Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2020/01071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг дахь ******* Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн барьцаат зээлийн газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2-р багт оршин суух, ажилгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******т холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 7 401 494 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , гэрч  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-н барьцаат зээлийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь тус барьцаат зээлдэх газраас 2019 оны 10 сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөгийг сарын 6.9 хувийн хүүтэйгээр 8 сарын хугацаатай зээлсэн. Зээлээ хугацаандаа төлөөгүй. Энэ хугацаанд 1 420 450 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээл 1 088 953 төгрөг, хүү 210 922 төгрөг, алданги 342 710 төгрөг нийт 1 642 583 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-н барьцаат зээлийн газар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: ******* нь 2019-2020 онд ******* барьцаат зээлийн газраас олгосон 4 удаагийн зээлийн материалыг дахин шалгаад зээлийн төлбөрийн дансыг тулгахад 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 188 тоот зээлийн гэрээгээр авсан 6 050 000 төгрөгнөөс 3 удаагийн гүйлгээгээр 3 010 808 төгрөгийг төлсөн байна. Иймд үлдэх үндсэн зээл 3 328 574 төгрөг, зээлийн хүү 528 195 төгрөг, алданги 1 664 287 төгрөг нийт 5 521 056 төгрөгийг, мөн 2020 оны 2 сарын 22-ны өдөр 3 237 855 төгрөг түр зээлж аваад 3 000 000 төгрөгийг буцаан хийгээд үлдэх 237 855 төгрөгийг төлөөгүй байна. Иймд нийт 5 758 911 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр *******т холбогдуулан 2 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 1 642 583 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариуцагчийн хариу тайлбартай танилцахад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд харин ч манай байгууллагад илүү мөнгө төлсөн учир манайхаас авлагатай гэсэн байсан. Үүнтэй холбоотойгоор манай байгууллага дахин өмнөх оны зээлийн материал, дансны хуулгыг шүүж үзсэн бөгөөд тухайн үед энэ зээлийг хариуцаж байсан ажилтан Энхчимэгийг хүртэл дуудаж уулзсан. Ингээд бид өмнөх оны бүх материал, дансны хуулгыг шүүж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүний учир нь ******* нь 2 сая төгрөгийн зээлнээс гадна өмнө нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 188 тоот зээлийн гэрээгээр 6 050 000 төгрөгийн зээл авсан байсан бөгөөд уг зээлнээс 3 удаагийн төлөлтөөр нийт 3 010 808 төгрөг төлсөн байсан. Ингээд бид дээрх 6 050 000 төгрөгнөөс үлдсэн үндсэн зээлийн үлдэгдэл 2 721 426 төгрөг, хүү 289 381 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл ******* нь дахин 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3 237 000 төгрөгийн зээл аваад буцаагаад 3 000 000 төгрөгийг төлсөн байсан ба 237 855 төгрөгийн төлөөгүй үлдэгдэлтэй байсан. Бид өнөөдрийн шүүх хуралдаанаас өмнө нь зарлагдаад хойшлогдсон шүүх хуралдааны дараа Энхчимэгийг дуудаж уулзаад 2020 оны 02 дугаар сарын дансны хуулгаа дахин шүүж үзэхэд дээрх 237 855 төгрөг төлөгдсөн байна гэсэн учир 2 758 911 төгрөгнөөс 237 855 төгрөгөө хасаад 5 521 056 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж үзсэн. Би буруу тайлбарласан байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 2 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл 1 642 583 төгрөг, мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 5 758 911 төгрөг дээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага 1 642 583 төгрөгийг нэмэгдүүлсэн шаардлага нэмж нийт 7 401 494 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байснаас 237 855 төгрөгийг төлсөн учир хасна. ******* нь энэ зээлийг авахаас бүр өмнө нь манай байгууллагаас төрийн банкны малчны зээлээ дарах зорилгоор хоногийн 1 хувийн хүүтэй 5 сая төгрөгийг хүсэлт бичиж зээлсэн. Гэтэл 1 хоногийн хугацаатай зээлээ 1 сар гаруй хугацаанд төлөхгүй явсаар хүү нь 1 050 000 төгрөг болж нийтдээ 6 050 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байсан. Ингээд энэ зээлээ төлж чадахгүй байсан учир хоногийн зээлээ болиод сарын зээлтэй болмоор байна гээд манайхаас энэ хоногийн зээлээ хаахын тулд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 6 050 000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 6,9 хувийн хүүтэй зээлсэн юм. Өмнөх 5 сая төгрөгийн зээлээ дарахын тулд 6 050 000 төгрөгийн зээл авсан гэсэн үг. Тиймээс данс руу шилжүүлж дахин манай данс руу буцаад шилжсэн нь өмнөх зээлээ дарсан гэсэн үг юм. Хэрэв хүсэлтээр олгосон 5 сая төгрөгийг зээлийн гэрээгүй гэж үзэж байгаа бол 5 сая төгрөгнөөс хариуцагчийн хүүнд төлөх 1 050 000 төгрөг төлсөн 3 010 808 төгрөгийг хасч 2 278 574 төгрөгөнд хүү, алданги тооцож авмаар байна. *******ын хувьд манай байгууллагаас өөрөө хүсэлт гаргаж зээл авчихаад гэрээ байгууллаагүй гэж хүү алданги төлөхгүй байгаа нь хохиролтой байна. Иймд үлдэгдэл төлбөрт хүү алданги тооцох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ББСБ-ын 1 642 583 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны наадам болоод байсан учир мөнгөний хэрэг гараад өдрийн 1 хувийн хүүтэй 1 200 000 төгрөгийг энэ байгууллагаас 2019 оны 7 сарын 10-ны өдөр авсан юм. Ингэхдээ надтай ямар нэгэн зээлийн гэрээ байгууллаагүй. Өдрийн нэг хувийн хүүтэй зээл гэж гаргаад тэр зээлийг нь төлөөд явж байхад л хүүгээс хүү, алданги гэх мэт янз бүрийн ойлгогдохгүй зүйл нэхсээр байгаад намайг энэ зээлээ төлүүлэхийн тулд дахин надаар 2019 оны 10 сарын 30-ны өдөр өөрийн ББСБ-аас сарын 6,9 хувийн хүүтэй зээл гаргуулсан нэртэйгээр миний дансанд оруулсан болоод өөрсдийнхөө данс руу хэдхэн минутын дотор хийлгээд авчихсан. Тэгээд би 2019 оны 10 сарын 30-ны өдрөөс хойш энэ 2 сая төгрөгийг төлөх гэж зөндөө мөнгө хийсэн. 1 440 450 төгрөгнөөс ч илүү байх. Би энэ байгууллагад ямар нэгэн өргүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ байгууллага нь анх Хөлөнбуйр сумын иргэдэд хүсэлтээр хоногийн 1 хувийн хүүтэй зээл олгодог байсан бөгөөд сүүлдээ энэ арга нь нарийссаар дахин гэрээ хийж өдрийн зээлээ сарын хүүтэй зээл рүү шилжүүлсэн зээлийн гэрээнүүдийг хийдэг болсон. Өөрөөр хэлбэл хүмүүст 1 хувийн хүүтэй бага мөнгө өгч 1 хоногийн хүүгээр хүүлж байдаг болсон. 10 дугаар сарын 30-ны өдөр 2 сая төгрөгийн зээлийг 8 сарын хугацаатай 6.9 хувийн хүүтэй олгосон байх бөгөөд үүний дундуур бас нэг өөр зээл 1 хувийн хүүтэй гээд гаргаад ирсэн байдаг. Энэ бүгдэд шинжээч томилуулж дүгнэлт гаргуулъя гэсэн боловч хүлээн аваагүй. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан л бол авах эрхтэй гэсэн байдлаар хандаж нэхэмжлэл гаргадаг болсон харагдаж байна. Мөн энэ байгууллага нь нэг зээл олгоод тэрийгээ даруулахын тулд бас нэг зээлийн гэрээ байгуулаад мөнгөө тэр даруй буцаагаад авчихдаг бөгөөд байгууллагын 4 төрлийн дансаараа дамжуулаад зээл олгож аваад байдаг. Ер нь бол эхнэр, нөхөр хоёр тус тусдаа барьцаат зээлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 6 050 000 төгрөгийн зээлийг олгоод мөн л 17 минутын дараа буцаагаад өөрийн данс руу татаад авчихсан байх жишээтэй. Үүнээс харахад яг ямар үндэслэлээр *******аас мөнгө нэхэмжлээд байгаагаа нотолсон баримт харагдахгүй байна. Мөн энэ байгууллагад ажиллаж байсан Энхчимэг гэх хүнийг Цагдаагийн газарт шалгуулж байгаа асуудал гараад байдаг. Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг бөгөөд энэ байгууллагад төлөх мөнгөө төлсөн гэж ярьдаг. Харин ******* хэлэхдээ миний ганц алдаа бол хууль зүйн ойлголтгүйгээсээ болоод хүсэлт бичиж авсан зээл нь өдөр бүр өртэй байна гэдгийг ойлгоогүй юм гэдэг. Энэ байгууллага ч хоногийн 1 хувийн хүүтэй зээл олгохдоо зээлийн гэрээ байгуулдаггүй бөгөөд зөвхөн хүсэлтээр олгож байсан гэдгээ хэлдэг. Ер нь бол 6 050 000 төгрөгийн зээл нь үндсэндээ өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан гэрээ байгаа юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрөө Бид гялс ББСБ-ыг ажиллуулдаг бөгөөд түүний нөхөр Амгаланбаатар нь ******* гэх энэ байгууллагыг ажиллуулах эрхтэй субьект байна. Мөн энэ байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагааг явуулахаар Энхчимэг гэх хүнийг ажиллуулдаг бөгөөд энэ хүн ажиллахдаа бүх зүйлийг хольж хутгасан харагдаад байдаг. Ер нь бол санхүүгийн мэдлэгтэй хүмүүс нь энэ олон зээл, өр төлбөрийнхөө учрыг ойлгохгүй байхад жирийн нэг иргэн энэ бүх зүйлийг яаж ойлгох юм бэ. Ямар ч байсан хариуцагчийн төлсөн төлбөрүүд нь дансны хуулга, баримтуудаас харагдаж байна. Тиймээс хариуцагчийн хувьд энэ байгууллагад төлөх төлбөр байхгүй бөгөөд дээрх зээлийн гэрээ нь өөр нэг хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ХХКомпаний барьцаат зээлийн газар нь хариуцагч Н.*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 1 088 953 төгрөг, хүү 210 922 төгрөг, алданги 342 710 төгрөг нийт 1 642 583 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн зээл 3 328 574 төгрөг, хүү 528 195 төгрөг, алданги 1 664 287 төгрөг нийт 5 521 056 төгрөг, мөн 2020 оны 2 сарын 22-ны өдөр 3 237 855 төгрөгнөөс 3 000 000 төгрөгийг төлж үлдэх 237 855 төгрөг нийт 5 758 911 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага 7 401 494 төгрөгнөөс 1 287 855 төгрөгийг /237 855+1 050 000/ хасч нэхэмжлэлийн шаардлагаа 6 113 639 төгрөг болгон багасгасан болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ******* нь Хөлөнбуйр суман дахь барьцаат зээлийн газраас удаа дараа зээл авч зээлээ хугацаанд нь төлөөгүй. Иймд 2019 оны 10 сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөгийг сарын 6,9 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулж авсан. Одоо төлөөгүй үндсэн зээл 1 088 953 төгрөг, хүү 210 922 төгрөг, алданги 342 710 төгрөг, нийт 1 642 583 төгрөгийг нэхэмжилсэн байсан. ******* нь бүрэн төлсөн гэж тайлбартаа бичсэн байсан учир бид дахин 2019-2020 оны зээлийг шалгахад 2020 оны 1 сарын 21-ны өдрийн 188 тоот зээлийн гэрээгээр 6 050 000 төгрөгийг дахин авч 3 010 808 төгрөгийг төлснийг хасч одоо үндсэн зээл 3 328 574 төгрөг, хүү 528 195 төгрөг, алданги 1 664 287 төгрөг болж 5 521 056 төгрөг төлөөгүй байгаа. ******* нь 3 237 855 төгрөг зээлснээс 3 сая төгрөгийг төлсөн 237 855 төгрөг төлөгдөөгүй гэж нэхэмжилсэн байсан сая материалаа үзэхэд төлсөн байна. Иймд нийт дээрх төлсөн 237 855 төгрөгийг хасна. Мөн өмнө авсан 5 сая төгрөгийн хүү 1 050 000 төгрөгийг хасч үндсэн зээл 2 278 574 төгрөгийг хүү, алдангийн хамт тооцон нэхэмжилнэ. ******* нь удаа дараа зээл гаргуулж байсан. Энэ талаар гэрч Энхчимэг тодорхой хэлэх болно. *******т мөнгө зээлдүүлчихээ хүүгүй буцаан авч болохгүй гэж бодож байна .... гэж

Хариуцагч талын татгалзаж буй үндэслэл: ******* ББСБ-н шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 7 сарын 10-ны өдөр 1 200 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлж тухайн үедээ зээлийн гэрээ байгууллаагүй. Өдрийн нэг хувийн хүүтэй зээл гэж гаргаад тэр зээлийг нь төлөөд явж байхад хүү, алданги гэх мэтээр тооцож авч байгаад 2019 оны 10 сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөгийг 6,9 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай гэрээ байгуулж миний данс руу шилжүүлээд тэр даруйд нь буцааж дансанд нь хийдэг байсан. Энэ гэрээ байгууласнаас хойш зөндөө мөнгө хийсэн. 1 440 450 төгрөгөөс илүү төлсөн байгаа. Дараа нь 5 000 000 төгрөг хүсэлт бичиж өдрийн 1 хувийн хүүтэй авсан. Мөн 2020 оны 1 сарын 21-ны өдөр 6 050 000 төгрөгийн гэрээ байгуулж тэр даруйд нь буцааж дансанд нь хийсэн. Үүнээс хойш 3 сая гаруй төгрөг зээлж буцааж төлсөн. Өдрийн 1 хувийн хүү тооцож зээл өгдөг нь зээлийн төлбөрөөс гарах боломжгүй болгодог байсан.... гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Хариуцагч Н.******* нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1 200 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлж авсан ба уг зээлээ хүүгийн хамт тооцон 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөгийг сарын 6,9 хувийн хүүтэйгээр 8 сарын хугацаатай, зээлийн гэрээг бичгээр байгуулан өөрийн данс руу шилжүүлэн зээл авснаар гэрээ хийсэн боловч уг 2 000 000 төгрөгийг тухайн өдрөө 5422316044 тоот данс руу *******ын зээл төлөлт гэх агуулгатайгаар, мөн 2019 оны 12 сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд 2020 оны 1 дугаар сарын 21-ний өдөр 188 тоот зээлийн гэрээ бичгээр байгуулан 3 сарын хугацаатай, 6,9 хувийн хүүтэй 6 050 000 төгрөгийг зээлсэн боловч мөн өдрөө 5422316055 тоот данс руу *******ын зээл төлөлт гэх агуулгатайгаар тус тус буцаан шилжүүлсэн болох нь гэрч : ******* нь өөрийн авсан зээлийг хугацаанд нь төлж чадахгүй байснаас өдрийн зээлийг сарын зээл рүү шилжүүлж өмнөх бичгээр хийгдээгүй зээлийг бичгээр байгуулж өмнөх төлөгдөөгүй зээлийг хүүгийн хамт тооцож зээл төлөлт гэсэн агуулгаар буцаан шилжүүлдэг байсан... гэсэн мэдүүлэг болон хариуцагч, нэхэмжлэгч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар батлагдаж байна.

Нэхэмжлэгч ******* барьцаат зээлийн газар нь хариуцагч Н.*******т удаа дараа зээл олгохдоо зээлийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр зээл олгож дараа нь нөхөн зээлийн гэрээ бичгээр байгуулахдаа үнсэн зээл дээрээ хүүг нэмж зээлийн гэрээ байгуулж байсан ба хариуцагч Н.*******т дахин зээл олгохдоо өмнөх зээлийг нэмж нөхөн төлүүлэх замаар зээлийн гаргаж тухайн өдрөө буцаан өөрийн данс руу шилжүүлдэг байжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зээлдэгч, зээлдүүлэгч нарын эрх үүргийг хуульд заасан байна.

