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                     

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН