Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/02907

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

*******,*******,*******, “Н” ХХК /РД-/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг,*******,*******,*******,*******,*******,,,

Баянзүрх дүүрэг,*******,,, орон сууцны ашиглалтын зардалд 160.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан,,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар,,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг Н ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын гудамж, апартмент орон сууцны -р байрны дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр хууль ёсны өмчлөгч нь байгаа. Гэвч хариуцагч Ч.Б нь тус байрны 1308 тоотын орон сууцанд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэр бүлийн хамтаар амьдарч, орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа. Тухайн 1308 тоотод байрлах орон сууц нь дугаар байрын нэг хэсэг учраас өмчлөгч “Н” ХХК өөрийн өмчлөлийн зүйлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс дугаар байрны 1308 тоотын орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа. Мөн хариуцагч Ч.Б нь уг орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр үнэ төлбөргүйгээр амьдарч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 2020 оны 12-р сараас 2021 оны 04-р сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөгийг, энэ хугацааны ашиглалтын зардалд 160,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа нэхэмжлэлд дурдсан орон сууцыг Ч.Б нь 2020 оны 10 сард иргэн Э.С гэх хүнтэй харилцан тохиролцож худалдаж авсан. Анх орон сууцанд ороход Э.С нь нэхэмжлэгч байгууллагатай 2020 оны 10 сарын 09-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж авсан болон орон сууцны өмчлөлийг нэр дээр чинь шилжүүлж өгнө гэж хэлснээр Ч.Бээс 60.000.000 төгрөгийг авсан байдаг. Ч.Б тухайн орон сууцыг албан ёсны эзэмшигчээс худалдаж авсан тул түүний эзэмшил нь хуулийн дагуу гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талын шаардсан ашиглалтын болон түрээсийн төлбөрийн шаардлага нь үндэслэлгүй. Ч.Б тухайн орон сууцанд амьдарч эхэлснээс хойш ашиглалтын зардлуудыг холбогдох байгууллагад нь төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

Нотлох баримтын тухайд

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, Н ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-6/,,*******, 13312 хүннүгийн гудамж, тоот хаягт байршилтай, 14,833.6 м.кв талбайтай, орон сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Н ХХК бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар /хх-7/, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Н ХХК, Э.С нарын байгуулсан орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ /хх-8-11/, Н ХХК-ийн иргэн Э.Сд хаягласан гэрээ цуцлах тухай 2020-11-11, 2021-01-08-ны албан бичиг /хх-12, 13/, Н ХХК-ийн иргэн Б, Баттулга нарт хаягласан мэдэгдэл хүргүүлэх тухай 2021-04-07-ны албан бичиг /хх-14, 15/, Н ХХК, ЦМС ХХК нарын 2020-08-20-ны өдрийн огноотой 20147 оны 01-р сарын 17-ны өдрийн 01/17 тоот гэрээний хэрэгжилтийг дүгнэх хэлцлийн нэмэлт /хх-29-30/, Н ХХК-ийн түрээсийн ханшийн мэдээлэл /хх-31/, өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцааны гэрээ /хх-46/, ЦМС ХХК-ийн 2021-11-16-ны өдрийн тодорхойлолт /хх-105/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан байна.

 

Хариуцагч талаас хариу тайлбар /хх-23-26/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-27/, хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол /хх-32/, 2021-03-19-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээр Ч.Бийг тогтоосон мөрдөгчийн тогтоол /хх-33/, хохирогч Ч.Бт эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-34-35/, Ч.Бийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-36-37/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-69/, хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирвааныг оролцуулах хүсэлт /хх-76/, өмгөөлөгчөөр Э.Батбаярыг оролцуулах хүсэлт /хх-77/, Ч.Бийн эрүүл мэндийн мэндийн талаарх баримт /хх-97-102/, төлөөлөгч томилсон итгэмжлэл /хх-216/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-219/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх зохигчдын хүсэлтээр дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021-07-18-ны, 2021-10-28-ны өдрийн албан бичиг /хх-58, 75/, Нийслэлийн прокурорын газраас 2021-11-16-ны өдрийн албан бичиг /хх-88/, 2021-06-22-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр Н ХХК-г тогтоосон мөрдөгчийн тогтоол /хх-89/, Нийслэлийн прокурорын газрын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдачаар татах тухай 2021-03-29-ний өдрийн 2102000100068 дугаартай тогтоол /хх-90-92/, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2021-4-09-ний өдрийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 323-р зөвшөөрөл /хх-93/, Ч.Бийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн 2021-03-19-ний өдрийн тогтоол /хх-94, 148/, Ч.Бийг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн 2021-03-19-ний өдрийн тогтоол /хх-95, 147/, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны 2022-03-10, 2022-03-17-ны өдрийн албан бичиг /хх-146, 163/, хохирогч Ч.Бт эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа 2021-03-19-ний /хх-149-151, 157-159/, Ч.Б хохирогчоор мэдүүлэг өгсөн тэмдэглэл /хх-152-154, 160-162/, иргэний нэхэмжлэгч Ч.Бт эрх үүрэг, тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-155-156/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Ч.Бт холбогдуулан, 26 дугаар хороо, апартмент дугаар байрны 1308 тоотын орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууцыг хууль бусаар эзэмшсэн хугацааны түрээсийн зардалд 8,000,000 төгрөг, мөн хугацааны төлөгдөөгүй ашиглалтын зардалд 160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, уг орон сууцыг хууль ёсны эзэмшигч Э.Стой харилцан тохиролцож 60,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед Э.С нь Н ХХК-тай байгуулсан 2020 оны 10-р сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээтэй байсан тул Ч.Бийн эзэмшил нь хуулийн дагуу гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талын шаардсан ашиглалтын болон түрээсийн төлбөрийн шаардлага нь үндэслэлгүй. Ч.Б тухайн орон сууцанд амьдарч эхэлснээс хойш ашиглалтын зардлуудыг холбогдох байгууллагад нь төлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, орон сууцыг хууль бусаар ашигласан хугацааны түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд 8,160,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Н” ХХК, “ЦМС” ХХК гэх хоёр хуулийн этгээд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,, 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, тоот хаягт байршилтай, 14,833.6 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна /хх-7/.