Хэдийгээр зээлдэгч нь зээлдүүлэгчид тодорхой хугацаанд зээл олгохдоо гэрээ байгуулахгүйгээр олгосон байх бөгөөд уг зээлийг дахин шинэчлэн гэрээ байгуулж байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байгаа боловч зээлдэгч нь зээлдүүлэгчийн дансанд мөнгө шилжүүлж тухайн өдөртөө буцаан зээлийн төлөлт гэж хийлгэж байгаа нь буруу байжээ.

Иймд барьцаат зээлийн газрын хариуцагч Н.*******тай байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгосон 2 000 000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр олгогдсон 6 050 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулахдаа хариуцагчийн өмнө авсан зээлийг хаалгах зорилгоор хийгддэг болох нь гэрч нь *******ын 2019 оны 7 сарын 10-ны өдрийн олгосон өдрийн 1 хувийн хүүтэй 1 200 000 төгрөгөө төлж чадахгүй байдал хүрэхээр нь түүний дээрх зээлийг сарын 6,9 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээл рүү шилжүүлж үндсэн зээл, хүүг тооцон 2019 оны 10 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж буцааж данс руугаа 2 000 000 төгрөгийг шилжүүлүүлсэн, дараа нь малчны зээл хаахаар авсан 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 5 000 000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэй зээлж мөн төлж чадахгүй болохоор нь 2020 оны 1 дугаар сарын 21-ны өдөр үндсэн зээл, хүүг тооцоод 6 050 000 төгрөгийн зээлийн гэрээ нь байгуулласан. Энэ зээл нь мөн адилхан зээл хааснаар дансанд шилжүүлж байсан гэсэн мэдүүлгээр батлагдаж байгаа бөгөөд барьцаат зээлийн газар нь зээлийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр зээлдэгчид өдрийн 1 хувийн хүүтэй зээл олгож уг зээлээ төлөх боломжгүй болмогц үндсэн зээл, хүүг тооцон дахин зээл олгож буцаан зээлээ төлснөөр зээлийн гэрээ бичгээр байгуулсан нь хүчин төгөлдөр бус дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл барьцаат зээлийн газрын Н.******* нарын хооронд байгууллагдсан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 2 000 000 төгрөгийн, 2020 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр байгуулсан 6 050 000 төгрөгийн зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж хуулиар зохицуулсан заалтыг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр байна.

Мөн зээлдэгч нь зээлдүүлэгчид өгсөн зээлээ хугацаанд нь төлөхгүй тохиолдолд дахин гэрээ хийж буцаан төлөлт хийлгэж буйн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл хийгдэж байжээ.

Хэдийгээр хариуцагч Н.******* нь барьцаат зээлийн газартай тохиролцон зээл авч байгаа боловч барьцаат зээлийн газар нь хуульд заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр өгч байгаа нь буруу байна.

Түүнчлэн хариуцагч Н.*******ыг тус барьцаат зээлийн газраас 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1 200 000 төгрөгийг зээлж авснаас хойш 1 440 450 төгрөг төлсөн гэж тайлбарласан байх тул түүнийг дээрх зээлж авсан 1 200 000 төгрөгийн бүрэн төлснөөр тооцож харин 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гаргаж авсан 5 000 000 төгрөгнөөс 2020 оны 1 сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд нийт 3 010 808 төгрөг төлснийг хасч үлдэх 1 989 192 төгрөгийг хариуцагч Н.*******аас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д ...56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх ...үүрэгтэй гэж заажээ.

Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бөгөөд 2019 оны 12 сарын 23-ны өдөр олгосон 5 000 000 төгрөгийн зээлнээс үндсэн зээл 2 721 426 төгрөгөөр тооцон хүү, алданги гаргуулах хүсэлтэй байна гэж тайлбарлаж байгаа боловч дээрх шаардлагын үндэслэлээ хууль заасны дагуу нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 4 124 447 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч байгууллага нь 148 624 төгрөг төлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 148 624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Н.*******аас 46 777 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* Барьцаат зээлийн газарт олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 286 дугаар зүйлийн 286.5-д зааснаар хариуцагч ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******аас зээлийн гэрээний үүрэгт 1 989 192 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Гялс Финанс ХХК-ийн барьцаат зээлийн газарт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 4 124 447 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 148 624 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж хариуцагч Н.*******аас 46 777 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Т.БАЙГАЛМАА