 

Мөн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/17 тоот гэрээний хэрэгжилтийг дүгнэх хэлцлийн нэмэлт нэртэй 2020-08-20-ны өдрийн огноотой, А талыг төлөөлж “ЦМС” ХХК, Б талыг төлөөлж “Н” ХХК нар 2013 оны 01-р сарын 17-ны өдрийн 01/17 тоот хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд тус гэрээний 3-р зүйлд заасны дагуу Б тал үлдэгдэл 2802,3 м.кв бүхий 31 ширхэг орон сууцыг Улаанбаатар хот,,******* /13312/, Хүннүгийн гудамж, апартмент” хотхон, тоот барилгаас А талд олгохоор тохиролцсон, жич орон сууцны талбайн хэмжээ, тоотын мэдээллийг хавсралт 1-р тохиролцов, хавсралт №1-д ЦМС-д өгөх орон сууц В блок гэж заасан орон сууцанд 1308 тоотын орон сууц хамаарахгүй байна /хх-29/.

 

Түүнчлэн “ЦМС” ХХК нь Баянзүрх дүүргийн*******нд байрлах, дугаартай үл хөдлөх хөрөнгийг Н компанитай дундаа хэсгээр хамтран өмчилдөг /ИХ-ийн 108-р зүйл/ бөгөөд тус тусын өмчлөх орон сууцнуудын давхрын байршил, тоог нь тодорхой тул тэдгээрийг хэн нэгнийхээ зөвшөөрөлгүйгээр тус тус захиран зарцуулахаар гэрээгээр тохиролцсон байдаг. “Н” компаний бусадтай маргаантай байгаа орон сууцууд нь манай компаний өмчлөлд хамааралгүй тул тус компани бидний зөвшөөрөл, оролцоогүйгээр тухайн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тодорхойлсон 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаартай албан бичгийг шүүхэд ирүүлсэн байна /хх-105/.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т “дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

 

Зохигчид маргаан бүхий 1308 тоотын орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ дангаар гараагүй болохыг тайлбарлаж, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтаар “Н” ХХК нь маргаан бүхий 1308 тоотын орон сууц байрлах -р байрны 14,833.6 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдож байх тул өмчлөгчийн хувиар хууль бусаар орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдээс хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Учир нь, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж, хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж тус тус зохицуулсан.

 

Харин хариуцагч Ч.Б нь маргаан бүхийн 1308 тоотын орон сууцыг Э.С гэх иргэнтэй амаар тохиролцсоны дагуу худалдах, худалдан авах гэрээгээр 60,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг шилжүүлсэн тул хууль ёсны эзэмшигч гэж, маргаан бүхий орон сууцыг худалдан авч мөнгөө шилжүүлснээр залилуулсан, энэ асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж маргаж байх боловч иргэн Э.Стой худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулаагүй болохыг тайлбарлаж, худалдан авсан орон сууцны үнэнд 60,000,000 төгрөгийг төлсөн талаарх тайлбар татгалзал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар “Н” ХХК нь Э.Стой 2020 оны 10 сарын 09-ний өдөр Б/91 дугаартай “орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдаж буй апартмент хотхоны Б блокын 5 ширхэг байр, нийт талбайгаар тооцсон 540,6 м.кв орон сууцыг нийт 1,500,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох тогтоогдож байх боловч уг хэлцлээр хариуцагч Ч.Бийг маргаан бүхий 1308 тоотын орон сууцыг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй тогтоогдсонгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ирүүлсэн мөрдөгчийн тогтоолоор Ч.Б нь*******, Санто хотхоны -р байрны 1308 тоотын 4 өрөө 116 м.кв талбайтай байрыг худалдаж авахаар Э.С гэх хүнд 60,000,000 төгрөг дансаар шилжүүлж залилуулсан гэх хэрэгт 2021-03-19-ний өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр, Нандин-эрхэм ХХК нь тухайн эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байх тул шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаарх маргаан эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00195 дугаар шүүхийн тогтоолоор хүчингүй болсныг дурдах нь зүйтэй.

 

Шүүх дээр дурдсан зохигч талуудын тайлбар, нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар харьцуулан үзэхэд нэхэмжлэгч өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар өмчлөгчийн хувиар шаардаж байгаа гэж тодорхойлсон.

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар, 26 дугаар хороо, 13312, хүннүгийн гудамж, дугаар байрны 1308 тоотод байрлах орон сууцыг хариуцагч Ч.Бийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 12 сараас 2021 оны 4-р сар хүртэлх хугацаанд орон сууцанд хууль бусаар амьдарч, үнэ төлбөргүй ашиглсан тул сарын түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөгийг, ашиглалтын зардалд 160,000 төгрөг, нийт 8,160,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус заасан.

 

Хариуцагч Ч.Б нь 8,160,000 төгрөгийн хөрөнгийг үндэслэлгүй олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч тал энэхүү шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч Ч.Бээс 8,160,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан шаардлагад ногдох хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.Бийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж дугаар байрны 1308 тоотод байрлах орон сууцнаас албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ч.Бээс түрээсийн зардал, ашиглалтын зардалд 8,160,000 төгрөг гаргуулахаар шаардсан Н ХХК-ийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 215,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Бээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